Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00169

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, хохирогч Э.Ба, хохирогчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох 1732001040066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ  эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Цэцэгмаагийн О. /РД: */

           

Шүүгдэгч Ц.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сод- Эрхэс дэлгүүрийн орчимд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн орчим иргэн Э.Батай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оын өгсөн….... Хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Найзтайгаа хамт тээрэм дээр чулуу оруулчихаад орой тээрмээс хүргүүлж ирсэн. Өглөө таарахдаа бид 2 нэг шил юм уучихсан байсан юм.  Тэгээд бид 2 Одбаярын дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгсэн бид хоёрыг зогсож байхад Ба ах ирсэн. Би дүүг нь танина гэж хэлсэн. Тэгээд бид 2 явах гэж байсан чинь Ба ах мангар бацаанууд гэхээр нь би эргэж очсон. Намайг заамдаж авахаар нь би заамдаж авсан хоёулаа цуг газарт унаад би босохдоо өшиглөсөн. Тэгээд манай найз намайг салгаад аваад явсан. Хохиролд 180000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв гэх мэдүүлэг

 

Хохирогч Э.Баы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... Би листний мөнгө 534000 төгрөг авсан. Хамгийн гол  нь би ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон эм тариа, эмчилгээний зардал, бусад зардал гээд 2470000 төгрөг нэхэмжилнэ үүнээс өнөөдөр өгсөн 180000 төгрөгийг хасч 2290000 төгрөг гаргуулж авмаар байна. Би банкны зээл 800000 төгрөг төлдөг анагаахд оюутан байгаа бас миний хөдөлмөрийн чадвар алдалт 75% гэж эмчийн бичиг дээр байгаа. Хөлийг минь өнөөдөр эмч үзээд эдгээгүй байна гэсэн дахин нэг сар хараад эдгээгүй бол хагалгаанд оруулж хадна гэсэн. Оын хэлсэнээр 03 сарын хугацаанд үлдсэн хохирол төлөхийг нь зөвшөөрч байна. Хохиролоо барагдуулчихвал би гомдолгүй гэв болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Гэрч Б.Эныг хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би найз Оын хамтаар тээрэмд хүний чулуу оруулчихаад 23:00 цагийн орчимд бид хоёр харих гээд явж байгаад замаараа “Сод эрхэс” дэлгүүр орж тамхи авах гэсэн чинь хаалттай байхаар нь дэлгүүрийн гудамжны цуланд үзүүр дээр тамхи татаад зогсож байтал урдаас Ба ах ирээд нэлээд халамцуу согуу байсан. Тэгээд ирээд бид хоёрыг Баруунөлөнтийн бацаанууд байна гэхээр нь би та яв согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл Отай Ба ах маргалдаад эхэлсэн. Тэгтэл Ба ах эхлээд Оыг 1 удаа гараараа нүүрлүү нь цохисон. Тэгээд энэ хоёр барьцалдаж аваад газарт хамт цуг унасан. Тэгээд О ирээд Ба ахыг хөлөөрөө 1 удаа өшиглсөн. Тэгхээр нь би болиулаад салгаад Оыг аваад явсан. Бид хоёр гэр гэрлүүгээ харьсан. Би сайн танихгүй. Зүс үзсэн. Баруунөлөнтийнх гэдгийг мэднэ. Урд нь харж байсан О таньдаг гэж байсан. Бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 05 дугаар хуудас/

 

   Гэрч Б.Боы хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 10 дугаар сарын 30-ны 23 цагийн үөд намайг Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай аав надруу залгахаар нь утсаа аваад ярисан чинь аав нь Сод-Эрхэс дэлгүүрийн хажууд хүнд зодуулчаад босож чадахгүй байна гэхээр нь би Мандал сумын нэгдсэн эмнэлэгрүү залгаж мэдэгдсэн. Тэгээд түрэгний машин очоод аавыг аваад эмнэлэг явсан. Харин би маргааш өглөө нь Улаанбаатар хотоос гараад 2017 оны 10 дугаар г.арын 31-ний өлрийн 11 цагийн үед Мандал суманд ирээд гэрлүүгээ орход О гэдэг залуу манай ааваас уучлалт гуйгаад зогсож байсан. Тэгэхээр нь би шийддэг газраар нь шийдүүлнэ гээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Намайг Улаанбаатар хотоос ирхэд манай аав гэртээ байж байсан. Урд шөнө нь эмнэлэг дээр очоод баруун талын хөл нь хугарсан байна гээд шохойдуулсан байсан Тэгэхээо нь би өөрөө аавыг аваад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлхэд баруун хөл нь шагай хэсгээрээ хугарсан байсан гэж эмч нь хэпсэн. Ц.О нь манай гэрт ямар нэгэн ажил төрөл хийгээгүй. Манай ааваас уучлалт гуйгаад, миний буруу гээд зогсож байсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн эмнэлэгийн шинэжилгээ № 223 .......  Дүгнэлт:

 

           1.Э.Баы биед шилбэний хавчаар, шаант ясны хугарал, шагайн мултрал, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 15 дугаар хуудас/

 

           

Хохирогч Э.Баы хохирол төлбөр нэхэмжилсэн тухай баримт/Хх-н 26 дугаар хуудас/

            Улаанбаатар Төмөр замын Вагон ашиглалтын депогийн тодохойлолт / Хх-н 27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 30 дугаар хуудас/

      Ц.Оын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 31 дүгээр хуудас/

 Ц.Оын нь урьд нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 32 дугаар хуудас/

            Улаанбаатар Төмөр замын Вагон ашиглалтын депогийн өвчний акттай ажил хөдөлмөр эрхлээгүй гэх тодохойлолт / Хх-н 33 дугаар хуудас/

 Хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /Хх-н 39 дүгээр хуудас/

Хохирогч Э.Бад хөдөлмөрийн чадвараа түр алдсанд тэтгэмж олгосон жагсаалт /Хх-н 51-52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ц.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сод-Эрхэс дэлгүүрийн орчимд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед иргэн Э.Батай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.О нь бусдын эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Оыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Оыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Оаас 2290000 /хоёр сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 132 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Энэбишийн Бад олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Э.Ба нь цаашид эмчлүүлэх шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Цэцэгмаагийн Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Оыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Од оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал хүсэлтгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Оаас 2290000 /хоёр сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 132 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Энэбишийн Бад олгосугай.

7. Хохирогч Э.Ба нь цаашид эмчлүүлэх шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Д.РЕНЧЕНХОРОЛ