Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/745

 

 

 

 

С.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа,  

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор С.Хд холбогдох 2302002190155 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: .....тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

С.Х нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байх замын зорчих хэсэгт байрлуулсан 0000УАУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын IV жагсаалтад багтдаг Альпразолам /Alprazolim/-ын агууламжтай 0,1503 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь бүлэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1393 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжаар: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/572 дугаартай шийтгэх тогтоолын

“Тодорхойлох нь”-хэсгийн 5 дугаар хуудас 15 дахь мөрд“...улаан шар өнгийн капсултай эмийг эд мөрийн баримтаар тооцон шинжлүүлэхэд улаан шар өнгийн капсултай эмээс ТМL /трамадол/, КЕТ /кетамин/, МЕТ /метамфетамин/, АМР /амфетамин/ илэрсэн...” гэснийг “...улаан шар өнгийн капсултай эмийг эд мөрийн баримтаар тооцон шинжлүүлэхэд улаан шар өнгийн капсултай эмээс Апьпразолам /Аlprazolam/ сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн..." гэж, 7 дугаар хуудас 36 дахь мөрд “...С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв...” гэснийг “...С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв...” гэж, 8 дугаар хуудас 7 дахь мөрд “...С.Хд зорчих эрх хязгаарлах хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ...” гэснийг “...С.Хд зорчих эрх хязгаарлах хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоохоор шийдвэрлэлээ...” гэж,

“Тогтоох нь” хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай гэж тус тус залруулж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй...” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Х нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж болно. ...Иймд шүүгдэгч С.Хд холбогдох хэрэгт хор уршгийн шинж чанарыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахыг хориглосугай гэснийг Улаанбаатар хотоос гарахыг хориглож өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Х тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.   

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзсэн. Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал бусад нөхцөл байдлыг харгалзаж оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамруулж өгнө үү” гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Нийгмийн аюулын хэр хэмжээ их бөгөөд цаашилбал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэрэг учир энэ зүйл ангид дээрх заалтыг заавал хэрэглэнэ гэж ойлгох нь зохимжгүй. Мөн өмгөөлөгчөөс “зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоож өгнө үү” гэж байна. Тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого гэж байгаа. Тийм учраас шүүгдэгчид ял оногдуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Хд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, С.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Ингэхдээ шүүх:

1. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. ...” гэж тодорхой заасан байхад С.Хд “...зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд...” гэж,

зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа “Тэнсэх” эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж тус тус Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж;

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулахаар заасан байхад “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжаар тоо, тооцооны шинжтэй алдааг бус шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн Эрүүгийн хуульд заагдаагүй үүрэг хүлээлгэж, уг үүргээ хязгаарлалт болгон өөрчилж,

“...шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй...” гэж дээд шатны шүүхийн шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.   

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоол, уг шийтгэх тогтоолд залруулга хийсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1393 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан “...шүүгдэгч С.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахыг хориглож гэснийг Улаанбаатар хотоос гарахыг хориглож өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/572 дугаар шийтгэх тогтоолыг, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1393 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ