Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00322

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/03245 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч С- дүүргийн З-, С- дүүргийн 6 дугаар хорооны З-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт 41 362 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч С- дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын өмгөөлөгч Д.М, хариуцагч С- дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С- дүүргийн 6-р хороо ханын материал /18060/, ХД 62 дугаар байрны 1 давхарт орших үйлчилгээний зориулалттай 165.45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд эрхийн улсын бүртгэлд /Ү-2201022629 дугаарт/ бүртгэж эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тус үл хөдлөх хөрөнгөө 2009 онд ашиглалтад оруулахдаа тухайн үеийн С- дүүргийн Засаг даргын хүсэлтээр дүүргийн 6 дугаар хороог оруулж, өөрийн гэсэн байртай болтол тодорхойгүй хугацаагаар үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрсөн. Ингээд 2016 оноос манай компанийн эдийн засгийн байдал хүндэрч өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй болж, С- дүүргийн З-д удаа дараа албан бичгийг хүргүүлсэн. Бид албан бичгээрээ С- дүүргийн З-д эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн дагуу худалдан авах, түрээслэх, чөлөөлж өгөх тухай удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл албан мэдэгдлийн хариу өгөөгүй, компанийн үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөөгүй, суллаж өгөх хүсэл эрмэлзэл гаргахгүй, үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл талбайг ашиглаж байгаа нь компанийн өмчлөх эрх, өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтойгоор зөрчиж хохирол учирч байна. Компанийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй тухай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн. Үүнээс хойш удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөөгүй тул 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үл хөдлөх хөрөнгө ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсний хохиролд үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг зах зээлийн үнэ ханш, бүс нутгийн түрээсийн төлбөрийн үнэ ханшаар харьцуулан тооцож 165.45 м.кв талбайг сарын 1 654 500 /нэг сая зургаан зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгөөр тооцсон. Иймд С- дүүргийн 6 дугаар хороо, ханын материал /18060/, ХД 62 дугаар байр, 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаартай, 165.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгийг ашигласны төлбөр 25 сарын нийт 41 362 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С- дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: С- дүүргийн З-, М- ХХК-ийн ерөнхий захирал нар нь харилцан тохиролцож 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №2007/02 дугаар бүхий бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээг байгуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр байх 0135448 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 700 м.кв /С- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучнаар ханын материалын комбинатын ажилчдын байрны орчим/ газар дээр орон сууцны барилга барих эрхийг М- ХХК-д олгож, дээрх газрыг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлэх эрх олж авагч хариу төлбөр хийхээр тохиролцсон. Мөн нэгж талбар бүхий газар дээр баригдах барилгаас ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №СХД2008/01 дүгээр гэрээг байгуулж гэрээний 1.4-т бүх талбай 213,6 м.кв нийт 137 921 520 төгрөгийн үнэ бүхий талбайг, үнэ төлбөргүй хүлээн авна гэж тохиролцсон. Мөн гэрээний 2.4-т хүлээлгэн өгөгч нь 6 дугаар хороонд хүлээлгэн өгөх конторын хэсгийн S-213.6 м.кв үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг СХД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын мэдэлд хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд дуусгасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ үл биелүүлж төрийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндөж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С- дүүргийн 6 дугаар хорооны З- шүүхэд гаргасан тайлбартаа: С- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучнаар Ханын материалын комбинатын ажилчдын байрны орчим 6 дугаар хороо төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан цогцолбор байрыг нурааж нэгж талбарын 18696312036544 дугаар бүхий газар дээр баригдах барилгаас "Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №СХЛ2008/01 дүгээр гэрээг байгуулж гэрээний 1.4-т Бүх талбай 213,6 м2/ нийт 137,921,520 төгрөгийн үнэ бүхий байрыг үнэ төлбөргүй хүлээн авна гэж тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг СХД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын мэдэлд хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд дуусгасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ үл биелүүлж төрийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М- ХХК-ийн өмчлөлийн С- дүүргийн 6 дугаар хорооны ханын материал /18060/, ХД 62 дугаар байрны 1 давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаартай 165.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч С- дүүргийн З- болон С- дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлээс хохиролд 41 362 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, мөн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. С- дүүргийн З-, М- ХХК-ийн захирал нар нь харилцан тохиролцож, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээг байгуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр байх 0135448 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 700 м.кв газар дээр орон сууц барихаар тохиролцсон. С- дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 6 дугаар хорооны хуучин байрыг буулган газраа чөлөөлж өгөх тус газар дээр орон сууцы барилга барих эрхийг М- ХХК-д олгож, дээрх газрыг түүний ашиглалтад шилжүүлэх эрх олж авагч хариу төлбөр хийхээр 2007 оны 11 дүгээр сараас 2010 оны 11 дүгээр cap хүртэл 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулсан байна. М- ХХК нь 2010 оноос хойш нэхэмжлэгчид газар ашигласны төлбөр төлөөгүй гэрээ шинэчлэн байгүулах талаар хүсэлт гаргаагүй болно. Засаг даргын Тамгын газар нь газрын тухай хуульд заасны дагуу газрын албанд өөрийн эзэмшиж буй гарын төлбөрөө иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу төлж байгаа бөгөөд М- ХХК нь Тамгын газрын хууль ёсны эзэмшлийн газар дээр барилга байгууламж барин бизнесийн үйл ажиллагаа явуулан ашиг олсон болно. М- ХХК нь гэрээнд заасан газрын төлбөрөө төлөөгүй бөгөөд бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №2007/02 дугаар бүхий гэрээг нотлох баримт болгон ашиглан /18060/ ХД-62 дугаар байрны нэг давхрын 165,45 мкв талбайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр гаргуулан авсан байна. М- ХХК нь С- дүүргийн Засаг даргын тамгын газрын эззмшлийн нэгж талбарын 18636312036544 дугаар бүхий газар дээр баригдах барилгын нэг давхрын бүх талбай 213,6 м.кв, буюу 137 921 520 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг дүүргийн 6 дугаар хороонд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр тохиролцон ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №СХД2008/01 дүгээр гэрээг байгуулсан. Мөн гэрзэний 2.4-т хүлээлгэн өгөгч нь 6 дугаар хороонд хүлээлгэн өгөх конторын хэсгийн 213,6 м.кв үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг СХД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын мэдэлд хүлээлгэн өгнө гэж гэрээ байгуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ нотлохын тулд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ирээдүйн конторын байр хүлээн авах тухай СХД/2008/01 тоот гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн хэдий ч тус нотлох баримт нь уншиж танилцах боломжгүй бүдэг балархай нотариатчаар гэрчлүүлээгүй эх хувийг ирүүлээгүй тул шүүх хуульд зааснаар үнэлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа нотлохын тулд гэрээ байгуулсан гэж бичмэл нотлох баримт ирүүлэхдэз энэ хуулийн 44.2 Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг.өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасны дагуу шаардлага хангасан нотлох баримт шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хариуцагчаас дээрх гэрээг байгуулсан эсэх талаар н.Болдбаатар, П.Самдан, Т.Сүхбаатар, нараас гзрчийн мэдүүлэг авсан хэдий ч ирээдүйн конторын байр хүлээн авах тухай гэрээний хуулбарыг шүүх нотлох баримтаар тооцож үнэлээгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй байна гэж үзэв гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүилийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт заасанд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч С- дүүргийн З- болон С- дүүргийн 6 дугаар хорооны З-д холбогдуулан өөрийн өмчлөлийн, С- дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байр, 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 165.45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт 41 362 500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С- дүүргийн Засаг даргын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2009 онд С- дүүргийн Засаг даргын хүсэлтээр дүүргийн 6 дугаар хороог түр хугацаагаар оруулсан, 2016 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх, эсхүл суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, ашигласан хугацааны төлбөрт 41 362 500 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан,

хариуцагч нар татгалзалдаа нэхэмжлэгч компани нь С- дүүргийн З-тай 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээг тус тус байгуулж, тус дүүргийн ЗДТГ-ын нэр дээрх 700 м.кв талбай бүхий газар дээр барилга барих эрхийг нэхэмжлэгч компанид олгож, оронд нь 213.6 м.кв талбайтай, 137 921 520 төгрөгийн үнэ бүхий талбайг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

С- дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байр, 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 165.45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч М- ХХК болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-р тал/

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийг 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байх боловч уг гэрээтэй холбоотой маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4056 дугаар шийдвэрээр М- ХХК-д холбогдох С- дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. /хх-ийн 83-84-р тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй юм. Иймд тус гэрээний талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, талууд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ байгуулсан байх боловч уг гэрээнд үндэслэн, хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч М- ХХК нь өмчлөлийн зүйлээ хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай бөгөөд хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд С- дүүргийн 6 дугаар хороо үйл ажиллагаа явуулж, бодитоор эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул С- дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байр, 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 165.45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С- дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хууль бус эзэмшлээс чөлөөлж, С- дүүргийн З-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөрт 41 362 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/03245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан С- дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /18060/, ХД-62 дугаар байр, 1 дүгээр давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 165.45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022629 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг С- дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс С- дүүргийн З-д холбогдох хэсэг болон хохиролд 41 362 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С- дүүргийн 6 дугаар хорооны З-ас 70 200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М- ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ