Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 307/ШШ2025/00173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00947/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******** тоотод байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-д холбогдох,

“Орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие овогтой ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******-тай ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 168,095,500 төгрөгийн үнэлгээ бүхий Парагон вилла орон сууцны төслийн А блок 2 давхрын 71.53 м.кв талбай Л тоотод 3 өрөө орон сууцны байрыг арилжаагаар захиалгын гэрээ хийж төлбөрийг бартераар 100 хувь төлж барагдуулан нотариатаар баталгаажуулсан.

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******-ийн хуулийн зөвлөх Б.******* гэх хүн ******* дугаараас холбогдон шалтгаангүй ОСЗГ-93 дугаартай гэрээг цуцалж байгааг мэдэгдэж байна хэмээн ярьж, цахим шуудангаар албан тоот явуулсан гэж хэлсэн.

Уг албан тоотод “...гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар гэрээг цуцалж, тус орон сууцыг гуравдагч этгээдэд санал болгохыг үүргээр мэдэгдэж байна...” гэсэн байдаг. Уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, 8.4 дэх заалтад захиалагч хүсэлт гаргаснаар үүсэж болох тохиолдлыг тусгасан бол 8 дугаар зүйлийн 8.5 болон 8.6 дахь заалтад захиалагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд компани нэг талын санаачилгаар гэрээ цуцлах тохиолдлыг тусгасан байна.

Миний бие иргэн, захиалагчийн хувьд дээрх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж ямар шалтгаанаар гэрээг цуцалж байгаагаа албан ёсоор бичгээр тайлбар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр тус байгууллагын байранд өөрийн биеэр очиж хуулийн зөвлөх Б.******* гэх хүнд өргөдөл, хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл өргөдлийн минь хариуг өгөөгүй байна.

Утсаар олон удаа холбогдохыг оролдсон боловч утсаа авахгүй байсан ба миний бие 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 25-ны өдөр тус бүр хариу өгөхийг хүсэж мессеж бичсэн боловч бас л хариу өгөөгүй. Мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн биеэр очиж өргөдлийн хариу хүссэн боловч шийдвэрлэх хүн нь байхгүй байна, эргээд хариу өгнөө гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мессежээр хариу бичихдээ ирэх Даваа гариг буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хэтрэлгүй хариу өгнө гэсэн боловч одоог хүртэл хариу өргөдөлд минь албан ёсны хариу өгөөгүй байна.

Захиалагч миний зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн зүйл байхгүй, гэрээ цуцлах хүсэлт гаргаагүй, ******* гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сард барилгыг ашиглалтад оруулах байсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, барилгын ажил удаашралтай байгаа ч одоог хүртэл хүлээцтэй хандаж ирснийг минь үл тоон хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироож байгаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхэд хандаж байна.

******* нь захиалагч миний эрхийг зөрчиж байгаад иргэн би гомдолтой байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна” гэжээ. 

2.Хариуцагч *******-ийн төлөөлөгч Л. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Б.******* нь манай компанитай захиалгын гэрээ байгуулах талаар талуудын аль нь ч санал гаргаагүй болно. Гуравдагч этгээд болон Н. нь Б.******* гэх хүн Хөтөл хороололд байгаа хүлэмж газраа зарах гэж байгаа юм байна. Надад тэр хүлэмж, газрыг авах бэлэн мөнгө байхгүй тул танай Парагон вилла төслөөс чинь 1 байрыг түүний газар, хүлэмжээр бартер хийж гэрээ байгуулаад, танайх над руу хүлэмжийг нь шилжүүлж би хүлэмж, газар өөрөөр хэлбэл байрны төлбөрийг нь тухайн хүлэмж, газар дээр төсөл хэрэгжүүлж зээл аваад 2023 оны 06 дугаар сараас өмнө хувааж төлье гэдэг саналыг 2022 оны 12 дугаар сард тавьсан. Гуравдагч этгээд болох Н. нь ойрын хугацаанд манай байрны мөнгийг хувааж төлөх юм байна гэдэг үүднээс манай компани түүний саналыг хүлээж авч зөвшөөрсөн. Тэрнээс биш манай компани тухайн үед хүлэмж нь манай хэрэгцээ шаардлагыг хангахгүй бөгөөд гуравдагч этгээд болох Н. нь ойрын хугацаанд манай байрны мөнгийг хувааж төлөх юм байна гэдэг үүднээс манай компани түүний саналыг хүлээж авч зөвшөөрсөн. Тэрнээс биш манай компани тухайн үед хүлэмж, газрыг бартерт авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, тухайн газар, хүлэмж нь манай хэрэгцээ шаардлагыг хангахгүй бөгөөд гуравдагч этээд болох Н.ын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа, тэрээр манайд төлбөр мөнгийг төлнө гэдэг үүднээс хандсан. Тухайн Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах хүлэмж, газрын үнийг Н., Б.******* нар хоорондоо тохиролцож Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* давхарт 71.53 м.кв талбайтай Л тоот 3 өрөө бүхий 168,095,500 төгрөгийн үнэлгээтэй орон сууцанд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ОСЗГ-93 дугаартай гэрээг манай компани, Б.******* нарын хооронд захиалгын гэрээ байгуулсан.

Н. нь 2023 оны эхээр Хөдөө аж ахуйн газраас зээл авъя гэсэн боловч тус хүлэмж нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй урчаас Н. нь зээлээ авч чадалгүй манайд төлөх байрны 668,095,500 төгрөгийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манай компанийн зүгээс Н.ыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлбөр төлөх боломжгүй байна. Б.*******гийн нөхөр нь танай байр хугацаандаа ашиглалтад ороогүй тул захиалгын гэрээг цуцлах талаар фейсбүүк чат бичиж байсан. Би ч гэсэн хүлэмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, надад хэлж ярьсандаа худаг гаргаж өгөөгүй учраас гэрээг цуцалъя гэж удаа дараа хэлсэн боловч гэрээг цуцлахгүй байна гэж тайлбарладаг.

Иймд Н. нь орон сууцны төлбөрийг төлөх чадваргүй, хүлэмж, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээс зээл авах боломжгүй болсон тул манай компанийн зүгээс орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар компани өөрийн санаачилгаар гэрээг цуцалж байгаа, мөн бартерт шилжүүлсэн газар, хүлэмжийг өөр дээрээ шилжүүлэн авахыг Б.*******д 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/06 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь хуулийн зөвлөхийн хамт ирэхэд гэрээг цуцлах болсон шалтгаанаа хэлсэн болно.

Одоогоор дээрх газарт нэхэмжлэгч Б.*******гийн хамаарал бүхий айл амьдарч байгаа болно.

Тус байрыг ******* гэх хүний нэр дээр шилжүүлэн захиалгын гэрээг хийсэн бөгөөд тус байрыг барьж дуусган Б.*******гийн нэр дээр шилжүүлэн өгөх боломжгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0323 дугаартай итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Б.*******гийн гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2024/02799 дугаартай захирамж (хх 4-19 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/32 дугаартай итгэмжлэл, 001107657 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 000765222 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, газар болон хүлэмжийн гэрэл зураг, 001182383 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ОСЗГ-166 дугаартай орон сууц захиалгын гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын зургийн нотариатаар батлуулсан хуулбар, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын арилжааны 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ХХГ-01 дугаартай гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б.*******гийн гар өргөдлийн хуулбар, газар болон хүлэмжийн зургийн хуулбар, Дархан-Уул аймаг, ******* тоот тай овогтой *******гийн хувийн хүлэмжийн план зургийн хуулбар (хх 28-29, 41-45, 52-61, 93-97 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс *******-ийн хүсэлтээр Г., Н. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 79-82, 84-85 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “...2022 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хариуцагчтай ОСЗГ-93 дугаартай 168,095,500 төгрөгийн орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Төлбөрийг бартераар 100% төлж барагдуулсан. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээг тодорхойгүй шалтгаанаар цуцалсан талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хариуцагчийг орон сууцны захиалгын гэрээний дагуу үүргээ биелүүлж, орон сууцыг барьж дуусгаад, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Манай компанитай Б.******* нь захиалгын гэрээ байгуулах талаар ямар нэг санал гаргаагүй. Харин Н. нь Б.******* гэх хүн Хөтөл хороололд байгаа хүлэмж, газрыг зарах гэж байна, надад бэлэн мөнгө байхгүй учир танай Парагон вилла төслөөс чинь 1 байрыг түүний хүлэмж, газраар бартер хийж байгуулаад танайх над руу хүлэмжийг шилжүүлж, би хүлэмж газраар өөрөөр хэлбэл байрны төлбөрийг тухайн хүлэмж газар дээр төсөл хэрэгжүүлж зээл аваад 2023 оны 06 сараас өмнө төлье гэдэг санал 2022 оны 06 дугаар сард тавиад, Н. нь ойрын хугацаанд манай мөнгийг өгөх юм байна гэдэг үүднээс манай компани түүний саналыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэгчтэй захиалгын гэрээг хийгээд 12 сардаа нэхэмжлэгч нараас хүлэмж, газрыг захирал О. нэр дээр шилжүүлж авсан. Өмчлөх эрхтэй газар байсан учир компанийн нэр дээр газрыг шилжүүлэх боломжгүй байсан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 10-нд захирал О. өмнөөс Ч.Ганболд захирал Н.ын нэр дээр хүлэмж, газрыг шилжүүлэхээр гэрээ байгуулсан боловч Н. нь мөнгийг төлөөгүй. Учир нь тухайн газар, хүлэмж доголдолтой, зээл гарах боломжгүй байсан. Манай компанид тухайн газар, хүлэмжийг авах ямар ч хүсэл зориг байгаагүй. Тухайн хүлэмж газар нь манай хэрэгцээ шаардлагыг огт хангахгүй, Н.ын хэрэгцээ шаардлагыг хангаж байсан. Нэхэмжлэгч Б.*******д шилжүүлж өгсөн газар, хүлэмжийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Мөн гуравдагч этгээдэд тус орон сууцыг захиалгын гэрээ хийж шилжүүлсэн учраас нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээр байрыг шилжүүлж өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.******* нь шүүх хуралдаанд “...Би зарын дагуу *******-тай уулзаж, барилгын үе шаттай танилцаж, уг байрыг захиалъя гээд төлбөр тооцоогоо бүрэн хийж захиалсан. Би захиалсан байраа л авах хүсэлтэй байна” гэж тайлбар гаргасан.

5.Үйл баримтын тухай.

5.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр “...нэг талаас *******, нөгөө талаас Б.******* нар нь Дархан-Уул аймаг, *******тоот, 71.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 мкв талбайн захиалгын үнэ 2,350,000 төгрөг, нийт 168,095,500 төгрөг байхаар, орон сууцны төлбөрийг талууд гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиалагч нь 168,095,500 төгрөгт Дархан-Уул аймаг, ******* тоот байршилтай 574 мкв талбайтай, хүлэмж зориулалттай газрыг төлбөрт тооцуулан шилжүүлэн өгч төлбөрийг бүрэн дуусгах, компани нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож” байгуулжээ.

Дээрх Дархан-Уул аймаг, ******* авто зогсоол тоот байршилтай, 9469.98 мкв талбайтай, орон сууц, автомашины зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байна.

Мөн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХХГ-01 тоот хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын арилжааны гэрээнд “...нэг талаас худалдагчийг төлөөлж Ч.Ганболд, нөгөө талаас худалдан авагч Н. нар Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 574 мкв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, эд хөрөнгийн нийт үнэ 168,095,500 төгрөг байна, төлбөрөөс 100,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сард багтаан төлнө, үлдэгдэл 68,095,500 төгрөгт тооцон палкыг худалдагчийн шаардлагатай тоо, хэмжээгээр тогтоосон хугацаанд тухай бүр хүлээлгэж өгч 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тооцоог дуусгана” гэжээ.

2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Дархан-Уул аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас олгосон газрын кадастрын зураг дээр өмчлөгчийн мэдээлэл О.Баасандорж гэж бичигдсэн байх ба, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 574 мкв талбайтай, хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н., 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 2019 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Н. тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн шүүхээс хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу гэрчээр Г., Н. нараас мэдүүлэг авсан бөгөөд:

-Гэрч Г. “...Н.ыг гэрээ байгуулахаас жил орчмын өмнөөс мэддэг болсон. Н. нь 15 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан. Манай газар болон хүлэмжийг *******-д шилжүүлж, ******* нь 3 өрөө орон сууц өгөхөөр тохиролцсоныг Н. зуучилж өгсөн. Н. нь манай хүлэмж болон эдэлбэр газрыг 2-3 удаа очиж үзэж харсан. Мод үржүүлгийн ажил хийдэг гэж хэлээд хүлэмжээ зарах уу гэсэн саналыг Н. эхэлж тавьсан. Би өөрийн газар болон хүлэмжээ 200 сая төгрөгөөр үнэлсэн ба тухайн газар, хүлэмж эхнэр Б.*******гийн нэр дээр байсан. Н. нь тухайн үед надад 200 сая төгрөг байхгүй. Манай нөхөр барилгын компанийн захирлаар ажилладаг. Сүүлд мэдэхэд ******* байсан. Хүлэмжийг 3 өрөө хамгийн том квадраттай орон сууцаар солихоор тохиролцсон. Энэ тохиролцооны үндсэн дээр манай гэр бүлийн хүн Б.******* нь *******-тай нотариатаар орж гэрээ байгуулсан. Сүүлд мэдэхэд газар болон хүлэмжийг ******* нь Н.ын нэр лүү шилжүүлсэн байсан. Нэмэлт аман гэрээгээр би худаг гаргаж өгөхөөр, компаниас гарааш гаргаж өгөхөөр бүр сүүлд тохиролцсон. Би худаг гаргаж өгөөгүй, компаниас ч гэсэн надад гарааш өгөөгүй. Тухайн хүлэмж, газарт ******* болон Н. нар нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн хашаа болон газрыг *******-ийн эзэмшилд шилжүүлчихсэн учраас ямар нэгэн хүн амьдардаггүй. Энэ 2 жилийн хугацаанд хүлэмжийн уут салхинд элэгдэж хорогдсон. Н. нь газар болон хүлэмжийг 2024 оны 4, 5 сарын үед гэрээгээ буцаая гэж чат бичсэн. Надад тухайн үед санхүүгийн хувьд боломжгүй байгаа учраас хүлэмжийг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Газар болон хүлэмжийг барьцаалж зээл ч гарахгүй байна гэж чат бичиж гэрээгээ буцаая гэсэн. Газар болон хүлэмжид ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, орлого олоогүй юм чинь зээл гарахгүй нь тодорхой. Байр бол орлого олох боломжгүй. Газар болон хүлэмж дээр үйл ажиллагаа явуулж, орлого олох боломжтой. Нэгэнт газар болон хүлэмжийг 2 жилийн өмнө *******-д шилжүүлээд өгчихсөн. Одоо тухайн газар, хүлэмж нь цаг хугацааны хувьд элэгдэл хорогдолд орчихсон. Би өөрөө газар болон хүлэмжийг ашиглах боломжтой байсан бол өөрөө үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байсан. Иймд манайхаас гэрээг цуцлахаас татгалзсан хариу өгсөн” гэж,

-Гэрч Н. “...Би *******-аас Г.ын хүлэмж болон газрыг худалдаж авсан. Тухайн хүлэмж нь 100 хувь ашиглагдахаар хүлэмж биш байсан. Гүйцэтгэл нь 30 хувьтай байсан. Ашиглах гэсэн боловч дулаан байхгүй, хүлэмжийг буруу барьсан, суурь дахин цутгахаар, пилонк болон хүлэмжид шаардлагатай зүйлийг дахин шинээр хийх шаардлагатай байсан. Г.ын зүгээс гүний худаг гаргаж өгнө гэсэн боловч одоогийн байдлаар гаргаж өгөөгүй. Тухайн хүлэмж болон газрыг зээлд тавих гэсэн ч үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй байсан. Гэрээгээ буцаая гэсэн боловч Г. хүлээн зөвшөөрөөгүй. *******-тай би худалдах, худалдан авах гэрээ байгуулсантай холбоотойгоор нотариатын зардал, татварын зардал гээд ойролцоогоор 4,200,000 төгрөг зарцуулсан. Эхлээд газар болон хүлэмж *******-ийн захирал О. нэр дээр шилжсэн. Би О.Баасандоржоос энэ хүлэмжийг авч, гэрээн дээрх үнийн дүнгээр байрны төлбөрийг төлнө гэж тохиролцсон. Уг тохиролцооны дагуу 2000 банз нийлүүлж, 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хувийн асуудлын улмаас төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Манайхаас болон *******-иас хүлэмжид ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ гэрээг буцаахгүй гэвэл би *******-д төлбөр тооцоог бүрэн барагдуулна. Хэрвээ буцаах шийдвэр гарах юм бол би газар болон хүлэмжийг Б.*******д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж мэдүүлэг өгчээ.

2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ОСЗГ-166 тоот орон сууц захиалгын гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний зүйл болох Дархан-Уул аймаг, *******тоот, 71.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.*******д 1 мкв үнийг 2,800,000 төгрөг байхаар, нийт 200,284,000 төгрөгөөр тооцож, орон сууцыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж гэрээг байгуулсан байна.

5.2.Дээр дурдсан баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.******* болон түүний нөхөр Г. нар нь Н.тай хүлэмж, газрыг худалдахаар тохиролцож, түүний төлбөрийг *******-ийн барьж буй орон сууцаар бартер хийхээр санал тавьсныг нэхэмжлэгч болон хариуцагч компани хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.*******тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, өөрийн захирал О. нэр дээр хүлэмж, газрыг шилжүүлэн аваад Н.ад шилжүүлэн өгсөн. Н. нь тухайн хүлэмж, газрын төлбөрийг хариуцагч *******-д төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс харахад хүлэмж, газрыг Н. нь худалдан авах хүсэл зоригтой байсан ба түүний төлбөрт *******-ийн 3 өрөө орон сууцыг оролцуулахаар талууд тохиролцож эхлээд орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо байгуулж, нэхэмжлэгчээс хүлэмж, газрыг хариуцагч компанийн захирал О. /иргэний/ нэр дээр шилжүүлэн өгсөн, түүний дараа хариуцагч компанийн захирал нь Н.ад арилжааны гэрээгээр газар, хүлэмжийг шилжүүлсэн байна. Энэ үйл баримтад талууд маргаангүй байна.

5.3.Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг барьж дуусган өмчлөлд шилжүүлэхээр, хариуцагчаас газар, хүлэмж нь доголдолтой, ашиглах боломжгүй байсан учир тухайн хүлэмж, газрыг буцааж нэхэмжлэгчид өгнө гэж талууд маргаж байна.

6.Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчид орон сууц захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний төлбөрийг шилжүүлсэн асуудалд маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрийг хариуцагчид төлсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үр дүнг шаардах эрхтэй.

7.Хариуцагчаас ...орон сууцны төлбөрт арилжаалсан газар, хүлэмж нь доголдолтой, ашиглах боломжгүй, Н. нь хүлэмж, газрыг шилжүүлэн аваад орон сууцны төлбөр төлөөгүй учир нэхэмжлэгчтэй гэрээг цуцалсан, одоо хүлэмж газрыг буцаан нэхэмжлэгчид шилжүүлнэ гэж тайлбар гаргасан нь гэрээнээс татгалзах агуулгатай байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлэн авсан хүлэмж, газрын хувьд ашиглагдах боломжгүй, доголдолтой байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрч Н. ...хүлэмж шаардлага хангаагүй... гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь тухайн хүлэмжийн нөхцөл байдал, ашиглах боломжгүй эсэхийг нотлохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх татгалзлын үндэс болж буй баримтаа хариуцагч өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

Түүнчлэн, тухайн хүлэмж, газрыг Н. худалдан авах хүсэл зоригтой байх хэдий ч хариуцагч ******* нь Н.ын хүсэл зоригийн өмнөөс хариуцлага хүлээн нэхэмжлэгчтэй хүлэмж, газрыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулж, түүний төлбөрт орон сууцыг барьж дуусган өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон, үүнд хариуцагчийн Н.тай байгуулсан арилжааны гэрээний төлбөрийн асуудал хамааралгүй болно.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан татгалзал хууль зүйн үндэслэлгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.*******тай маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг дараа нь байгуулсан нь анхны гэрээний хүчин төгөлдөр байдлыг алдагдуулахгүй.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Дархан-Уул аймаг, *******тоот, 71.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******-нд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу Дархан-Уул аймаг, ******* тоот 71.53 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН