Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001520106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Үлэмж” ХХК-ий барилга дээр ажилладаг, ам бүл 4  аав 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Оргих гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Өөлд овогт Батжаргалын Мөнх-Эрдэнэ /РД:МТ-97010713/   

        

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Э.Адъяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Нямбаярын гэрт очсон. Нямбаярын гэрт байж байхад Мөнхтөр орж ирээд бид гурав Нямбаярын гэрээс гараад Наран хүнсний дэлгүүрээс тамхи аваад 2.5 литрийн Нийслэл пиво аваад тэрнийгээ Нямбаярын гэрт Мөнхтөр Нямбаяр бид гурав хувааж уусан ба пиво ууж дуусаад Адъяагийн гэрт очсон. Тэгээд Адъяагийн гэрт пиво ууж байгаад гадаа гарч тамхи татсан ба би Анхбаяртай бага зэргийн хэрүүл маргаан хийгээд Бөхцоожтой юм яриад зогсож байхад Адъяа хүрч ирээд та хоёр юундаа маргалдаад байгаа юм бэ гэж хэлээд ирэхээр нь би Адъяаг нэг удаа баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд бид дөрөв гэрт нь орж ирээд би Адъяагаас уучлалт гуйгаад тэндээ жоохон юм ярьж байгаад гэр гэр лүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

     Хохирогч Э.Адъяагийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ хоёр найз Анхбаяр Бөхцоож нарын хамт нэг 2.5 литрийн Сэрүүн пиво уугаад юм яриад сууж байхад орой 23 цагийн үед гаднаас Мөнх-Эрдэнэ манайд халамцуу орж ирсэн ба бид дөрөв хамт манайд сууж байгаад манайхаас гарсан. Тэгээд манай хашааны гадаа би Анхбаярын хамт юм яриад зогсож байтал араас Мөнх-Эрдэнэ намайг дуудахаар нь би эргэж хартал миний нүүр лүү нэг удаа гараараа цохиход миний дээд талын үүдэн шүд тагнайтай наалдсан ба хоёр шүд хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/

      Хохирогч Э.Адъяагийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн буруугаас болж найз Мөнх-Эрдэнэтэй хэрүүл маргаан хийсэн. Би багын найз Анхбаяртай гадаа тамхи татангаа бага зэргийн үл ойлголцох зүйлээс болоод маргаан үүсгэсэн. Тэгээд намайг хашааны гадаа Мөнх-Эрдэнэ дуудаад гүйгээд очиход миний нүүрэн тус газар луу нэг удаа гараараа цохиж үүдэн шүдийг тагнайтай наалдуулсан ба би эгчийн гэрлүү гүйгээд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

      Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №349 дугаартай:

“1.Э.Адъяагийн биед 1 шүд хугарсан, 1 шүд хөдөлсөн, уруул язарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 8 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 9-11 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 16 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар тал/

      Б.Мөнх-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

      Б.Мөнх-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сард /өдөр бичигдээгүй/ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

         Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Э.Адъяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 4-6/ мэдүүлгүүд болон шинжээчийн 349 тоот дүгнэлт /хх-ийн 8/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Адъяагийн мэдүүлэг нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.

        Хохирогч Э.Адъяагаас Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт хүсэлт гаргаж өгсөнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Бурд овогт Батжаргалын Мөнх-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бурд овогт Батжаргалын Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Б.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан Б.Мөнх-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

.