Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/746

 

 

 

Э.Б, Э.С, Ж.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

яллагдагч Э.С-ын өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/763 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай”  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Б, Э.С, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

2. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

3. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “өөрийгөө Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэгт ажилладаг, Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна гэж” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 39 удаагийн үйлдлээр бусдад 2,854,006,744 (хоёр тэрбум найман зуун тавин дөрвөн сая зургаан мянга долоон зуун дөчин дөрөв) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, яллагдагч Э.Бтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 1,749,900,710 (нэг тэрбум долоон зуун дөчин сая есөн зуун мянга долоон зуун арав) төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Ж.Б-тай бүлэглэж 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 3,412,340,000 (гурван тэрбум дөрвөн зуун арван хоёр сая гурван зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

     2. Яллагдагч Ж.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорацын болон Монгол Ардын намын шугамаар зэх зээлийн үнээс хямд байр байна хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулна” гэх зохиол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөл оруулж 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 434,740,000 (дөрвөн зуун гучин дөрвөн сая долоон зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан, Э.Стой бүлэглэж 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд, нийт 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад 3,412,340,000 (гурван тэрбум дөрвөн зуун арван хоёр сая гурван зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу  бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

3. Яллагдагч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Э.С-ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 1,749,900,710 (нэг тэрбум долоон зуун дөчин сая есөн зуун мянга долоон зуун арав) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.        

Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч Э.С-ын ганцаараа үйлдсэн үйлдлүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, бусадтай бүлэглэн үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,  

яллагдагч Ж.Б-ын ганцаараа үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, бусадтай бүлэглэн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

яллагдагч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Яллагдагч Э.С, Ж.Б-, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт ...Мөрдөн шалгах ажиллагаанд “Би Эс Би” ББСБ-аас 2 автомашин авч “Алтан бумба” ББСБ-руу шилжүүлэн 250.000.000 төгрөгийн зээл авсан асуудалд Э.С нь Б.Дд 10.000.000 сая төгрөг өгч, барьцаанд байгаа хөрөнгийг өөр газар өгсөн асуудлаар Б.Дгийн үйлдэл оролцоог шалгах шаардлагатай.

Мөн “Алтан бумба” ББСБ-аас авсан 250.000.000 төгрөгийг “Н” ХХК болон бусад хүмүүс рүү ямар зорилгоор, ямар үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн, энэ мөнгөтэй холбоотой холбогдох хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож шалгаснаар, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “БСБ финанс” ББСБайгууллагын зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслүүдийг “Алтан Бумба” ББСБайгууллагад 260,000,000 төгрөгөөр барьцаалж зээл аваад, танай зээлийг хаая гэж Э.Баар дамжуулан хууран авч, уг тээврийн хэрэгслүүдийг “Алтан Бумба” ББСБайгууллагад барьцааланд тавьж 260,000,000 төгрөгийн зээлийг авсан атлаа “БСБ финанс” ББСБайгууллагад зээлийн үлдэгдэл төлбөр 184,220,710 төгрөгийг төлөхгүйгээр хохирол учруулан... гэх үйлдлийн хохирол төлбөрийн асуудлыг хэн ямар хэмжээгээр хариуцахыг нарийвчлан тогтоох нь зүйтэй.

Яллагдагч Бд холбоотой 11 удаагийн үйлдлээр 1,749,900,710 төгрөгийн хохирол учруулж бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн бөгөөд хавтаст хэрэгт Бы 5012067499 тоот дансаар дамжиж нэр бүхий байгууллагад шилжсэн нь дансны хуулга хэрэгт авагдсан ба энэ мөнгөнөөс Э.С Э.Бы дансыг ашиглаж гүйлгээ хийдэг, Э.Б Э.С-ын дансанд хэдэн төгрөг оруулсан Э.Бы дансаар хэдэн төгрөг хэн рүү дамжсан, юунд зарцуулагдсан зэргийг санхүүгийн аудитын дүгнэлт гаргуулж 11 удаагийн үйлдлээр 1,749,900,710 төгрөгийг Э.С Э.Бы дансыг ашиглаж гүйлгээ хийдэг, Б, С-ын дансанд орсон гарсныг хохирлын хэмжээ үйлдэл оролцоог мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох нь зүйтэй.

Ингэснээр ...үйлдэл оролцоогоор нэгдэж байна уу, хохирогч нарын шилжүүлсэн мөнгө буцаан олгогдох, эх үүсвэрийг ямар байгууллагуудаас гаргуулж болох, Бы үйлдэл оролцоог тодорхой болгох, хохирогч нарт учирсан хохирол хэдэн төгрөг болох, үүнээс хэдийг Э.Б, Э.С нар хариуцахыг тодорхойлох, нэр бүхий байгууллагуудыг иргэний хариуцагчаар татах... гэх гаргасан хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Яллагдагч Э.С-ыг “С” ХХК, “Н” ХХК, Сансэт хотхонтой гэрээ хийж 8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэлд яллагдагч Ж.Б-, Э.Б нартай хамтран оролцсон гэх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2018 оны 02 дугаар сараас төгссөн гэж үздэг. Энэ хугацаанд Ж.Б-аас Э.С-ын 5005479105 тоот дансанд хэдэн төгрөг орсон талаар 27 дугаар хавтаст хэргийн 157-159 дүгээр талд мөрдөгч Мария дансанд үзлэг хийхэд Ж.Б-ийн 5029924638 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Эоос 15.000.000 төгрөг байр гэж орж ирж байгаа. Энэ өдрөө Э.С-ын 5005479105 тоот дансанд 12.100.000 төгрөг орж ирж байгаа. 2.900.000 төгрөг дутуу орж ирсэн.Иймд яллагдагч нарын дансанд хийсэн үзлэгээр нэр бүхий 3 яллагдагчийн дансны орлого зарлагад үзлэг хийж Ж.Б-аас Э.С руу, Э.С цаашаа хэдэн төгрөг хийсэн, “Н” ХХК-ийн Санто хотхоны гэрээнд хэдийг хийсэн, Сансэт хотхоны 280.000.000 төгрөгөөс Э.С 130.000.000 төгрөг хийсэн, С ХХК-ийн 16 гэрээнд Сд 2.150.000.000 төгрөг хийсэн зэрэг үйл баримтыг, мөн нэр бүхий 4 хуулийн этгээдийн тухайн жилийн төсвийн тайланд санхүүгийн үзлэг хийж, бэлнээр хэдэн төгрөг авсан, татварын тайлан дээрээ тусгасан зэрэг анхан шатны санхүүгийн баримт бичигт үзлэг шинжилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 27.1 дүгээр зүйлд заасны дагуу Мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татагдсан иргэний хариуцагчийн үүрэг оролцоог тогтоох, шалгах шаардлагатай.

Иргэний хариуцагчаар “С” ХХК, “Н” ХХК-ийг татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хариуцах, эсхүл хохирол нэхэмжлэх зэрэг ямар байр сууриас оролцож байгааг тодорхойлох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл “Н” ХХК-ийн эзэмшлийн 5038086172 тоот дансанд байрших 451.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ба энэ мөнгөн дүн эрүүгийн 2102000100068 дугаартай хэрэгт ямар зорилгоор битүүмжлэгдсэн, “Н” ХХК-ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, ямар байр сууриас оролцох зэрэг нь ойлгомжгүй байх тул тодорхой болгох нь зүйтэй.

Нэмэлт мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгчид хүсэлт гомдлоо нэмэлтээр гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Яллах дүгнэлтийн 2 дугаар талын 1.4 дээр хохирогч Пгээс 60.000.000 төгрөг авсан гэж, 5 дугаар талын 1.3 дээр хохирогч Пгээс 58.000.000 төгрөг авсан гэж 1 үйлдлийг 2 бичсэн байгаа. 4 дүгээр талын 1.25 дээр яллагдагч С-ын 5005479105 тоот дансыг 5505479105 гэж алдаатай бичсэн. Үйлдсэн гэмт хэргийн талаар гээд яллагдагч Э.С нь 39 удаагийн үйлдлээр 2.854.674.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн гээд тогтоох хэсэгт 39 удаагийн үйлдлээр 2.839.674.000 төгрөгийн хохиролтой гэж 15.000.000 төгрөгийн зөрүүтэй бичсэн. Тиймээс яллах дүгнэлтийг зөвтгөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх үүрэг байгаа. Гэм буруу болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй талаарх хуульчилсан ба оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

Яллагдагч Э.С, Ж.Б, Э.Б нар нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч, гомдол гаргахаа илэрхийлсэн байхад оролцогчийн эрхийг хангаагүй хязгаарласан байна.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 32.1-р зүйлийн 1, 2, 3-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулаагүй шүүхэд шилжүүлсэн нь хавтаст хэргийн материалаас харахад оролцогч нарын хуулиар олгосон эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.8-д “хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” гэж,

Мөн хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус хуульчлагдсан ба оролцогч нарын эрх, үүргийг нь эдлүүлэлгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж хуульчилсан бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ орхигдуулсан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгосон эрх, үүргийг нь эдлүүлж, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Э.С, Ж.Б-, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.     

Прокурор Б.Энх-Эрдэнэ эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. ... “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч ажилтай Б.Д нь оролцоотой эсэхийг тогтоох зорилгоор түүнээс мэдүүлэг авах ажиллагааг 2 удаа (26хх-ийн 161-166-р хуудас), мөн Э.Баас гэрчээр 3 удаа мэдүүлэг (26хх-ийн 167-177-р хуудас), Э.Сос гэрчээр (26хх-ийн 186-р хуудас), хохирогч Л.Уээс мэдүүлэг авах (26хх-ийн 154-160-р хуудас) мөн Б.Дгийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны холбогдох дансны мэдээллүүдийг авсан (26хх-ийн 216-244-р хуудас), Б.Дгээс яллагдагч Э.Стой харилцсан фэйсбүүк чатад үзлэг хийж бэхжүүлсэн (26хх-ийн 245-250-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Д нь яллагдагч Э.Бд 0000 УАМ улсын дугаартай Лексус-570, 0000 УБЭ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслүүдийг барьцаанаас чөлөөлсөн бичиг хийж өгсний хариуд яллагдагч Э.С, Э.Б нараас мөнгөн хөрөнгө, эд зүйл авсан болох нь тогтоогдоогүй тул тус үйлдэлд Б.Дг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.

Мөн Н ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Оаас мэдүүлэг авсан (26хх-ийн 178-179-р хуудас) бөгөөд дээрх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн атал яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд яллагдагч Э.Бд холбоотой 11 удаагийн үйлдэлд түүний эзэмшлийн Хаан банкны 5012067499 тоот дансаар нийт 1,749,900,710 төгрөг хохирогч нараас шилжиж орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын болон яллагдагч Э.Бы дансны хуулга зэргээр тогтоогддог. Дээрх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хохирлын мөнгийг яллагдагч нар нь юунд хэрхэн зарцуулсан болохыг тогтоох боломжтой бөгөөд үүнд ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй тул тусгай мэдлэг бүхий шинжээч томилох шаардлагагүй юм.

3. Яллагдагч Э.С “С” ХХК, “Н” ХХК, Сансэт хотхонтой орон сууц түрээслэх болон худалдан авах гэх гэрээ хийх замаар орон сууцуудыг Төрийн орон сууцны болон Нийслэлийн орон сууцны корпорацийн мэдлийн бөгөөд захиран зарцуулах, бусдад худалдах эрх нь яллагдагч Э.Сд байгаа мэт хохирогч нарт итгүүлж залилах гэмт хэргийн үйлдлийн аргаа хэрэгжүүлдэг бөгөөд гэмт үйлдлээ үргэлжлүүлэх зорилгоор дээрх хуулийн этгээдүүдэд гэрээний төлбөр төлж байгаа асуудалд тухайн хуулийн этгээдүүдийн санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй, тухай хуулийн этгээдүүдийн яллагдагч Э.Сос гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг санхүүгийн баримтад тусгасан эсэх, татварт тайлагнасан эсэх асуудал нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй асуудал бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнээс давсан гэж үзэхээр байна.

4. Хэрэгт Ск ХХК-ийг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр А.Сг тогтоон хэрэгт ямар байр суурьтай оролцох талаар мэдүүлэг авсан (32хх-ийн 119-123-р хуудас), мөн С ХХК-аас яллагдагч Э.С-ын үйлдлийн улмаас тус хуулийн этгээдэд учирсан хохирлын тооцоог гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргасан (32хх-ийн 172-176-р хуудас), мөн хэрэгт “Н” ХХК-ийг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр Х.Б-ийг тогтоон хэрэгт ямар байр суурьтай оролцох талаар мэдүүлэг авсан (21хх-ийн 219-222, 32хх-ийн 111-113-р хуудас), Н ХХК-аас яллагдагч Э.Стой хийсэн Б/90, Б/91, Б/90-01 тоот гэрээний төлбөрийн тооцоог гаргуулсан авч хэрэгт хавсаргасан (2хх-ийн 63-66, 22хх-ийн 64-67-р хуудас), "Н” ХХК болон Э.С нарын хооронд мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулгыг авч хэрэгт хавсаргасан (бхх-ийн 172- 222-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн атал шүүхээс “С” ХХК, “Н” ХХК нарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хариуцах, эсхүл хохирол нэхэмжлэх зэрэг ямар байр сууриас оролцож байгааг тодорхойлоогүй, “Н” ХХК-ийн эзэмшлийн 5038086172 тоот дансанд байрших 451,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ба энэ мөнгөн дүн эрүүгийн 2102000100068 дугаартай хэрэгт ямар зорилгоор битүүмжлэгдсэн, “Н” ХХК-ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, ямар байр сууриас оролцох зэрэг нь ойлгомжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Прокуророос “Н” ХХК-ийн эзэмшлийн 5038086172 тоот дансанд байрших 451,000,000 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасны дагуу буюу хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэлтэй гэж хязгаарласан энэ талаарх баримт (5 хх-88-р хуудас) хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүхээс прокурор яллах дүгнэлтийн 2 дугаар талын 1.4 дээр хохирогч Пгээс 60,000,000 төгрөг авсан гэж, 5 дугаар талын 1.3 дээр хохирогч Пгээс 58,000,000 төгрөг авсан гэж 1 үйлдлийг 2 бичсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, ...шүүх алдаатай бичсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн бөгөөд 1.4-д бичигдсэн хохирогч Пгийн овог нь Бат-Өлзий, 1.34-д бичигдсэн хохирогч Пгийн овог нь Бямбацогт юм.

Шүүхээс 4 дүгээр талын 1.25 дээр яллагдагч С-ын 5005479105 тоот дансыг 5505479105 гэж алдаатай бичсэн, үйлдсэн гэмт хэргийн талаар гээд яллагдагч Э.С нь 39 удаагийн үйлдлээр 2,854,674,000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн гээд тогтоох хэсэгт 39 удаагийн үйлдлээр 2,839,674,000 төгрөгийн хохиролтой гэж 15,000,000 төгрөгийн зөрүүтэй бичсэн. Тиймээс яллах дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай гэсэн болно.

Гэвч яллах дүгнэлтийн ТЭМДЭГЛЭХ нь хэсэгт “Хоёр: Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: 1. Яллагдагч Э.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр ...2,839,006,744  төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу” гэж, ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад “Яллагдагч Э.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр ...2,839,006,744 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу” гэж яллагдагч Э.С-ын учруулсан хохирлыг тоо болон үсгээр алдаагүй зөв бичсэн атал алдаатай мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

Яллагдагч Э.С, Ж.Б, Э.Б нарын эрхийг хязгаарласан гэх асуудлын хүрээнд ...яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байгууллагаас мөрдөн шалгах явуулан шалгаж, мөрдөн байцаалтыг дуусган яллагдагч Э.С, Э.Б болон тэдгээрийн өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан энэ талаарх баримт 38 дугаар хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Харин яллагдагч Ж.Б нь хэргийн материалтай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр танилцсан бөгөөд энэ талаарх тэмдэглэл 38 дугаар хавтаст хэргийн 163 дугаар талд авагдсан. Түүний өмгөөлөгч Д.Гомбыг хэргийн материалтай танилцах талаар прокуророос мэдэгдсэн боловч өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй тул энэ талаарх тэмдэглэлийг үйлдэн хэрэгт хавсаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, прокуророос өмгөөлөгчийг хэргийн материалтай албадан танилцуулах боломжгүй юм.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.” гэж заасныг зөрчсөн гэсэн бөгөөд энэ хэрэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэр гараагүй байхад дээрх заалтыг зөрчсөн гэж захирамжид дурдаж байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 763 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

Яллагдагч Э.С-ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 3 яллагдагчийн арилжааны дансанд үзлэг хийж, уг үзэлэгтээ үндэслэж тайлан гаргаад, тайланд үндэслэн эдийн засгийн шинжээч томилох хүсэтийг 3 шатны прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн адил уг хүсэлтээ гаргахад анхан шатны шүүхээс “үндэслэл бүхий” гэж хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Яллагдагч Э.С-ын дансанд Ж.Б-, Э.Б нараас мөнгө орж ирдэг. Харин Э.С уг мөнгийг нэр бүхий 4 хуулийн этгээдийн дансанд байршуулдаг. Гэм буруугийн асуудал яригдах үед Э.С хуулийн этгээдийн дансанд хэдэн төгрөг байршуулсан. Үүнээс яллагдагч Э.С хэдэн төгрөг төлөх үү, хуулийн этгээдийн хариуцвал зохих төлбөрийг тугсай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч зайлшгүй тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл Э.С-ыг “2018 оны 1 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх” хугацаанд энэ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэдэг. Прокуророос “Н” ХХК-ийг иргэний хариуцагчаар татахдаа санхүүгийн баримтыг хэрэг хавсаргасан гэх боловч тухайн компани хэдэн төгрөгийн орлого аваад хэдэн төгрөгийн зарлага гарсан эсэх нь тодорхойгүй. Тийм учраас энэ байдлыг тодруулах тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах шаарлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад;

Яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн прокурорт буцаасан үндэслэлүүдээс:

- “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч ажилтай Б.Дгийн оролцоотой эсэхийг мөрдөн байцаалтаар зохих ажиллагааг хийсэн байх тул дахин энэ ажиллагааг хийх шаардлагагүй,

- яллагдагч Э.Бы Хаан банкны 5012067499 тоот дансаар хийгдсэн нийт 1,749,900,710 төгрөгийн хөдөлгөөнд аудитын дүгнэлт гаргах шаардлагагүй, хохирлыг хэн хариуцан барагдуулахыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шийдвэрлэх боломжтой,

- яллагдагч нарын дансны орлого зарлага, санхүүгийн баримт бичигт үзлэг хийж,  татварт тайлагнасан эсэх асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь ач холбогдолгүй ба хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой, 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон Эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийн иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ...” гэж зааснаар иргэний  хариуцагчаар С ХХК, Н ХХК-г хэрэгт татан оролцуулсан байхад тэднийг хохирол хариуцах, эсхүл  хохирол нэхэмжлэх зэрэг байр сууринаас оролцож байгаа тодорхойлох шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй,

-  хэрэгт хохирогчоор Бат-Өлзийн П, Бямбацогтын П гэж адил нэртэй хоёр Пг хохирогчоор тогтоосон ба хоёр өөр дүн бүхий хохиролтой  байгааг, мөн Э.С-ын учруулсан хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд өөр дүнтэйгээр бичсэн зэрэг нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжинд заасан дээрх ажиллагаануудад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Харин, яллагдагч Э.С-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 448 дугаар прокурорын тогтоолоор үйлдлүүд нэмсэн, зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж /39хх 1-31/, тус тогтоолоо түүнд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан /39хх 32/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг авсан /39хх 35/,

яллагдагч Ж.Б-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 450 дугаар прокурорын тогтоолоор үйлдэл нэмсэн, зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж /39хх 58-83/, тус тогтоолоо түүнд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан /39хх 84/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг авсан /39хх 87/ байна.

Яллагдагч Э.С, Ж.Б нар нь тус тус “...өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгнө...” гэсэн байхад өмгөөлөгчийх нь хамтаар мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна. ...” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.   

 Яллагдагч Э.Быг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 449 дүгээр прокурорын тогтоолоор үйлдлүүд нэмсэн, зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж /39хх 36-53/, тус тогтоолоо түүнд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан /39хх 54/, мэдүүлэг авсан байна /39хх 57/. Яллагдагч Э.Б нь тус тогтоолтой холбоотой гомдлоо гаргана гэдгээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан тэмдэглэл, мэдүүлэгтээ илэрхийлж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдлоо гаргасан /39хх 88-89/-г дээд шатны прокурорууд нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ /39хх 90, 94/.

Яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсны дараа өдөр нь яллах дүгнэлт үйлдсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар гомдлыг ...ажлын 3 өдрийн дотор гарна. ...”  гэж заасанг зөрчжээ.

            Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн “...Яллагдагч Э.С, Ж.Б, Э.Б нар нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч, гомдол гаргахаа илэрхийлсэн байхад оролцогчийн эрхийг хангаагүй, хязгаарласан байна...” гэсэн хэсэг үндэслэлтэй, энэ талаар зохих ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/763 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн, яллагдагч Э.С, Ж.Б нарт холбогдох үйлдлүүдийг нэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн нэг хэсгээр зүйлчилсэн атлаа ганцаараа үйлдсэн үйлдлүүд, бусадтай бүлэглэн үйлдсэн  үйлдлүүд гэж хоёр хувааж тус тус ерөнхий ангийг журамлан зүйлчилсэн нь ойлгомжгүй байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/763 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

          ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР

          ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ