Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2024/0070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор анх маргасан.

2. Шүүхэд 2022 оны 01 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Онцгой байдлын газар нь 2016 онд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд барьж байсан ажилтнуудын орон сууц, шинээр барих гал унтраах ангийн барилга зэргийг дулааны төвлөрсөн халаалт байхгүйгээс зураг төсөв батлагдахгүй байсаар шинэ барилга баригдаагүй 2-3 аймгийн нэг нь болж тодорч байсан болохоор энэ асуудлаа шийдэхийн тулд Онцгой байдлын газар болон “” сургуулийн уулзвараас урагш дулааны нэгдсэн халаалтын үйл ажиллагаа явуулах саналыг аймаг, сумдын уурын зуух, дулааны шугам сүлжээ, орон сууц барилгуудын дулаан сантехник сайн хийдгийн хувьд манай компанид тавьсны дагуу судалж үзэхэд:

Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт төв ын сургуулийн уулзвараас урагш байрлах эрчим хүчний үйлдвэр, “” ШТС, “” ШТС, “ ” сэлбэг, угаалгын газар, “” угаалгын газар, “” АХЦС,  Вакум цонхны үйлдвэр, “ ” хүнсний дэлгүүр, “” сэлбэгийн дэлгүүр гэх зэрэг аж ахуй нэгж байгууллагууд болон айл өрхүүд дулааны нэгдсэн халаалт байхгүйн улмаас тус тусдаа уурын зуухаар галладаг агаарын бохирдол ихтэй.

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дулааны уурын зуух баригдвал бүгд холбогдох хүсэлтэй байсан тул Баянхонгор хотын нүүр царай болох энэ бүсэд байрлах байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байшин барих нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго тавин 2016 оны 8 сард Онцгой байдлын газрын хашааны ард ямар ч эзэмшилгүй байсан 2-3 метр гаруй өндөртэй 12 метр гаран диаметртэй овоолсон шороо байсныг тэгшлэн, уурын зуухны барилгыг эхлүүлэн дулаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж бүхий уурын зуухыг 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулан Онцгой байдлын газрын ажилтнуудын 26 айлын орон сууцны барилга, Онцгой байдлын газрыг холбож, Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох материалыг журмын дагуу өгч, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 10/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг авч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд энэ үйл ажиллагаа явуулж эхэлж байсан газрыг эзэмших хүсэлтийг хуулийн дагуу аймгийн Засаг даргад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн юм. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “хууль тогтоомжийн дагуу аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тул дуудлага худалдаа зарлагдахыг хүлээ” гэсэн.

Энэ дагуу “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ч тусгалаа олсон болохоор бид дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хийж байтал Онцгой байдлын газартай газрын давхардал үүсэж, маргаантай байгаагаас дуудлага худалдаа хойшилсон гэж байсан.

Ингэж 2019 онд дуудлага худалдаанд оруулах төлөвлөлтөд орж байна гэдэг нь тухайн газар 2018 оны жилийн эцэст Онцгой байдлын газар онцгой эрхээр эзэмших эрхтэй байгаагүйг харуулж байгаа болно. Ийм болохоор төр захиргааны байгууллагуудаас асуудлыг зохицуулах, дахин дуудлага худалдаа зохион байгуулах эсэхийг сураглаж, ажил хариуцсан нөхдүүдтэй дахин дахин уулзаж ямар нэгэн шийдвэр гаргахыг нь хүлээж байтал аймгийн Онцгой байдлын газар нь 2020 оны сүүлээс янз бүрийн шахалт шаардлага тавьж байснаа 2021 оны эхнээс үүнийгээ бүр эрчимжүүлж, аймгийн Төрийн Аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэргээс элдэв албан шаардлага зэргийг хүргүүлүүлж, тэр бүрт нь бид нөхцөл байдал газар эзэмшлийн маргааны учрыг тайлбарлаж, шийдвэрийг нь мөн л хүлээсээр явтал дулаан хангалтын үйл ажиллагааны бэлтгэлээ хангаж, айл өрх, байгууллагуудад дулаан түгээхэд бэлэн болж байсан үе буюу 2022 оны 9 дүгээр сард Онцгой байдлын газар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/00718 дугаар шийдвэрийг Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2023/00004 дүгээр магадлалаар хүчингүй болгосон.

Иймд анхан шатны шүүхээс тодорхой баримтуудыг эрх бүхий этгээдүүдээс гаргуулсантай танилцаж үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан үндэслэл муутай захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан.

 Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр манай компанийн хүсэлтийг  “...Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд боломжгүй...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, “...хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү...” гэсэн хариуг ирүүлсэн.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь одоогийн байдлаар зөвхөн уурын зуухны барилга, тоног төхөөрөмж, 1865 метр дулааны шугам сүлжээ барьж, угсарч суурилуулахад нийт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй манайхаас дулаанаар хангагддаг “Баянхонгор Эрчим” ХХК, ”Онцгой байдлын газар”, “” шатахуун түгээх станц, “НИК” шатахуун түгээх станц, “” угаалга, засварын газар, “Монос” АХЦС, “” сэлбэгийн дэлгүүр, “ ” угаалга, сэлбэгийн дэлгүүр, “Мини ” хүнсний дэлгүүр, “МБ” зочид буудал, үйлчилгээний 7-н давхар барилга, вакум цонхны үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж байгууллага, *******, *******, ******* дугаар байр мөн гийн 9-н давхар худалдаа үйлчилгээтэй орон сууц нийт 150 орчим айл өрхийн ашиг сонирхол төр, захиргааны байгууллагуудын анхааралд өртөхгүй байгаад харамсаж байна. 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамж, 2020 оны 4 дүгээр 17-ны өдрийн А/277 дугаар захирамжуудын тухайд аваад үзвэл ******* дүгээр захирамж нь “Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулах тухай” гэсэн нэртэй ба түүний хавсралтын “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 4 дэх мөрний мэдээллээс харахад 7490 мкв-ыг 9341 мкв болгон залруулж байгаа мэт харагдаж байгаа боловч тухайн газар эзэмшигч эхний ээлжинд 7490 мкв газрыг эзэмших эрхийг хэзээ хэрхэн олж авч байсан, дараа нь ямар хүсэлт, холбогдох баримтаар, ямар хэмжээний газрыг нэмж эзэмших эрхийг 2018 оны 3 сарын 14-ний өдрөөс олж авч байгаа зэрэг нь Газрын тухай хуульд заасан журмуудаар явагдсан эсэх нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхой нэр бүхий байгууллагуудаас ирүүлсэн материалуудаас харагдахгүй байгаад хэргийн гол нь байна.

Яагаад гэхээр иргэний хэрэгт авагдсан баримтаар бол 2020 оны 6 сарын 25-ны өдөр олгогдсон Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ л байгаа ба эдгээр нь 2018 оны 3 сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ямар газар эзэмших эрхтэй байсан “Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.” гэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар маргаан бүхий захирамж гарчихваа гэсэн асуудлыг дагуулж байгаад юм. Энэ бүхнийг нэхэмжлэгчийн зүгээс Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШЗ2023/1065 дугаар захирамжийн дагуу тус шүүхэд ирүүлсэн материалуудаас олж мэдсэн ба Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад 2019 онд дуудлага худалдаанд оруулах төлөвлөлтөд орж байсан газрын хэмжээнд маргаан үүсгэж дуудлага худалдааг хойшлуулсны үр дагавар болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч “ ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул түүнийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү" гэжээ.

2. Нэхэмжлэгч “ ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн газрын дуудлага худалдааг хойшлуулж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

3. Нэхэмжлэгч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тогтоолд “...Баянхонгор, онцгой байдлын гарын хойд талд, газрын хэмжээ 0,076 дэд бүтцийн байгууллага, Онцгой байдлын газартай газрын давхцал үүсэж маргаантай байгаа тул дуудлага худалдаа явуулаагүй “хойшлуулсан” гэснээс хойш иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан уг газар өнөөдрийг хүртэл тэр хэвээр байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар захирамжаар зарлагдсан газрын дуудлага худалдааны жагсаалтад орсон Баянхонгор сумын Номгон 1-р баг Онцгой байдлын газрын хойд талд байрлалтай 760 мкв бүхий Дэд бүтцийн байгууллагын зориулалттай газар нь маргаантай байх тул уг захирамжийн хавсралтаас дээрх газрыг хассугай.” гэж шийдвэрлэсэн нотлох баримт хэрэгт хавсаргагдсан байгаа боловч үүнээс хойш Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан уг газрыг хэрхэх талаар Аймгийн Засаг даргын зүгээс ямар нэгэн алхам хийж маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тул гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч болон Онцгой байдлын газар зэргийг байлцуулж дахин хэмжилт хийж асуудалд хандалгүйгээр маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг нэхэмжлэлд дурсан хуулийн олон заалтыг зөрчиж гаргасан нь дараа дараагийн ажиллагаанд саад болох сөрөг үр дагаврыг бий болгожээ.

Иймд “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар өмнөх шаардлагаа өөрчилж байна.” гэв.

4. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь анх Баянхонгор сумын Засаг  даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар захирамжаар 4654 мкв сургалтын талбайн зориулалтаар эзэмших 0320/19 улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон. Улмаар тус газрын гэрчилгээг 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн олгохдоо Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” 2012 оны 113 дугаар тогтоолоор зөрчлийг дахин гаргахгүй байхаар үүрэг болгон тус тогтоолын дагуу Онцгой байдлын газарт 2012 оны 11 сард 1766 мкв газрыг нэмснээр контор, сургалтын талбайн зориулалтаар эзэмших нийт газрын хэмжээ 7490 мкв болсон.

Ингээд аймгийн Онцгой байдлын газар нь эзэмшил газрынхаа гэрчилгээг шинэчлэн сольж аваагүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18.01/214 албан бичгээр гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт ирсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 113 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжаар 1851 мкв газрыг нэмж, 9341 мкв болгон эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дараа Онцгой байдлын газрын дарга ******* нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандан манай байгууллагад аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжаар 7490 мкв байсныг 1851 мкв газар болгон нэмж эзэмшүүлж 9341 мкв болсон бөгөөд өмнө нь эзэмшиж байсан 7490 мкв-аар эзэмших хүсэлт гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлсэн 2018 оны ******* дүгээр захирамжийн Онцгой байдлын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож 7490 мкв болгосон.

Үүний дараа “ “ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 албан бичгээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандан уурын зуухны үйл ажиллагаа явуулж байгаа 760 мкв газраа 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан газрын дуудлага худалдаанд оруулахаар хүсэлт хүргүүлсэн.

Энэ хүсэлтийн дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2019 оны дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөн “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг даргын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа зарлах тухай” захирамж гарсан боловч уг дуудлага худалдааг зохион байгуулах боломжгүй болсон.

Учир нь “ “ ХХК-ийн эзэмших хүсэлт гаргасан 760 мкв газар нь Онцгой байдлын газартай давхацсан маргаантай байна гэж үзээд аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамж гарч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу зохион байгуулаагүй байна.

Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжаар “Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар Онцгой байдлын газрын хэмжээг хасч 7490 мкв болгон эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгон 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн үйлчлэлийг сэргээн 9341 мкв газрыг эзэмшүүлсэн.

“ ” ХХК нь “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Хот суурин, барилга байгууламж, шинээр тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна” гэсэн заалтыг анх 2016 оны 8 сард Онцгой байдлын газар дээр дур мэдэн, зөвшөөрөлгүй зуухны барилга барьсан. Мөн барилга барьж үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө тус газрыг эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаагүй.

“ ” ХХК нь төрийн өмчийн эзэмшлийн газар дээр дур мэдэн барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-нд авч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дулаанаар хангаж эхэлсэн нь “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэсэн заалтыг зөрчсөн.

Хэрэв тухайн үед тус Онцгой байдлын газрыг эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргасан бол өнөөдрийн түвшинд хүртлээ асуудал даамжрахгүй, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөхгүй байх байсан. Энэ хууль бус дур зоргоороо, зөвшөөрөлгүй уурын зуухны барилга байгуулж барьсан асуудал нь иргэдийн эрх ашгийг өмнөө барьж өөрсдийгөө хамгаалах гэсэн үйлдэл гэж харагдаж байгаа.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж газар эзэмшигчийн эрхийг тодорхойлсон. Гэтэл “ ” ХХК нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болон газар эзэмшигчтэй ямар нэг байдлаар гэрээ, хийж зөвшөөрөл авсан баримт байхгүй байгаа нь хууль бусаар төрийн байгууллагын газрыг эзэмшиж байгааг илтгэн харуулж байгаа юм.

Цаашид “ ” ХХК нь төрийн байгууллагын газар дээр зөвшөөрөлгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын барилгыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлтэй холбоотойгоор олон иргэдийн эрх ашиг хөндөх шалтгаан болж, мөн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажиллах, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ хууль бус үйлдлээ таслан зогсоож төрийн байгууллагын газрыг чөлөөлж өгөхгүй иргэдийн нэр барьж олон дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, цаг авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсч байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5."газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” хэлнэ гэж заасны дагуу “ ” ХХК нь тус газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэхээр байна.

Иймд хууль зөрчиж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр уурын зуухны барилга байгууламж барьсан “ ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

“*******” ХХК-ийн гаргасан Шинжээчийн дүгнэлт: “Тухайн ажлын хэмжилтийн үр дүнг боловсруулахад Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь 8209 мкв газар, уурын зуухны зориулалтаар “ ” ХХК 1293 мкв газрыг тус тус хашаажуулан эзэмшиж, ашиглаж байгаа болно. Үүнээс тус 2 байгууллагын давхцал үүсэж байгаа газар нь 1120 мкв байна.” гэжээ.

“*******” ХХК-ийн нэмэлтээр гаргасан Шинжээчийн дүгнэлт: “Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийн 4-өөр хүчингүй болгосон 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн “...Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт холбогдох хэсэг...”, 2005 оны 4-р сарын 1-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” түүний хавсралт, 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэгт маргаантай байгаа газрын хэмжээг “7490 мкв” гэсэн байгаа тул 2005 оны 5 сарын 5-ны өдрийн Онцгой байдлын хэлтсийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглалд тэмдэглэгдсэн солбицлоор хэмжилт хийж эргэлтийн цэгүүдийг газарт буулгахад 6903 мкв байна.

Шүүгчийн захирамжийн 2.3 дахь заалтын дагуу хэмжилт хийхэд дээрх Онцгой байдлын газрын эзэмшиж байгаа газрын байршлын кадастр “ ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны 1293 мкв газартай ямар нэгэн давхцал байхгүй байна.

Шүүгчийн захирамжид заасан Аймгийн Засаг даргын 2020 оны А/277 дугаар захирамжтай холбоотой дүгнэлтийг “ЭКСИТОС” ХХК-ийн 2024 оны 5-р сарын 28-ны өдрийн 09 тоот албан бичгээр хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгаж, кадастрын зураг дээр давхцал үүсэж байгаа газрыг өнгөөр ялгаж хүргүүлсэн ба энэ удаад ямар нэгэн зөрөө гараагүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий  захиргааны акт болох Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн “Аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн газрын дуудлага худалдааг хойшлуулж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Улмаар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар тодруулсан болно.

 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь:

1.Нэхэмжлэгч тал “…2016 оны 8 сард Онцгой байдлын газрын хашааны ард ямар ч эзэмшилгүй байсан 2-3 метр гаруй өндөртэй 12 метр гаран диаметртэй овоолсон шороо байсныг тэгшлэн, уурын зуухны барилгыг эхлүүлэн уурын зуухыг 11 сард барьж ашиглалтад оруулсан, одоогоор “Баянхонгор Эрчим” ХХК, ”Онцгой байдлын газар”, “” шатахуун түгээх станц, “НИК” шатахуун түгээх станц, “” угаалга, засварын газар, “Монос” АХЦС, “” сэлбэгийн дэлгүүр, “ ” угаалга, сэлбэгийн дэлгүүр, “Мини ” хүнсний дэлгүүр, “МБ” зочид буудал, үйлчилгээний 7-н давхар барилга, Вакум цонхны үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж байгууллага, *******, *******, ******* дугаар орон сууцны байрууд, мөн гийн 9-н давхар худалдаа, үйлчилгээтэй орон сууц, нийт 150 орчим айл өрхийг дулаанаар хангаж байна. Газар эзэмших хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн газрын албанд гаргаж, үүний дагуу “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болохоор бид дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хийж байтал Онцгой байдлын газартай газрын давхардал үүсэж, маргаантай байгаагаас дуудлага худалдаа хойшилсон гэсэн. Олон үйлчлүүлэгчдээ дулаанаар хангахын тулд 800 гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Аймгийн Засаг даргын 2020 оны дугаар захирамж гарснаар манай компанийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хааж, эрх ашгийг зөрчиж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба “…нэхэмжлэгч компани нь анх 2016 оны 8 сард Онцгой байдлын газар дээр дур мэдэн, зөвшөөрөлгүй уурын зуухны барилга барьсан. 2016 онд аймгийн Онцгой байдлын эзэмшил газрыг хассан аймгийн Засаг даргын захирамж гараагүй байсан болохоор нэхэмжлэгч компанийн уурын зуухыг Онцгой байдлын уурын зуух гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч тухайн газар эзэмших зөвшөөрлийг хуулийн дагуу аваагүй байж уурын зуух барьж, үйл ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгч компанийн өөрийнх нь хууль ёсны эрх хөндөгдөх асуудал яригдахгүй…” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Маргаан үүсэх болсон баримтуудыг авч үзвэл:

3. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 113 дугаар “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөгдсөн талбайнаас илүү эзэмшиж байгаа газарт дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөн нөхөн төлбөр төлүүлж газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн дагуу 46828 дугаар гэрчилгээтэй 7490 мкв газар дээр илүү эзэмшиж байгаа 1766 мкв талбайг аймгийн Онцгой байдлын газрын эзэмшилд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр “Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулах тухай” захирамжаар эзэмшил газрын зөрүүтэй байгаа Төрийн байгууллагуудын эзэмшил газрын хэмжээг залруулж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 7490 мкв байсныг 9341 мкв хэмжээтэй болгож, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

5. Гэтэл Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга *******аас тус газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1801/146 дугаар албан тоотоор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, “…аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр тус байгууллагын эзэмшил газрыг 9341 мкв талбайтайгаар 1851 мкв-аар илүү гаргасан байх тул хуучин өөрийн эзэмшил талбай 7490 мкв-аар гарган залруулж өгнө үү…” гэсний дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар “Газрын хэмжээг залруулах тухай” захирамж гарч, Аймгийн Онцгой байдлын хүсэлтийг харгалзан эзэмшил газрын талбайн хэмжээний зөрүүг арилгаж, 7490 мкв болгон залруулжээ.

6. Нэхэмжлэгч “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ар талд байрлах түүний эзэмшлийн газар дээр 2016 оны 8 сард уурын зуухны барилгыг эхлүүлэн 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулж,  Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр авч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус газрыг эзэмших хүсэлтийг Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар албан бичгээр хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч талын нэхэмжлэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан хүсэлт зэргээр нотлогдож байна.

7. Тус хүсэлтэд “…тус компани нь өөрийн хөрөнгөөр аймгийн Онцгой байдлын газрын ард ашиглалт, эзэмшилгүй байсан газрыг ашиглан төхөөрөмж, стандартын шаардлага хангасан халаалтын уурын зуухыг барьж ашиглалтад оруулан Онцгой байдлын газар, Эрчим хүч, “” ШТС, “Петровис” ШТС, “Монос” газын станц, “” засварын газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн 18356 мкв талбай, айл өрхийн 3380 мкв 60 айлын орон сууцыг халааж байна. Иймд манай уурын зууханд 874 мкв газрыг олгож өгнө үү…” гэжээ.

8. Үүний дагуу Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2019 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус төлөвлөгөөнд Аймгийн Онцгой байдлын газрын 0.076 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байна.

9. Гэтэл Аймгийн Онцгой байдлын газрын дарга А.Алтанбаганаас /******* даргын дараа томилогдсон/ тус газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2201/267 дугаар албан бичгээр “...Аймгийн Онцгой байдлын газрын барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон. Барилгын зураг төслөөр 9341 мкв газар байхаар төлөвлөсөн, эзэмшил газраас хасагдсан 1851 мкв газарт мөн барилга барих тул хуучин олгосон хэмжээнд нь буцаан олгоно уу ...” гэсэн хүсэлтийг Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасны дагуу Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар “Аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 он 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

10. Ингэснээр Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн үйлчлэл сэргэж, Аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээ 9341 мкв болсон байна.

11. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2020 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангалттай хэрэгжсэн гэж дүгнэсэн, харин Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хойд талд байрлалтай 0,076 га газрыг “...газрын давхцал үүсч маргаантай байгаа тул дуудлага худалдаа явуулахгүй хойшлуулсан...” гэсэн байна.

12. Үүний дагуу Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа зарлах тухай” захирамжийн хавсралтаар аймгийн Номгон 1-р баг Онцгой байдлын газрын хойд талд байрлах 760 мкв талбайг дэд бүтцийн байгууллагын зориулалтаар анхны үнэ 5.700.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар захирамжаар дээрх газрыг маргаантай байгаа гэсэн үндэслэлээр дуудлага худалдаанд оруулах захирамжийн хавсралтаас хасжээ.

13. Үүнээс харахад Аймгийн Засаг даргын 2018 оны ******* дүгээр захирамжийн дагуу Аймгийн Онцгой байдлын газар 9341 мкв талбай бүхий газрыг эзэмших болсонтой холбоотойгоор дээрх 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон дуудлага худалдааг зохион байгуулахгүй хойшлуулсан, түүнчлэн дуудлага худалдаа зарласан захирамжийн хавсралтаас хассан зэрэг нь буруу биш байна.

14. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг тусгасан бөгөөд 21.3.1-д сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх”, 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаарх бүрэн эрхийг тусгасан ба 21.4.1-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх”, 21.4.2-т аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар заасан.

15. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”,

27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан.

16. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгасан бөгөөд 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-дэнэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-дэнэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

17. Дээрх нөхцөл байдал болон холбогдох хуулийн зохицуулалтуудаас нэгтгэн дүгнэхэд гуравдагч этгээд болох аймгийн Онцгой байдлын газар нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны ******* дүгээр захирамжийн дагуу 9341 мкв газрыг эзэмшиж байгаад тус газрын даргаас 2018 онд гаргасан илүү эзэмшиж байгаа газраа хасуулах тухай хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 захирамжаар тус газрын хэмжээг 7490 мкв болгон багасгасан, тус багасгасан гэх газар дээр нь нэхэмжлэгч “ ” ХХК нь газар эзэмших зөвшөөрөлгүйгээр 2016 оны 8 сард уурын зуухны барилгыг эхлүүлэн 11 сард барьж ашиглалтад оруулсан нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тус шүүхийн үзлэг, хавсаргасан зураг, шинжээчийн дүгнэлт, хавсаргасан кадастрын зургууд зэрэг холбогдох баримтуудаар нотлогддог, улмаар тус уурын зуухыг ашиглалтанд оруулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дулаанаар хангаж байгаа болох нь тэдгээртэй байгуулсан Халаалтын гэрээ, нэхэмжлэгч талын тайлбараас харагдах ба энэ нь нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөх нөхцөл байдалд хүргэсэн, түүнчлэн энэ бүхний дараа “ ” ХХК уг газрыг эзэмших хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болжээ.

18. Дээрх хүсэлтийн дагуу Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвөлгөөг баталж, Аймгийн Онцгой байдлын газрын 0.076 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн хэдий ч мөн тус газрын даргын өмнөх багасгасан газраа буцаан авах тухай хүсэлтийн дагуу Аймгийн Засаг дарга 2020 оны А/277 дугаар захирамжаараа урьд гаргасан 2018 оны А/452 дугаар захирамжаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Учир нь маргаан бүхий захиргааны актын улмаас “ ” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэх боловч нэхэмжлэгчийн энэхүү эрх нь хуулийн дагуу олгогдоогүй болох нь нотлогдож байх тул хуулийн хүрээнд хамгаалагдахгүй юм.

19. Иймд шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК-аас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох”-оор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.СУВДМАА