| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0001/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 06
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Н.Нарангаравууд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000850088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган зам 1 дүгээр хэсэг урт цагааны 9-4 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Монгол овогт Наранбулагийн Нарангаравуу РД: МЮ96033028
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Нарангаравуу нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 243 тоотод иргэн Ж.Ганчимэгийн гэрт 2017 оны 06 дугаар сар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн Dell маркийн нөтбүүк 1 ширхэг, хар өнгийн LGGFLEX маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Нарангаравуугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 25-нд Билгүүннямын гэрт очсон. Өмнө нь нэг үүргэвч өгсөн байсан түүнийгээ авах гээд өдөр 13 цагийн үед очсон. Тэгээд дуудсан чинь хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь үүднийх нь тэнд байдаг поошкин доороос түлхүүрийг нь аваад орсон. Гарахдаа ширээн дээр байсан нөтбүүк, гар утсыг нь авсан. Дараа нь 09 дүгээр сарын 07-нд гэрт нь орсон . Гэтэл хүн ирсэн. Тэгээд цонхоор гарсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Ганчимэгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ний өглөө 10 цагийн үед миний танил Сүхбаатар ах над руу залгаад хөдөөнөөс мах аваад ирлээ, танайд хүн байгаа юу гэж асуухаар нь манайд хүн байхгүй байгаа та такси аваад хүрээд ир би одоо ажлаасаа гарлаа гэж хэлсэн. Тэгээд 10 гаруй минутын дараа гэртээ яваад очиход манай гэрийн хашаанд Сүхбаатар ах мах авчирсан сууж байсан. Тэгээд бид хоёр гэр лүү орох гэтэл байшингийн гадна хаалга цоожгүй, хаалганы дотор талаас хэн нэгэн нь цоожилсон байсан. Энэ ямар учиртай байдаг билээ манайд хүн ирэх ёсгүй гэж бодож хаалга цонхоо нэлээн удаан тогшсон чинь хаалга тавьж өгөхгүй гэрт хэн нэгэн хүн яваад хөшиг хөдлөөд байх шиг байсан. Тэгэхээр нь Сүхбаатар ах бид хоёр үүдний амбаарын цонхоор хоёулаа оръё гээд цонхны даруулга хадааснуудыг авах гээд оролдож байтал том өрөөний хамгийн цаад талын цонхоор хүн гарах гэж байхаар нь очоод харахад миний охин Билгүүний найз Нарангаравуу гэх эмэгтэй байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирэх хооронд гэрийн арын цонхоор гараад явсан байсан. Dell брэндийн нөтбүүк, LGGFLEX2 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч Г.Билгүүннямын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н.Нарангаравууг 2016 онд нэг удаа гэртээ дуудсан очсон өдрийг нь сайн санахгүй байна. Мөн энэ оны 07 дугаар сарын сүүлээр мөн гэртээ дуудаж очиж байсан. Н.Нарангарав уу манай гэрийн түлхүүр хаана байдаг талаар мэдэхгүй намайг дагаж ирэхдээ харсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч Н.Задгайцагааны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Н.Нарангаравуу нь дуу цөөтэй хүнтэй зөв боловсон харьцдаг архи тамхи хэрэглэдэггүй ер нь хулгай хийгээд байдаг хүүхэд биш ямар учраас хулгай хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Гэрч Ю.Ариунгэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Нарангаравууг 2007 онд 6-р ангид ороход нь би анги даасан багш нь байсан юм. Н.Нарангаравуу нь өөрийн хувийн зохион байгуулалт сайн, олон нийтийн хүмүүжлийн ажилд их сайн оролцож байсан. Харин сурлагын хувьд дундаж сурдаг байсан. Ангийн хамт олондоо нэр хүндтэй сурагч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч Б.Отгонзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Христийн сүмийн сайн дурын удирдагч байхад Н.Нарангаравуу нь ганцаараа ирдэг байсан. Тухайн үед нийлдэг гээд байх хүүхдүүд бага байхгүй Билгүүннямтай, Дөлгөөн гэдэг хоёр охинтой сүм дээр нийлдэг байсан. Өөрөөр ямар нэгэн хүнтэй нийлээд явж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай:
“1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1 гэж дугааралсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Н.Нарангаравуугийн гарын хээний дардастай тохирохгүй байна.
3.Шинжилгээнд тэнцэж байгаа 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Папилон санд байгаа хүмүүсийн гарын мөр, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 39 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 11 дүгээр тал/
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 63, 67 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/
Н.Нарангаравуугийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/
Н.Нарангаравуугийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
Н.Нарангаравуугийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр тал/
Н.Нарангаравуугийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Н.Нарангаравуу нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 243 тоотод иргэн Ж.Ганчимэгийн гэрт 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн Dell маркийн нөтбүүк 1 ширхэг, хар өнгийн LGGFLEX маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 15-21/, гэрч Г.Билгүүннямын /хх-ийн 22-23/ мэдүүлгүүд болон шинжээчийн 59 тоот дүгнэлт /хх-ийн 35-36/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Ганчимэгийн мэдүүлэг нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн чанартай бусад баримтуудаар нотлогдож байна.
Харин Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нарангаравууг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 243 тоотод иргэн Ж.Ганчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн Dell маркийн нөтбүүк 1 ширхэг, хар өнгийн LGGFLEX маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авсан үйлдэл нотлогдон тогтоогдоогүй төдийгүй, тухайн өдөр Ж.Ганчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрсэн боловч эд зүйл аваагүй, түүнчлэн хулгайд алдагдсан зөөврийн компьютер, гар утас зэргийг 06 дугаар сарын 25-ны өдөр хулгайлан авсан нь шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Нарангаравуугийн хохирогч Ж.Ганчимэгийн гэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нарангаравуугийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “..Хулгайлах гэмт хэргийг хүний орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шйидвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нарангаравууд зүйлчилж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д “....хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох,.......эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх ба 2002 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуучин буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Нарангаравууд ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэв.
Хохирогч Ж.Ганчимэгээс нэхэмжилсэн алдагдсан эд зүйлсийг үнэлгээний дагуу 1.100.000 төгрөг шүүгдэгч Н.Нарангаравуугаас гаргуулан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Н.Нарангаравуугийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нарангаравууд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Ж.Ганчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, гар утас хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Нарангаравууг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “....орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлинй 145.2-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Наранбулагийн Нарангаравуугийн эд хөрөнгийн хураахгүйгээр 04 сарын баривчлах ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Монгол овогт Наранбулагийн Нарангаравууд оногдуулсан 04 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Н.Нарангаравуугийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Н.Нарангаравуугаас 1.100.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 243 тоотод оршин суугч Чулуут овогт Жигжидсүрэнгийн Ганчимэгт /МЬ72090700/ олгосугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Ялтан Н.Нарангаравууд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ