Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00033

 

 

         С.Т, С.М, Ж.Х,

        “Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02376 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т, С.М, Ж.Х, “Э Х”ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Т, С.М, Ж Х, “Э Х” ХХК нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/01071 дугаар шүүгчийн захирамжаар “Г к” ХХК, С.Ж, С.М нараас 686 492 355 төгрөг гаргуулж, “Х б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байрлалтай бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй орон сууцнууд 100 000 000 төгрөгөөс 150 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай, Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь 520 000 000 төгрөгөөс 600 000 000 төгрөгийн ханштай, Сонгинохайрхан дүүрэгт байрлах манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байрлалтай адил үл хөдлөх эд хөрөнгүүд нь 320 000 000 төгрөгөөс 400 000 000 төгрөгийн ханштай байна. Мөн Төв аймагт байрлах газар дээр тог татаж, байшингийн суурь цутгаж, худаг гарган, хашаа барьсан зэргийг үнэлгээндээ оруулаагүйгээс зах зээлийн үнэлгээ бодитой тогтоогдсонгүй гэж үзэж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрыг үнэлсэн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар “Гальваник констракшн” ХХК, С.Ж, С.М нараас 686 492 355 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүсгэж, С.М, С.Ж нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг 16290919/01, 16290919/02, 16290919/03, 16290919/04, 16290919/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/61950, 4/16949 тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Гальваник констракшн’’ ХХК, С.М, С.Т нараас үнийн санал ирүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/17808, 4/17807 тоот албан бичгүүдээр С.Ж,Ж Х, “Э Х” ХХК-д үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16290919/04 тоот тогтоолоор хурааж, 65 100 000 төгрөгөөр, орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16290919/05 дугаар тогтоолоор хурааж, 104 100 000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийг 16290919/03 дугаар тогтоолоор хурааж, 72 000 000 төгрөгөөр, ажлын байрыг 16290919/01 дугаар тогтоолоор хурааж, 12 100 000 төгрөгөөр, ажлын байрыг 16290919/01 дүгээр тогтоолоор хурааж, 7 500 000 төгрөгөөр, аялал жуучлалын зориулалттай 5 га газрыг 16290919/02 дугаар тогтоолоор хурааж, 250 000 000 төгрөгөөр жимс, жимсгэнэ тархи зориулалттай 0.8 га газрыг 16290919/02 дугаар тогтоолоор хурааж, 168 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үнэлгээг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, төлбөр авагч “Хас банк” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4/18348, 4/18349 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Э Х”ХХК-ийн эзэмшлийн аялал жуучлалын зориулалттай газрыг 250 000 000 төгрөгөөр, “Э Х” ХХК-ийн эзэмшлийн газрыг 168 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Т, С.М,Ж Х нарын эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т, С.М,Ж Х, “Э Х”ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Х”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдэд шүүхийн журмаар үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Зарим хөрөнгүүдийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас онц байдал зарлаж хөл хорионд хамрагдсаны улмаас шинжээчид үзүүлж чадаагүй мөн үнэлгээний байгууллагын дотоод зохион байгуулалт зэргээс хугацаа алдаж шүүгчийн захирамж биелэгдээгүй. Гэтэл шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмыг алдагдуулан захирамжид заасан эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.Т, С.М,Ж Х, “Э Х” ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/01071 дугаар шүүгчийн захирамжаар “Гальваник констракшн” ХХК, С.Ж, С.М нараас 692 870 055 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө, эмнэлгийн ажилтны сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нийтийн орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууц, орон ажлын байр, чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /1 хэргийн 4-8 дугаар тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2016/01139 дугаар захирамж гарч, мөн өдөр 105 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16290919 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газруудыг битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16290919/01, 16290919/02, 16290919/03, 16290919/04, 16290919/05 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /1 хэргийн 92-113 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн үнийн дүнг төлбөр авагч “Х Б” ХХК-аас хүлээн зөвшөөрөлгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /1 хэргийн 128 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 267 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1 хэргийн 126 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, С.Тын өмчлөлийн орон сууцыг 72 000 000 төгрөгийн үнэтэй, С.Мын өмчлөлийн эмнэлгийн ажилтны зориулалттай сууцыг 65 100 000 төгрөгийн үнэтэй, С.Мын өмчлөлийн эрхийн эмнэлгийн ажилтны зориулалттай сууцыг 146 500 000 төгрөгийн үнэтэй, С.Жы болонЖ Х нарын өмчлөлийн орон сууцыг 104 100 000 төгрөгийн үнэтэй, “Э Х ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг 23 700 000 төгрөгийн үнэтэй, “Э Х” ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг 7 500 000 төгрөгийн үнэтэй, “Э Х” ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг 12 100 000 төгрөгийн үнэтэй, “Э Х” ХХК-ийн эзэмшлийн аялал жуучлалын зориулалттай газрыг 250 000 000 төгрөгийн үнэтэй, “Э Х” ХХК-ийн эзэмшлийн чацаргана, жимс жимсгэнэ тарих зориулалттай газрыг 168 000 000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /1хэргийн 139 - 2хэргийн 73 дугаар тал/

            Түүнчлэн, төлбөр төлөгч “Г К” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, С.Маас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, С.Таас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Б-г оролцуулахаар түүнд гурван жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /1 хэргийн 123-125 дугаар тал/

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/00352 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. / 2 хэргийн 89 дүгээр тал/

            “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох С.Тын өмчлөлийн орон сууц, С.Мын өмчлөлийн эмнэлгийн ажилтны зориулалттай сууц, С.Мын өмчлөлийн эмнэлгийн ажилтны зориулалттай сууц, С.Жы болонЖ Х нарын өмчлөлийн орон сууц, “Э Х” ХХК-ийн өмчлөлийн эрхийн бүхий ажлын байр, “Э Х” ХХК-ийн өмчлөлийн ажлын байр, “Э Х” ХХК-ийн өмчлөлийн ажлын байрыг тус тус зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эдгээр хөрөнгүүдтэй холбоотой хэсгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. /1хэргийн 139- 2хэргийн 73 дугаар тал/

            Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

            Харин “Э Х” ХХК-ийн эзэмшлийн аялал жуучлалын зориулалттай газар, “Э Х” ХХК-ийн эзэмшлийн жимс жимсгэнэ тарих зориулалттай газруудын зах зээлийн үнийг тогтоохдоо тухайн газарт инженерийн шугам байхгүй, хашаа, хамгаалалт, бусад барилга байгууламж байгаа гэж дурдаж өгсөн боловч энэ нь газрын үнэ цэнэд хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнээгүй байх бөгөөд “Эхэн  трейд” ХХК-аас Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Баяндавааны ард замын хойд талд байрлалтай, 5 га амралт, аялал жуучлалын зориулалттай газарт гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлж, 250 ква чадалтай 35/0.4 кв-ын трансформатор бүхий АТП суурилуулж, цахилгааны шугам сүлжээнд холбуулсан, гүний худаг ухуулсан, байшингийн суурийн байгууламж цутгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын төсөв, УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл, 35 кв-ын ЦДАШ, Дэд өртөөний ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, 35 кв-ын ЦДШ, АДС байгуулах ажлын гэрээ, худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, усны химийн шинжилгээний тодорхойлолт, гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул уг газруудад ямар инженер, цахилгааны шугам сүлжээ, хашаа хамгаалалт, гүний худаг, байшингийн суурийн байгууламж, бусад барилга байгууламж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, газрын хамт нэг мөр үнэлэх нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж дээрх газрыг үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдоогүй болно. /2 хэргийн 184-240 дүгээр тал/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          С.ЭНХТӨР