Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/00184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/02070/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Мод бэлтгэлийн аж ахуйн “Баялаг” ХК-ийн оёдлын цехэд оёдолчноор орж ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148-р тушаал бичигдсэн боловч архивд ажилд томилсон, ажлаас халагдсан тушаал байхгүй байсан. 1995 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл нийгмийн даатгал төлөгдсөн бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн ажилласан жилийг сэргээлгэх хүсэлтэй байна.

Мөн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Шарын гол сумын 6 дугаар сургуульд ажилд ороод 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад жирэмсний амралт авсан. Би 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 6-р сургууль өөр сургуультай нэгдэж Ирээдүй цогцолбор сургууль болсон. Энэ хугацааны ажилласан жилийг сэргээлгэх хүсэлтэй байна” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаартай тодорхойлолт, 034111 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 326124 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Ой модны үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ын ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дугаартай “Ажилд томилох ажил хавсруулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ын ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаартай “Түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай “Түр ажилд томилох тухай” тушаалын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.  (хх 2-10 хуудас)

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/04 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт,  Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ын ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаартай “Түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай “Түр ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай “Ажил өөрчилж, ажилд авах тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1996 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай “Багш ажилчдын цалин тогтоолт” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай “Багш нарыг ажлаас халж цогцолборт шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны 03/07 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч К.******* мэдүүлэг авсан болно. (хх 20-31, 39-46, 49 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шарын гол сумын Мод бэлтгэлийн аж ахуй буюу “Баялаг” ХК-д оёдолчноор, 1998 оны 05 дугаар сараас 1999 оны 08 дугаар сар хүртэл Шарын гол сумын 8-н жилийн 6-р сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шарын гол сумын Мод бэлтгэлийн аж ахуй буюу “Баялаг” ХК-д оёдолчноор ажиллаж байсан үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй, 1998 оны 05 дугаар сараас 1999 оны 08 дугаар сар хүртэл Шарын гол сумын 8-н жилийн 6-р сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 034111 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “... Шарын гол “Баялаг” ХК-д оёдолчноор 1993.11.15-1995.12.25...” гэх хуулбар, 326124 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “...1993.11.15-1995.12.31 Шарын гол сумын “Баялаг” ХК-д оёдлын хэсэгт оёдолчноор...” гэх хуулбар, Ой модны үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ын ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дугаартай “Ажилд томилох ажил хавсруулан ажиллуулах тухай” тушаалын “...17-т Б.*******-Үйлчлэгч 10/25-наас...” гэх хуулбар, Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ын ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаартай “Түр ажиллуулах тухай” тушаалын “...1-т Б.*******, Б.*******, Ш.******* нарыг 1994 оны 10-р сарын 01-ээр ажиллуулсугай...” гэх хуулбар, Ой мод үйлдвэрлэлийн “Баялаг” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай “Түр ажилд томилох тухай” тушаалын 1-т “...*******... нарыг 1994 оны 11-р сарын 21-нээс түр томилон ажиллуулсугай...” гэх хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай “Ажил өөрчилж, ажилд авах тухай” тушаалын “...3-т Амьдрах ухааны багшаар ******* овогтой *******ыг...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1996 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай “Багш ажилчдын цалин тогтоолт” тушаалын 40 тоотын хавсралтын 8-т “...Б.*******” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6 дунд сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын 15-т “...Б.*******” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8 жилийн 6-р дунд сургуулийн захирлын 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай “Багш нарыг ажлаас халж цогцолборт шилжүүлэх тухай” тушаалын 18-т “Б.*******-хөдөлмөр” гэх хуулбар, гэрч К. “... Б.******* нь 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Шарын гол сумын 2 дугаар сургуульд хамт ажиллаж байна. Б.******* нь тус сургуульд технологийн багшаар ажилладаг. 1998 оноос 1999 он хүртэл Б.******* нь жирэмсэн болон амаржсаны амралттай байсан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас ажилласан жил нь хасагдсан...” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******ын 1995, 1998, 1999 онуудын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэргээр хүсэлт гаргагч Б.******* нь 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шарын гол сумын Мод бэлтгэлийн аж ахуй буюу “Баялаг” ХК-д оёдолчноор, 1998 оны 05 дугаар сараас 1999 оны 08 дугаар сар хүртэл Шарын гол сумын 8-н жилийн 6-р сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-н 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шарын гол сумын Мод бэлтгэлийн аж ахуй буюу “Баялаг” ХК-д оёдолчноор, 1998 оны 05 дугаар сараас 1999 оны 08 дугаар сар хүртэл Шарын гол хотын 6-р сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН