Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/00185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 307/2025/00012и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,

 “Ажилласан байдал болон цэргийн алба хаасныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ахуй үйлчилгээний удирдах газарт мужаанаар ажилласан. Архивт орсон, гарсан тушаал шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар тушаалаар барилгын хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдан 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр халагдсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. 0119-р ангид 1988 оны халагдсан цэргийн бүртгэл байхгүй байна. Иймд тагнуулын ерөнхий газар тусгай архивын лавлагааг үндэслэн цэргийн албаны хугацааг хааснаар сэргээн тогтоож өгнө үү.

 10-н жилийн 15-р сургуульд багшаар 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ажилд авсан чөлөөлсөн тушаал бүрэн байгаа боловч ажилд авах тухай тушаалын овгийн эхний үсгийг Г гэж бичихийг Д гэж ташаа бичсэн байна. Иймд ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 597 дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08/763 дугаартай лавлагаа, Дархан хотын 10 жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.  (хх 4-10 хуудас)

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17/42 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, Дархан хотын 10  жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 жилийн 15 дугаар дунд сургуулийн захирлын 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас Г.******* 1995, 1996, 1997 онуудын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Ш.*******, Д.******* нараас мэдүүлэг авсан болно. (хх 18-28, 36-51, 54 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт мужаанаар, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуульд багшаар,  ажиллаж байсан байдлыг, мөн 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0119-р ангид цэргийн албан хаасныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал, 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт мужаанаар ажиллаж байсан үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуульд багшаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаалд овог буруу бичсэн, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0119-р ангид цэргийн албан хаасны бүртгэл байхгүй улмаас шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08/763 дугаартай “...******* нь Дархан хотоос НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дугаар тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ...” гэх лавлагаа, Дархан хотын 15 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...зураг шугамын багш Д.*******...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуулийн захирлын 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Шугам зураг, зургийн багш ******* *******” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуулийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалд “...Г.*******...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуулийн захирлын 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай тушаалын 1-р хавсралтад “...Г.*******” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Г.******* 1995, 1996, 1997 онуудын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, гэрч Ш.*******гийн “...Г.******* нь 1994 оноос 1997 он хүртэл зураг, хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад 1997 онд цомхотголоор ажлаасаа гарсан. Г.******* бичиг баримт дээр овгийн зөрчилтэй улмаас тус байгууллагад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.*******ы “...Намайг цэргээс халагдаж ирэхэд Г.******* нь Ахуй үйлчилгээний удирдах газрын мужааны цехэд мужаанаар ажиллаж байсан. 1984, 1985 оны үед Г.******* нь цэрэгт явсан. Цэргээс ирээд буцаж ажилдаа орсон үгүйг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагч нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт мужаанаар, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдал, мөн 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0119-р ангид цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.

6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД: *******)-ийг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт мужаанаар, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар дунд сургуульд багшаар, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0119-р ангид цэргийн албан хаасныг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН