| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00014/Э |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын Прокурор Э.Энхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гд холбогдох 1732000720031 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дарханд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, ах, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Минжийн хангайн 88 *тоотод оршин суух, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №64 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар 05 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчуу овогт Батхүүгийн Г /РД: */
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Г нь 6 удаагийн үйлдлээр:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Баян- Арцатын гудамжны 31 тоотод оршин суух иргэн Б.Мөгийн эзэмшлийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цонхны салхивчаар нэвтрэн орж, унагдаг дугуй 1 ширхэг, эрэгтэй хүний куртка 2 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 хос, хадаас 5 хайрцаг, үүргэвч 1 ширхэг, Samsung брэндийн хөрөгчний трүп /турба/ зэрэг 550.000 төгрөгний эд зүйлийг хулгайлж, Samsung брэндийн хөрөгчний трүпийг /турба/ тасдан авсанаас хөргөгч дахин ашиглах боломжгүй болгож,800000 төгрөгний хор уршиг учруулж, нийт 1.350.000 төгрөгний хохирол учруулсан,
2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ноёдын 72 тоотод оршин суух иргэн А.Зогийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цонхны салхивчаар нэвтрэн орж, эрэгтэй хүний савхин куртка 1 ширхэг, улаан өнгийн пүүз /гутал/ 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхэг, 10 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 221000 төгрөгний хохирол учруулсан,
3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Вагон
Депогийн урд байрлах хаяггүй хашаанд оршин суух иргэн Н.Отын Монгол гэрт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг загварын гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний нүүрний өө дарагч /пүдр/ 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, 1 лан буюу 37 5 грамм мөнгөн эдлэлийн хэлтэрхий, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж. 257.102 төгрөгний хохирол учруулсан.
4.* тоотод оршин суух иргэн Л.Наийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, VEGA загварын гар утас 1 ширхэг, хүүхдийн спинейр нэртэй тоглоом 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 215.500 төгрөгний хохирол учруулсан,
5.* тоотод оршин суух иргэн Н.Хиийн өвлийн байшинд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, куртка 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зүүлт 1 ширхэг зэрэг 88.900 төгрөгний эд зүйл хулгайлж, байшингийн хаалганы цоожуудыг эвдсэний улмаас дахин ашиглах боломжгүй болгож, 11.500 төгрөгний хор уршиг учруулж, нийт 99.400 төгрөгний хохирол учруулсан,
6.* тоотод оршин суух иргэн О.Тугийн өвлийн байшинд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цонхны салхивчаар нэвтрэн орж, Нокиа загварын гар утас 1 ширхэг, бэлэн 600 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 25.600 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би одоо сайн санахгүй байна. 6 удаа хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин хулгай хийхгүй. Надад хорих ял битгий оногдуулаач, би ямарч хугацаагаар хамаагүй ажил хийж энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах болно гэв.
Хохирогч Б.Мө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...тухайн өдөр 15 цагийн үед байшингаа эргэхээр очиход манай байшин доторх юмнууд ундуй, сундуй болчихсон, хамаг юмнуудыг хөглөрүүлээд эмх цэгцгүй болгочихсон байсан. Тэгэхээр нь хулгай орж гэж таамаглаад цагдаагийн хэлтэс рүү мэдээлэл өгсөн юм. Цагдаа нарыг ирж үзлэг хийх үеэр миний өмсдөг цэнхэр өнгийн болон хөр өнгөтэй 2 куртка, гутал, хайрцагтай хадааснууд, манай хүүхдийн цэнхэр өнгөтэй унадаг дугуй, цэнхэр өнгийн үүргэвч гэх мэт зүйлүүд алдагдсаныг мэдсэн юм. Манай байшин доторх гэрлийн унтраалга болон залгуурнуудыг бүгдийг нь тасдаж, утсыг нь шалан дээгүүр хөглөрүүлж, мөн хөргөгчний ар талыг ухаж трүпийг нь тасдаж авсан байсан...Хулгайч манай байшингийн баруун талын вакум цонхны салхивчаар орсон байсан. Манай гэрт 2 ханцуйндаа 2 ширхэг улаан өнгийн канттай, юүдэнтэй хар өнгийн цамц, бас саарал өнгийн 1 хос оймс, мөн 2 ширхэг цэнхэр өнгийн улавч зэрэг олдсон. Эдгээр 3 зүйл бол манайх биш юм . Би хулгайд алдсан зүйлүүдээ бүгдийг нь буцаан хүлээн авсан. Харин хөргөгчийг 2009 онд 950.000 төгрөгөөр худалдан авсан ба дахин ашиглах боломжгүй болтол эвдсэн учир 800.000 төгрөгөөр үнэлж түүнийгээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-26-р тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 29-
р тал/
Хохирогч А.Зогийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 91-94-р тал/
Хохирогч А.Зогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 12-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад орой 20 цагийн орчим ирэхэд унтлагын өрөөнд байсан хувцас хунар эмх замбараагүй болчихсон, гал тогооны өрөөний хөшиг нээлттэй байхаар нь харахад вакум цонхны салхивч завсартай болчихсон байсан. Ингээд юмнуудаа бүртгэж үзэхэд манай нөхрийн савхин куртка, улаан өнгийн пүүз, мөнгөн бөгж 2 ширхэг, Нокиа загварын rap утас зэрэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 110-111-р тал/
Хохирогч А.Зо алдагдсан эд зүйлүүдээ таньж олсон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 102-103, 106-107-р тал/
Гэрч Ш.Мөнын “2017 оны 09 сарын 21-ний өдөр Б.Г явж байхаар нь дуудаад “пүүз авах уу?” гэж асуухад “тэгье” гэхээр нь өөрийнхөө 2 хос пүүзийг өгсөн. Тэгсэн чинь Б.Г надад нэг пүүз байгаа гээд улаан хүрэн өнгийн Реак загварын 1 хос пүүзийн гэрээсээ авч ирээд надад өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 116-р тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 113-р тал/
Хохирогч Н.Отын эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 127-130-р тал/
Хохирогч Н.Отын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт “...2017 оны 09 сарын 12-ны өдөр 07 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ байхад охин 14 цагт утсаар “гэрт хулгай орсон байна” гэхээр нь очиход хаалганы цоожны цүүг хөшиж мулталсан байдалтай, гэрт ороход мөнгөний гахайг хагалж, 20.000 орчим төгрөг байхгүй, эрэгтэй хүний мөнгөн бөгж 3 ширхэг, эхнэрийн шинэ пүдр, төмөр оосортой цаг, Самсунг загварын гар утас, хүзүүний гинжний болон гарын бөгжний тасархай, бугуйвчны тасархай зэрэг мөнгөн эдлэлийн цуглуулга /1 лан мөнгө/ зэрэг эд зүйл алдагдсан. Дээрх эд зүйлээ нэхэмжилнэ...Нэгч төгрөгний хохирол төлөгдөөгүй байгаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 142-145-р тал/
Хохирогч Н.От алдагдсан гэх мөнгөн эдлэлийн хэлтэрхийнүүдийг таньж олсон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 138, 140-ртал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 147, 150-р тал/
Хохирогч Л.Наийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 163-166-р тал/
Хохирогч Л.Наийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт“...2017 оны 09 сарын 30-ны өдөр өглөө байшингийн үүдний амбаараа цоожпоод өдөр 14 цагт ирэхэд цоожны цүү нь газар унасан байсан ба гэртээ ороход бурханы урд байсан 40.000 төгрөг, “Vega” загварын гар утас 1 ширхэг, банкны виза карт 1 ширхэг, хүүхдийн эргүүлдэг тоглоом 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 177-178-р тал/
Хохирогч Л.На алдагдсан эд зүйлээ таньж олсон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 169-171-р тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 186-р тал/
Хохирогч Н.Хиийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 198-200-р тал/
Хохирогч Н.Хиийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...тухайн өдөр 09 цагийн орчим 2 хүүхдээ сургууль, цэцэрлэг хүргэж өгөөд 13 цагийн орим ирэхэд гэрийн хаалганы төмөр цоожийг эвдсэн байсан ба ортол дотор талын хаалганы цоожийг мулт татаад орсон байсан. Гэрлүү ороход энхэр болон миний мөнгөн эдлэлүүд, миний ногоон өнгөтэй хүрэм, шинэ жинсэн өмд алга болсон байсан...Жинсэн өмдийн 33.900 төгрөгөөр, куртка 30.000 төгрөг, мөнгөн бөгж 25.000 төгрөг, хаалганы гадна талын цоож 2500 төгрөг, дотор талын цоож 8000 төрөгөөр худалдаж авсан. Би алдагдсан эд зүйлээ буцаан авсан учир ямар нэгэн юм нэхэмжпэхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 207-208-р тал/
Хохирогч Н.Хи алдагдсан эд зүйлээ таньж олсон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 201-204-р тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 211-р тал/
Хохирогч О.Тугийн эд зүйлийг хулгайлсан хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 223-226-р тал/
Хохирогч О.Тугийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Өглөө цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд буцаад гэртээ ороход гал тогооны өрөөний цонх дотор талдаа уначихсан, давхар цонхыг нь хагалсан байдалтай байсан ба гайхаад зогсож байтал арын өрөөнөөс туранхай 18 орчим насны хар өнгийн цамцтай, бүлтгэр нүдтэй, бор царайтай хүүхэд гарч ирээд “эгчээ уучлаарай, битгий цагдаа дуудаарай, би дахиж орохгүй” гэж хэлээд өмднийхөө халааснаас миний охины Нокио загварын шар өнгөтэй гар утас, 600 төгрөгийг гал тогооны өрөөнд ширээн дээр тавьчихаад гараад явсан...Цонхны салхивчны шилийг өөрт байсан шилнээс шилэлсэн, ээмэг, бөгж хийдэг савыг засварласан тул мөнгө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 235-236-р тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 238-р тал/
Хохирогч О.Ту яллагдагч Б.Ган-Эрдэнийг таньж олсон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 227-228-р тал/
Яллагдагч Б.Ган-Эрдэнийн хэрэг хариуцах чадвартайг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын №1009 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 36-р хуудас/
Яллагдагч Б.Ган-Эрдэнийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123, 159, 195, 220, 247-248-р тал/ болон хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт, Бату өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 75-77-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-85-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар:
Шүүгдэгч Б.Г нь 6 удаагийн үйлдлээр 1. Баян- Арцатын гудамжны 31 тоотод оршин суух иргэн Б.Мөгийн өвлийн байшингийн цонхоор орж, унагдаг дугуй, эрэгтэй хүний куртка 2 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 хос, хадаас 5 хайрцаг, үүргэвч зэргийг хулгайлж 550000 төгрөгийн хохирол, Samsung брэндийн хөрөгчний трүпний зэсийг ашиглахаар хугалан авч /турба/ 800.000 төгрөгний хохирол бүгд 1350000 төгрөгний хохирол учруулсан,
2. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ноёдын 72 тоотод оршин суух иргэн А.Зогийн өвлийн байшингийн салхивчаар нэвтрэн орж, эрэгтэй хүний савхин куртка 1 ширхэг, улаан өнгийн пүүз /гутал/ 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхэг, 10 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 221000 төгрөгний хохирол учруулсан,
3. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Вагон Депогийн урд байрлах хаяггүй хашаанд оршин суух иргэн Н.Отын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг загварын гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний нүүрний өө дарагч /пүдр/ 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, 1 лан буюу 37 5 грамм мөнгөн эдлэлийн хэлтэрхий, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж. 257.102 төгрөгний хохирол учруулсан.
4. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэвсүүлийн 37 тоотод оршин суух иргэн Л.Наийн өвлийн байшинд хаалганы цоожийг эвдэн орж, VEGA загварын гар утас 1 ширхэг, хүүхдийн спинейр нэртэй тоглоом 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 215.500 төгрөгний хохирол учруулсан,
5. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гандангийн 32 тоотод оршин суух иргэн Н.Хиийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, куртка 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зүүлт 1 ширхэг зэрэг 88.900 төгрөгний эд зүйл хулгайлж,хаалганы цоожуудыг эвдсэний улмаас 11.500 төгрөгний хор уршиг учруулж, нийт 99.400 төгрөгний хохирол учруулсан,
6. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гандангийн 30 тоотод оршин суух иргэн О.Тугийн өвлийн байшинд цонхны салхивчаар орж, Нокиа загварын гар утас 1 ширхэг, бэлэн 600 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 25.600 төгрөгний хохирол тус тус учруулжээ. Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд 6 удаагийн үйлдлээр бусдын гэр орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1161602 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Г нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, орон байр халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, улмаар бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгон, бусдын өмчлөх эрхэд халдан, хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн үндэслэлтэй бөгөөд хуулийн энэ зүйл хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг, бусдын орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г нь хувийн байдлын хувьд Оюуны хөнгөн зэргийн хомсдол өвчтэй, уг өвчнөөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар групд байдаг, хэрэг хариуцах чадвартай гэсэн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-36-37/, гэмт хэрэг үйлдээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ дахин гэмт хэрэг үйлдэж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /ХХ-52/, Цагдан хорих тухай шүүгчийн захирамж, 2014 оны 05 дугаар сарын 15-нд тус шүүхээр “бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаах гэмт хэрэгт ял шийтгэгдэн насанд хүрээгүй тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан шийтгэх тогтоол /ХХ- 81-85-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нэг төрлийн гэмт хэргийн шинжид зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба Улсын яллагчаас Б.Гд хулгайлах гэмт хэргийн үйлдэл тус бүрд нь тус, тус 2 жилийн хорих ял, нэмж нэгтгээд хуульд заасан дээд хэмжээнд нийцүүлж бүгд 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Шүүгдэгч нь хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн байна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг удаа дараа /6удаа/ үйлдсэн хүндрүүлэх бүрэлдхүүнийг тодорхойлох боломжгүй, Хууль тогтоогчоос давтан гэмт хэргийг тодорхойлоогүй нь хууль хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан Б.Ган-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Б.Ган-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээ 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь зургаан удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн ч төлбөрийг барагдуулах талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Б.Ган-Эрдэний гэм буруутайд тооцож, бусдад учирсан хохирол болох 800000 төгрөгийг хохирогч Б.Мөд, 81000 төгрөгийг хохирогч А.Зод, 243473 төгрөгийг хохирогч Н.Отт нарт тус тус олгож, Хохирогч Н.Хи 121900 төгрөгний эд зүйлээ буцаан авсан, Л.На гар утас, спинейр тоглоом зэрэг 172000 төгрөгийн эд зүйлээ буцаан авсан үлдэх 43500 төгрөгний хохиролоо нэхэмжлэхгүй гэсэн, О.Ту нь нокиа гар утасны үнэ 25000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд Эрүүгийн 1732000720031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн энгэр хэсэгтээ champions league гэсэн бичигтэй улаан өнгийн канттай хар өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн гутлын улавч 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, улаан өнгийн Жордан нэртэй саравчтай малгай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчуу овогт Батхүүгийн Ган-Эрдэнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Харчуу овогт Батхүүгийн Ган-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс гэм хорын хохиолыг гаргуулж, 800000 төгрөгийг Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцатын 31 тоотод оршин суугч хохирогч Б.Мөд, 81000 төгрөгийг Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын 72 тоотод оршин суугч хохирогч А.Зод, 243473 төгрөгийг Мандал сумын 2 дугаар баг Вагон депогийн задгайд оршин суух хохирогч Н.Отт нарт тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн энгэр хэсэгтээ champions league гэсэн бичигтэй улаан өнгийн канттай хар өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн гутлын улавч 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, улаан өнгийн Жордан нэртэй саравчтай малгай 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ