| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0064/З |
| Дугаар | 111/ШШ2024/0072 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 111/ШШ2024/0072
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган дүгнэлт хүргүүлсэн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтэд тайлбар гаргах нь:
Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч би 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн өдөр ******* нь 1 ширхэг тарвага агнасан зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж ******* дугаартай шийтгэлийн хуудсаар уг холбогдогчид зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 150.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
1. 3өрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтаар торгоогүй өөр зүйл заалтаар торгосон гэх: зөрчлийн тухай хуулийн 7. 6 дугаар зүйлд амьтны тухай хуулийг судлан үзэж уг зөрчилд нийцсэн торгуулийг бид сонгож шийтгэл оногдуулдаг. Энэ дүгнэлтийн дагуу шийтгэл хуудсанд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 7.6 дугаар зүйл.Амьтны тухай хууль зөрчих
1 Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг
1.1.ашигласан;
1.2.барьсан;
1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Заасан бөгөөд хууль бусаар агнасан гэх зөрчилд 2 заалтын аль нь ч тохиромжтой гэж үзэж байна. Мөн хууль бусаар тарвага агнах болон агнахыг хориглосон талаар сайдын тушаалын хугацаа дууссан (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглолоо.), мөн дагаж мөрдөн ажиллах хууль эрх зүйн актаар бүртгэгдээгүй байсан тул 7.6 дугаар зүйлийн 4 заалтаар авах боломжгүй гэж үзсэн.
2. Шийтгэл хуудасны 5 дахь хэсэгт хураан авсан тарвагыг Зооноз судлалын төвд хүлээлгэн өгсөн талаар дурьдаагүй болох нь үнэн болно. Зооноз судлалын төвд хүргүүлж устгал үйлдэгдсэн асуудал нь экологийн цагдаа хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаж дуусгаад хэргийн материалыг харъяаллын дагуу шилжүүлсэн тул дээрх асуудлыг орхигдуулсан байна.
3.Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд харъяалагдаж тамга тэмдэгээ авдаг бөгөөд тус яамны нэр өөрчлөгдөж Байгаль орчин, Уур амьсгалын яам болон өөрчлөгдсөнтэй холбоотой тэмдэг, үнэмлэх солигдохоор 08 дугаар сард бүх байцаагчийн тэмдэг, үнэмлэхийг хураан авсан болно. Улсын байцаагчийн тэмдэггүй шалтгаанаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахаас татгалзах эсэх, хэвийн үргэлжлүүлэх талаар дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авсаны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА