Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00034

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг 

“Улаанбаатар төмөр зам”-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хариуцагч “Энжелик” ХХК-д холбогдуулан гаргасан вагоны зам, талбай ашиглалтын хөлс 194 023 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, Д.Сонин-Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллагын эзэмшлийн Улаанбаатар өртөөний Ногооны зорины салбар замд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Энжелик” ХХК нь тээврийн бичиг баримт буюу падаан үйлдэж 510024 дугаартай 60 тоннын даацтай вагоныг чулуун хавтан, даавуу эрээн бүтээлэг, сангийн холбоос ачиж хаяглан ирүүлсэн болно. Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус вагоныг буулгалтад тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж талууд үйлдсэн бөгөөд дээрх хугацаанаас эхлэн вагоны зам, талбай ашиглалтын хөлс бодогдож эхэлсэн. Түүнлэн “Энжелик” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 53700548 дугаартай тээшийн вагоныг, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500017 дугаартай битүү вагоныг тус тус засварлуулахаар тээврийн бичиг баримт буюу падаан үйлдэн манай Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн эзэмшлийн замд зогсоосон. Гэвч “Энжелик” ХХК нь вагон засварын хөлсөө төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх вагонуудыг манай замаас татаж авахгүй, гарсан зам ашиглалтын төлбөр тооцоог төлөхгүй байгаа болно. Бид төлбөр төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардахад төлнө хэмээн амаар болон бичгээр мэдэгдэж, төлбөр тооцоог нийлсэн акт үйлдсэн боловч дээрх зам ашиглалтын төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан Төмөр замын ачаа тээвэрлэх журмын 23.6.1-т Байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж, тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг. Одоо тухайн тушаалын огноо дугаар нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тоот болсон. Иймд дээрх заалтыг үндэслэн тарифын мөрдлөгөд заасан хэмжээгээр тооцоолоход 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “Энжелик” ХХК-ийн 50017 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 50 900 000 төгрөг, 53700548 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 90 943 000 төгрөг, 510024 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 52 180 000 төгрөг буюу нийт 3 вагоны манай байгууллагад төлөх ёстой зам ашиглалтын төлбөр болон 194 023 000 төгрөгийг “Энжелик” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эдгээр вагонуудыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2858 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 510024 дугаар вагоныг болон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5100017, 53700548 дугаарын 2 ширхэг вагоныг битүүмжилж, захиран зарцуулахыг хориглосон шийдвэртэй байгаа. Ийм учраас бид эдгээр 3 ширхэг вагонуудыг ямарваа нэгэн хөдөлгөөн хийх буюу өөр төлбөр багатай зам болон төлбөргүй төмөр зам дээр тавих боломжгүй болсон гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч “Энжелик” ХХК-аас вагоны зам, талбайн ашиглалтын хөлс 194 023 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 128 065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Энжелик” ХХК-аас 1.128.065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 194 023 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх “Энжелик” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн талбай дээр зогсож буй вагонуудаа бие даан хөдөлгөөн хийх буюу өөр байгууллагын эзэмшлийн зам дээр аваачиж байрлуулах ямар ч боломж бололцоогүй. Учир нь вагоныг нэг жилээс дээш хөдөлгөөн тээвэр хийхгүй зогссон бол тухайн Техник үйлчилгээний газраас хос дугуйнд бүрэн магадалгаа, шаардлагатай засвар үйлчилгээг тухайн вагоны тэргэнцэр дээр хийсний дараа хөдөлгөөнд оролцуулдаг. Улаанбаатар төмөр зам бол удирдлагын босоо тогтолцоотой байгууллагын хувьд дээд шийдвэр гаргах дарга нараас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд шат шатны нэгжүүд ямарваа үйл ажиллагааг бие даан явуулах өөрийн шийдвэрийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. “Энжелик “ХХК-аас 2016 оноос эхлэн 2020 онуудад Улаанбаатар төмөр замд удаа дараа албан бичиг илгээж энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар санал санаачлага гарган ажиллаж байсан ба өөрийн эзэмшлийн вагоноороо тээвэр хийж олсон орлогоосоо график гарган хэсэгчлэн төлөх, эсвэл Улаанбаатар төмөр замд эдгээр вагонуудаа түрээслэх бүр эдгээр вагонуудаа худалдах талаар өөрсдийн илгээсэн санал хүсэлтэндээ тусгаж байсан нь хавтаст хэрэгт хавсрагдсан нэхэмжлэгчид хандсан албан бичгүүдэд тодорхой тусгагдсан. Улаанбаатар төмөр замаас гаргасан хүсэлтийн хариуд тооцоогоо бэлэн тушаасны дараа зохих засвар үйлчилгээ хийх боломжтой хариу өгдөг байсан ба бид удаан хугацааны турш тээвэрлэлт хийгээгүй өөр орлогын эх үүсвэргүй учраас бэлэн төлөх боломжгүй, банк санхүүгийн байгууллагуудад хандаж зээл авья гэхэд эдгээр вагонууд нь банкны зээлийн барьцаанд байсан. Эдгээр вагонууд нь хоногт 120 000 төгрөг, сард 3 600 000 төгрөгийн зам ашиглалтын төлбөр гарч манай компанийг хохироосоор байна. Энэ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3-т заасныг зөрчин манай компанийг хохироож байна. Ийм учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын 194 023 000 төгрегийг хариуцагчаар гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх хуралдаанд дээр тайлбарлан нэхэмжлэгч талтай мэтгэлцэх хүсэлтэй байсан боловч бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой бус шалтгаанаар шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас бид өөрийн эрх ашгаа хамгаалан мэтгэлцэж чадаагүй. Анхан шатны шүүхээс 194 023 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч “Энжелик” ХХК-д холбогдуулан вагоны зам, талбай ашиглалтын хөлс                       194 023 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-3, 49 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага 53700548 дугаартай вагоныг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс, 500017 дугаартай вагоныг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс, 510024 дугаартай вагоныг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн төмөр зам дээр байрлуулсан талаар талууд маргаагүй байх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дээрх 3 вагоныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь вагоны зам, талбай ашиглалтын хөлс төлөхөд саад болохгүй, уг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 50-53 дугаар тал/ Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийг битүүмжилсэнд нэхэмжлэгч тал буруугүй. Хариуцагч талаас тухайн эд хөрөнгөө авахаар хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч зохих зөвшөөрөл, магадалгааг гаргаж өгөөгүйгээс төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, вагоны зам, талбай ашиглалтын үнэ тарифыг гэрээний нэг тал тогтоосон, өөрчлөгдсөн байх боловч талууд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зам талбай ашиглалтын хөлсийн тооцоо хийж, хариуцагч байгууллага 2400024 вагоны зам талбай ашиглалтын хөлс 50 500 000 төгрөг, 500017 вагоны зам талбай ашиглалтын хөлс 35 940 000 төгрөг, 53700548 вагоны зам талбай ашиглалтын хөлс 72 572 000 төгрөг, нийт 159 012 000 төгрөгийн өр үүссэн болохыг хүлээн зөвшөөрч, тооцооны баримтад талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байна. /хэргийн 19, 20 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу шаардах эрхтэй ба төлбөрийн хэмжээг нотолсон гэж үзнэ. 

 

Харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар вагоны зам, талбай ашиглалтын тарифт өөрчлөлт орсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт  заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах учиртай. /хэргийн 23 дугаар тал/ Нэхэмжлэгч байгууллагаас үнэ тарифт өөрчлөлт оруулсан талаар хариуцагчид танилцуулсан, хариуцагч уг тарифыг хүлээн зөвшөөрсөн буюу гэрээний үнийн дүнд өөрчлөлт орсон гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн баримт нь хариуцагч гэрээнд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрсөн агуулгатай бус өөрт үүссэн өр төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн агуулгаар тооцоо нийлсэн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээн дээр маргаж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нотлох үүрэгтэй.  

 

Дээр дурдсан үндэслэлээр тооцоо нийлсэн баримтын хэмжээнд буюу 159 012 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 35 011 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн заалтын “194 023 000 төгрөгийг гаргуулж” гэснийг “159 012 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 011 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, 

2 дах хэсгийн заалтын “1 128 065” гэснийг “953 010” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 128 065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                       С.ЭНХТӨР