| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00003/Э |
| Дугаар | 00004 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Б.Энх
Шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан, Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.А, Б.Ан, Э.Э, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.А, Б.Ан, Э.Э нарт холбогдох 1732000900075 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт * тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Цэцгээгийн А.
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт * тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Энхбатын Э.
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт*тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Батболдын Ан.
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамт *5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Энхбаярын О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ц.А, Э.Э, Б.Ан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖН" үйлчилгээний төвийн гадаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн Б.Энх, Э.Оюу нарт хүч хэрэглэж халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Ц.А, Э.Э нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Б.Энхг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ц.А, Б.Ан нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Э.Оюун-Эрдэнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Э.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагаас 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖН” үйлчилгээний төв дотор иргэн Ц.Атай маргалдан улмаар иргэн Ц.Аын үснээс зулгааж, хүзүү, цээж хэсгийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Гэхдээ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ан мэдүүлэхдээ: ... үйлдсэн хэрэг тодорхой, мөрдөн байцаалтанд өмнө нь мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Хохирогчоосоо албан ёсоор уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Энхтай хамт “ЖН” баарны нийтийн бие засах өрөөнд орсон чинь дотор нь А гэдэг эгч тамхи татаад зогсож байсан ба хажууд нь нэг махлаг эгч зогсож байсан. А эгч Энх бид хоёрыг нийтийн бие засах газарт орж ирэхэд “Эд нарын насан дээр ингэж явдаггүй байсан, нойлоос гарч ирэхээр нь зодчих уу” гэж хамт явж байсан эгчтэй яриад байхаар нь би нийтийн бие засах газар дотроос “тэгээ тэг зод зод” гэж хэлсэн. Ингээд Энх бид хоёр нийтийн бие засах газраас дөнгөж гарч иртэл А эгч түрүүлээд миний гэдэс рүү өшиглөж, үснээс зулгаасан, хуурай дүү Энх намайг Ааас салгаж авах гэсэн боловч А эгчтэй хамт явсан найз хүүхэн нь Энхгийн үснээс зулгаасан. Бид нар хоорондоо үсдэлцээд ЖН-ийн коридорт байж байтал А эгчтэй хамт явж байсан Э, Ан, “ЖН” баарны зохион байгуулагч залуу нар гарч ирээд бид нарыг салгасан. Энэ үед Энх бид хоёрын биед гэмтэл учраагүй харин үс арзайж сэгсийсэн. “ЖН” баарны үүдэнд гараад зогсож байтал А эгч, Ан, Э, Эийн нөхөр Үүрээ гэдэг залуу нар гарч ирээд А эгч "Өө хэрэлдэж зодолдож танилцсан хүмүүс чинь гоё найзууд болдог гэсэн, одоо хэдүүлээ явж архи ууя” гэж хэлэхээр нь үгүй ээ эгчээ гэж хэлсэн чинь А “чи тэгвэл гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчихөөрэй” гэж хэлэхээр нь би... та яасан гэж, тийм бичиг авч байгаад зодох нуу” гэж хэлсэн чинь А эгч “Зүгээр эгчдээ тийм бичиг хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгтэл Ан гэдэг хүүхэн нь миний гарнаас барьчихаад тавихгүй байсан. Харин энэ хооронд миний хуурай дүү Энхг А эгчтэй хамт явсан Э, түүний нөхөр Үүрээ нар түлхэж газарт унагаачихаад Э дээр нь гарч суугаад нүүрийг нь хоёр гараараа маажаад байсан, тэгж байснаа Үүрээ гэдэг залуу Энхгийн баруун талын шанаа руу нь өшиглөөд байсан, тэгж байснаа Үүрээ Энхгийн дээр нь сууж байсан Э эхнэрийгээ хойд талаас нь тэврээд салгасан. Би Ангийн гараас мултраад Энхг босгож авах гэсэн чинь А эгч хажуугаар орж ирээд намайг үсдэж хойш нь татангуутаа Энхгийн нүүрний баруун талын шанаа хэсэгт самардаж маажсан. Ан, Э хоёр нийлээд эхэлж Ан нь намайг цохиж газарт унагаасан тэгтэл Э миний дээр гарч суугаад яг маажих гэж байтал хүмүүс араас нь татаж аваад салгасан. Би босч чадаагүй газарт хэвтэж байхад Ан нь гар, хоёр гуя руу өшиглөж зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14-р хуудас/
Хохирогч Б.Энх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … А гэдэг эгч нэг найз хүүхэнтэйгээ хамт тамхи татаад зогсож байгаад бид хоёрыг харчихаад “бид нар эд нарын насан дээр ингэж яваагүй юм, энэ хоёр охиныг нойлоос гарч ирэхээр нь зодноо гэж хэлсэн чин нөгөө найз хүүхэн нь яах юм бэ хэрэггүй гэж хэлсэн чинь А гэдэг эгч нь яадаг юм бэ, би зодноо гэж хэлээд байсан. Тэгээд О эгч бид хоёр бие засах газраас гараад ирсэн чинь А гэдэг эгч О эгчийн гэдэс рүү нь өшиглөөд үсдээд доош нь дарсан. Би О эгчийг салгаж авах гэсэн чинь А эгчтэй хамт явсан эгч намайг үсдээд авахаар нь би адилхан үсдэлцсэн. А эгч машиндаа суулгах гээд байхаар нь үгүй хамт явахгүй гэж хэлсэн чинь Ан нь О эгчийг барьж авсан. Хажууд зогсож байсан Э намайг үсдэж доош нь дараад унагаасан, тэгтэл Эийн нөхөр Үүрээ гэдэг залуу хажуу талаас орж ирээд миний баруун талын хацар, чих орчимд өшиглөж зодсон. Э миний дээр өвдөглөж сууж байгаад миний нүүрийг зөндөө их маажсан. Тэгтэл Үүрээ нь Эийг хойш нь татаад авсан чинь О эгч гүйж намайг газраас босгох гэж татсан чинь А эгч О аниаг үсдэж холдуулж байгаад миний нүүрийг бас маажиж эхэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19-р хуудас/
Хохирогч Ц.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би тэгэж байж зодуулваа гэсэн чинь нойлын өрөөнөөс гарч ирээд намайг үсдээд миний хүзүү хоолойг маажсан, тэр үед хүмүүс салгасан. Миний хүзүүг маажсан бас толгойны үснээс зулгаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Э.Но мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Э гэдэг хүүхэн гэнэт Энх руу дайрч газарт унагаагаад дээр нь гарч суучихаад нүүрийг нь маажаад байсан. Манай эгч Оюун-Эрдэнийг Демодрол Амараа гэдэг нь үснээс нь зулгаагаад байсан. Ан гэдэг хүүхэн О эгчийг бас зодоод байсан. Бүлэг танхай хүүхнүүд байна лээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-31-р хуудас/,
Гэрч Б.Эр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэгсэн чинь Б.Энх газарт уначихсан түүний дээрээс А эгч зодоод байсан. Ямар ч байсан А эгч Энхгийн дээрээс савчаад цохиод байх шиг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 32- 33-р хуудас/
Гэрч Ц.Ха мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ан гэдэг нь О эгчийн цээж рүү хөлөөрөө жийж унагаасан. ... би О эгчийг татаж босгосон. Тэгтэл Э гэдэг нь Энхтай маргалдаад үснээс нь зулгаахад Энх бас үснээс нь зулгаагаад зууралдаж байгаад Энх газарт унасан, тэгсэн чинь Э түүний дээр гарч суугаад нүүр амыг нь самардаж маажаад цохиод байсан. О эгч бас салгах гээд очсон чинь Ан нь түүний үснээс зулгаагаад түлхэж цохиод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/
Гэрч Т.Отг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Отэй хамт явж байсан эмэгтэй газарт уначихсан, түүний дээрээс хэн нь танигдахгүй эмэгтэй хүн цохиод байгаа харагдсан. Ан гэдэг нь О рүү ална, шудна гээд хашгираад дайраад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р хуудас/
Гэрч Т.Тэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Энх нь газарт уначихсан, Э дээрээс нь түүнийг цохиод самардаад байсан ба ойр хавьд нь байгаа хүмүүс салгаад авч байгаа харагдсан. Тэр үед Ан, О хоёр бас хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/,
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №212 дугаартай шинжээчийн дүгнэлт: …
1. Оюний биед хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зүүн гуянд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/,
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн дүгнэлт: …
1. Энхгийн биед дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн гарын шуу, алганы ар хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, зүүн хацар, зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 42-р хуудас/
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлт: …
1. Аын биед тархи доргилт, хүзүү, баруун чихний ар хэсэгт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 58-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 69 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 91 дүгээр хуудас/, Э.Оюун-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 102 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /ХХ-ийн 104-107 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖН" үйлчилгээний төвийн гадаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн Б.Энх, Э.Оюу нарт хүч хэрэглэж халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Ц.А, Э.Э нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Б.Энхг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ц.А, Б.Ан нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Э.Оюун-Эрдэнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Э.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагаас 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖН” үйлчилгээний төв дотор иргэн Ц.Атай маргалдан улмаар иргэн Ц.Аын үснээс зулгааж, хүзүү, цээж хэсгийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-14-р хуудас/, Хохирогч Б.Энхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-19-р хуудас/, Хохирогч Ц.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р хуудас/, Гэрч Э.Ном мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-31-р хуудас/, Гэрч Б.Эрын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32- 33-р хуудас/, Гэрч Ц.Хангалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/, Гэрч Т.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р хуудас/, Гэрч Т.Тэл гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №212 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 45-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 42-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 58-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан нарыг согтуугаар, бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.А, Э.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.А, Б.Ан нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан нар нь согтуугаар, бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Ц.А, Э.Э нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.А, Б.Ан нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А, Э.Э Б.Ан Э.О нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгээгийн А, Боржигон овогт Энхбатын Э, Боржигон овогт Батболдын Ан нарыг согтуугаар, бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгээгийн А, Боржигон овогт Энхбатын Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгээгийн А, Боржигон овогт Батболдын Ан нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Э.Эийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Б.Анг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.А, Э.Э, Б.Ан, Э.О нарыг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.А, Э.Э, Б.Ан, Э.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А, Э.Э, Б.Ан, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.