Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2024/0073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч *******д холбогдох

 “Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилтийг шалгах тухай” удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн “2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан байна.

3. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

“Баянхонгор аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор би, тус аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бат- Эрдэнэ нь “Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” хүнсний дэлгүүрт татварын акцын зөрчилтэй, ******* нэртэй согтууруулах ундааг худалдан борлуулсан байж болзошгүй...” гэх бүртгэлийн ******* дугаартай зөрчлийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг материалыг Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн удирдамжийн дагуу Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын шалгалтаар татаж хянав.

Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч нь дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан “******* *******” хүнсний дэлгүүрийн эзэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн бүрэн гүйцэт, хүрэлцээтэй цуглуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргаагүй гэж үзэхээр байна.

1.3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн нөхцөлүүдийг бүрэн бүрдсэний эцэст шийтгэл оногдуулахаар заасан байхад, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан “******* *******” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эсэх, хэдэн оноос хойш энэ төрлийн чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг баримт бичгийг материалд хавсаргаагүй.

2.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3. Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Согтууруулах ундааг хураан авах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Согтууруулах ундааг хураан авсан буюу эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж байгаа .. эрх бүхий албан тушаалтан нь улсын итгэмжлэгдсэн лабораториор согтууруулах ундаанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж 48 цагийн дотор хүргүүлнэ”, 3.3 дахь хэсэгт “Улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь...эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тогтоолын дагуу хураагдсан согтууруулах ундааны сав тус бүрээс дээж авч, шинжилгээг тэргүүн ээлжинд хийж өгнө”, 3.4. “Лабораторийн шинжээч, мэргэжилтэн нь 7 хоногийн дотор дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргана, 3.4.1.Эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох, 3.4.2.Техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглаж болох, 3.4.3.Энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан зориулалтаар ашиглах боломжгүй тул холбогдох журмын дагуу устгах” гэж зохицуулсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь “******* *******” хүнсний дэлгүүрээс хураан авсан ******* нэртэй, 750 граммын савлагаатай 48 ширхэг, 500 граммын савлагаатай 60 ширхэг, нийт 108 ширхэг согтууруулах ундааг дээрх журмын дагуу лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй, мөн шинжилгээний дүгнэлтээс шалтгаалан хураан авсан согтууруулах ундааны зориулалтыг өөрчлөн хэрэглэж болох эсэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж устгуулж шийдвэрлүүлэх нөхцөл байдал тодорхой болохоор байхад “Согтууруулах ундааг хураан авах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам”-ын холбогдох заалтыг зөрчиж, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгуулсан байгаа нь иргэний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж өмчлөх эрхэд нь ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй.

З.Засгийн газрын 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 2.1-т “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийнхээ Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлнэ”, 3.5-т заасан “Энэхүү журмын 3.3, 3.4-т заасны дагуу хураагдсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг шилжүүлэх ажлыг хураан авах ажиллагааг хэрэгжүүлсэн эрх бүхий байгууллага хариуцна. Шилжүүлэн авсан байгууллага нь хөрөнгийг бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэн зохих журмын дагуу бүртгүүлнэ. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Зөвлөлийн шийдвэр, бусад холбогдох баримтыг зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргана” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй.

Учир нь эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан 108 ширхэг согтууруулах ундааны зүйлийг нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүсэлт гаргаж шилжүүлэх, зөвлөлөөс гарсан шийдвэрийг зөрчлийн хэргийн материалд тухай бүр хавсаргахаар зохицуулсан байтал эрх бүхий албан тушаалтнаас орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгсөн хүсэлтийг материалд хавсаргаагүй, орон тооны бус зөвлөлөөс хохирол, нөхөн төлбөрийн үнэлгээ гаргуулан, устгах, худалдан борлуулах, улсын орлого болгох талаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй буюу хураан авсан эд зүйлийн шийдвэрлэлтийн талаарх баримтыг зөрчлийн хэрэгт огт хавсаргаагүй зөрчлүүд илэрлээ.

Эрх бүхий албан тушаалтны дээрх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна.

Өөрөөр хэлбэл холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй, зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоон, нотлох баримт цуглуулаагүй, хураан авсан эд зүйлсэд журамд заасны дагуу лабораторийн дүгнэлт гаргуулах, дүгнэлтээс шалтгаалан орон тооны бус зөвлөлд хүсэлт гаргасан эсэх, нутаг дэвсгэрийн орон тооны бус зөвлөлөөс хүсэлтийн дагуу хураагдсан эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байх тул зөрчлийн материалд авагдсан баримтуудаар холбогдогчид шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэв.

Мөн холбогдогч эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийн шийтгэлийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй буюу энэ талаар материалд хавсаргаагүй байна. Хэрэв төлсөн бол буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн *******ийн “******* *******” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй ******* нэртэй согтууруулах ундааг худалдан борлуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, улмаар тухайн өдрөө хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан ******* архи 750 гр савлагаатай 48 ширхэг, ******* архи 500 гр савлагаатай 60 ширхэг, нийт 108 ширхэг согтууруулах ундааг эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж хураан авсан байдаг. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авч, хураагдсан согтууруулах ундааны зүйлийг фото зургаар баримтжуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан. Улмаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор харьяаллын дагуу манай газарт шилжүүлж ирсэн.

Энэ дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* тоот шийтгэлийн хуудсаар иргэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Зөрчил гаргагч иргэн нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Дээрх зөрчлийн хэрэгт хураагдсан согтууруулах ундаанд наагдсан онцгой албан татварын тэмдэгт нь нууцлалын шаардлага хангахгүй, хуурамч байж болзошгүй, Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газрын даргын 58 тоот албан бичгээр эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг хүргүүлсэн, аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан “******* *******” хүнсний дэлгүүрийн эзэн *******ээс цагдаагийн албан хаагч 2024 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр мэдүүлэг авч, хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эсэх, хэдэн оноос хойш энэ төрлийн чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа тухай асууж тодруулсан, энэ нь зөрчлийн хэрэгт хавсаргагдсан байна.

2. ******* нь 2015 оноос хойш Баянхонгор аймгийн Татварын газартай иргэний хувиар татвараа төлж, хувь хүний орлогын албан татварын тайлан ирүүлж, татварын тооцоогоо хийж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

3. Эрх бүхий албан тушаалтны зүгээс хураагдсан нийт 108 ширхэг согтууруулах ундааг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* Богд сумын Цагдаагийн тасгийн ажлын агуулахдаа хадгалж байсан бөгөөд дээж болгож, 8 шил архийг Татварын газарт ирүүлсэн, үлдэгдэл 100 шил архи богд суманд хадгалагдаж байгаа.

Дээрх 8 шил архийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 120 тоот газрын даргын албан бичгээр Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүргүүлж, Орон тооны бус зөвлөлөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр устгасан тухай илтгэх хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Татварын газарт ирүүлсэн байна.

Орон тооны бус зөвлөлөөс устгалын акт шийдвэрийг тус газарт ирүүлээгүй байсан тул зөрчлийн хэрэгт материалыг хавсаргах боломжгүй байсан юм.

Согтууруулах ундааг журамд заасны дагуу лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэх гэсэн боловч тус хэлтэст ямар нэг зардал байхгүйн улмаас шинжилгээ хийгдээгүй бөгөөд тухайн хураагдсан архийг устгах ажлын хэсэгт ТУБ ******* орж, тухайн зураг бичлэгийг баримтжуулж, СЭ хэлбэрээр архивлаж авсан бөгөөд зөрчлийн хэрэгт хавсаргаагүй байсан нь миний алдаа боллоо.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг шалгаж тогтоосон гэж үзэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Прокурорын гаргасан дүгнэлттэй танилцлаа. Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг зөвшөөрч байна. Би цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0065614 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Улсын Ерөнхий Прокурорын газрын баталсан Удирдамжийн дагуу хийсэн шалгалтын хүрээнд Баянхонгор аймгийн хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

  Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

 Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлээ “3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн нөхцөлүүд бүрэн бүрдсэний эцэст шийтгэл оногдуулахаар заасан байхад, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан “******* *******" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эсэх, хэдэн оноос хойш энэ төрлийн чиглэлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг баримт бичгийг материалд хавсаргаагүй. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.” гэж тодорхойлсон.

Хариуцагч  прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ “хэсгийн төлөөлөгч “******* *******" хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй согтууруулах ундааг худалдан борлуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, улмаар тухайн өдрөө хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан согтууруулах ундааг эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж хураан авсан байдаг. Улмаар холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авч, хураагдсан согтууруулах ундааны зүйлийг фото зургаар баримтжуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор харьяаллын дагуу манай газарт шилжүүлж ирсэн. Энэ дагуу шийтгэлийн хуудсаар иргэн *******эд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчил гаргагч иргэн нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.” гэж тайлбарлаж  байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хууль зөрчих талаар тусгасан ба 1.6-д “согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багт байрлах “******* *******" хүнсний дэлгүүрийг татварын акцын зөрчилтэй согтууруулах ундаа худалдан борлуулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хураан авсан согтууруулах ундаанд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан эд зүйлийн зураг зэрэг баримтуудыг бүрдүүлэн удирдах албан тушаалтны тогтоолоор аймгийн Татварын хэлтэст шилжүүлсний дагуу эрх бүхий албан тушаалтан нь иргэн *******ийг 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу болжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчилсан.

Дээрх зохицуулалтаас харахад тухайн илрүүлсэн үйлдэл нь зөрчил мөн эсэх, холбогдогч нь хэн болох, тэрхүү нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст тохирох шийтгэл оногдуулахаар байхад эрх бүхий албан тушаалтан нь “******* *******" хүнсний дэлгүүрийг хувь хүний нэрээр үйл ажиллагаа явуулдаг уу, эсвэл хуулийн этгээдээр улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаар зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг нягталж тогтоогоогүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй  нь хууль бус болжээ.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийг хувь хүн, хуулийн этгээдийн аль нь болохыг нотлон тогтоогоогүйн улмаас холбогдох хуулийн хэрэглээ, тухайн зөрчилд оногдуулах шийтгэл, торгуулийн хэр хэмжээ ялгамжтай зэргийг анхаараагүй байна.

Эрх бүхий албан тушаалтны энэхүү үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнээд, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.СУВДМАА