Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

 

 

 

 

 

   2023        07           03                                           2023/ДШМ/31

 

 

Л.Г-, Ц.Т-,

Б.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч  Ц.Эрдэнэзуу, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, 

Шүүгдэгч Л.Г-, Ц.Т-, Б.Д-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Заяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Батболд, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2239002930318 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нар нь бүлэглэн 2021 оны 9  дүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9  тооны хурга, нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 буюу олон тооны малыг Т.Б-, Ж.Э- нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин  механизм буюу хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2.120.000 төгрөг, Ж.Э-д 570.000 төгрөг, нийт 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь Л.Г-, Ц.Т- нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 буюу олон тооны малыг Т.Б-, Ж.Э- нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүргэнд нийлүүлж, Л.Г-, Ц.Т- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2.120.000 төгрөг, Ж.Э-д 570.000 төгрөг, нийт 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтууд, шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж,

- Шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 жил 6  сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 2 жил 6 сарын, шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт битүүмжлэгдсэн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт шүүгдэгч Ц.Т-т буцаан олгож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54 секунд бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

- Хохирогч Ж.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч Б.Д- нь 56 тооны бог малыг хохирогч Т.Б-, Ж.Э- нарынх гэдгийг мэдсэн, 56 тооны бог малнаас 48 тооны хурга, ишгийг ялгаж авахад байлцсан, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, 8 тооны ишгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Л.Г-, Ц.Т- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 105-106 хуудас/, хохирогч Ж.Э-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 109-111 хуудас/, гэрч Д.С-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 68-70 хуудас/, гэрч Н.Г-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 77-78 хуудас/, гэрч Р.Г-гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 126-127 хуудас/, гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 123-124 хуудас/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 89-93 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 95-97 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахдаа өөрийнх нь болон шүүгдэгч Л.Г-гийн мэдүүлгийг үндэслээгүй юм.

“Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинж нь “хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн” үйлдэл юм.

Шүүгдэгч Б.Д-гийн уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Л.Г-, Ц.Т- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дугаар хуудсанд: Шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм” ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь "машин механизм хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хүрэх, зөөж тээвэрлэх, малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамаатган ойлгодог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн малд ирж нийлсэн малыг ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгосны дараа “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж айлд аваачсаныг “машин механизм” ашигласан гэж үзэхгүй талаар зөв дүгнэлт хийсэн атлаа хууль буруу хэрэглэж 8 тооны ишгэн дээр 56 тооны бог малыг бүлэглэн хулгайлсан гэж нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцсон.

Харин шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нар нь 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, Ж.Э-ын 3 тооны хонь, нийт 56 тооны малыг өөрийн малд нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хуучин будгийг нь арилган дарж, ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгож бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэжээ. Шүүх 56 тооны бог мал Ц.Т-ийн малд нийлсэн гэж үзсэн хэрнээ шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг “олон тооны малыг бүлэглэн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Л.Г-гийн өөрийн эзэмшлийн 62 тооны мал алдсанг огт шалгаагүй, мөн Хэнтий аймгийн хэсгийн төлөөлөгч Р.Г-гийн хамт Ц.Т-ийн гэрт ирж 48 тооны хонь, ямаа, хурга, ишиг дээрэмдэн авч явсан талаар дүгнэлт хийгээгүй, Улсын ерөнхий прокуророос эцэслэн шалга гэсэн чиг өгсөөр байтал шалгаж шийдвэрлээгүй, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу хэрэг буцсанаас хойш хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийн он, сар, өдөр зөрөөтэй, засварласан зэрэг алдаа дутагдалтай үйл баримтаар хүнийг шүүж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хавтас хэргийн 17 дугаар хуудсанд: Хохирогч Т.Б-ын “...Ж.Э- эгч манай малаас өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа ялгаж аваад явсан ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ө-гийн "...манай ээж Ж.Э-ын алдсан малыг хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т-ийнд нийлсэн байсан хурга, ишиг, хонио авах гэхэд хуучин цэнхэр будгийг нь дараад дээрээс нь ногоон будгаар дарж будсан байсан. Ц.Т-, Л.Г- нар нь бидэнд хэлэхдээ “бид айлаас авсан хонь, ямаандаа тэмдэг тавьсан” гээд байсан” гэх мэдүүлэг ,

Мөн Ж.Э- шүүх хуралдаан дээр “Ц.Т-, Л.Г- нар зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан уу” гэхэд “үгүй, Ц.Т-ийнх бүх хурга, ишгээ бүгдийг нь будсан байсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг.

"Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудсанд: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч, хохирогчийн мэдүүлгийн толгой хэсгийг дарж зассан, зарим эрх зүйн баримт бичгүүдийн огноо засвартай зэрэг зөрчлүүд байгаа хэдий ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хассан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж буй талаар мэтгэлцээгүйгээс гадна тухайн нотлох баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 16.2 дугаар зүйл: Нотловол зохих байдал 16.2.1, 1.1, 1.2. 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь зүйлүүд огт тогтоогдоогүй байна. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг тал, яллах талыг барьсан байна. Цагаатгах талын баримт цуглуулаагүй байна гэж мэтгэлцэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байтал энэ талаар мэтгэлцээгүйгээс гадна тухайн нотлох баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

“Шүүгдэгч нар нь малчин хүний хуульд заасан /Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Иргэний хууль/ үүрэг болох “алдуул мал” олсон талаараа цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэлгүйгээр бусдын малын тэмдгийг өөрчлөн өөрийн болгож буй тэдний үйлдлийг “мал хулгайлах” гэм хэрэг гэж үзнэ” гэж хууль буруу тайлбарлаж иргэний үүргээ биелүүлж, захиргааны байгуулагад хэлээгүй нь “мал хулгайлах” гэмт хэрэг гэж үзнэ гэж хуульд байхгүй тайлбар хийж буй нь ойлгомжгүй байна. Эрүү, Иргэний хуульд ийм зүйл заалт огт байхгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр/ Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэжээ.

Энэ хэрэгт Л.Г-, Ц.Т- нар нь бусдын 56 тооны бог малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарна гэж шүүхээс дүгнэсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Л.Г-, Ц.Т-, гэрч, хохирогч нар мал нийлсэн талаар тууштай нэг мэдүүлэг өгдөг. Энэ хэрэгт хохирол, төлбөр байхгүй, хохирогч нар нь бүгд бусдын малд нийлсэн 56 тооны бог малаа бүгдийг тоо ёсоор шилжүүлэн авсан байдаг.

Шүүхээс “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г-гийн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргээс гадна бага насны хүүхэдтэй байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-т мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэснийг эс зөвшөөрч байна.

Иймд Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “гэм буруугуйд тооцох”

1. Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх.

2. “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэгдэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байх тул Л.Г-, Ц.Т- нарыг гэм буруугүйд тооцож, эрх зүйн байдлыг дээрдүүлж ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт “...шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нар нь 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Т.Б-ын 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ын 3 тооны хонь, нийт 56 тооны малыг өөрийн малд нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хуучин будгийг нь арилган дарж, ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгож бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн..." гэж бодит байдалтай зөрүүтэй хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бэлчээрт малаа гаргахдаа мал нь тасарч хүний малд нийлсэн талаар Ж.Э- болон холбогдох гэрчүүд мэдүүлдэг.

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ж.Э- “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Т.Б-тай хурга, ишгээ ялгаж солилцов. Иймд Т.Б-аас 5 төрлийн имтэй 112 хурга, 48 ишиг, нийт 160 толгой мал авсан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бороотой байсан. Энэ үеэр малаа тасарсаныг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө эрт мэдсэн. Ингээд тоолж үзэхэд нийт 66 тооны мал дутуу байсан. Ингээд ойр хавийн айлуудаар явж үзтэл саахалт Ц.Т-ийн малд манай мал байсан. Иймд Т.Б-ыг дагуулж Ц.Т-ийнд очсон. Биднийг очиход Ц.Т-ийнх малыг маань ногоон өнгийн будгаар будсан байсан. “Малаа ялгаж авъя” гэхэд Ц.Т-ийн эхнэр Л.Г- болон түүний ээж Б.Д- нар биднийг хэл амаар доромжилсон. Ингээд цагдаа Р.Г-г дагуулж очсон. Тэгээд 36 тооны ишиг, 9 тооны хурга, 3 тооны хонь зургаар баталгаажуулж, нийт 48 тооны мал авсан...” гэсэн өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан байна.  

Хохирогч Ж.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн "... 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт нь гаргахдаа хонь маань дутуу байгааг мэдсэн. Миний бодлоор өмнөх өдөр нь буюу 9 дүгээр сарын 04-ний өдөр бороотой өдөр байсан болохоор тасраад айлын хонин нийлсэн байх ...ингээд би Ц.Т- гэх айлынд бэр Н.Ө-гийн хамт очиж малаа авах гэхэд Ц.Т-ийн эхнэр Л.Г- нь “манайх худалдаж авсан малаа будсан, хэрэв танайхны мал байвал худалдсан хүнийг нь байлгаж байгаад өгнө” гээд өгөхгүй байхаар нь Т.Б-т “танай хурга, ишиг айлын хонинд байна, ногоон будгаар будсан байна, ирж хараарай” гэж хэлсэн. Ингээд дараа нь Т.Бодбаатар, Н.Ө-, цагдаа Р.Г- нарын хамт очиж малаа ялгаж авсан" гэх мэдүүлэг 1 хавтаст хэргийн 35-36 хуудсанд авагдсан байна.

Ж.Э- 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг нь Ж.Э-ыг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт мөрдөгч Ж.Э-аас “та Ц.Т- гэх айлын хонинд яагаад танай алдсан бог мал очиж нийлсэн, мөн танай малыг яагаад ногоон өнгийн будгаар будаж тэмдэглэсэн талаар асуусан уу” гэж асуухад Ж.Э- “Тэр талаар асуусан, тэгэхэд Л.Г- танихгүй будчихсан байна гэж байсан” гэж /1 хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас/ хариулдаг.

Хохирогч Т.Б- 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  "...Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ж.Э- эгчийнхтэй хурга, ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцож маллаж байсан юм. Гэтэл Ж.Э- эгч 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө “хурга, ишгээ алдчихлаа, хониндоо очоогүй биз” гэж утсаар ярьсан..." гэж /1 хавтаст хэргийн 44-45 хуудас/ мэдүүлсэн байдаг.

Мөн Т.Б- 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн толгой хэсэг нь “хохирогч” гэж байгаа боловч “гэрч” гэсэн гарын үсэг зурсан байдаг. Уг мэдүүлэгт “...Ц.Т-, Л.Г- нараас “танайх яагаад манай ишиг, хурганууд болон Ж.Э-ын хонинуудыг хуучин будган дээрээс нь дараад ногоон будгаар будсан юм бэ” гэхэд “айлаас авсан мал байгаа юм, тэгээд жигдлэх гээд бүгдийг нь будчихсан юм” гэж байсан...” гэсэн /1 хавтаст хэргийн 48-49 хуудас/ мэдүүлгийг өгдөг.

Хохирогч Т.Б- 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “...тэгээд би 2021 оны 10 дугаар сарын дундуур хоолтой болох гээд хонин дундаа ороод харсан чинь ижил буруу имтэй хэд хэдэн хонь, ямаа, ишиг, хурга байсан. Тэгээд Ж.Э-д “манай хонинд танай алга болсон хэд ирээд нийлчихсэн юм биш үү, та өөрөө ирж хараарай” гэсэн. Тэгээд тэр өдрийн маргааш өглөө нь эрт Ж.Э- өөрөө ирээд манай хонийг шүүж үзээд “манай хайгаад олдоогүй хэд мөн байна” гээд хонь, ямаа, ишиг, хурга нийлсэн 10 тооны бог мал ялгаж аваад явсан...” гэсэн /1 хавтаст хэргийн 52-53 хуудас/ мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэрч Б.Г- "...манайх 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн..." гэсэн /2 хавтаст хэргийн 116-117 хуудас/ мэдүүлгийг өгдөг.

Шүүгдэгч Л.Г- өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа боловч түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг судлах нь зүйтэй.

Л.Г- 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр: “манай 4 болон 6 дугаар ангийн 2 хүүхэд маань хонио хариулдаг. ...манайх ам бүл цөөтэй нөхөр маань хадланд яваад зав муутай, ээж бид хоёр гэртээ үлддэг. Манайх өнгөрсөн зун Дадал сумын Т гэх хүнээс 97 толгой хонь худалдаж авсан. Ер нь манайх малтай болох гээд айлуудаас хонь, ямаа ганц нэгээр нь худалдаж авсан. Манайд янз янзын будаг, имтэй хонь, ямаанууд ирсэн байгаа. Манайд улаан, шар, ногоон будагтай хонинууд ирсэн. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө эрт 06 цагийн орчимд манай нөхөр бид хоёр хонь, ямаа, хурга, ишгээ бүгдийг нь жигдрүүлэх гээд ногоон өнгийн будгаар будсан. Би Ж.Э-ын хонь манай хонинд хэзээ ирж нийлсэнг мэдэхгүй байна. Манайх 9 дүгээр сарын 03-ны өдөр хонь, ямаа, ишиг, хургаа будаж тэмдэглэсэн тэгэхэд л манай хонинд ирж нийлсэн байсан юм байна лээ. Тэгээд манай хонь, ямаатай хамт будагдчихсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө эрт 05 цаг 30 минутын орчимд манай нөхөр бид хоёр тугалаа тарьж байхад Ж.Э- гуайн хүүхэд манай гадаа ирээд “манайхаас нилээд хэдэн тооны хонь, ямаа, хурга, ишиг дутаад байна, танайхаар ирж нийлээгүй биз” гэхээр нь би “манай хониор орж хар” гэхэд хальт харчихаад яваад өгсөн. Тэр өдрийн үдээс хойш Ж.Э- гуай ирээд “танай хонинд алга болсон хурга, ишиг, хонь, ямаа маань байна” гээд харчихаад явсан. Тэгээд удалгүй нилээн хэдэн хүнтэй эргэж ирээд манай хониноос хонь, ямаа, ишиг, хурга нийлсэн 48 тооны мал ялгаж аваад явсан” гэсэн мэдүүлгийг өгдөг ба мөрдөгчөөс “та Ж.Э-ын хонь, ямаа, ишиг, хургыг яагаад ногоон будгаар будаж тэмдэглэсэн юм бэ” гэж асуухад Л.Г- “би нээх их анзаараагүй, манайх л юм байх гэж бодоод будчихсан юм” гэж /1 хавтаст хэргийн 56-57 хуудас/ хариулсан байдаг.

Мөн гэрч П.Э- 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр: “2021 оны 7 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад фэйсбүүк зар дээрээс “тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа их хэмжээгээр худалдаж авна” гэсэн зарын дагуу холбогдож 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, нийт 60 толгой бог мал зарсан. ...хургатай хонь 150.000, харин ишигтэй ямаа 130.000 төгрөгөөр худалдаад, нийт 4.200.000 төгрөг болсон. Мөн 2021 оны 8 дугаар сарын 06-07-ны үед би аймгийн төвд 37 тооны заазны хонь, ямаа нийлсэн бог авч явах гэж байсан юм. Тэгээд би Ц.Т- Л.Г- нар бас гайгүй үнэ ханшаар аваад байхаар нь замаараа асууя гээд ирсэн тэгсэн чинь надад аймгийн төвийн ханштай адил үнэ ханш хэлсэн болохоор нь би хонь, хэдэн толгой ямаа өгсөн, хэдэн толгой байсныг сайн санахгүй байна, 3.200.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ингээд нийт манай хотноос хонь, хурга, ямаа, ишиг, нийлсэн 97 толгой бог худалдаж авсан юм. ...эдгээр мал цэнхэр буюу улаан өнгийн будаг тэмдэглэгээтэй байсан....” гэсэн /1 хавтаст хэргийн 64-65 хуудас/ мэдүүлгийг өгсөн байдаг.

2021 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө мал тасарч алга болсон гэх хэргийн үйл баримтыг хохирогч Ж.Э- өөрөө мэдүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө тасарсан мал нь Ц.Т-, Л.Г- нарын хонинд нийлсэн гэдгийг мэдээд ирж үзсэн, дараа нь ирээд ялгаж авъя гэхэд Л.Г-, Б.Д- нар “бид олон тооны мал айлаас худалдаж авсан, хүний өөрийн мал гэдгийг нь ялгахгүй, худалдаж авсан хүмүүсээ байлцуулж байгаад малыг чинь өгье” гэхэд хохирогч нар “өгөхгүй юм байна” гэж ойлгоод цагдаагийн байгууллагад мэдэгдэж Р.Г- гэх цагдаатай ирж 48 тооны мал ялгаж авсан. Л.Г- цагдаа нь хамт ирсэн юм чинь дараа нь учир нь олдох байх, айлын мал юм бол өгчихье гээд малыг нь ялгаад өгчихсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дахин нэг нөхцөл байдал тогтоогддог.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ц.Т-, Л.Г- нар нь мал маллаж малчин болох зорилгоор 2021 оны 5 дугаар сараас хөдөө гарч амьдарсан. Хөдөө гарснаасаа хойш “тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа их хэмжээгээр худалдаж авна” гэсэн зарыг фэйсбүүх дээр тавьсан. Мөн их хэмжээгээр мал худалдаж авсан. Гэрч П.Э-ынхаас гэхэд ижил, буруу зүс, им, тэмдэгтэй, цэнхэр, улаан будагтай хонь, хурга, ямаа, ишиг, хурга нийлсэн нийт 97 тооны тооны бог мал авсан нь тогтоогддог. Мөн гэрч П.Э- фээсбүүк зар дээр “их хэмжээгээр мал авна” гэсэн зар байсан гэж мэдүүлдэг. Гэтэл Л.Г-, Ц.Т- нар нь П.Э-ас гадна өөр ямар хүмүүсээс мал худалдаж авсан талаар тогтоогоогүй. Л.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “заримдаа шөнө оройгүй хүмүүс ирж мал өгдөг, заримдаа бид нар ямар им тэмдэгтэй, ямар зүсмийн мал авч байгаагаа мэддэггүй, ийм учраас бид нар малынхаа им тэмдэг, өнгө зүсийг сайн мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Прокурорын ярьсан шиг хохирогч нарыг удаа дараа ирэхэд нь малыг нь өгөхгүй байсан асуудал байхгүй.

Шүүх Л.Г-, Ц.Т- нарыг Иргэний хуулийн 117 дугаар зүйл, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн сүрэгт нийлсэн алдуул малыг эрх бүхий албан байгууллагад мэдүүлээгүй гэж дүгнэсэн. Л.Г-, Ц.Т- нарт эрх бүхий албан байгууллагад цаг хугацааны хувьд мэдэхдэх боломж бололцоо байгаагүй. Учир нь хохирогч нарын мал 2021 оны 9 дүгээр сарын 04-ний орой Ц.Т-ийн малд нийлсэн, Ж.Э- малаа дутсан талаар 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө мэдсэн, 9 дүгээр сарын 05-ны өглөө Л.Г-, Ц.Т- нар малаа будахад нь нийлсэн байсан нь таарсан, удалгүй цагдаагийн байгууллага ирсэн. Бодит нөхцөл байдал дээр захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэхдэх хугацаа байгаагүй байтал зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Тухайн үед Ц.Т- малыг будсан байдаг. Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “би хөдөө мал дээр гараад жил гаран болж байна, мал маллах талаар сайн мэдэхгүй, айлаас жижиг, том, янз бүрийн им, тэмдэгтэй мал авч байсан, 100 гаруй тооны мал авсан, дээрээс нь Тулга гэх залуугаас, мөн нутгийн хүмүүсээс мал авсан, манайх тухайн үед фээсбүүк дээр “мал авна” гэсэн зар тавьсан, ямар им, тэмдэгтэй, ямар мал ирж байгаа, ямар хурга, ишиг ирж байсныг мэдэхгүй, би өөрөө малын зүс, тэмдэг сайн мэдэхгүй, дөнгөж мал дээр гарч байгаа, хүмүүсээс авсан малаа өөрсдийн им тэмдэгтэй болгох боломжгүй байсан учир будган тэмдэг хийсэн, би хадланд гарсан учир надад малд оролцох зав гараагүй, 2 хүүхэд маань байнга малдаа явж байсан, Л.Г- ядаж хурга, ишгээ будчих, малдаа будган тэмдэг хийчих гэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд малаа будсан, хурга, ишгээ будчихаад дээрээс нь 3 хонь будчихаад байж байтал эднийх хурга, ишгээ алдчихлаа гээд нэхсэн, би хохирогч Ж.Э-, Т.Б- нарын хурга, ишиг ямар им, тэмдэгтэй талаар сайн мэдэхгүй, хүн хүнээс мал цуглуулсан” гэж мэдүүлдэг.

Тухайн үйл баримт 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд болсон. Ц.Т- нь саахалт айлын мал байтугай өөрийнхөө малыг танихгүй, олон айлаас мал худалдаж авсан учраас малаа нэгдсэн тэмдэгтэй болгох зорилгоор бүх малаа ногоон өнгөөр будсан. Тухайн үед Ж.Э-, Т.Б- нарын мал нийлсэн байж байгаад будагдсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн.

С гэх малын эмч 2021 оны 7 дугаар сард Ц.Т-ийнд ирж хурга, ишгэнд нь вакцин хийсэн. Тэгэхэд Ц.Т- хурга, ишиг барь гэхэд нь төлөг, борлон барьж өгөөд байсан. С Ц.Т-ийг мал мэдэхгүй хүн байна гээд хүүхдээр нь бариулж вакцин хийсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Прокурор Л.Г-, Ц.Т- нь нар нь бусдын малыг нууц далд аргаар, хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдлээр аваад байна уу, мал нийлсэн гэдгийг нь мэдэхгүйгээр өөрийн малтай адил өнгөөр будсан уу гэдгийг ялгах хэрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Л.Г-, Ц.Т- нарын үйлдэл нь бусдын малыг өөрийн болгож будаж байгаа юм шиг харагдаж боловч тухайн хүний оюун санаа  нь өөрийн малтай андуурч будаад байна уу, эсхүл бусдын мал гэдгийг мэдсээр байж будаад байна уу гэдгийг анхаарч үзнэ үү. Хохирогч Ж.Э-, Т.Б- нар нь “....манай малыг андуураад будсан байна...” гэж мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Хоёр. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт “...шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нар нь 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Т.Б-ын 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ын 3 тооны хонь, нийт 56 тооны малыг өөрийн малд нийлснийг мэдсэн хэр нь зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хуучин будгийг нь арилган дарж, ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгож “бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн ...шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нар нь бүлэглэн хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө болох малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь шунахайн сэдэлтээр авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн “мал хулгайлах” гэмт хэргийн субъектив шинжийг, тэдний 56 бог малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна" гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн энэ хэсэгт хоорондоо зөрүүтэй, утга авцалдаагүй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь уг дүгнэлтийн эхний хэсэгт “56 тооны малыг өөрийн малд нийлснийг мэдсэн хэр нь” гэж, хоёр дахь хэсэгт “малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь” гэж давхар зүйлчилсэн.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийг эсрэг гэмт хэргүүд болох 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах”, 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх”, 17.3 дугаар зүйлд заасан “залилах”, 17.5 дугаар зүйлд заасан “завших” гэмт хэргүүд нь өмчлөх эрхэд халдаж байгаа боловч үйлдэгдсэн аргаараа ялгагддаг. “Хулгайлах” гэмт хэрэг нууц далд аргаар, “дээрэмдэх” гэмт хэрэг хүч хэрэглэх аргаар, “залилах” гэмт хэрэг хуурч мэхлэх аргаар, “завших” гэмт хэрэг гэдэг тухайн гэмт хэрэг үйлдээд байгаа гэх хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн хүний эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө орж ирдэгээрээ ялгаатай.

Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ хууль зүйн бүхий л боломжоор хамгаалдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг нь идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Эзэмшигч, өмчлөгчийн эзэмшил, ашиглалтаас уг идэвхтэй үйлдлээр авдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “завших” гэмт хэрэг нь “идэвхтэй үйлдэл” хийгээгүй байхад өөрийн эзэмшил, ашиглалтад ирсний дараа зохих байгууллагад мэдэгдээгүй, эсхүл өөрөө эзэмшиж ажиглаж байгаа үйлдлийг ойлгоно.

Уг гэмт хэрэгт Ж.Э-, Т.Б- нарын хотноос, эсхүл хонин сүргээс Л.Г-, Ц.Т- нар малыг нь тууж авсан идэвхтэй үйлдэл байхгүй. Мал бол өөрөө амьд организм. Хэргийн газарт очоод харвал Ж.Э-ынх баруун талд нь, Ж.Т.Б-ынх зүүн талд нь Ц.Т-ийнх энэ хоёр айлын голд нь нутагладаг. Баруун, зүүн талын хоёр айл хурга, ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцоод ижил сүрэгтээ дасаагүй хурга, ишиг тасраад голд нь байгаа айлд нийлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэх үндэслээр шүүх шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг цагаатгах боломжгүй гэж үзвэл тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “завших” гэмт хэрэгт илүү дөхнө.

Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог гэж байна. Гэхдээ энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчээс нь авч байгаа үеийг ойлгоно. Мөн “өөрийн өмчлөлд авснаар төгсөнө” гэж байна. Шүүх, прокурор Л.Г-, Ц.Т- нарын үйлдлийг “мал хулгайлах” гэмт хэрэг гэж үзэж байгаа бол Л.Г-, Ц.Т- нарын мал хохирогч нарын мал нийлснээр уг гэмт хэрэг төгсөх гээд байна. Тэгэхээр Л.Г-, Ц.Т- нарын үйлдлийг “мал хулгайлах” гэмт хэрэг гэж үзэх эсэхийг гэдгийг анхаарч үзнэ үү.

Прокурор “алдуул мал” гэдэг бол хүний ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өмчлөгч, эзэмшигч чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хамааруулан ойлгоно гэж байна. Хэргийн үйл баримтаас харахад 2021 оны 9 дүгээр сарын 04-ний орой мал нийлсэн, 9 дүгээр сарын 05-ны өглөө хохирогч нар ирж хараад цагдаа дагуулж ирээд ялгаж авсан. Гэтэл Л.Г-, Ц.Т- нар хэзээ нь эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэх юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.

Л.Г-, Ц.Т- нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...манайх бүх малаа будсан, 20 минутын бичлэг байгаа...” гэж мэдүүлсэн. Гэтэл уг 20 минутын бичлэг хавтаст хэрэгт байдаггүй. Л.Г-, Ц.Т- нар нь хохирогч нарын малыг дангаар нь будаагүй, бүх малаа будсан, малын будаг нь хатаагүй байгаа талаар гараараа хүрээд харуулж байсан бичлэг байхгүй байна. Уг асуудлаар хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцсан. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй.

Мөн Ц.Т-ийн малын өнгө зүс, нас, хүйс, им, тэмдэг мэддэг талаар тодруулахаар Сугаррагчаагаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна.

Прокурор шүүгдэгч нар нь 8 тооны ишгийг бусдынх гэдгийг мэдсээр байж айлд тавьж байршлыг нь өөрчилсөн, бусдын мал гэдгийг мэдсээр байж ногоон өнгийн будгаар будсан гэдэг нь тогтоогдож байна гэж байна. Гэтэл 8 тооны ишгийг айлд аваачиж тавьсан гэх асуудал дээр анхан шатны шүүх Б.Д-г цагаатгасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн малд ирж нийлсэн малыг ногоон өнгийн будгаар будаж өөрийн болгосны дараа “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж айлд аваачсаныг машин механизм ашигласан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн, эд зүйлийг захиран зарцуулах боломжтой болсны дараа хулгайлсан эд зүйл болох 8 тооны ишгийг тээвэрлэжээ” гэж дүгнэн “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж шийдвэрлэсэн.

Тухайн гэмт хэргийн субьектив шинжийг нотлоод байгаа нотлох баримт гурван хүний мэдүүлгээс өөр байхгүй, прокурор Ж.Э-ын мэдүүлгээр нотлогдож байна гэж ярьдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 11.3.ж заалт, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт  “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно”, 8.2 дугаар зүйлийн 1.14 дэх заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус заасан. Олон улсын гэрээ, конвенц, Монгол улсын Үндсэн хуульд зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний язгуур эрх, язгуур зарчмыг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан заавал чанд сахиж мөрдөх учиртай. Иймд Л.Г-, Ц.Т-, Ж.Э- нарын мэдүүлгийг нотлох баримтыг хэмжээнд үнэлэх боломжгүй. Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсний дагуу нотлох баримтаар тооцохгүй. Өөрөөл хэлбэл шүүгдэгч нарын өөрийнх нь өгсөн мэдүүлгийг өөрийнх эсрэг гэм буруутайд тооцох нотлох баримтаар үнэлээд байна.

Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан байна.

Яллах дүгнэлтийг Д.Чулуунпүрэв прокурор бичсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Баярмаа прокурор оролцсон. Мөн давж заалдах шатны шүүхэд Т.Баярмаа прокурор эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурор оролцоогүй бол томилолтоор прокурор оролцдог. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Гэтэл хавтаст хэрэгт Т.Баярмаа прокурорыг томилсон дээд шатны байгууллага, албан тушаалтны албан бичиг байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор хууль зөрчиж оролцсон.

 

Хоёрдугаар хавтаст хэргийн 205-210 дугаар талд авагдсан яллах дүгнэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 200 дугаартай яллах дүгнэлтэд Ц.Т-, Л.Г- нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг журамлаагүй. Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан. Б.Д-г ганцааранг нь “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа “гэмт хэрэгт хамтран оролцох”, “бүлэглэн гүйцэтгэх” талаар зүйл, заалтыг журамласан. Гэтэл гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж буруутгаж байгаа хүмүүстээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг журамлаагүй. Л.Г-, Ц.Т- нарын үйлдэлд оролцох оролцоо ямар байсан талаар прокурор хуулийн дүгнэлт хийгээгүй. Ийм хууль зөрчсөн яллах дүгнэлтийг анхан шатны шүүх хүлээн авсан, хүлээн аваад Л.Г-, Ц.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ямар зүйл, заалтыг журамлаж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй.

Мөн Ж.Э- Т.Б-ынд хурга, ишгээ тавьсан байж болно, гэвч ямар хэмжээний мал байсан талаар малын “А” дансыг аваагүй. Анхан шатны шүүх “Л.Г-, Ц.Т- нарын мал их хэмжээгээр нэмэгдсэн байхад мэдээгүй, мөн заазны мал худалдаж авсан атлаа тарган хурга, ишиг нэмэгдсэн байхад мэдээгүй будсан гэдэг нь үндэслэлгүй” гэж субьектив /нотлох баримтад тулгуурлаагүй, хувийн дүгнэлт/ дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Т-, Л.Г- нарыг цагаатгаж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй байж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүгдэгч Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгчөөр оролцох хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн.

Прокурор зарим нэг асуудалд тайлбар хэлсэнгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл тайлбар байхгүй гэж ойлгож байна.

Т.Баярмаа гэх прокурор анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй байсан эсэх дээр тайлбар хэлсэнгүй.

Прокурор шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад “бүлэглэж” гээд заасан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн тохиолдолд журамладаг хуулийн заалт байхад гэмт хэрэг бүлэглэн үйлдээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан шүүгдэгч Б.Д-д хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.

Мал нийлсэн талаар прокурор санал нийлж байна. Гэхдээ прокурор мал нийлэх, алдуул мал, мал хулгайлах талаар ойлголтуудыг ялгаж салгахгүй байна. Учир нь прокурор болон анхан шатны шүүхийн дүгнэлтээр бусдын малыг “будаж авсан” гэж үзээд байна. “Будсан” гэдэг нь авсан гэсэн үг биш юм. “Будна” гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн идэвхтэй үйлдлийн шинж биш юм.

“Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийнх нь өмчлөл, эзэмшилээс нь идэвхтэй үйлдлээр очиж авахыг хэлнэ. Мал нь өөрөө очоод нийлчихсэн байхад очоод авсан гэж үзэж яллаад байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа нэг хэлбэр юм. Мал гэдэг чинь амьд организм. Шүүгдэгч нар малыг тууж аваачаагүй, андуураад будчихаар нь хүний малыг өөрийн болгоод авчихлаа гэж үзээд байна.

Хохирогч Ж.Э- 48 тооны малаа ялгаад авчихсан, Т.Б-ын 8, миний 3 тооны хонь дутсан гээд цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Гэтэл хууль хяналтын байгууллага яагаад бусдын 56 тооны малыг хулгайлсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй.

Прокурор шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж байна. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримтаар ашиглахгүй байна. Шүүгдэгч нар “эхлээд Ж.Э-ын хүү нь ирээд малаа сурсан, манай мал дээгүүр хар гэхэд тойрч харж байгаад яваад өгсөн, дараа нь ээж нь ирсэн, бид нар малыг нь өгөхгүй гээгүй, хүнээс олон тооны мал худалдаж авсан малынхаа им зүсийг мэдэхгүй байсан учраас хүмүүсийг нь байлгаж байгаад өгье гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нар ч гэсэн өөрсдийнхөө өмчийг хамгаалах эрхтэй. Гэтэл прокурор “малаа авъя” гэж удаа дараа очиход нь өгөөгүй, будаж өөрийн болгосон гэж яриад байна. Шүүгдэгч нар фээсбүүк дээр зар тавьж мал худалдан авсан, 97 тооны малаас гадна 3, 5, 6, 10-аар нь мал авдаг, худалдаж авсан малаа ижил тэмдэгтэй болгох гээд будсан”  талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Прокурор 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн 48 тооны малыг нь будсан бичлэг байгаа гэж байна. Уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг харахаар 48 тооны малыг хашиж байгаад тоолж хашаанаас нь гаргаж байгаа харагддаг, шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарын 260-аад тооны малтай харьцуулсан бичлэг хавтаст хэрэгт байхгүй байна. Уг бичлэгийг авч байж шүүгдэгч нар нь тухайн үед бүх малаа будсан байсан нь харагдах юм.

Малын будаг хатаагүй байсан талаар цагдаа Р.Г- мэдүүлдэг. Нэгдүгээр хавтаст хэргийн 14 дүгээр талд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг Р.Г- нээсэн байдаг. Хэргийг мөрдөж байгаа мөрдөгч өөрөө гэрч болох боломжтой юу, уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй байна.

Прокурор 56 тооны малыг ганц хүн будах боломжтой юу гэж байна. Прокурор, мөрдөгчид нарт нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхээсээ өмнө хувийн сэдэл төрсөн байна. 56 тооны малыг ганц хүн будах боломжтой юу гэж өөрөөсөө асуугаад боломжгүй гэж хариулаад шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Гэтэл цаг хугацааны хувьд 56 тооны малыг ганцаараа будах боломжтой.

Мөн прокурор Ц.Т-ийг жилийн өмнө мал дээр гарсан, 3 сард мал төллөдгийг мэдэж байгаа юм чинь малын им, зүсийг мэднэ гэж байна. Хийсвэр оюун дүгнэлт хийж малын зүс, имийг мэддэг үзэж болохгүй. Прокурор, мөрдөгч цэвэр нотлох баримт дээр оюун дүгнэлт хийхгүй байгаа учраас энэ хэрэг анхнаасаа буруу мөрдөгдөж явсан юм байна. Тийм ч учраас мөрдөгч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор тогтоохоосоо өмнө 2021 оны 9 дүгээр сарын 08, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг авсан юм байна.

Шүүгдэгч нараас 2021 оны 9 дүгээр сарын 08, 10 дугаар сарын 25, 11 дүгээр сард тус тус мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж гэрчийн мэдүүлэг аваад, дараа нь яллагдагчаар мэдүүлэг авч, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг авч прокурор нотлох баримт болгож уншиж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан эрхийг үгүй болгосон. Учир нь хууль сануулаад мэдүүлэг авчихсан байна. Гэрч, яллагдагчийн мэдүүлэг тусдаа хэдий ч хүний хувьд нэг хүн юм.

Шүүгдэгч Л.Г-, Б.Д- нар өөр газар шөнө оройн цагаар очиж мэдүүлэг өгсөн,  юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй гарын үсэг зурж байсан гэж ярьдаг. Мөн анхан шатны шүүх “энэ хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэггүй байдал уг хэрэгт нөлөөлсөн байна” гэж дүгнэлт хийсэн байдаг.

“Заазны мал“ гэдэг чинь хөгшин мал юм гэж прокурор хэлж байна. Заазны малыг хөгшин мал гэсэн хуулийн тодорхойлолт байхгүй, гэрч Н.Г- “гэрийн найр, хүүхдийн үсний найранд ирсэн мал” гэдэг. Гэрийн найр, үсний найранд өсөх, үржихийг нь бэлэгдээд хурга, ишиг, төлөг, борлон өгч болно.

Хохирогч Ж.Э- анхан шатны шүүх хуралдаанд 10 тооны хонио алдсан гэж ярьж байгаа боловч өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Т.Б-ын мэдүүлэг, наториатын бичгээр 10 хонио буцаагаад авсан үйл баримт тогтоогдож байна.

Прокурор Ц.Т- 2020 онд 90 тооны мал тоолуулсан байна, их хэмжээний мал нэмэгдчихээд байхад мэдэхгүй байна гэж байхгүй гэж байна. 2021 онд Ц.Т-, Л.Г- нар фээсбүүк дээр зар тавьж мал авсан. Прокурор шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг 2014 онд Баян-Адарга суманд очсон гэж байна. Суманд очихоороо мал мэддэг болно гэж байхгүй.

Мөн прокурор шүүгдэгч нар бусад хүмүүсээс мал авсан талаараа мэдүүлээгүй, шүүх хуралдаан дээр л ярьдаг гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг. Эдгээр хүмүүс хууль эрх зүйн мэдлэг байхгүй, гэрч асуулгах талаар ойлголтгүй, мал нийлсэн асуудал гэж ойлгосон, хохирогч нар 48 тооны малаа авсан, 18 тооны мал дутсан гэж хэлсээр байтал мөрдөгч 56 тооны мал авсан гэж хэрэг үүсгэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасныг шүүх цагаатгасан дээр прокурор эсэргүүцэл бичээгүй. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч нар тухайн нийлсэн малыг будсан байж болно. “Мал будсан” гэдэг нь хүний малыг өөрийн мал болгож аваад байгаа үг биш. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэрэг байх боломжтой. Гэхдээ хүсэл зоргийн шинж  нь юу байсан юм бэ, андуураад будсан юм уу, завших сэдэл төрсөн юм уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. “Алдуул мал” айлын малд нийлж байгаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг иргэний эрх зүйн харилцаа. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар алдуул малыг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Гэхдээ уг үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцно гэж хуульчлаагүй. Алдуул малыг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол хууль ёсны шударга эзэмшигч болох эрхээ алдаж байгаа ойлголт юм. Энэ үүргээ биелүүлээгүй нь төлөө гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хориглосон байдаг.

Шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн харьяа цагдаагийн газарт Ж.Э-аас 66 тооны бог мал алдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол, мэдээлийн дагуу бол нотлох баримтыг цуглуулж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Мөрдөгч энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Уг нотлох баримтаар шүүгдэгч Л.Г-,  Ц.Т- нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд өөрийн малд нийлсэн бусдын “олон тооны бог” мал буюу 56 тооны бог малыг Т.Б-, Ж.Э- нарынх гэдгийг мэдсээр байж хуучин цэнхэр өнгийн будгийг өөрсдийн малын ижил өнгө болох ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн. Улмаар үргэлжилсэн үйлдлээр 8 тооны ишгийг “машин механизам” ашиглан Н.Г- гэх айлынд “10 дугаар сар гаргаад авна” гэж хэлээд тавьсан, улмаар 56 тооны бог мал хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д-гийн хувьд уг 56 тооны малыг гэмт хэргийн улмаар олсон мал гэдгийг мэдсээр байж хууль бус эх сурвалжийг нуун дарагдуулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр 8 тооны ишгийг айл заан өгч Н.Г- гэх айлд “хэл ам намжсаны дараа 10 сар гаргаад авна” гэж хэлж Л.Г-, Ц.Т- нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалж тухайн бог малын байршлыг өөрчилсөн үйл баримт тогтоогдсон.

Хохирогч Ж.Э- болон Т.Б- нар Л.Г-, Ц.Т- нарынд удаа дараа очиж малаа авах гэхэд өгөхгүй байсан учир сумын цагдаа болох Р.Г-г дуудаж Ж.Э-, Т.Б- нар нь Л.Г- нарын хотноос 48 тооны бог малыг ялгаж авсан байдаг.

Шүүгдэгч Ц.Т-, Л.Г- нарын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуулчилсан байдаг.

Гэмт хэрэг нь хэлбэрийн, материалаг шинжтэй гэж хоёр тусдаа байдаг. Жишээ татаж ярихад материалаг гэмт хэрэг нь бодит хор уршиг учирсан байхыг шаарддаг.  Өөрөөр хэлбэл бодит хор хохирол, хор уршиг учирсан байвал гэмт хэрэгт тооцно.

 

Харин “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц далд аргаар, хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдлээр, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авсан, захиран зарцуулах боломж нөхцөл үүссэнээр тухайн гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн шинжтэй онцлог гэмт хэрэг юм. “Мал хулгайлах” гэмт хэргийн хувьд малыг туусан, тээвэрлэсэн, нийлсэнээс үл хамааран зүйлчлэлд нөлөөлөхгүй. Тухайн малыг бусдын мал гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөлд авсанаар тухайн гэмт хэрэг төгсдөг онцлогтой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан. “Алдуул мал” гэдэг нь ижил сүргээсээ тасарсан, байнгын бэлчээрлэдэг нутгаасаа өөрөө холдсон, эзэмшигч, өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй малыг ойлгодог. Нөгөөтэйгүүр иргэд дээрх алдуул малыг Иргэний хуулийн 117 зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар тухайн сум, орон нутгийн байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэж “алдуул мал” гэж бүртгүүлсний дараагаар тухайн гэм хэргийг завшин зарцуулах, ашиглах сэдэл төрж ашигласан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 заасан “алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангах юм. Харин дээрх хуульд заасан үүргээ эс биелүүлээд бусдын өмчиллийн мал гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөлдөө авсан, будсан, тэмдэглэсэн ямар нэгэн байдлаар үйлдэл хийснээр  “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Тухайн хэргийг Хэнтий аймгийн Бор-өндөр сумын Сум дундын шүүх 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Т-, Л.Г- нарыг бусдын малыг өмчлөгчийг нь мэдсээр байж будаж тэмдэглэн өөрийн болгосон, хуульд заасан цагдаагийн болон захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн болгосон гэж үзэж “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж тооцдог.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Д- нь тухайн 56 тооны малыг хохирогч Т.Б-, Ж.Э- нарынх гэдгийг мэдсэн, тухайн 48 тооны бог малыг ялгаж авахад байлцсан, улмаар үргэлжлээд 8 тооны ишгийг “10 сар гаргаад авна” гэж хэлээд Н.Г-ийн хонинд нийлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Д-гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн үндсэн эрхээр үгүйсгэгдэж байна гэж дурдсан байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан уг эрх нь зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэр бүл, төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заасан хуулийн зохицуулалт юм. Энэ хуулийн заалт нь “мөнгө угаах” гэмт хэргийн субьектыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан хэсгийг хүчингүй болгож болгож, шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас удаа дараа мэдүүлэг авсан. Шүүгдэгч нар П.Э- гэх хүнээс мал авсан талаараа мэдүүлдэг. Өөр хүмүүсээс бог мал авсан талаар мэдүүлдэггүй. Гэрч П.Э- “2021 оны 7 дугаар сард 60 тооны мал, үүнээс 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, үлдсэн нь бүдүүн хонь, ямаа байсан, мөн дараа нь 2021 оны 8 дугаар сард 37 тооны заазны мал авсан...” гэж мэдүүлдэг. “Заазны мал” гэдгийг хөгшин заазлах мал гэж ойлгож байна. Хэргийн үйл баримт бодит нөхцөл байдалтай тохирсон андуурах, төөрөгдөх зэрэг шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа нөхцөл байдалтай таарахгүй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Г-, Ц.Т- нар нь 200-гаад тооны бог мал байсан гэж яригдсан. Үүн дээр 56 тооны бог мал нийлсэн ба 100 хуваасны 20 орчим хувь нь байсаар байтал мэдэхгүй байх боломжгүй гэж үзэж байна. Эдгээр 56 тооны мал нь 53 нь хурга, ишиг, 3 тооны бүдүүн хонь байсан.

“Мал хулгайлах” гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд тусгаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг зааж өгсөн байдаг.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан бол  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Өөр сонгох ялын санкц байхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч өмнөх тайлбар дээр хууль зүйн үндэслэлтэй няцаалт өгсөнгүй, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж байна. “Адуул мал” гэдэг нь хүний ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өмчлөгч, эзэмшигч чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хамааруулан ойлгодог. Алдуул малыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа нь “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж энэ гэмт хэрэг төгсөнө. Хохирол хор уршиг шаарддаггүйгээрээ онцлогтой.

Шүүгдэгчийн өмгөөлөгч цаг хугацааны хувьд хуулийн байгууллагад алдуул малыг мэдэгдэх боломжгүй байсан гэж байна. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрсдийн хурга, ишгийг будсан” гэж мэдүүлдэг. Энэ үйл баримт 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны хооронд болсон асуудал. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө Ж.Э- мал дутуу байгаа талаар мэдээд ойр орчмоороо хүүхдээ явуулж хайсан, Л.Г-, Ц.Т- нарынхаас асуухад “байхгүй” гэж хэлээд явуулсан, дахиж очиход “мал худалдаж авсан хүмүүсээ байлцуулж байж өгнө” гэж хэлээд малыг нь өгөөгүй, “хүмүүсээ дууд” гэхээр дууддаггүй, тэгээд цагдаагийн албан хаагчийг байлцуулж 48 тооны малыг ногоон будгаар будсан байгааг бичлэгээр баримтжуулж ялгаж авсан байдаг. Эдгээр баримтууд нь хэрэг прокурорт буцсанаас хойших нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримт юм.

2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө Ж.Э-, цагдаагийн албан хаагчийн хамт очиж малаа ялгаж авахад зарим малын будаг нь дөнгөж будсан гэмээр хатаагүй байсан. Энэ нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогддог. Цаг хугацааны хувьд алдуул малын талаар ойр хавийн айлууд болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан.

Хэрэг прокурорт буцсан учир олон тооны хурга, ишиг хүмүүсээс худалдаж авсан бол авсан хүмүүсээ гэрчээр асуулгах боломжтой байсан. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр Л.Г- “хурга, ишиг 5, 6, 10-аар нь авсан” талаар мэдүүлдэг ч худалдаж авсан хүнийхээ талаар тодорхой мэдүүлээгүй. Шүүгдэгч нарын яриад байгаа нөхцөл байдал хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас зөрдөг.

Шүүгдэгч Л.Г-г “мал хулгайлах” гэмт хэрэгт оролцоогүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан байна. 56 тооны бог малыг нэг хүн будах боломжтой эсэх нь эргэлзээтэй. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Л.Г- нь “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-, Ц.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид “бүлэглэж” гээд орсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах нь хууль хэрэглээний хувьд алдаа болох учир журамлах шаардлагагүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч 20 минутын бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 54 секундын 48 тооны малыг ялгаж авч байгаа талаарх бичлэг эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан. 20 минутын бичлэг гэж байхгүй. Мөн Сугаррагчаа гэх малын эмчийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад огт дурдаагүй.

Шүүгдэгч Ц.Т-ийг малын нас, хүйс, өнгө, зүс, им, тэмдгийн талаар мэдэхгүй гэж байна. Гэтэл Ц.Т- нь 2014 онд Баян-Адарга суманд шилжиж ирж амьдарч байгаа, мал дээр гараад жил гаруй хугацаа өнгөрсөн, 3 сард төл малаа авсан талаар мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд Ц.Т-ийг малын нас, хүйс, зүс, им, тэмдгийн талаар огт мэдэхгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүхээс хийсэн Л.Г-, Ц.Т- нарыг бусдын малыг мэдсээр байж им тэмдгийг нь өөрчлөн өөрийн малтай ижилсүүлж ногоон өнгийн будгаар будаж Иргэний хууль болон бусад хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр өмчлөлдөө авч бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Б.Д-гийн хувьд тухайн 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон Т.Б-, Ж.Э- нарын мал гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан, үргэлжилсэн үйлдлээр 8 тооны ишгийг Н.Г-ийн малд нийлүүлсэн үйлдэл нь “мөнгө угаах” гэмт хэргийн улмаас олсон орлогыг нуун дарагдуулсан гэмт хэргийн шинжтэй байх тул шийтгэх тогтоолын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

Шүүгдэгч Л.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ж.Э- гуай надаас ирээд асуухад нь би “манай хонинд танай хурга, ишиг нийлсэн юм бол аваарай” гэж хэлсэн. Ж.Э- гуай “танайх айлаас мал худалдаж авч байгаа юм бол өөрийнхөө малыг тоолж ирнэ” гээд  явсан. Яваад ирэхэд нь манай ээж, нөхөр хоёр “мал худалдаж авсан хүмүүсээ байлцуулж байгаад малыг нь  өгнө” гэж хэлсэн.

Ж.Э- гуай “хонио 2 удаа тоолсон, манайд Т.Б-ын 160 тооны хурга, ишиг манайд байсан, үүнээс 103 хурга, 12 ишиг нь манайд байна, миний хонь, ямаа бүрэн байна” гэж хэлж байсан.

Тэгээд Т.Б- манайхаас 45 хурга, ишиг ялгаж авахдаа “ингээд 160 тооны хурга, ишиг бүрэн боллоо, гомдол байхгүй” гэж хэлсэн.

Харин Ж.Э- гуай бэр болон хүүтэйгээ хашаан дээгүүр давж орж ирээд 3 тооны буюу хар хүзүүтэй хонь, бор нүдэн хонь, хун хонийг “манай хонь байна, яагаад хайчилчихсан юм бэ” гээд авсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хохирогч Т.Б-, Ж.Э- нар өөрсдийнхөө бүх хонь, ямаа, ишиг, хургыг бүрэн авсан талаараа дурдсан байдаг.

Хун хонь бол хоёр талаасаа ганзага имтэй миний өөрийн гараар имнэсэн миний өөрийн хонь юм. Ж.Э- гуай 2 дахь шүүх хуралдаан дээр үнэн байдлаа хэлчхээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдаан дээр Р.Г- цагдаа, Ж.Э- гуай, түүний гэр Н.Ө-, хүү Б.Г- нар мэдүүлэг өгөхдөө хар халзан хоёр хонь байсан гэж мэдүүлдэг. Миний гурван хонины им тэмдэг, зүсийг нь сольж мэдүүлэг өгсөн.

Би цагдаа, прокурор ажлаа сайн хийж чадаагүйд гомдолтой байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:Хохирогч Ж.Э- худал мэдүүлэг өгсөн байна. 2021 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө хонь нь алга болсон гэдэг. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 2 хүүхэд нь ирж манай малд хонио харсан. Манайх малаа хашдаггүй. Гэтэл малд нь байсан манай малыг Л.Г- өгөхгүй гэсэн, Б.Д- муу муухай үгээр дайрч доромжилсон гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би манай хонинд хонио хар гэж хэлсэн, мөн өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн хамт харалцаад өг гэж хэлсэн. Зөвхөн хохирогчийн үгээр хэргийг шийдэж байна.

 Энхням гэдэг цагдаа намайг эмнэлэгт хэвтэж байхад ирээд хамт хэвтэж байсан хүнийг маань өрөөнөөс гаргаад зузаан бичиг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Намайг асуухад танай алга болсон 61 тооны малын баримт дээр зуруулж байгаа юм, танд ямар нэгэн хор уршиг учрахгүй гэж хэлсэн.

Бид 56 тооны малыг нь малдаа тэмдэг хийсэн гээд өгөхгүй байсан юм биш, мөн юм бол малаа аваа, хамгийн гол нь эздийг нь ирүүлмээр байна гэхэд хонио тууж ирчихээд сүйд болсон. Би энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Гэтэл энэ талаар яригдахгүй байна.

Р.Г- цагдааг бичлэгээ сайн хийж байгаарай, ялгаж авч байхад ямар үйлдэл гаргаж байна, Т.Б-ын хүүхдүүд ямар үйлдэл гаргаж байна, Ж.Э- бэртэйгээ ямар үйлдэл гаргаж байна, бэртэйгээ манай хашаанд харайж ороод “энэ манайх, энэ манайх” гээд л чирээд л гаргаад байсан. Дураараа хашаан дээгүүр харайгаад хурга, ишгийг минь чирээд хашаа давуулаад хэдэн тийш нь шидэж байсан. Энэ талаар зураг хаана байна. 48 тооны малаа ялгаж манай тугалын хашаанд хашчихаад Ж.Э- тоолж байгаа бичлэг гарч байсан. Миний хүүхдүүдийг гүтгэж байна.

Намайг “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Би 80 шахчихаад мөнгө угаах уу, би насаараа ийм юм хийж үзээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч охин, хүү хоёрыг минь тасалчихаад ой 2 сартай хүүхдийг нь буйдан дээр шидчихээд эх, эцэг хоёрыг нь аваад явсан. Би гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж цагаатгаж өгнө үү.

Миний хүүхдүүдэд гэмт хэрэгт холбогдож явсан хүүхэд байхгүй, өвгөн бид хоёр үнэнч шударгаар энэ улсдаа их юм бүтээсэн хүмүүс.  Надад үнэхээр хэцүү байна, болдог бол амиа хоролмоор байна” гэв. 

 

Шүүгдэгч Ц.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1246 дугаар албан тоотоор томилогдсон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Батболд, О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтууд, шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 226/ЗТ2022/00032 дугаартай зөвлөгөөний тогтоолоор шүүгдэгч Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2239002930318 дугаартай хэргийг “шүүх бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд харьяалал тогтоон шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүхээс Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатган,

- шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Т-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” хуулийн зорилтыг  хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

6. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх нь  хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд,

- үндэслэл бүхий байх нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан нөхцөлд тус тус хангагддаг учиртай.

 

7. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэдэг.

 

Яллах дүгнэлтэд дурьдсан хэргийн нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалсны эцэст шүүх тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар заасан байвал зохино.

 

8. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчжээ.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”,

- 2.5-т “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгахаар,  

- мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар тус тус хуульчилжээ.

 

10. Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч Л.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...надад тэр 8 ишгийг айлын хонинд аваачиж тавих санаа төрсөн юм. Тэгээд Ж.Э-, Т.Болдоо нарыг эргэж ирээд авчихаж магадгүй гэж бодоод хурдхан айл руу аваачиж тавьсан юм...”, /1 хавтаст хэргийн 60-61 хуудас/,

- шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...тухайн үед манай охин Л.Г- уг 8 тооны ишгийг түр өөр айлд аваачаад тавьчихъя гэсэн юм, тэгэхээр нь Ц.Т- бид тэгье гээд уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьсан...” гэх мэдүүлгүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг шүүгдэгч Б.Д- санаачлаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд Б.Д-гийн охин Л.Г-гийн хулгайн үйлдлийг нуун далдлах үйлдэл нь “мөнгө угаах” гэмт хэргийн зарим шинжийг агуулж байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” гэсэн үндсэн эрхээр үгүйсгэгдэж байна гэж үзээд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

11. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 200 дугаартай яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримт болох гэрч Д.С-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн “Портер” маркийн машинтай манай нутгийн эмээ Б.Д-, жолооч болон өөр нэг охинтой ирээд “8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юм, гишгүүлчихнэ” гээд хэлэхээр нь “хонь хашаатай байгаа, та хурдан аваарай” гэж хэлээд тавиулсан. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан, нийт 8 ишиг байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 68-70 хуудас/,

- гэрч Н.Г-ийн “2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд  ...Б.Д- гэдэг хөгшин хөх өнгийн “Портер” маркийн машинтай манай гадаа ирээд “танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна” гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшний нэрийг бодоод 8 тооны ишиг тавиулсан юм. Тухайн үед Б.Д- гуай хүргэн Ц.Т-, охин Л.Г- нарын хамт явж байсан. ...Б.Д- гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан ...” гэх /1 хавтаст хэргийн 77-78 хуудас/ мэдүүлгүүд зэрэг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

12. Давж заалдах шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

 

13. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ.

 

14.Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

 

15. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэгжүүлэхгүй  байх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 

16. Хууль тогтоогч анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан юм.

 

Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

17. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

 

18. Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

 

19. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулж шүүхийн шийдвэр бичих хуулийн шаардлагыг хангаагүй явдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

20. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгч А.Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

21. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласнаар шүүгдэгч А.Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад учруулахаар байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохоор тогтов.

 

22. Шүүгдэгч А.Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г-, Ц.Т- нарт урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

23. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүхээс А.Л.Г-, Ц.Т- нарт холбогдох хэргийн үйл баримтын тогтоосон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх, Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Л.Г-, Ц.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч А.Л.Г-, Ц.Т-, Б.Д- нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                             Б.ДЭНСМАА