| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00110/Э |
| Дугаар | 00167 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 145.2., 181.2.1, |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогч П.Га, Г.Пү
Гэрч Б.Мө, О.Га, Р.Мөн
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ш.Хү
Шүүгдэгч Б.Г,
Өсвөр насны шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Б.Г, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Х.Ж нарт холбогдох 201718020096 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зүүнхараа политехникийн коллежийн оюутан, ам бүл 3, эмээ, ах нарын хамт * тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Батхүүгийн Г.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт * тоотод оршин суух хаягтай, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Шагдар овогт Хүийн Ж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Г, Х.Ж нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр болох Сансарын гудамжинд иргэн П.Га, Г.Га, Б.Мө нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний 6000 төгрөгийг Г.Пүын 60000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaхy S-2 загварын гар утсыг дээрэмдсэн мөн Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, “Аварга” хотхоны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч, иргэн Н.Гаыг “Б.Амарсанааг дуудлаа гэх” үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Ж нь П.Тэ, насанд хүрээгүй У.На, У.Оч, Г.Да нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны шилжих шөнө * тоотод оршин суух иргэн Ж.Билийн малын хашаанд /фермер/ нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 09-ны орой 23 цаг өнгөрөөд Ж бид хоёр “JN” баарнаас гарахад Пү, Га, Мө гэсэн 3 ахтай таарсан. Тэгээд би Га ахтай маргалдаж байхад Ж хүрч ирээд нэгийг нь цохиод бид хоёр зугтаасан. Уг нь бид хоёр гэрлүүгээ зугтаая гэж бодоод зугтаасан юм тэгсэн би Жөөс илүү согтууруулах ундаа уучихсан байсан болохоор ухаан орж гараад байсан л даа. Тэгээд гудамжны 1-р хөндлөн рүү ороход нөгөө гурван ах араас гүйцэж ирсэн. Уг нь хашаа даваад нуугдъя гэж бодсон боловч хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр тэдэнтэй зодолдсон. Эхлээд Мөтэй Ж ноцолдож байсан Га ах намайг унагаагаад дээрээс хэд хэд цохиж унагаасан тэгэхээр нь би одоо болъё оо ахаа одоо явъя гэж хэлсэн. Тэгсэн Пү, Мө хоёр хажууханд уначихсан байсан. Тэгээд Ж гүйж ирээд Га ахыг аваад явсан. Тэгээд би Пү ахтай ноцолдсон. Би гар утсыг нь авч халаасыг нь ухсанаа санахгүй байна. Би өөрөө хоёр гар утастай явж байсан. Миний куртикны халаас урагдсан байсан учир хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад нэг утсаа олсон гэхдээ ухаан санаа орж гараад байсан. Тэгээд Пү ах намайг халаас ухсан гэж хэлж байгаа бол хүлээн зөвшөөрч байна. Мөн дараагийн хэргийн тухай ярихад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Гантөгс, Дагваа гээд манай хоёр найз намайг ээж чинь өнгөрчихсөн биз дээ гайгүй юу сэтгэл санаагаа зас гээд дуудсан. Тэгээд тэр хоёртой пиво уугаад уг нь гэрлүүгээ харих гээд явж байсан юм тэгсэн замаараа байнга тоглодог байсан аварга хотхоны биллиард руу ороод гаръя гэж бодоод алхаж байгаад Га, Амарсанаа хоёртой таарсан. Га нь цаанаас орилж гарч ирсэн тэгэхээр нь хэрэлдээд зодолдсон. Тэгээд шууд гэрлүүгээ явсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 09-ны орой 23 цагийн үед Г бид хоёр “JN” баарнаас гарч ирсэн. “JN” баарны үүдэнд дэлгүүрийн хажуу талд зогсож байтал Г хэдэн хүмүүстэй маргалдаад байж байх шиг харагдсан. Тэгээд гүйж очсон чинь Га, Пү ах нартай маргалдаад зогсож байхаар нь би нэг өндрийг нь цохиж аваад Гийг аваад зугтаасан. Тэгээд зугтаахад байрлал нь тэгж таарсан юм. Гийг би чирээд зугтаасан, учир нь нэлээд архи уучихсан байсан, мөн гутал нь халтираад амьсгаадаад ердөөсөө явахгүй байсан. “Эргэн дурсахуй” баарны хажуу талаар эргээд гэрэлтэй гудамжаар ороод явчихъя гэсэн чинь Г халтирч савж унаад хойноос нь нөгөө хэд орилоод бид хоёрыг ална гэхээр нь бид хоёр далимд нь жаахан амарч зогссон. Уг нь харанхуй гудамж руу ороод алга болчихъё гэж бодсон л доо. Тэгээд Г явж чадахгүй болоод сүүлдээ баригдаад, зодолдоё гээд зодолдсон. Эхлээд Мө ах надтай дээр доороо орж ноцолдож байгаад би нэг цохисон чинь ухаан алдаад уначихсан. Тэгээд би босч ирээд Гийг харсан чинь Гатай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Га ах дээр очиж Гийг салгаж авсан. Тэгээд Г, Пү ахтай зодолдсон. Гийг түүний утсыг авч байхыг би анзаарч хараагүй. Би Га ахтай цуг байсан. Би 6000 төгрөгийг Г гээд найзыгаа таксигаар авч явах гээд мөнгө байна уу гэхэд Га ах хойд талын халааснаасаа гаргаж өгсөн. Тэгээд би 6000 төгрөгийг нь аваад Гийг аваад явсан. Га ах цаашаа явсан юм. Тэгсэн бид хоёрыг такси барих гээд “Формула” засварын газрын хажууд байж байхад араас цагдаагийн машин ирж барьж авч явсан. Тэгээд цагдаагийн газар очоод би авсан 6000 төгрөгөө гаргаж өгсөн. Тэгсэн Гийн халааснаас утас гарч ирсэн яаж авсанг нь би мэдээгүй. Хулгайн хэргийн талаар ярихад 2017 оны 04 дүгээр сард гэртээ интернэтээр “фэйсбүүк” ороод хэвтэж байтал манай найзууд мотоцикльтой над дээр ирж байна гэхээр нь би өөдөөс нь гараад очсон. Тэр үед би хулгай хийнэ гэж мэдээгүй намайг цуг гадуур гарч мотоцикльтой явъя одоо Тэ, Очироо 2 дахиад мотоцикльтой ирж байгаа гэхээр нь суугаад явсан. Тэгсэн сүүлд нь Хэрх тосгоны тэнд очоод бид нар гүүрэн дор хэсэг суусан. Тэгсэн тахианы хэрэг гараад байна гэж Тэ нь 253 дугаар точекоос ирсэн юм байна лээ. Тэгээд бид нарыг мөнгө хэрэгтэй байгаа биздээ авах хүн нь манай ах байгаа юм эндээс 20 ширхэг тахиа авах хэрэгтэй байна гэхээр нь за тэгье тэгье гээд авсан. Тэр тахиа авсан айлыг нь Очироо “би танина” гээд тэр айлаас орж авсан юм. Бил гээд хэрх тосгоны айл байсан. Тэгэхэд тавуулаа явсан гэв.
Хохирогч П.Га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 09-ны орой 23 цаг өнгөрч байхад “JN” баарлуу Мө, Пү бид 3 орсон. Тэнд 30 минут орж суугаад гараад баарны урд цагаан машинд суугаад юм яриад байж байтал замын эсрэг талд Мөийг 2 залуу цохиод унагачихсан байсан. Тэгээд араас нь гүйсэн чинь айгаагүй юм бол хүрээд ир гээд “эргэн дурсахуй” баарны гудамжны урд доголруу эргээд манай Пү, Мө 2 түрүүлж гүйгээд Г, Ж нар дээр очоод цохиулаад л унаад байсан. Тэгээд би гудамжны доголруу эргээд Гийг барьж авч унагаагаад 2,3 цохисон чинь ахаа уучлаарай болъё гэхээр нь би түүнийг тавьсан. Тавихын хоорондгүй Ж нь хүрч ирээд нүүр лүү өшиглөсөн. Тэгээд хэсэг манарч байж байгаад би Мө дээр очсон чинь амьсгалж байгаа нь ч мэдэгдэхгүй газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би та нар чинь хүн алчихаж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж нь надаас мөнгө байна уу гэхээр нь би халаасандаа байсан мөнгөө өгсөн. Харанхуйд энэ хоёрын зүсийг танихгүй байсан. Би аль нэг найзыгаа үхчихлээ гэж бодоод би цаашаа зугтаагаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаатай буцаад гудамжруугаа орсон чинь манай хоёр найз босчихсон зогсож байсан. Тэгээд энэ хоёрыг “формула” засварын хажуугаас олоод цуг цагдаагийн хэлтэс орсон гэв.
Хохирогч Г.Пү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Га, Мө бид гурав “JN” баар луу орсон. Тэнд орохдоо архи уучихаад орсон болохоор согтолт бол их байсан тэгээд баарнд архи ууж бүжиглэсэн. Бааранд бидний дунд маргаан болоогүй. Харин баарнаас гарч ирээд Гаын ярьснаар Мө цохиулчихсан, Га замын эсрэг талд байсан. Угаасаа Монголчууд чинь уухаараа нэг нэгэндээ дийлдэхгүй гэж боддог хүмүүс шүү дээ тэгээд энэ хоёр дүүг зугтаахаар нь араас нь бид нар хөөгөөд гүйсэн. Энэ хоёр гэхдээ зугтаасан байж болно гэхдээ хамгийн гол нь наашаа хүрээд ир зодолдъё гээд байхаар нь уучихсан байсан хүмүүс чинь ялагдахгүйн тулд араас нь гүйж очоод гудамж эргээд л зодоон болсон л доо. Тэгээд би ч нэг цохиулаад унасан. Гийг ганц, хоёр удаа цохисон байх. Би баруун хөлийн шагайгаараа сонин болчихсон тул би босч чадахгүй байсан учраас тэндээ хэвтчихсэн. Мө бас цаана уначихсан байсан. Тэгээд Га цаана байхад Ж, Г хоёрын яриаг сонссон л доо. Ж нь Гтөө “наадахаа нэгжээд бай” гэж хэлээд өөрөө нэгжээгүй. Г нь бол миний халаасыг нэгжээд миний гар утас авсан. Би хоёр гар утастай явж байсан. Миний Самсунг S2 маркийн гар утас авсанг нь санаж байгаа надад босох ямар ч тэнхэл байхгүй болчихсон байсан учраас хэвтээд л байсан. Тэгээд Га цагдаа авч ирээд босгож авч явсан тийм зүйл болсон гэв.
Иргэний хариуцагч Г.Хү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ж бол манай том хүү байгаа юм. Ийм хэрэгт холбогдсонд маш харамсаж байна. Одоо өөрөө ойлгож ухамсарлаж дахиж хэрэгт орохгүй гэж тангараг өгсөн. Мөрдөнд 02 сар суусан өөрөө бас бие сэтгэлээрээ ойлгосон байх. Хохиролын хувьд 520000 төгрөгний хохирол төлсөн. Цаашид гэмт хэрэгт холбогдуулахгүй хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж анхаарал халамжаа илүү сайжруулна гэж бодож байна гэв.
Гэрч О.Га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хамтарсан багийн дүгнэлт гаргаж өгсөн байгаа. Энэ дүгнэлтээр Б.Г нь суурь хүмүүжил сайтай. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийснээр эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Гэр бүлийн хараа халамж муутай учраас гэмт хэрэгт холбогдох гол шалтгаан нь болсон гэж үзэж байгаа. Ер нь бол хүүхэдтэй уулзаж сэтгэл зүйчтэй холбон зуучилсаны үндсэн дээр хүүхэд бусдын үгийг даах, бусадтай ярилцах, бие даах чадвартай гэж үзэж байгаа гэв.
Гэрч Р.Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Б.Гийн ангийн багшаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Гийн хувьд манай сургуулийн техникийн үндсэн ангийн оюутан гэж явж байгаа. Үүнээс өмнө 2,5 жилийн ангид суралцаж байсан. Б.Гийн хувьд ерөнхий зан төлөвийн хувьд тогтуун, бусадтай нийтэч харилцаатай, багаар ажиллах чадвартай нийгэм олон нийтийн ажилд идэвхитэй сайн оролцдог оюутнуудын маань нэг. Жишээлбэл 2014-2015 оны хичээлийн жилд сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан. Зан байдлын хувьд өөртөө итгэлтэй бусдад уруу татагдаад байхааргүй, өөрөө шийдвэр гаргах түвшиний оюутан гэж анги удирдсан багшийн зүгээс дүгнэж байгаа. Ар гэрийн хувьд өнгөрсөн жил ээж нь нас барсан. Ер нь бол эмээтэйгээ цуг амьдардаг. Одоо өвөө буюу эмээгийнхээ хамт амьдарч байгаа. Ар гэрийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал халамжийн хувьд дунд зэрэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эхээс бол ганцаараа төрсөн ах, эгч гэж араас нь явах хүн байхгүй. Төрөл садных нь хүмүүс л утсаар холбогдож тухайн хүүхдийн ерөнхий сурлагын түвшиний талаар мэдээлэл авдаг гэв.
Хохирогч П.Га мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …. “JN” баарны харалдаа замын эсрэгт талд Г.Пү нь Х.Ж, Б.Г нартай маргалдаад Б.Мө хажууд нь газар хэвтэж байсан ба би гүйгээд очиход тэр хоёр цаашаа зугатаад "Эргэн дурсахуй” баарны чиглэлд гүйгээд “айгаагүй юм бол хүрээд ир” гээд орилоод цаашаа гүйхээр нь бид гурав цуг араас нь хөөж гүйгээд Сансарын гудамжны баруун талын эхний хөндлөнд Б.Мө өндөр залуутай нь /Жтэй/ барилцаад би намхан залууг нь /Б.Г/ би барьж аваад газар унагаад дээрээс нь нуруу руу нь гараараа 3 удаа цохьсон. Намайг босоод эргээд хартал Б.Мө, Г.Пү нар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед нөгөө хоёр залуу намайг барьж аваад унагаад өндөр залуу нь нүүр лүү өшиглөөд нийлээд намайг өшиглөөд байх шиг байсан. Тэгсэнээ өндөр залуу нь намхан залуудаа “нөгөө хоёр дээр очоод кармайг нь нэгжээтэх” гэж хэлээд намайг “мөнгө, төгрөг байна уу, утас байна уу, очоод найзынхаа кармайг нэгж” гэхээр нь би Б.Мө дээр очсон чинь ухаан алдсан байдалтай газар хэвтээд босохгүй байсан. Тэгсэн чинь өндөр залуу нь “хөөе пизда минь найзынхаа кармайг нэгжээд утас, мөнгөө гаргаад өг” гээд зандрангуй байдалтай орилоод байхаар нь би өөрийнхөө халаасанд байсан 6000 төгрөгөө гаргаж өгсөн. Тухайн үед намайг дээрэмдэж байна гэж ойлгосон. Энэ үед миний гар утас дуугарахаар нь би босоод Сансарын гудамж руу хөндлөнгөөс гарах гээд зугатсан чинь өндөр залуу нь миний араас хөөж намайг хөндлөнгөөс гарч амжаагүй байхад барьж аваад газар унагаад нүүр амгүй өшиглөөд байсан. Тэгээд арай гэж зугатаад хөндлөнгөөс гараад цагдаа руу утсаар дуудлага өгсөн. Миний кармайг ухаж эд зүйл авах гэж оролдоогүй, үг хэлээрээ л мөнгө гаргаж өгөхийг шаардаж зандраад байсан. Миний биед зүүн нүдний ухархайн хана 1,8 см хэсэгт хугарсан, мөн хамрын яс хугарсан, баруун чихний хэнгэрэг цууралт өгсөн. Эмчилгээний зардал 526740 төгрөгний зардал гарсаныг Х.Жийн аав төлсөн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-39-р хуудас/
Хохирогч Г.Пү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …. Намайг газар унасан байхад миний өмдний ар талын халаасанд Нокиа загварын гар утас 1 ширхэг, Самсунг Галакси эс-2 загварын гар утас 1 ширхэг байсан ба тэгсэн нэг нь миний халаасыг нэгжээд Самсунг Галакси эс-2 загварын гар утсыг авсан. Дараа нь цагдаа дээр очиход Б.Гийн халааснаас гарч ирсэнийг надад хүлээлгэж өгсөн. Миний халаасыг ухаж байхыг би мэдсэн боловч босвол дахиж зодож магадгүй гэж бодоод босоогүй юм. Тухайн үед намайг дээрэмдэж байна гэж би бодсон ба хэрэв би болиулах гэж оролдсон бол намайг зодох байсан тэгээд л би босоогүй юм. Хамгийн эхлээд Б.Мөийн халаасыг нэгжээд дараа нь минийхийг нэгжсэн, мөн П.Гааас “мөнгө, гар утас байна уу” гээд нэхээд байсан ба дараа нь сонсоход П.Га халаасанд байсан 6000 төгрөгөө өгчихөөд зугтаасан гэж байсан. Тэр хоёр залуу анхнаасаа бид нарыг өдөөд “алив нааш ир, ийшээ орчихьё, чаддаг юм бол хүрээд ир” гээд харанхуй гудамж руу орсон. П.Га, Б.Мө бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зориуд харанхуй газар дуудаж байгаад зодож эд зүйлийг минь дээрэмдсэн юм болов уу гэж би тухайн үед бодож байсан. Гар утсаа тухайн үед эвдрэл гэмтэлгүй буцааж авсан. Намайг гудамж руу ороход Б.Г нь нүүр лүү угтуулж цохиод унагаасан. Тухайн үед нүд хөхөрч хавдсан байсан, тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, одоо зүгээр болсон. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 46, 51-52-р хуудас/
Гэрч Б.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …. Г.Пү бид хоёр тамхи татаад зогсож байхад хоёр залуу ирсэнээ өндөр нь намайг мөрөлсөн ба би яаж байгаа юм гэхэд үгийн зөрөөгүй нүүр лүү цохисон. Намайг цохиулаад газар унахад тэр залуу бид нарын өөдөөс “чаддаг юм бол хурээд ир” гээд захын харалдаа гудамж руу гүйсэн. Тухайн үед би салхинд цохиулаад нэлээн согтсон байсан тул зарим явдлын санаад заримыг нь санахгүй байсан. Ямар ч байсан өдөж уриалан дуудсан байдалтай ирээд ойртонгуут цаашаа зугатаад байсан ба нэг мэдэхэд Сансарын гудамжны хөндлөнд газар хэвтэж байсан. Миний хажууд Г.Пү бас газар хэвтэж байсан. Энэ үед миний өмсөж явсан өмдний халаасыг нэг нь тэмтэрээд өмдний гаднаас кармайг дарж үзэж байгаад тэр хоёр залуу хоорондоо “юм байхгүй байна гэсэн үү, авсан гэсэн үү” нэг тиймэрхүү юм яриад цаашаа зугатаад явсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/
Гэрч С.Төртулах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 02 сарын 09-ны өдрийн 18-01 цагийн хооронд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой 23 цаг 55 минутад дуудлагын дагуу Сансарын гудамжны эхний хөндлөн хэсэгт очиход гурван залуу, хоёр нь газар хэвтсэн 1 нь сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “хоёр залууд зодуулчихлаа, нүүр нүдгүй зодоод гар утас авчихлаа” хэлж байсан. Тэгэхээр нь хайгаад “Формула” авто засварын тэнд явж байтал Нарангийн гудамжнаас хоёр залуу алхаад явж байсныг П.Га нар хараад “мөн байна” гэхээр нь барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчираад түр саатуулах байранд түр саатуулсан юм. Саатуулах үед биед нь үзлэг хийхэд Б.Гийн халааснаас хар өнгийн гар утас гарч ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-58-р хуудас/
Гэрч Т.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тус өдрийн 19 цагийн орчимд байхаа Б.Г, Х.Ж нар нь “JN” баарны тэнд согтуу танхайраад байхаар нь тухайн үед тус бүрийг нь 5000 төгрөгөөр торгоод явуулсан. Тэгсэн 23 цаг өнгөрч байхад “Сансарын гудамжинд хүн зодуулж байна” гэсэн дуудлагын дагуу очиход П.Га гэх залуу нүүр ам нь цус болсон байдалтай байхаар нь юу болов гээд асуухад “хоёр залуу зодоод гар утас, халаасанд байсан мөнгө аваад явсан” гэж хэлсэн. П.Га нарыг аваад явж байтал Халуун усны тэнд Х.Ж, Б.Г нар явж байхад нөгөө гурав “зодсон хоёр залуу байна” гэж хэлсэний дагуу Х.Ж, Б.Г нарыг машинд суулгаад саатуулах байранд оруулаад биед нь үзлэг хийхэд Б.Гийн биеэс 3 ширхэг гар утас гарч ирсэн, Х.Жөөс 7800 төгрөг гарч ирсэнийг хураасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11- р хуудас/
Б.Г, Х.Ж нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нотлох Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрны “Албадан саатуулагдсан хүний бүртгэл /ХХ-ийн 14-р хуудас/
Хохирогч П.Га, Г.Пү, гэрч Б.Мө нар Б.Г, Х.Ж нарыг таньж олж, гэмт хэрэгт хэн, ямар оролцоотой оролцсон талаар мэдүүлсэн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 19-24-р хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №60 дугаартай шинжээчийн дүгнэлт: .... хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт /ХХ-ийн 73-р хуудас/
Хохирогч Н.Га мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад Б.Амарсанаа бид хоёр явж байтал Б.Амарсанааг Б.Г гэдэг залуу дуудаад юм яриад зогсоод байхаар нь би Б.Амасанааг явъя гэсэн чинь Б.Г гэх залуу над дээр ирээд “чи хэн бэ, юу гээд байгаа юм бэ, пизда минь” гээд намайг хавсраад газар унагаад дээрээс гараараа нүүр лүү 3 удаа цохьсон. Тэгэхээр нь арай гэж ноцолдоод дээр нь гарсан чинь “за болъё” гэхээр нь би болиод хамарнаас цус гараад байхаар цусаа гоожуулаад сууж байтал Б.Г ирээд миний нүүр лүү 2-3 удаа шууд өшиглөсөн. Би Б.Г гэх залууг танихгүй, намайг заамдаад ямар ч шалтгаангүйгээр зодсон. Миний дээд гурван шүд эмтэрсэн, доод хоёр шүд хугарсан эмчилгээ хийлгээгүй байгаа ба 400000 төгрөг шаардлагатай. Мөн хамар хугарсан ба эмчилгээнд 210000 төгрөг зарцуулсан. Би гомдолтой байна, эмчилгэний зардалаа нэхэмжилмээр байна. Мөн шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 128- 129-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Амарсанаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Б.Г ах намайг дуудахаар нь очоод юм яриад зогсож байтал Н.Га ах намайг “Б.Амарсанаа” гэж дуудахад Б.Г ах “чи яасан том банди вэ” гээд Н.Га ахыг заамдаад газар унагаад дээрээс нүүр лүү нь гараараа 3 удаа цохьсон. Тэгээд Н.Га ах ноцолдож байгаад дээр нь гарсан чинь Б.Г “болъё” гэхэд нь Н.Га ах болиход Б.Г дахин шууд нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Намайг салгах гэтэл нэг удаа өшиглөсөн. Н.Га ахын шүд, хамар нь хугарсан. Б.Г ах согтуу байсан ба намайг ч бараг танихгүй шахуу байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 132-р хуудас/
Шүүх эмнлэгийн үзлэг хийсэн №82 дугаартай шинжээчийн дүгнэлт: … хохирогч Н.Гаын бид баруун нүдний ухархайн доод хана, хамрын хугарал, зүүн дээд 1,2,3-р шүд доод 1,2-р шүдний ½ хэсгийн хугарал, хамрын муруйлт, 2 нүдний эргэн тойрон, зүүн шанаа орчим цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 135-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт /ХХ-ийн 150-152-р хуудас/
Хохирогч Ж.Бил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манайх 20 гаран өндөглөгч тахиатай ба 2017 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө унтаж байхад нохой боргоод байхаар нь хэсэг сонсож хэвтэж байгаад унтаад өгсөн юм. Харин өглөө нь фермер лүүгээ ороход тахианууд байхгүй байсан. Нийт 21 тахиа байсан ба малын фермер цоожтой байдаг боловч фермерийн эсрэг талын хаалганы завсраар юм оруулаад бэхэлж уясан уяаг нь тасдаж хаалгыг нь онгойлгосон байсан. Ингээд цагдаа шалгаад 12 тахиаг эргүүлэн өгч үлдсэн тахианы мөнгийг хүлээн авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 173-175-р хуудас/
Хохирогч Ж.Билийн алдагдсан гэх тахиануудаас буцаан хүлээн авсан гэх тахиануудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 153-154-р хуудас/
Гэрч Б.Насанжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр П.Тэ залгаад “тахиа авах уу, нэг тахиаг 20000 төгрөгөөр зарна” гэхээр нь 10000 төгрөгөөр л авна гэхэд утсаа салгаад 22 цагийн орчим дахин залгаад 10000 төгрөгөөр заръя, танд хүргээд өгье” гээд шөнө 03 цагийн орчим П.Тэ, Г.Да нар ирээд шуудайнд 20 тахиа байсан боловч 3 нь үхсэн байсан гэх мэдүүлэг /ХХHH-ийн 186-187-р хуудас/
Алдагдсан тахиануудыг үнэлсэн эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний комиссын дүгнэлт /ХХ-ийн 190-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт /32 дугаар хуудас/, Сургууль төгссөн тухай мэдээлэл /ХХ-ийн 34-41 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 64-71 дүгээр хуудас/, Шүүгдэгч нар нь ял шийтгэгдсэн эсэх талаар лавлагаа /ХХ-н 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Б.Г, Х.Ж нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр болох Сансарын гудамжинд иргэн П.Га, Г.Га, Б.Мө нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний 6000 төгрөгийг Г.Пүын 60000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaхy S-2 загварын гар утсыг дээрэмдсэн мөн Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, “Аварга” хотхоны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч, иргэн Н.Гаыг “Б.Амарсанааг дуудлаа гэх” үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Ж нь П.Тэ, насанд хүрээгүй У.На, У.Оч, Г.Да нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Дэнжийн №01 тоотод оршин суух иргэн Ж.Билийн малын хашаанд /фермер/ нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Гаын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-39-р хуудас/, Хохирогч Г.Пүын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 46, 51-52-р хуудас/, Гэрч Б.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/, Гэрч С.Төртулахын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 57-58-р хуудас/, Гэрч Т.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-11- р хуудас/, Б.Г, Х.Ж нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нотлох Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн түр саатуулах байрны “Албадан саатуулагдсан хүний бүртгэл /ХХ-ийн 14-р хуудас/, Хохирогч П.Га, Г.Пү, гэрч Б.Мө нар Б.Г, Х.Ж нарыг таньж олж, гэмт хэрэгт хэн, ямар оролцоотой оролцсон талаар мэдүүлсэн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 19-24-р хуудас/, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №60 дугаартай шинжээчийн дүгнэлт: .... хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт /ХХ-ийн 73-р хуудас/, Хохирогч Н.Гаын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 128- 129-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 132-р хуудас/, Шүүх эмнлэгийн үзлэг хийсэн №82 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 135-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт /ХХ-ийн 150-152-р хуудас/, Хохирогч Ж.Билийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 173-175-р хуудас/, Хохирогч Ж.Билийн алдагдсан гэх тахиануудаас буцаан хүлээн авсан гэх тахиануудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 153-154-р хуудас/, Гэрч Б.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХHH-ийн 186-187-р хуудас/, Алдагдсан тахиануудыг үнэлсэн эд зүйлд үнэлгээ тогтоосон үнэлгээний комиссын дүгнэлт /ХХ-ийн 190-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Г, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Ж нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр болох Сансарын гудамжинд иргэн П.Га, Г.Га, Б.Мө нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний 6000 төгрөгийг Г.Пүын 60000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaхy S-2 загварын гар утсыг дээрэмдсэн, Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, “Аварга” хотхоны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч, иргэн Н.Гаыг “Б.Амарсанааг дуудлаа гэх” үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Ж нь П.Тэ, насанд хүрээгүй У.На, У.Оч, Г.Да нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Дэнжийн №01 тоотод оршин суух иргэн Ж.Билийн малын хашаанд /фермер/ нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Жөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг, шүүгдэгч Б.Гт 2015 оны Эрүүгийн хуулийн тус тус хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жийг /2002 оны/ Эрүүгийн хуулийг хэрэглэж буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр болох Сансарын гудамжинд иргэн П.Га, Г.Га, Б.Мө нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний 6000 төгрөгийг Г.Пүын 60000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaхy S-2 загварын гар утсыг дээрэмдсэн, П.Тэ, насанд хүрээгүй У.На, У.Оч, Г.Да нартай бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Дэнжийн №01 тоотод оршин суух иргэн Ж.Билийн малын хашаанд /фермер/ нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул тухайн зүйл заалтад заасан хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх хорих ялыг нь тогтоохдоо хүнд ялтай зүйлийн хорих ял дээр хөнгөн ялтай зүйлийн хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нь тогтоож, насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Гэвч Х.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан /2000 оны 06 дугаар сарын 22-н ы өдөр төрсөн/ бөгөөд эцэг, эхийн асрамж, хараа хяналт дутагдалтай байдлаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байх ба уг хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Ш.Хүт хариуцуулах нь зүйтэй байна.
Х.Ж нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж байсан ба /2002 оны/ Эрүүгийн хуульд заасан ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр болох Сансарын гудамжинд иргэн П.Га, Г.Га, Б.Мө нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогч П.Гаын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний 6000 төгрөгийг Г.Пүын 60000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaхy S-2 загварын гар утсыг дээрэмдсэн нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван намайн насанд хүрсэн байсан /1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн/ бөгөөд хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг хэрэглэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул хорих ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Харин /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох боловч /2015 оны/ эрүүгийн хуулиар тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Ж нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримтыг үйлдэж хэрэгт хавсаргахыг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Гт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийг, өсвөр насны шүүгдэгч Х.Жөд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг тус тус буцаан хэрэглэсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт холбогдох /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Боржигон овогт Батхүүгийн Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Шагдар овогт Хүийн Жийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 05 сарыг нэмж нэгтгэн бүгд 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жөд оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Ж нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Ж нарын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Х.Жөд 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Ш.Хүт хариуцуулж даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” 1 ширхэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримтыг үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.