Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/582

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцэлд үндэслэн М.М-т холбогдох 2308 00596 0500 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн М-ийн М, 1992 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр хэсэг гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот өөрийн гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.А-тай маргалдаж, улмаар түүний хүзүү, цээж, бугалга, шуу, тохой, бугуй, хэвлий, шилбэ, өвдөг зэрэг газруудад олон удаагийн цохилт, өшиглөлтөөр түүний биед хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун тохой, зүүн бугуй, хэвлий, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М-ынг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг Улсын дээд шүүхээс дараах байдлаар тайлбарлан хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг /УДШ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны №23 дугаар тогтоол/. Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой /УДШ-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №564 дүгээр тогтоол/. Мөн хууль зүйн тайлбарт “Онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэнийг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг ойлгоно. Энэ тохиолдолд хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр давхар зүйлчлэхгүй байхаар заасан тул улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүйгээр оролцсон бөгөөд хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ /хх 18, 28/, хохирогч Г.А-ийн мэдүүлэг /хх 31-35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2037 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн дүгнэлт /хх 36-37/, яллагдагч М.М-ын мэдүүлэг /хх 48-50/ болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр, 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг шүүх хийсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.А бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний бие М.М-тай 2022 оны 8 дугаар сард танилцаж, үерхэж байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-нд манай найз залуу М.М нь цохисон тул цагдаад хандсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй, эмчилгээ хийлгэсэн баримтгүй, бид хоёр эвлэрсэн. Тухайн асуудлаас хойш тэр үедээ л учраа олсон, гэм шиж байгаагаа надад хэлж, уучлалт гуйсан. Цаашид ийм асуудал огт гаргахгүй гэдгээ хэлсэн. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй юм. Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр М.М-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос М.М-ыг гэр бүлийн хамаарах бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.А-тай маргалдан зодож, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолоор М.М-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлон хуульчилжээ.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан хохирогч Г.А-ийн “...Гэр бүлийн баталгаа байхгүй. 1 жил орчим амьдарч байна. ...” /хх 11/, шүүгдэгч М.М-ын “...Г.А нь миний хамтран амьдрагч байгаа юм. Хамт амьдраад нэг жил болж байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Г.А, шүүгдэгч М.М нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан эрх, эрх чөлөөнд халдсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бус үйлдэл” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”-тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино. 

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ын үйлдэл нь “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх шинжийг хангахгүй талаар “шүүгдэгч уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгах, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, шүүгдэгч харгис хэрцгий шинжийг ухамсарласан, түүнчлэн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” хэмээн онц харгис хэрцгийгээр гэх шинжийг няцаан үгүйсгэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн М.М-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хуулийг буруу тайлбарлан хөнгөрүүлэн зүйлчилсэн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ