| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/02034/И |
| Дугаар | 307/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 307/ШШ2025/00200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/02034/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* (РД: *******, утас: ) нарт холбогдох,
“3,076,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.*******сувд,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Ш.*******, Б. нарт холбогдуулан гаргасан 3,076,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0377 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******, Б. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ******* тоот 79.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
3.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөр, гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх дээр маргаагүй бөгөөд зохигчдын маргааны зүйл нь дээрх орон сууцны доголдлыг арилгахад гаргасан гэх зардлын асуудал байна.
4.Нэхэмжлэгчээс хариуцагч Ш.*******, Б. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “...Манай гэр бүл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б., Ш.******* нараас Дархан-Уул аймаг, ******* тоот брак орон сууцыг 73,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тэдэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг брак орон сууцанд орсны дараа “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас шалгалт явж байна гээд шалгаад зүй бус хэрэглээтэй байсан байна гээд 1,783,584 төгрөгийн акт тавиад явсан. Гэтэл Б., Ш.******* нар нь буцах шугамнаас ус авч бохирын шугам руу хийж орон сууцыг халаадаг байсан бөгөөд энэ байдлаа бидэнд үнэн байдлаар нь хэлэлгүй орон сууцаа худалдсан байсан. Энэ талаар үнэнийг хэлэхгүй нуун дарагдуулснаас болж манайх хэрэгцээний халуун усгүй хохирохын зэрэгцээ акт тавиулан төлбөр гаргасан учир энэ талаар маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх худалдагч тал болох буруутай хүмүүсээр 1,783,584 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн. Одоо дээрх зүй бус холболтыг зөв болгож дотор системийг шинэчлэхэд гаргасан сангийн материалын зардалд 3,076,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тооцооны алдаа гаргаж 342,000 төгрөгийн зардлыг 2 удаа нэмсэн байна энэ мөнгийг анх нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцсон” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
5.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа “...Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууц, байшинг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.*******д худалдсан. Брак орон сууцыг зарах үед өвлийн улирал байсан бид байшиндаа амьдарч байсан. Тухайн орон сууцны насжилт өндөр, сангийн шугам хоолой нь шинэ барилгатай харьцуулахад элэгдэл хорогдолд орсон байсан. Энэ нөхцөл байдлаа үнэлж зах зээлийн ханшнаас маш хямдаар зарсан. Худалдан авагч тал орон сууцыг худалдан авахдаа өөрсдөө нөхцөл байдлыг сайн харж, бусад орон сууцуудтай харьцуулж сонголтоо хийж худалдан авалтаа хийсэн гэдэгт итгэж орон сууцаа зарсан. Худалдах, худалдан авах процессын үед худалдагч буюу манай талаас худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацааны элэгдэл болон доголдлын талаар мэдээллийг өгч, эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалтаар бүрэн ашиглах боломжтой хөрөнгөө шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээг тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд авталгүйгээр байгуулсан атал удаа дараа гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл өгч байгаа нь тэтгэврийн настай хүмүүст сэтгэл зүйн маш том дарамт үүсгэж байна. Өмнө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан зүй бус хэрэглээний төлбөр гаргуулна гэсэн гомдлыг төлж барагдуулсан. Гэрээг байгуулж амьдарч эхэлснээс хойш 1 жил 10 сарын дараа хийсэн засвар үйлчилгээний зардлыг хариуцах боломжгүй. Эцэст нь худалдан авсан этгээдийг удаа дараа нэхэмжлэл гаргаж ямар сэдлээр сэтгэл зүйн бөгөөд эд материалын хохиролд оруулж байгааг үнэн зөвөөр тодруулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэж тайлбарласан.
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
7.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж хуульчилжээ.
Мөн талуудын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.1-д “худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой ...үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй” гэж, 4.3-т “худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй” гэж, 4.7-д “худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд зааснаар болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хэрэв доголдолтой бол мэдээллийг өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй.
Эд хөрөнгийн доголдол гэх ойлголтыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд тодорхойлон хуульчилсан ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.
Талууд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохиролцсон буюу нэхэмжлэгчийн зүгээс төвийн дулаан бүхий брак орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа гэж дурдсан ба орон сууц нь амьдрах зориулалтаар ашиглагдахын хувьд хүн байнга амьдрах нөхцөлийг хангасан байх ёстой бөгөөд үүнд халаалт, дулааны асуудал багтана.
Өөрөөр хэлбэл, орон сууцны хувьд халаалт, дулааны асуудал эд хөрөнгийн доголдолд хамаарна.
8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгчээс “...2023 оны 03 дугаар сард зүй бус дулааны хэрэглээний асуудлыг мэдсэн бөгөөд үүнийг хариуцагч нарт тухай бүрт мэдэгдэж байсан. Засаж, янзалж өгнө гэж хэлсээр өдийг хүргэсэн” гэж тайлбарласан.
Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/104 дугаартай албан бичигт “...Манай компанийн ажилтнууд эргэлт үзлэгийн хуваарийн дагуу 2024 оны 01-р сарын 17-ны өдөр Мангирт хорооллын айл өрхүүдээр үзлэг хийх явцад 15-р баг, 1-р хэсэг, 5-р гудамж, 3 тоотын иргэн Д.*******гийнх халаалтын буцах шугамнаас ус авч юүлж бохирын шугам руу хийж, дулааны эрчим хүчний зүй бус хэрэглээтэй байсныг тухайн өдөр хязгаарлалт хийж хаасан нь үнэн болно” гэж тодорхойлсон байх бөгөөд дулаан, халаалтын доголдлын асуудал 2024 оны 01 дүгээр сард илэрсэн байна.
9.Түүнчлэн, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан.
Шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбараар тухайн дулааны зүй бус гэх холболтын асуудал орон сууцыг худалдан авах үед байсан, үүнийг нэхэмжлэгч мэдсэн гэх ба тухайн үед ямар учиртай талаар асуухад хариуцагчаас хэрхэн тохируулга хийж халдаг талаар тайлбарлаж хэлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хэдий мэргэжлийн бус энгийн иргэний хувьд тухайн холболт, халаалтын асуудал буруу гэдгийг хараад мэдэх боломжгүй боловч ил харагдах шугам хоолойн холболтыг мэргэжлийн хүнээр шалгуулах, мэдэх боломжтой, тухайн доголдол далд доголдол биш байна.
Иймд нэхэмжлэгч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авснаар гомдол гаргах шаардах эрхээ алджээ.
10.Мөн тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/01490 дугаартай шүүгчийн захирамжаар ...Д.*******гийн нэхэмжлэлтэй зүй бус хэрэглээний төлбөр болох 1,783,584 төгрөгийн төлбөр тавьсан акт нэхэмжлэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК нь зүй бус хэрэглээний төлбөр болох 1,783,584 төгрөгөөс 50 хувь болох 891,792 төгрөгийг чөлөөлж үлдэгдэл 891,792 төгрөгийг хамтран хариуцагч Б., Ш.******* нар нь бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар нь зүй бус хэрэглээний төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд энэ нь тус доголдлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.
11.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 69,641 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Б., Ш.******* нарт холбогдуулан гаргасан 3,076,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,641 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН