Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Рд холбогдох 1732000000083 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /*/ Урианхай овогт Бүжинлхамын Р.

 

Б.Р нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хоёр хүү Б” дэлгүүрийн орчимд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн орчим иргэн Б.Зотай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн Б.Зоын нүүрийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед манай ангийн Зулрагчаа надруу залгаад манай ангийнхан уулзаад байж байна чи хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэрийн ажил амживал яваад очъё гэж хэлчихээд гэрийн ажил болон хүүхдүүдээ хооллож дуусаад утсаараа залгаж асуутал манай ангийнхан “Сити” зочид буудалд байна гэсэн. Тэгээд би “Сити” зочид буудалд очиход манай ангийн Зулрагчаа, Саранчимэг, Ба, Зо нар ирсэн байсан. Тэгээд тэд нар надад “чамайг ирэх гэсээр байтал бид нар 2 шил архиа уучихлаа, 1 шил архи л үлдлээ” гэсэн. Тэгээд караокед оръё гэж ярилцаад зочид буудлын доор байдаг караокед ороод нэг шил архиа уух гэтэл буудлын ресепшин хүүхэн та нар энд архи уухгүй шүү гэхээр нь нөгөө архиа уугаагүй юм яриад сууж байтал Зо нилээн согтсон бололтой ширээн дээр хөлөө тавиад байхаар нь би “чи болиоч ээ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь “за за нилээн согтсон байгаа юм чинь” гэж бодоод юм ярилгүй ангийнхаа Саранчимэгтэй уулзаагүй удсан байсан болохоор түүнтэй юм яриад суусан. Тэгээд бид нар дээшээ буудлын өрөөндөө ороод сууж байтал Зо нөхрөө магтаад л байх шиг байсан. Тэгэхээр нь би “за тиймээ” гэж хэлж байсан. Тэрнээс би өөр зүйл хэлээгүй. Тэгтэл Зо ширээн дээгүүр давж ирээд миний үснээс зулгааж доошоо дарсан. Тэгээд Саранчимэг, Ба нар бид хоёрыг салгасан. Уг нь миний хэлсэн зүйл тэгэж хүнийг зодох шалтгаан байгаагүй. Тэгээд би яахаараа энэ намайг зоддог юм цагдаа дуудна гэхэд Саранчимэг болон буудлын ресепшин хүүхэн хоёр яах юм бэ гээд Саранчимэг бид хоёр гараад “Хоёр хүү-Б” дэлгүүрийн буланд юм яриад зогсож байтал Зо гэнэт араас ирээд миний үснээс зулгаасан. Би Зоыг санаатай маажаагүй, миний үснээс зулгаасан байсан болохоор нь үснээс тавь гээд гарыг нь салгах гэж байгаад л маажсан байх. Би тухайн үед маажсаныг ч мэдээгүй. Тэгээд Ба бид хоёрыг салгаад Тост өргөө байрны дундуур Зоыг аваад гарсан. Саранчимэг намайг босгоод миний куртик хувцасыг гөвж байхад харин би араас нь чи хүний нөхөр салгаж суучихаад үгсэндээ гайхуулдаг юм бэ гэж орилсон нь үнэн. Тэрнээс буудлын өрөөнд ерөөсөө тийм яриа гараагүй. Маргааш нь би Зотай утсаар ярьсан. Чи өөрөө л эхэлж ийм асуудал үүсгэсэн биздээ гэхэд харин тиймээ хоёулаа ёстой муухай зүйл боллоо. Энэ хэргийг хоёулаа хав даръя гэж утсаар ярьж байсан. Тэгэж ярьсан болохоор би энэ асуудлыг гайгүй өнгөрчих байх гээд тухайн үедээ эмнэлгээр үзүүлж харуулаагүй. Дараа нь миний толгой тархи, хүзүү эвгүй болж, нилээн өвчин орсон. Тэгээд таньдаг эгч маань чи бас үзүүлсэн нь дээр гэхээр нь эмчид үзүүлсэн гэв.

Хохирогч Б.Зо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Р Бад хандаж наад Зо чинь манай нөхрийн дүүгийх нь нөхөртэй суусан гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд хаа хамаагүй хотоос ирсэн хүнд ингэж хэлээд байхдаа яадаг юм гэж бодоод миний амьдрал чамд ямар хамаатай юм гээд Ргийн үснээс зулгаасан. Тэгсэн Саранчимэг бид хоёрыг салгаад Рг аваад гарсан араас нь Ба бид хоёр гарсан тухайн үед би Рд маш их гомдсон байсан. Буудлаас гартал Саранчимэг Р нар алхаад явж байхад нь араас нь явж байтал “Хоёр хүү-Б” дэлгүүрийн тэнд замын хажууд чи айлын нөхөр авч суусан биз дээ гээд орилоод байсан тэгэхээр нь миний уур хүрээд очоод Ргийн үснээс нь зулгаасан чинь миний үснээс бас зулгаасан тэгснээ бүүр санаатай миний нүүрийг маажиж эхэлсэн тэгэхээр нь би тавьсан чинь үснээс тавихгүй нэг гараараа маажсан. Тэр үед Саранчимэг Ба нар салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13р хуудас/,

        Гэрч Г.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Зо, Р хоёр бие биенийгээ үгээр өдөөд маргалдаад байсан. Зо эхлээд нөхрөө магтаад, би хамгийн сайн нөхөртэйгээ учирсан гэж хэлсэн чинь Р чи хүний нөхөр булааж суучихаад, би чамайг мэднэ шүү дээ гэж хэлсэн чинь Зо чи битгий амьдралд оролцоод бай, чамд хамаагүй гэж хэлсэн чинь Р надад хандаж “энэ Зо манай нөхрийн дүүгийн нөхрийг салгаж аваад суучихсан” гэж хэлсэн чинь Зо цаанаас босож ирээд Рг үсдээд авсан ба Р зөрүүлж үсдсэн бөгөөд би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад боль гэж хэлсэн. Саранчимэгийг Рг аваад яв гэж хэлсэн. Улмаар Саранчимэг Рг аваад гарсан бөгөөд би өрөөнд Зотай 5-10 минут юм ярьж сууж байгаад нөгөө хоёрыг явчихсан байх гэж бодоод гэрт нь хүргэж өгөх гээд гарсан юм. Зо бид хоёрыг гараад ирсэн чинь Саранчимэг Р хоёр яваагүй 100 орчим метрийн зайтай юм яриад зогсож байсан. Тэгтэл Зо харсанаа “энэ муу намайг элдвээр хэлсэн, би үүнийг зүгээр өнгөрөөхгүй гээд гүйгээд явчихсан. Миний хөл доголон байсан учраас би араас нь алхаад очсон чинь тэр хоёр дээр доороо ороод газар уначихсан, зууралдаж байсан. Саранчимэг салгах гээд дийлэхгүй байдалтай байсан. Би явж очоод салгаад Зоыг аваад яваад өгсөн. Зоыг аваад явж байхад миний нүүрийг юу ч үгүй майжсан байна ш дээ харалдаа гээд байсан. Намайг салгах гээд очиж явахад Р доор нь Зо дээр нь гарчихсан үсдэлцээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

         Гэрч Т.Ур мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би та нар боль гэж хэлсэн тэр үед нэг эгч нь нөгөө сүүлд ирсэн эгчийн үснээс зулгаасан тэгээд бид 3 нийлж байгаад салгасан. Тэгсэн нөгөө үсдүүлсэн эгч цагдаа дууд миний дүү гэсэн чинь нөгөө ах, эмэгтэй хоёр бид нар ингээд гарлаа цагдаа дуудаад хэрэггүй гэж хэлсэн. Нөгөө сүүлд ирсэн эгчийг нэг эмэгтэй эгч аваад гарсан араас нь нөгөө ах агсам тавиад байсан эгчийг аваад гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/

                  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №78 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                  1. Б.Зоын биед нүүрний зулгаралтууд, хуйхны хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  3. Б.Зоын нүүрэнд илэрсэн зулгаралтын улмаас үүссэн сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 24-р хуудас/

                  Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 25-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 38 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Ргийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /42 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Р нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хоёр хүү Б” дэлгүүрийн орчимд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн орчим иргэн Б.Зотай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн Б.Зоын нүүрийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Зоын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13р хуудас/, Гэрч Г.Баын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Гэрч Т.Урийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №78 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 24-р хуудас/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 25-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Рг хохирогч Б.Зоын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Р нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хоёр хүү Б” дэлгүүрийн орчимд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн орчим иргэн Б.Зотай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн Б.Зоын нүүрийг маажиж нүүрний зулгаралтууд, хуйхны хаван бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1-д зааснаар Б.Ргаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 115350 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Зод олгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урайнхай овогт Бүжинлхамын Рг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Рг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1-д зааснаар Б.Ргаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 115350 /нэг зуун арван таван мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч * тоотод оршин суух /*, Утас:*/ Их Монгол овогт Баттулгын Зод олгосугай.

6. Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.