Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/583

 

Э.Б, А.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Б-, А.Э- нарт холбогдох 2305 00000 0017 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д овгийн Э-ийн Б-, 1992 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;
  2. Б овгийн А-ийн Э-, 1975 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД: .../,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “К” зочид буудлын 704 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан гараараа болон өлгүүрийн төмрөөр түүний нүүр, толгойн тус газарт удаа дараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний диафизын дунд 1/3-ийн ташуу цуурал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах К зочид буудлын 704 тоот өрөөний хаалга, өлгүүртэй шүүгээ, сандал, “LCD” зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас “К Од” ХХК-д 1.400.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Э- нь 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах К зочид буудлын 704 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-той үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Э-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Э- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Э.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-оос 1.414.000 төгрөгийг гаргуулж хохирогч “К” ХХК-д, 2.033.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-оос 120.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Э-, Э.Б- нар цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч А.Э- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э-ы эрх ашгийг хамгаалж, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж, цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан А.Э-, Э.Б-, Д.Б, Б.А нарын өгсөн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ ашиг сонирхол нэгтэй Б.Амарбаясгалан, Д.Б- нарын мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, довтолгоо төгссөний дараа Д.Б-ийн эсрэг хийгдсэн үйлдэл гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг санахгүй байна, мөн гэрч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэргийн үйл явдлыг “Санахгүй байна” гэсэн атлаа буудлын өрөөнөөс гарч ирээд буюу буудлын коридорт бие биеэ цохисон талаар мэдүүлжээ. Гэвч энэ үйл явдлыг А.Э- болон Д.Б нарын мэдүүлгээр буудлын өрөөний гадна талд хэрүүл маргаан болсон нөхцөл байдал байхгүй бөгөөд энэ нь хөндлөнгийн гэрч Э.Х-ын “...Өрөөнд зодоон болоод байх шиг байсан...” гэх мэдүүлгээр тогтоогддог. Шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, А.Э-ы бусдын биед халдах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх хэрэгт авагдсан гэрч Б.А, Э.Б, Э.Х- нарын мэдүүлгийг няцааж үгүйсгэж буй үндэслэлээ тодорхой дурдаагүй, хэт нэг талыг барьж хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

А.Э-ы үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт юунаас болсныг авч үзээгүй. Өөрөөр хэлбэл А.Э-ы үйлдэл хийх зорилго Д.Б-ийн биед халдсан гэм буруугийн хэлбэр зэргийг хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Э.Б-ийг өөрөөсөө салгаж, холдуулахын тулд түүний нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон талаар огт маргадаггүй, өөрөө өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө өөдөөс довтолсон үйлдлийг таслан зогсоохын тулд хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх ойлголтод хамаарч байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Э.Б-, А.Э- хоёрын хооронд хэрүүл маргаан хийх, муудалцах шалтгаан нөхцөл огт байхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.Э-, Э.Б- нар гэмт хэрэг гарахаас өмнө муудалцсан, хэрэлдсэн, хоорондоо үл ойлголцсон асуудал огт байхгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж өгнө үү.

Иймд А.Э-д гэмт хэрэг үйлдэх шалтгаан, зориуд хохирол, хор уршиг учруулах сэдэл, санаа зорилго байхгүй, А.Э-ы эсрэг халдлага бодитой тулгарсан байх ба Б.Б-ийн шалтгаангүйгээр унтаж байхад нь түүн рүү довтолсон үйлдлийн эсрэг хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын хууль ёсны шинжид тооцохоор тодорхойлсон гэмт этгээдийн халдлагаас хамгаалж, довтлогч этгээдэд гэм хор учруулсан байх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар А.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” зочид буудлын 704 тоот өрөөнд А.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан гараараа болон өлгүүрийн төмрөөр түүний нүүр, толгой руу удаа дараа цохиж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний диафизын дунд 1/3-ийн ташуу цуурал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд “К” зочид буудлын 704 тоот өрөөний хаалга, өлгүүртэй шүүгээ, сандал, зурагт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас “К од” ХХК-д 1.414.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” зочид буудпын 704 тоот өрөөнд Э.Б-той маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Х-ын: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай “К” нэртэй зочид буудлын 704 тоот өрөөнд иргэн А.Э- гэх хүн захиалга өгсөн. ...704 тоот өрөөнд зодоон болж байх шиг болохоор нь дээшээ гарч харахад сүүлд ирсэн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр коридорт хаалгыг нь татаад, нүдээд, өшиглөж цохиод зогсож байсан бөгөөд нөгөө хоёр нь дотроосоо хаалгаа түгжсэн байсан. Тэгээд манайхаас цагдаа дуудахад нөгөө үл таних эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан бөгөөд тухайн үед хаалга нь онгойхгүй эвдрээд гацсан байсан тул хаалга онгойлгодог хүн дуудсан. Тэгээд 704 тоот өрөө рүү ороход сандлын түшлэг хугарсан, зурагт газар унаад эвдэрчихсэн, дүрс нь гарахгүй, дуу нь гарахгүй, үүдний өлгүүр хагарч, төмөр өлгүүрүүд нь бүгд салсан, хаалга дотор болон гадна талаасаа эвдэрсэн, цоож эвдэрсэн, ор хөнжлийн даавуу цус болсон, 2 ширхэг шилэн стакан хагарсан байсан. Тэгээд манайхаас өрөөгөө цэвэрлэж янзлаад, янзлах боломжгүй зүйлсийг үлдээсэн байгаа. Тухайн өрөөнд орсон хүмүүстэй холбогдож хэлэхэд А.Э- нь “Би эд зүйл эвдээгүй” гэсэн бөгөөд Э.Б- гэх эрэгтэй нь “Тухайн зүйлсийг төлж барагдуулна” гэж хэлсэн. ...” /хх 116-117/,

гэрч Д.Б-ын: “...Э.Б- “Би наад өрөөнөөс чинь юмаа авмаар байна” гээд орилоод хаалга гаднаас нь хүчээр түлхсээр байгаад ороод ирсэн. Тухайн үед А.Э- гаднаас орж ирээд орон дээр унтчихсан байсан бөгөөд Э.Б- өрөөнд орж ирээд хашхирч, орилоод өрөөний эд зүйл эвдэж байхад нь сэрсэн. Тэгтэл Э.Б- үүдэнд байсан өлгүүр авч салгаад, төмрөөр нь А.Э-ы толгой, нүүр хэсэг рүү цохисон. ...Э.Б-ийн хамрын зүүн хэсэгт шалбарчихсан байдалтай байсан. А.Э-ы нүдний доод хэсэг зүсэгдээд, хөмсөг нь сэтрээд нүд нь хөхөрчихсөн, цус хурчихсан байдалтай байсан. ...” /хх 28-29/,

гэрч Б.А-ийн: “...Нэг сэрэхэд би буудлын өрөөнд ирчихсэн байсан бөгөөд Д.Б эгч Э.Б-ийг “Боль, гар” гээд өрөөнөөс гаргах гээд түлхэж байсан бөгөөд цаад талд нь А.Э- ах байсан. Тухайн үед А.Э- ах Э.Б-той муудалцсан байдалтай байсан бөгөөд Э.Б-ийг өрөөнөөс гаргахаар нь би гараад буцаад өрөө рүү ортол А.Э- ах, Э.Б- нар дахин маргалдаад байсан. Тэгээд би Э.Б-ийг дагуулж гаргаад таксинд суулгаад явуулчихаад буцаад буудлын өрөө рүү орох гэтэл цагдаа нар ирчихсэн байсан. Би яг яаж зодолдсоныг сайн хараагүй, тухайн үед би нэлээн согтсон байсан учир зодоон болсны дараа Д.Б эгч салгаж байхад нь сэргэсэн бөгөөд түүний дараа тэр хоёр дахин хоорондоо барьцалдаад бие биеэ цохиод байсан. Э.Б-ийг дагуулаад гарч байхад хамрынх нь хажуу талаас шалбарсан байдалтай цус гарч байсан. ...” /хх 31-32/,

шүүгдэгч А.Э-ы: “...Унтаж байгаад сэрсэн чинь Б гэх залуу өрөөнд байх эд зүйлийг авч шидээд хэмхэлж байснаа над дээр хүрч ирээд юм ярилгүй миний хөл хэсэг рүү цохих үед нь би боссон чинь гартаа төмөр атгаж байгаад нүүр хэсэг рүү цохисон. Найз эмэгтэй Б голоор ороод салгах үед түүнийг өшиглөөд байсан. Би очоод түүнийг боль гэсэн чинь үйлдлээ зогсоохгүй байхаар нь түүнийг түлхээд нэг удаа цохих үед зөрүүлээд төмрөөр нүдний дээд хэсэг рүү цохисон. Тэгээд би найз эмэгтэй Б-ийн хамт өрөөндөө ороод хаалгаа түгжих үед Б гэх залуу хаалгаа тайл гэж хэлээд орилоод хаалга өшигчиж байгаад явсан. Миний эрүүл мэндэд Бямбаа гэх эрэгтэй халдсан, би нүүр хэсэгтээ 7 оёдол тавиулсан. ...Би унтаж байгаад босож ирээд Э.Б- гэх залуу намайг өшиглөж цохихоор нь би нүүр рүү нь цохисон. ...” /хх 6-7, 9/,

шүүгдэгч Э.Б-ийн: “...Тухайн үед би нэлээн согтсон байсан, буудалд орсноос хойш тодорхой зүйл санахгүй байж байгаад хамар руугаа хэн нэгнээр цохиулаад нэг сэрэхэд Б.А, Д.Б нар А.Э- бид хоёрын дундуур орчихсон “Боль, боль” гэж байсан. Тэгээд миний хамрын дээд хэсгээс цус гарахаар нь би А.Э-тай маргалдаад “Чи намайг цохисон юм уу, яаж байгаа юм” гээд А.Э-ы нүүр, толгой хэсэг рүү нь хэд хэд цохисон. ...Тэгээд сэргэснийхээ дараа А.Э-ы нүүрэнд гараараа хэд хэд цохисноо санаж байна. Тухайн үед А.Э- миний нүүр хэсэг рүү цохисон бөгөөд миний зүүн шанаа хавдсан, хамар зүсэгдсэн шархтай, баруун нүдний дээд тал зүсэгдсэн, баруун нүд хөхөрсөн, баруун шанаа мөн хавдсан, шүд хөдөлсөн байдалтай байна. ...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Э.Б-ийн эрүүл мэндэд баруун зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн шанааны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16630 дугаар дүгнэлт /хх 34-35/,

шүүгдэгч А.Э-ы эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний диафизын дунд 1/3-ийн ташуу хугарал, баруун хөмсөг, баруун доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус харвалт, хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, өвдөгт цус хуралт бүхий олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдсэн хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16602 дугаар дүгнэлт /хх 36-37/,

гэмт хэргийн улмаас “К” Зочид буудлын тавилга, эд хогшилд учирсан хохирлын үнэлгээг 1.414.000 төгрөгөөр тогтоосон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 125-134/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч А.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг “Хохирогч гэмтсэн учраас” гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн ба хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсхүл гэмтээж байгаа бие хүний зан үйл бүхий шууд өөрт нь хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн эсвэл эхлээд үргэлжилж байгаа үйлдлийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэмт хэрэгт тооцохгүй буюу хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.

Хэрэгт авагдсан шүүгдэгч А.Э-ы “...Би босоод иртэл өлгүүрийн махир төмрөөр миний нүүр толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би унтаж байгаад босож ирээд Э.Б- намайг өшиглөж, цохихоор нь би нүүр рүү нь цохисон. ...” /хх 9/, шүүгдэгч Э.Б-ийн “...хамар руугаа хэн нэгнээр цохиулаад нэг сэрэхэд А, Д.Б нар А.Э- бид хоёрын дундуур орчихсон боль боль гэж байсан. Тэгээд миний хамрын дээд хэсгээс цус гарахаар нь би А.Э-тай маргалдаад, чи намайг цохисон юм уу, яаж байгаа юм гээд А.Э-ы нүүр, толгой хэсэг рүү нь хэд хэд цохисон. ...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд болон гэрч Д.Б, Б.А нарын мэдүүлгүүдээс үзэхэд Э.Б- нь А.Э-ыг нүүр, толгой руу нь цохиж, өшиглөсний дараа А.Э- нь Э.Б-ийн нүүр рүү нь цохиж, хохирол учруулсан нь аргагүй хамгаалалтын “довтолгоон бодитой байх” объектив үндсэн шинжийг хангахгүй, А.Э-ы үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч шүүгдэгч Э.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Э- нь болсон үйл явдлын дараа Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 2.033.000 төгрөгийн үнэ бүхий гэмтлийн яаралтай тусламж авсныг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/52 дугаар албан бичиг /хх 61-62/-т тодорхойлсныг хэрэгт хавсаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгтТөр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасны дагуу тус прокурорын газрын ахлах прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлыг гэм буруутай этгээд болох Э.Б-оос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирол 1.414.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-оос гаргуулан хохирогч “К од” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Л.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ