Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 114

 

 

Ж.Одд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Ж.Од холбогдох 1812001120102 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ж.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Оээс 35.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Хд олгуулах, хохирогчийн нэхэмжилсэн 1.965.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.О бичсэн гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шуудангаар хүлээн аваад ял хүндэдсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох байтал хурал болон товыг надад мэдэгдэхгүйгээр хурлыг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх хуралд намайг оролцуулаагүй, давж заалдах шатны шүүхийн дуудах хуудас харьяаллын дагуу суманд очсон байсан. Очихдоо давж заалдах шатны шүүх хурал болсноос хойш ээжид гардуулсан байсан. Миний бие элэгний архаг В, Д вирустай, өрөөсөн төмсөгний хатууралтайн улмаас даарч хөрч, ядарч, хүнд юм өргөж болохгүй гэсэн оношоор эмнэлгийн байнгын хяналтанд байдаг тул шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж торгох ялаар өөрчилж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Оийн өмгөөлөгч Ж.Баасанжав хэлсэн саналдаа: “...Ж.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай дурдсан байдаг. Хэрэг үйлдэгдсэн 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Ж.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Ж.Од холбогдох хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Оийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Баруун өвөр гэх газарт Л.Хтай малын бэлчээрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгч Ж.Оийн 90386868 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-132/ байх тул шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “давж заалдах шатны шүүхээс хурлын тов мэдэгдээгүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ж.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН