Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 65

 

 И ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Л.Атарцэцэг

Шүүгчид:                              Г.Банзрагч,

                                            Ч.Тунгалаг,

                                            П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                   Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Э.Номин-Эрдэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн И ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0651 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, өмгөөлөгч С.О нар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэгчийн “И” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0651 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...23.1.3...” гэсний дараа “Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0651 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлээ Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх /Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно/ заалтыг баримталжээ. Хуулийн дээрх заалт нь зөвхөн 50-с дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хамааралтай заалт гэж үзэж байна. “Инвест Капитал ББСБ” ХХК-ийн 37,5 хувийг Д.Тунгалагтамир, 12,5 хувийг Д.Оргил, 50 хувийг Г.Ганчимэг тус тус эзэмшдэг бөгөөд 50-с дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч “Инвест Капитал ББСБ” ХХК-д байдаггүй.

5. Иймд анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигч Г.Ганчимэгт хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу хурал болох өдрөөс 6 хоногийн өмнө түүний гар утсанд мессеж хэлбэрээр хүргүүлсэн боловч хариуд нь ? /асуултын тэмдэг/ ирүүлсэн байдаг.

6. Анхан шатны шүүхээс боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тус шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

8. Нэхэмжлэгч “И” ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэлийн байгууллагад хандан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагч бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч компани нь бүртгэлийн байгууллага үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан гэж марган, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн “И” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

9. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчаас “...”И” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүй, иймд уг хурлын тогтоолд үндэслэн бүртгэл хийх боломжгүй”, гуравдагч этгээд Г.Ганчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...гүйцэтгэх захирал Д.Тунгалагтамир нь хувьцаа эзэмшигч Г.Ганчимэг /50 хувь эзэмшигч/-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг мэдэгдэлгүйгээр, түүнийг оролцуулалгүй хурал хийж, хууль бус шийдвэр гаргасан” гэсэн тайлбаруудыг гарган маргажээ.  

10. Шүүхүүд тухайн маргаанд хэрэглэгдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна. 

11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульчилсан бөгөөд 19.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар, 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр тус тус заасан.  

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “И” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг Г.Ганчимэг, 37.5 хувийг Д.Тунгалагтамир, 12.5 хувийг Д.Оргил тус тус эзэмшиж байсан. Тус компани 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит бус хурлыг хуралдуулж, тус хуралд хувьцаа эзэмшигч Д.Тунгалагтамир, Д.Оргил нар оролцсон байх бөгөөд хурлаар компанийн дүрмийн сангийн хэмжээг 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, ийнхүү дүрмийн сан нэмэгдсэнтэй холбогдуулж хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувьцааны хувь хэмжээг Д.Тунгалагтамир 47.31 хувь, Г.Ганчимэг 40 хувь, Д.Оргил 12.69 хувийг эзэмшихээр өөрчлөн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар тус компанийн захирал Д.Тунгалагтамир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт энэхүү өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гарган, өргөдөлд Санхүүгийн зохицуулах хорооны даргын  2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаал, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны даргын  2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/80 тоот мэдэгдэл зэргийг хавсаргаж хүргүүлжээ.

13. Дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан ээлжит бус хуралд саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцоогүй гэсэн үндэслэлээр тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль ёсны бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т заасан улсын бүртгэгч нь энэ хуулийн 11.5.2-т заасан /...улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт/ нотлох баримт нь ...холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэсэн заалт, мөн дээрх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасантай тус тус нийцсэн талаар 2 шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

14. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсаныг буруутгах үндэслэлгүй юм.

15. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0651 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА