Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 18

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороонд холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар, хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа, гуравдагч этгээд Б.Урансайхан, Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадарч овогтой Урансайхан нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс хасалт хийлгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 28-нд Баруун-Урт сумын 6-р багт бүртгүүлсэн боловч одоог хүртэл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй байхад Баруун-Урт сумын Сонгуулийн хороо нь Бадарч овогтой Урансайханыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №1 дүгээр тогтоолоор бүртгэж авсан нь Сонгуулийн тухай хуулийн 11.8-д заасан тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалтыг уг Сонгуулийн хороо ноцтойгоор зөрчиж иргэн Б.Урансайханыг нэр дэвшигчээр нэрсийн жагсаалтад бүртгэж авсан нь хууль бус гэж үзэж байна.

 

Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасны дагуу Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй тул Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баруун-Урт сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2016 оны Баруун-Урт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан Монгол ардын намын 31, Ардчилсан намын 31, нийт 62 хүний материалыг хүлээн авсан. 

 

Тус Сонгуулийн хороо нь анхдугаар хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийж нэр дэвшигчдийн материалтай танилцаж хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэн.

 

Нэр дэвшигчдийн материалтай танилцаж бүрдэл шалгах явцад Баруун-Урт сумын 9 дүгээр багт Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Урансайханы иргэний үнэмлэхний хуулбар нь Улаанбаатар хотын харъяалалтай байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 11.8-д “ хорин таван нас хүрсэн тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн сонгуульд сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг хангахгүй байсан ба аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт Баруун-Урт суманд шилжиж ирсэн эсэх талаар лавлагаа гаргуулахаар тус тус Сонгуулийн хорооны албан тоотыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157.6-д заасны дагуу холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан 2 дахь удаагийн хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийж, ирсэн албан тоотын хариу болон нэр дэвшигчийн Сонгуулийн хороонд гаргасан өргөдөл, нэмэлт материалыг танилцуулан Сонгуулийн хорооны гишүүдийн санал бодлыг сонсож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар санал хураалт явуулсан. 

 

Сонгуулийн хорооны гишүүд 59 нэр дэвшигчийг 100 хувийн саналаар, нэр дэвшигч Э.Сансартайван, П.Уянга, Б.Урансайхан нарыг 57.1 хувийн буюу олонхийн саналаар дэмжиж нийт 62 нэр дэвшигчийг бүртгэж Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасны дагуу тогтоол гаргасан. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.   

 

Гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-д Монгол ардын намаас 2016 оны орон нутгийн сонгуульд 31 нэр дэвшигчийг дэвшүүлж Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан. 

Нэр дэвшигч П.Уянга, Э.Сансартайван, Б.Урансайхан нар нь өөрийн биеэр сумын Сонгуулийн хороонд өөрт холбогдох тайлбар материалыг хүргүүлснээр сумын Сонгуулийн хороо бүртгэн авч, сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан шийдвэр гарсан. 

Шүүх хуралдаанд Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаатай санал нийлэхгүй байна. Манай намын болон намаас нэр дэвшүүлсэн Б.Урансайханы эрх зөрчигдөж байна. Сонгуулийн хорооны дарга төрийн албан хаагчийн хувьд хариуцлага алдаж байгаа нь харагдаж байна. Хоёр намын төлөөлөл сууж байгаад 25 нас хүрсэн, өр төлбөргүй, ял шийтгэлгүй нэр дэвшигчийг бүртгэж сонгогдох эрхийг эдлүүлье гэсэн нэгдсэн нэг ойлголтод хүрсэн.

Дээрхи гурван нэр дэвшигчийн асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцээд сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Урансайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баруун-Урт сумын 6-р багийн иргэн Бадарч овогтой Урансайхан би 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баруун-Урт сумын 6 дугаар баг, Дөрвөлж 12-2 тоотод шилжин ирж багийн Засаг даргад бүртгүүлсэн. Тэгээд өөр бүртгэл байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тухайн үед багийн Засаг дарга их хүнтэй байсан. Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой гэдгийг би мэдээгүй. Багийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж улсын бүртгэлд оруулаагүйн улмаас сонгуульд оролцох эрхэнд минь эсрэгээр нөлөөлж буй учир дээрх байдалд хүндэтгэлтэйгээр хандаж шийдвэрлэж өгнө үү. 

Миний бие улсын бүртгэлийн газрын дарга Содхүүтэй утсаар холбогдож дээрх байдлыг тайлбарлахад чи сонгуульд оролцох эрхтэй. Өөрийн өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, шилжин ирсэн нарийн хуудсыг хавсаргаж Сонгуулийн хороондоо өгөөрэй. Өөрийн чинь бүртгэл цахим бүртгэл нээгдэхэд 2016 оны 03 дугаар сарын 07-ноор хийгдэх болно гэж хэлсэн. Иймд сонгуульд оролцох эрхийг минь баталгаажуулж өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Сонгуулийн хорооны дарга Б.Амарзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж  байсан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хавсралтаар бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч талаас Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын дагуу ... тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн байтал Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар Б.Урансайханыг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байна.

 

Иргэн Б.Урансайхан нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу шилжин явсан нь шилжин явсан тухай тодорхойлолтоор /хх-ийн 79-рт/, Баруун-Урт сумын Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжин ирснээр бүртгэгдсэн нь Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/413 дугаар албан бичгээр /хх-ийн 7-рт/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй болох нь тус аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 588, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 610 дугаар албан бичгүүдээр /хх-ийн 30, 81-рт/ тус тус тогтоогдож байна. 

 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “иргэний бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагааг ойлгоно, 6 дугаар зүйлийн 6.4-т “ Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан иргэний бүртгэлийг эрхлэн хөтөлж , холбогдох тайлан мэдээг гарган зохих журмын дагуу аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд хүргүүлнэ.”, 6 дугаар зүйлийн 6.5-д “... хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн дэвсгэр нутгийн баг, хорооны Засаг дарга хариуцан хөтөлнө.”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүргэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тухайн дэвсгэр нутагт шилжин ирсэн иргэн хүн амын анхан шатны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт оршин суугаа багийн Засаг даргаараа бичилт хийлгэсний дараа сумын улсын бүртгэл хариуцсан ажилтанд хандаж иргэний бүртгэлээ хийлгэх ёстой байжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Б.Урансайхан нь “...би 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжин ирснээ Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргад бүртгүүлсэн боловч багийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй... “ гэсэн тайлбарыг шүүхээс хүлээж авах боломжгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэгдэж, иргэний бүртгэлийн дугаар олгогдсоноор тухайн иргэнийг улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэхээр байна. 

 

Б.Урансайханыг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийг бүртгүүлж, шилжин ирсэн тухай тодорхойлолтоо /код бүхий нарийн цагаан хуудас/ авах үүргээ биелүүлээгүй байхад нь Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргаас гаргасан “Б.Урансайхан нь ... 2016 оны 03 дугаар сарын 07-нд шилжин ирж бүртгүүлсэн нь үнэн ...” гэсэн тодорхойлолтуудыг үндэслэн /хх-ийн 33, 78, 83-рт/ түүнийг Баруун-Урт суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байна гэж үзэх боломжгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “...тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй”  байхыг хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооноос нэр дэвшигчид тавигдах хуулийн дээрх шаардлагыг хангаагүй иргэн Б.Урансайханыг 9 дүгээр багт нэр дэвшүүлснийг Баруун-Урт сумын Сонгуулийн хороо хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “...тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн ...”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “ ... нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасныг тус тус зөрчжээ.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаар Б.Урансайханыг 9 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаас иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаас иргэн Б.Урансайханд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД