Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/001104

 

С.Отгоны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаар шийдвэртэй,    

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 119 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч: С.Отгон

 Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс

 Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Отгон, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015.12.14-нд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч 2015.12.16-нд хариуцагч тушаалаа үндэслэлгүй гэж үзэн 2015.12.16-ны өдрийн Б/35 тоот тушаалаар хүчингүй болгосон. Энэ хугацаанд би нэхэмжлэлээсээ татгалзсан. Тэгтэл 2016.01.18-нд дахин үндэслэлгүй тушаал гаргалаа. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлага /хх 1/ гаргажээ. Нэхэмжлэгч нь орон сууц цалингийн зээлтэй холбогдон гарах хохирлыг гаргах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр татгалзсан /хх 208/ байна.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгон нь байгууллагын ажилтан, албан хаагчдын 2015 оны 11 дүгээр сарын цалинг санаатай хоцроосон. Түүний  үнэлгээний оноо 61.5 байгаа, ур чадварын 10%-ийн нэмэгдлийг бага байна гэж эсэргүүцэж “...нэмэгдлээ бүтэн авна, ур чадварын нэмэгдлийг 25%-иар бүтэн өгөхгүй бол  ажилтнуудын цалинг бодож олгохгүй...” гэж хэлсэн. Сар бүрийн 25-нд /тухайлбал, 2015.11.25-нд олгогдох ёстой/ олгох ёстой цалинг 2015.12.03-нд олгож ажилтан албан хаагчдыг хохироосон. Тийм учраас хэлтсийн даргын 2015.11.26-ны өдрийн Б/33 тоот  тушаалаар  сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалтай С.Отгон өөрийн биеэр танилцсан баримт нь байгаа. Сэлгэн ажиллуулах саналын дагуу Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2015.12.11-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг гаргасан боловч тушаал гарсны дараа ажлаа хүлээлцэлгүй явсан. 2015.12.11-ний өдрийн Б/34 тушаалыг үндэслэл муутай байсан тул хүчингүй болгож  2015.12.16-ны өдрийн Б/35 дугаар тушаал гаргасан бөгөөд энэ тухай 2015.12.16-нд С.Отгонд мэдэгдсэн. 2015.02.16-наас ажлаа хийж эхэлсэн боловч шалтгаангүйгээр 2016.01.04-нд 4 цаг, 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 цаг, 01 дүгээр сарын 06-ний өдөр 4 цаг, 01 дүгээр сарын 11-ний өдөр 4 цаг, 01 дүгээр сарын 14-ний өдөр 4 цаг тус тус ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан. Иймд  2016.01.18-ны өдөр Б/01 тоот тушаал гаргасан. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 141/ШШ2016/00607 дугаар шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  С.Отгоныг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 1.704.780 төгрөг гаргуулан С.Отгонд олгож, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосон байна.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 119 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нь С.Отгоны 2015 оны 11 дүгээр сард ажилчдын цалинг санаатайгаар хоцроож, хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан "цалин хөлсийг хугацаанд нь тавьж" байх үүргээ биелүүлээгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.1, 131.1.1-д заасан сануулах шийтгэлийг ногдуулсан байдаг. Гэтэл нийт 20 цагийн ажил тасалсан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3- зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг Б/01 тоот тушаалаар ногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ажил тасалсан болох талаарх үндэслэл бүхий баримт байсаар байтал "ажил тасалсан" сахилгын шийтгэл гаргаагүй гэж үзэж зөвхөн "ноцтой"-д тооцогдох зөрчлөөр халах болох талаарх үндэслэл бүхий баримт байсаар байтал "ажил тасалсан" сахилгын шийтгэл гаргаагүй гэж үзэж зөвхөн "ноцтой"-д тооцогдох зөрчлөөр халах учиртай мэтээр үзэж байгаа үндэслэл муутай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус буруу тайлбарлаж нэг талыг барьж хэргийн хянан шийдвэрлэлээ.Ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн   тасгийн   дарга   Ш.Энхбаярын тодорхойлолт, Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай нийгмийн даатгалын байцаагч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт болон "Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК албан бичиг, тодорхойлолт зэргийг тус тус нотлох баримт болгон үнэлсэн байна. Гэтэл АЗДТГ-ын үйлчилгээ аж ахуйн тасгийн дарга гэх   Ш.Энхбаярын тодорхойлолт нь цаг хугацааны хувьд Ш.Энхбаярыг өөрийг нь ажилд орохоос өмнө гаргасан тодорхойлолт байдаг. Энэ нь энэхүү тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэхэд логикийн хувьд эргэлзээ төрүүлж байна. Нийгмийн даатгалын байгууллагад ажилласан тухай тодорхойлолт, 2016.03.29-ний өдрийн 636 албан тоот нь С.Отгоныг 2016.01.04 өдөр, 01.05-ны өдөр тус тус 20 минут ажилласан болохыг тодорхойлсон байдаг. С.Отгоны ажлын цаг нь хөдөлмөрийн гэрээнд нь зааснаар өдрийн 8 цаг ажиллах үүрэгтэй байтал дээрх 04-ний, 05-ны өдрүүдэд тус тус 20 минут ажилласныг шүүгч уг 2 өдөр ажлын 8 цаг бүтэн ажилласан мэтээр дүгнэсэн байна.Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тоот тодорхойлолт нь С.Отгоныг тус компани дээр 2016.01.11-ний өдөр ажилласан эсэхийг тодорхойлох боломжгүй хэмээн үзсэн байдаг. Гэвч шүүх дээрх тодорхойлолтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг зөрчиж нотлох баримтын үнэн зөв байдлыг шалгалгүйгээр нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргахад хүргэсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

С.Отгон нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

 Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга  2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б/01 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримтлан “...2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б/33 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан... ажил тасалсан зөрчил гаргасан...” гэсэн үндэслэл зааснаас үзвэл ажил олгогч нь С.Отгоныг “...сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэж халсан байна. 

 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй бөгөөд “давтан” гэдэгт сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь С.Отгонд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ажилтан 2016 оны 01 дүгээр сарын 04, 05, 06, 14-ний өдрүүдэд ажил тасалсан зөрчил гаргасан гэжээ. 

Ажилтны гаргасан зөрчил хангалттай баримтаар тогтоогдоогүй буюу ажлаас халах тушаал гарснаас хойш бүрдүүлсэн баримт нь ажил олгогчийн тушаалын үндэслэлийг нотлохгүй.

С.Отгоны гаргасан зөрчлийг “давтан”-с гадна ноцтой зөрчил гэж үзэж буй талаар хариуцагч тайлбартаа дурдсан учир ажилтны гаргасан гэх зөрчлийг “ноцтой” гэж үзэх эсэх талаар шүүх дүгнэлт өгсөн нь буруу биш байна.    

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв. 

Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн нь Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, Шүүгчийн эрх зүйл байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2016/00607 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 119 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 112.426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ