| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0652/Э |
| Дугаар | 5 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 5
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа,
хохирогч Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Оийн Сд холбогдох эрүүгийн 1711008860177 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Оийн С, 1995 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ0000000000000.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.С нь 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дотно зочид буудлын гадна Б.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болох өдөр манай багын 10 жилийн найз Эрхэмбаярын төрсөн өдөр болсон. Премиум зочид буудлын гадаа манай найз охины эгч ирсэн байхад нь Б.Дөлгөөн зайл гээд хашгирахаар нь би уурлаад нүүр рүү нь цохисон. Тухайн үед цохиж, зодохгүйгээр асуудлаа шийдээгүйдээ маш их харамсаж байна. Би Б.Дөлгөөнөөс уучлалт гуйж, эмчилгээний зардал төлсөн. Миний өндөр настай тэтгэвэрт гарсан эмээ, ээжтэй амьдардаг байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би архи уусан байсан, О.С харин машин барьж байсан учраас архи уугаагүй, эрүүл байсан. О.С эрүүл байсан учраас намайг боль гээд зүгээр хэлсэн бол би ойлгох хэмжээний эрүүл байсан. Миний хувьд 1-р эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг О.Сгээс авсан. Одоо надад гомдол, санал байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Дөлгөөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай найз Эрхэмбаяр миний утас руу залгаж маргааш найзынх нь төрсөн өдөр болно, тэгэхээр 9 дүгээр сарын 30-ны өдөр Тэнгис кино театрын ард талд байрлах ТВ-8 телевизийн хажуугийн сааданд уулзацгаая гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед ТВ-8 телевизийн хажууд уулзацгааж Баянбүрдийн тойргийн урдхан талд байрлах Премиум зочид буудлын доод давхарт байрлах караокед найзуудаараа уулзацгааж архи пиво ууж дуулцгааж байгаад 00 цагийн үед тэр газраасаа гараад урт цагааны хойд талд байрлах Дотно гэх нэртэй зочид буудлын гадна ирээд зарим нэг найзууд дотогш өрөө авахаар орсон байсан зарим нь гадаа байсан. Тэгээд манай найз охин Энхжин Сгийн машинд суугаад явж байхдаа найз охинтой нь маргасан Дотно төвийн гадна бууж ирэхдээ маргалдсан бууж ирсэн. Тэгэхээр нь би Энхжинг өмөөрөөд Сугараагийн найз охин Жавхаагийн эгчид хандаж юмаа авсан юм бол одоо зайлчих гэсэн чинь С надруу ойртож ирээд чи муу юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд миний нүд рүү цохиод авсан юм. Тэгээд бид 2 зууралдаад зогсож байтал манай найзууд салгаад манай гурван найз намайг гэмтэл рүү авч явсан. Тэгээд араас С ирээд бид нар нөгөө буудалдаа ирж хоноцгоосон…” гэжээ /хх-7-8/.
Гэрч М.Баттүшиг мэдүүлэхдээ: “...Дотно зочид буудлын гадна ирээд Дөлгөөн найз охинтойгоо жаахан түр тар гээд муудалцаад зогсож байсан чинь Дөлгөөн Сгийн найз охин Жавхаагийн эгч рүү дайраад байсан. Тэгээд жаахан муудалцаж байгаад С нэг мэдсэн Дөлгөөнийг цохьчихсон байсан...” гэжээ /хх12-13/.
Гэрч П.Энхбат мэдүүлэхдээ: “…Дөлгөөн найз охиноо өмөөрч Сугараагийн найз охины эгч рүү нь дайраад байсан тэр үед Сугараа найз охиноо өмөөрөөд Дөлгөөний нүүр рүү нь 2-3 удаа цохихоор нь бид нар очиж салгасан...” гэжээ /хх-14-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12525 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Дөлгөөний биед зүүнд нүдний нулимсны сувгийн тасрал, нулимсны суваг сэргээх мэс заслын дараах байдал, зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун зовхи, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, хохирогч Б.Дөлгөөний эх Д.Нямаад 400.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн баримт /хх-45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.С нь 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дотно зочид буудлын гадна Б.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгох ял шийтгэх боломжтой гэж үзэв.
Харин түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь Б.Дөлгөөн нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний зардал 400.000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Оийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН