Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/00210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01200/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******байрлах *******  (РД:*******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, ) нарт холбогдох,

“23,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч *******, Я.******* нарт холбогдуулан 23,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Иргэн З.******* нь Дархан зах худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг. 2021 оноос эхлэн *******, түүний захирал Я.*******, Д. нар Ихэр могой зоогийн газартаа надаас мах худалдан авдаг болсон. Мах авсан үедээ миний орлого, зарлага бичдэг дэвтэрт махны хэмжээ болон үнийг бичүүлж, төлбөрийг боломжоороо цувуулаад надад өгдөг байсан. Анхандаа төлбөрийг дараагийн мах авах үедээ өгчихдөг төлбөрийн хуримтлал бага үүсгэдэг байсан. Сүүлдээ төлбөрөө их хэмжээгээр хуримтлуулдаг болсон, би өмнө нь энэ хүмүүсийг шүүхэд өгч, төлбөрөө гаргуулан авч байсан. Үүний дараа дахиад хуримтлал үүссэн тул 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *******, түүний захирал Я.*******, Д. нарын авсан махны тооцоог Д.тай хамт тулгалт хийж надад 21,000,000 төгрөгийн төлбөртэй гэдэг тооцоо нийлж, миний дэвтэрт бичиж , бид хоёр гарын үсэг зурсан. Мөн энэ өдрөөс эхлэн тооцоо хийхээс нааш дахиж мах нийлүүлэхгүй гэдгээ хэлсэн. Би мөнгөө авахаар удаа дараа нэхэж байгаа боловч өнөөдөр маргааш гэж явсаар бүтэн 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Би махны жижиглэн худалдаа эрхэлдэг учир 21,000,000 төгрөг бол надад их хэмжээний мөнгө юм. Мөн энэ мөнгөний хэмжээгээр миний мах худалдан авч, ашиг олох боломж минь багасаж надад их хохирол учруулж байна. Надаас анх мах авдаг байх үедээ Я.******* нь *******-ийн захирал байж байгаад компаниа охин Д.ынхаа нэр дээр шилжүүлсэн гэж ойлгосон. Иймээс хариуцагч нараас махны төлбөр 21,000,000 төгрөг дээр, өөрийн олох байсан орлого буюу хохирлыг 2,100,000 төгрөгөөр тооцож нийт 23,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.         

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...З.*******ийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцсан боловч нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага бүрэн бус, хэнээс хэн гэдэг хүний гарт ямар албан тушаалтанд өгч авсан нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тооцооны гар бичмэл баримт, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0516 дугаартай итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1008 дугаартай захирамжийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, махны тооцоо ******* нэртэй 34 хуудастай дэвтэр, 2022-2023 оны нийт тооцоо нэртэй 15 ширхэг хуудастай дэвтэр, 2018-2019 оны нийт тооцоо нэртэй 31 хуудастай дэвтрийг эх хувиар нь гаргаж өгсөн болно. (хх 6, 81-82, 93,94 хуудас)

4.Хариуцагчаас *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10/24 дугаартай итгэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1171 дугаартай итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 13-15, 52 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б., С., Д., Б. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 60-63, 70-72, 74-75 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч З.*******ийн хариуцагч *******, Я.******* нарт холбогдуулан гаргасан 23,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...нэхэмжлэгч З.******* нь 2021 оноос эхлэн ******* болон түүний захирал Я.*******, Д. нарын ажиллуулдаг Ихэр могой зоогийн газарт мах нийлүүлдэг байсан. Эхлээд мах авах үедээ төлбөрийг боломжоороо цувуулаад өгдөг байсан бол сүүлдээ төлбөрөө их хэмжээгээр хуримтлуулдаг болсон. Өмнө нь энэ хүмүүсийг 2020 онд шүүхэд өгч, төлбөрөө гаргуулан авч байсан. Үүний дараа дахиад хуримтлал үүссэн тул 2023 оны 12 дугаар сарын 16-нд *******, Я.*******, Д. нарын авсан махны тооцоог Д.тай тулгалт хийж 21,000,000 төгрөгийн өр төлбөртэй гэдэг тооцоо нийлж З.*******ийн дэвтэрт бичиж, Д. болон З.******* нар гарын үсэг зурсан байдаг. Махны мөнгөө авахаар удаа дараа хариуцагч нараас нэхэж байсан боловч өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагч нараас махны төлбөрт 21,000,000 төгрөг, өөрийн олох байсан орлого буюу хохирлыг 21,000,000 төгрөгөөр тооцож нийт 23,100,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчаар ******* болон Я.*******ыг тодорхойлж байна. ******* нь өөрийн дансыг ашигладаггүй захирал Я.******* өөрийн дансаар компанийн үйл ажиллагааг явуулж байсан, үүргийн гүйцэтгэлийг салгах боломжгүй учир хамтран хариуцагч гэж үзэж байна” гэж тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Би *******-ийн ажлыг 2024 оны 05 дугаар сараас эхлэн хариуцаж байна. Үүнээс өмнөх асуудлыг мэдэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх ажил хүлээж авахад тооцооны дэвтрүүдийг устгасан гээд хүлээлгэж өгөөгүй. Манайд байх ёстой тооцооны дэвтэр яагаад нэхэмжлэгчид байгааг ойлгохгүй байна” гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан гэрч Д.ын “...З.******* 2016 оноос 2024 оны 05, 06 дугаар сар хүртэл *******-нд мах нийлүүлж ирсэн. Би *******-нд ерөнхий менежерээр 10 гаран жил ажиллаад 2024 оны 03 дугаар сараас ажиллахаа больсон. 2020 онд махны өр төлбөр 13,000,000 орчим төгрөг болсон. Шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр мөнгө гаргуулах ажиллагаа явагдаж байсан. З.******* нь тогтмол мах нийлүүлж, мах тасалдаггүй байсан. Махны тооцоо нийлэхэд 21 сая гарангийн төлбөр мөнгө болсон байна гэдгийг захирал Я.*******д хэлж байсан. Тухайн үед З.******* нь мах нийлүүлэхгүй гэж байхад нь ярилцаж тохиролцож нийлүүлсэн. Мах зогсвол манай байгууллагын үйл ажиллагаа зогсоно” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ы “...З.******* эгчийн бэлдэж өгсөн махыг *******-д хүргэж өгөх буюу зөөвөрлөх ажил хийдэг байсан. З.******* нь Ихэр Могой зоогийн газарт 10 гаран жил мах нийлүүлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн “... ******* нь З.*******ээс мах худалдаж авдаг байсан. Өөр хүнээс мах худалдаж авдаггүй байсан” гэх мэдүүлэг,

Гэрч С.ын “...З.******* нь надаар мах машиндуулж цааш *******-нд нийлүүлдэг байсан” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч З.*******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч З.******* нь *******-иас нийлүүлсэн махны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч З.*******, хариуцагч Я.******* буюу иргэний хувьд тэдний хооронд мах худалдах, худалдан авахтай холбоотой эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Я.*******ыг хариуцагчаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.Хэрэгт “...он сар өдрийг 2023.12.16 гэж, тооцооны дүнг 21,000,000 төгрөг гэж, тулгасан *******, гэх” бичвэр бүхий гар бичмэл эх хувь баримт нотлох баримтаар авагдсан байна.

Энэ баримтыг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д. “...мах хүлээж авдаг дэвтрийг тулгаж, З.******* болон бид хоёрын тооцоо нийлсэн баримт юм. Махны тооцоо нийлэхэд 21 сая гарангийн төлбөр мөнгө болсон байна гэдгийг захирал Я.*******д хэлж байсан” гэж мэдүүлсэн.

 Дээрхээс үзэхэд ******* нь өөрийн ажиллуулдаг байсан зоогийн газарт З.*******ээс мах худалдаж авдаг байсан, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар худалдан авсан махны үнэ 21,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах нь зүйтэй.

6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******-иас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй ба үүнд зайлшгүй орох байсан орлого хамаарна.

Гэвч хариуцагч ******* нь төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид 2,100,000 төгрөгийн орлого орох ёстой байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул үлдэх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй баримтаа нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

7.Хариуцагчаас “... ******* нь Ихэр могой нэртэй зоогийн газар ажиллуулдаг байсан. Тухайн зоогийн газар дотор 7 өөр цайны газар түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсны хуушуур, буузны цайны газрыг л ******* ажиллуулдаг байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Д. нь Монгол Оюу нэртэй цайны газрыг тусдаа ажиллуулдаг байсан. Д.тай нийлсэн тооцоог *******-тай нийлсэн тооцоо гэж үзэх боломжгүй” гэж маргаж байх боловч татгалзал нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас 262,950 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******-иас 21,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Я.*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НОМИН