Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/603

 

Б.Б, Ш.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-, Ш.Л- нарт холбогдох 2202 00135 0381 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б-ы Б-, 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Г”-ийн Ажлын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн Ш-ын Л-, 1950 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 73 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Х” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /.

Б.Б- нь нийтийн албан тушаалтнаар буюу Х яамны “Г”-ийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах...”

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, 37.1.3-т заасан эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.13- т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг", 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэсэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж,

“Г”-, “Х” нийгэмлэг төрийн бус байгууллагын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох сургалт зохион байгуулах (багц 2) /Хэв журмын болон замын цагдаагийн алба хаагчдад/”, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах (Багц 07) /Нийгмийн ажилтнуудад/ гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Л-гээс “Х” нийгэмлэг төрийн бус байгууллагын байрлаж буй Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... хаягтай оффисоос интернэт банк ашиглан Ж.Д-гийн Хаан банкны дансаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 444444444 тоот дугаартай дансаар хахуульд авсан,

Мөн 2020 оны 7 дугаарын 20-ны өдрийн 67 дугаартай “Их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтыг зохион байгуулах (багц 02)” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгох гэсэн хахууль өгөгч Ш.Л-гийн ашиг сонирхлын үүднээс зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...  дүгээр хороо, ... хаягт байрлах Х яамны гадаа 1.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр хахуульд авч үргэлжилсэн гэмт хэрэгт,

Ш.Л- нь “Г”-тэй 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох сургалт зохион байгуулах (багц 2) /Хэв журмын болон замын цагдаагийн алба хаагчдад/”, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай “Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах (Багц 07) /Нийгмийн ажилтнуудад/ зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан, мөн гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээс хэрэгжүүлсэн ажлын тайланг хүлээн авч дүгнэсэн, зөвлөх үйлчилгээний санхүүжилтийг олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... хаягтай оффисоос интернэт банк ашиглан Ж.Д-гийн Хаан банкны данснаас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 100.000 төгрөгийг “Г”-ийн ажлын албаны мэргэжилтэн Б.Б-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 444444444 дугаартай данс руу шилжүүлж хахууль өгсөн,

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаарын 20-ны өдрийн 67 дугаартай “Их, дээд, ерөнхий боловсролын сургуул болон Мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтыг зохион байгуулах (багц 02)” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад байнга хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... хаягт байрлах Х яамны гадаа 1.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр “Г”-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Б-д бэлнээр хахуульд өгсөн гэх хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газар: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр, Ш.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Б-ы Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Ш-ын Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 2 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Ш.Л- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 650.000 төгрөг, Ш.Л-гээс 650.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б-, Ш.Л- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “...”Х” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Л- нь сүүлийн 2 жилийн хугацаанд “Г”-ийн ажлын албанаас зарласан тендерт оролцоод шалгараагүй, санхүүжилт авч чадаагүй тухай гомдлыг удаа дараа албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлд гаргасан байдаг. Ш.Л-гийн гаргасан гомдолд дээрх газрууд нь “Гомдлыг хангах үндэслэлгүй" хариу өгсөн бөгөөд үүнээс үүдэн миний эсрэг худал мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Ш.Л-гийн гомдлыг холбогдох байгууллагууд хангаагүйд бухимдаж, сэтгэл зүйн тогтворгүй үедээ намайг гүтгэсэн юм. Авлигатай тэмцэх газраас энэхүү асуудлыг шалгаж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг прокурорт гаргасан. Үүний дараа хариуцсан мөрдөгч нь эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлсэн байдаг. Прокурор уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийх даалгаврыг мөрдөгчид өгсөн боловч мөрдөгч уг ажиллагааг гүйцэтгээгүй. Энэ үед хариуцсан прокурор солигдож, шинээр томилогдсон прокурор нь уг хэрэгт урьд гаргасан прокурорын даалгаврын гүйцэтгэлийг хангалгүйгээр намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоол гарган, мөрдөн байцаалтын ажиллагааг дууссан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөгч, прокурор нь Ш.Л-д тулгарсан нөхцөл байдал, сэтгэл зүйн хувьд үнэн бодит мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн тухайн үед түүний өгсөн мэдүүлэгт үндэслэн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.Ү-ыг эмчлүүлэх шаардлагатай байх үед иргэн Ж.Д-, Ш.Л- нарын сайн дураар тусламж үзүүлэхийг санал болгох үед нь 1.000.000 төгрөг зээлсэн. Миний эхнэр Э.Ү нь анх 2011 онд тархины хавдар /менингиома/ өвчнөөр оношлогдон хагалгаанд орсны дараа 2015 онд хоёр дахь хүүхдээ төрүүлэх үед өвчин дахин сэдэрч, урьд хагалгаа хийлгэж байсан Гуравдугаар эмнэлэгт үзүүлсэн боловч хагалгаа хийх боломжгүй хариу сонссон. Иймд 2018 онд Япон улсад дахин хагалгаанд орсон бөгөөд тархины эд эс маш удаан нөхөн төлждөг учир эмчилгээ хийлгэснээс хойш 1 жилийн дараа дахин очиж эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Учир нь хагалгаа хийлгэсэн тархины зүүн хэсгийн эд эс хагалгааны дараа гүйцэд эдгэлгүй хавантай, үрэвсэлтэй хэвээр байсан юм. Санхүү, мөнгөний боломжгүйн улмаас хойшилсоор 2020 онд Япон улс руу явахаар шийдсэн юм. Ингээд гадагшаа эмчилгээнд явахад өртөг зардал өндөр байдаг тул боломжийн хэрээр мөнгө хайж эхэлсэн. Тухайн үед Б.Б- би банкнаас авах боломжтой цалингийн зээлийн дээд хэмжээ буюу 15,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 06 дугаар сарын 08-нд Голомт банкнаас авч байсан. Миний эхнэр Э.Ү нь 2018 онд Япон улс руу эмчилгээнд явснаас хойш одоог хүртэл дахин тус улс руу явж чадаагүй тул түүний тархины зүүн хэсэг байнгын хавантай, зүүн нүд нааш бүлтийж, элдэв янзын хоол хүнс хэрэглэх үед биеийн зүүн хэсэг янгинаж хавагнал ихсэх байнгын зовуурьтай хэвээр байгаа. Намайг гэр бүлийн хүний эмчилгээнд мөнгө хайж, хүнтэй утсаар ярилцаж байхыг тухайн үед Ж.Д- сонсоод Ш.Л-д хэлж, “Бид танд тусалъя” гэсэн тул би түүнээс 1 сая төгрөгийг зүгээр авалгүйгээр зээлсэн. Гэвч Япон улсад дахин эмчилгээ хийлгэхэд хүрэлцэх хэмжээний мөнгө цуглараагүйн улмаас дээр дурдсан Голомт банкнаас авсан цалингийн зээл болон бусад хүмүүсээс зээлсэн мөнгийг буцааж төлсөн. Зээлсэн мөнгөө Ж.Д-д буцаан төлсөн боловч тэрээр энэ тухай Ш.Л-д хэлээгүй, мөнгийг түүнд өгөөгүй байсан нь Ш.Л-г манай байгууллагын талаар гомдол гаргаад “Гомдлыг хангах боломжгүй" хариу сонссон. Дээр нь миний буцаан төлсөн мөнгийг төлөөгүй байгаа гэж бодсоны улмаас намайг гүтгэхэд хүргэсэн гэж үзэж байна. Би иргэн Ш.Л- болон Ж.Д- нараас авсан зээл нь албан үүрэгтэй холбоогүй ба тухайн үед зайлшгүй тусламж хэрэгтэй байсан үед надад туслахыг хүсэж байна гэсэн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хийсэн үйлдэл билээ. Энэ нь миний шүүхэд гарган өгсөн эхнэр Э.Ү-ийн өвчний талаарх холбогдох баримт болон яллагдагч Ш.Л-, гэрч Ж.Д- нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “Албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно", 17.5.1-д “хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, уг хуулиар албан тушаалтан өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатай хандив, мөнгөн тусламжийг бусдаас авахыг хориглоогүй тул намайг “зээл нэрээр бусдаас авлига авсан гэж үзэх" үндэслэлгүй юм. Гэтэл прокурор уг хуулийн дээрх заалтыг шүүхэд тайлбарлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан “Гэр бүлийн гишүүн болон төрөл, садны хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэснийг хамааруулан хуулийг буруу тайлбарлаж, ялласан. Гэтэл уг хуулийн 16.4 дэх хэсэг нь мөн хуулийн 17.5 дахь хэсэгт "...хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд" гэсний “бусад тохиолдолд буюу өөрөөр хэлбэл хүнд өвчнөөс бусад тохиолдолд" авсан бэлэг, үйлчилгээний хөлсөнд хамаарах зохицуулалт юм. Харин миний иргэн Ш.Л-гээс зээлсэн 1.000.000 төгрөгийн асуудал нь уг хуулийн 17.5 дахь хэсэгт заасан "хүнд өвчний үед бусдын зээл, тусламж зайлшгүй шаардлагатай байх үедээ авсан хандив, тусламж” гэдэгт хамаарна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-, Ш.Л- нарын хооронд мөнгө өгч, авсан үйл баримт байх боловч энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 28 дугаар зүйл “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь”, 28.1-д “Энэхүү конвенцод заасан гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно" гэснээс үзэхэд Б.Б- нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл хийсэн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн “Хахууль авах” гэмт хэргийн “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд...” гэсэн гэмт хэргийн субъектив санаа зорилго байсан эсэх, Ш.Л-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн “Хахууль өгөх" гэмт хэргийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох" субъектив шинж байсан эсэх, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцийн:

III бүлэг: Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах.

15 дугаар зүйл.Үндэсний нийтийн албан тушаалтныг хахуульдах

  1. Оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоомж батлах болон бусад арга хэмжээг авна. Үүнд:

(а) нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох;

(b) нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл эсхүл эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Л-гийн мэдүүлэг /1хх 46-48/-т “...Би бодохдоо энэ хүн надаас авлига авчихсан байна гэж ойлгож байна. ...”, /3хх 174/-д “...Д- надад Б.Б- мөнгө зээлээч гэж байна гэсэн. Тэгээд л зээлсэн. ...” гэх мэдүүлэг, Ж.Д-гийн /1хх 51-52/ "...Б.Б- гэдэг мэргэжилтэн надаас “Мөнгө байна уу, 1 сая төгрөг зээлээч” гэсэн. ...Тэр үед надад мөнгө байхгүй байсан ба би Ш.Л- эгчид “Б.Б- надаас 1 сая төгрөг зээлээч гэж байна, та зээлчих юм уу” гэж хэлсэн. Тэгээд өөрөө зөвшөөрөөд би зээлчихье гэсэн. ...Б.Б-гийн хувьд манай байгууллагаас явцын тайланг хүлээж авдаг байсан. Төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн оролцоо байхгүй. Зөвхөн тайлан хүлээж авдаг байсан” гэсэн мэдүүлэг болон /3хх 170/-д 2021 оны 4 дүгээр сарын 25-нд Ж.Д-гийн гараар бичсэн баримт, Б.О-ын /1хх 55-57/ "...Чиглэл хариуцсан мэргэжилтэн нь үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ажлыг хариуцдаг. ...” гэснээс үзэхэд Б.Б-гийн хувьд Ш.Л-гийн тэргүүлдэг ““Х” нийгэмлэг” ТББ-д нь давуу байдал олгосны төлөө хахууль буюу шан харамж авсан гэх субъектив нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзнэ.

Харин Б.Б-гийн гэр бүлийн хүн нь 2018 онд тархины хорд хавдартай байсан, Ш.Л-, Ж.Д- нарын хувьд гэр бүлийн хүнээ тухайн үед Япон улс руу эмчилгээнд авч явахыг нь мэдээд тусалсан гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Б.Б-гийн бусдаас хандив тусламж авсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно", 17.5.1-д "хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд” гэсэнтэй нийцэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хэргээс Б.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Ш.Л- нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнд, шүүгдэгч Ш.Л- нь анх Төрийн албаны зөвлөлд гэрч Ж.Д-гаар дамжуулж зээлүүлсэн мөнгийг буцааж өгөхгүй байна гэсэн гомдлыг анх гаргасан баримт хэрэгт авагдсан бөгөөд улмаар уг гомдол Авлигатай тэмцэх газарт шилжсэн. Гэтэл шүүхээс энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Учир нь, шүүхийн дүгнэлтэд дурдсан өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл дээр дурдсан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэх өдрөөс өнө  бий болсон гэж үзэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх боломжгүй болгож байна. Учир нь шүүгдэгч Ш.Л- нь Б.Б-д анхнаасаа 1 сая төгрөг зээлдүүлсэн талаараа анх гаргасан гомдолдоо болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа мэдүүлдэг. Гэтэл дээрх эрх зүйн харилцаа байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Мөн шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Д-гаас шилжүүлсэн гэх 100.000 төгрөгөөр хийсэн хоёр удаагийн гүйлгээг ямар үндэслэлээр Ш.Л-г өөртөө давуу байдал олох зорилгоор бусдад шилжүүлсэн мөнгө гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа байгаа эсэх, байгаа бол хэн хэний хооронд зээлийн гэрээний харилцаа байгаа эсэхэд анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ш.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч С.Номиндалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтан гэдэг ерөнхий ойлголтоор ял оногдуулсан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамрах этгээдийг нарийвчлан заасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Б-г Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан” гэж үзэхгүй байна. Учир нь, энэ заалтад удирдах албан тушаалтан гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.Б- нь Х сайдын дэргэдэх зөвлөлд ажилладаг бөгөөд гэрээ байгуулагдаад ирсний дараа гэрээний хэрэгжилтэд хяналт тавьдаг мэргэжилтэн. Анхан шатны шүүхээс ерөнхий байдлаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг хахууль өгсөн, авсан гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэх субьектив санаа, зорилго байгаагүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Х яамны “Г”-ийн ахлах мэргэжилтний албан тушаал нь төрийн тусгай алба бөгөөд гүйцэтгэх албан тушаалтанд хамаардаг. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хамаарна. Тийм учраас субъектийн шаардлагыг хангаж байна. Шүүгдэгч нарын үйлдлийг улсын яллагчийн зүгээс яллахдаа зээлэх нэрийдлээр нэг нь төрийн байгууллагын ажилтан, нөгөөх нь харилцагч байгууллагын ажилтан хоорондоо үүссэн харилцаанд авлигын шинжтэй үйлдэл байгаа эсэхийг анх шалгаж эхэлсэн. Уг ажиллагаа нь шүүгдэгч Ш.Л-гээс ирүүлсэн “Надаас авсан мөнгөө өгөхгүй байна. Надаас авлига авсан юм шиг байна” гэсэн гомдлын дагуу анх энэ хэрэг шалгагдаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г”-ийн ахлах мэргэжилтэн буюу төрийн байгууллагыг төлөөлж байгаа албан тушаалтан. Нөгөө талд нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа харилцагч байгууллага байгааг олж тогтоосон. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 54, 52 гэсэн дугаартай хоёр гэрээг байгуулж ажилласан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдөр, мөн оны 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд буюу тухайн гэрээ дуусаагүй байх явцад 100.000 төгрөгийг гурван удаа Ш.Л-гээс нийтийн албан тушаалтан болох Б.Б- рүү шилжүүлсэн. Дараагийн гэрээ болох 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдах байсан 67 дугаартай гэрээ байгуулагдахын өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг Б.Б- нь Ш.Л-гээс зээл, хандив нэрийдлээр авсан. Шүүгдэгч Б.Б- “Тухайн үед манай эхнэр өвчтэй байсан учраас энэ мөнгийг хандив нэрийдлээр авсан” гэж байна. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хандив гэдгийг шүүгдэгч талууд хэлдэг боловч тухай хуулийн 17 дугаар хандив авах боломжийг “Хандив авахдаа дээд шатны байгууллагад мэдэгдэх ёстой. Мөн хандив авахдаа харилцаанд ороогүй гуравдагч этгээдээс авна” гэж хуульчилсан. Мөн зүйлийн 17.4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хандив тусламжийг авсан албан тушаалтан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нь 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан. Мөн энэ зүйлийн 17.1 дэх хэсэгт “Албан тушаалтан, төрийн захиргааны байгууллага нийтийн хэрэгцээнд зориулсан иргэн хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасан. Хэрэв албан тушаалтан нь хандив, тусламж авч байгаа бол өөрийн шууд харилцаж байгаа байгууллага албан тушаалтнаас бус гуравдагч этгээдээс авах боломжтой. Иймд шүүгдэгч нарын хэлээд байгаа үйлдлийг нэгэндээ тусалсан хандив гэх нэрийдлээр ойлгох боломжгүй. Нөгөөтээгүүр хэрэгт дурдагдсан баримт буюу мөнгө авч байгаа цаг хугацаа, гэрээ байгуулсан цаг хугацаанаас хамаарч тухайн мөнгийг зээлэх нэрийдлээр ашиг хонжоо олох зорилгоор авсан гэдэг нь тогтоогдсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд хясан боогдуулсны улмаас хахууль өгөх, мөн хахууль өгөгчийн хувьд аргагүй байдалд орсон байдлыг үздэг. Хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн төрийн байгууллага болон аж ахуй нэгжийн хоорондын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-, Ш.Л- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

гэрч Ж.Д-гийн: “...2018 оны 12 дугаар сараас “Х” нийгэмлэг ТББ-д тэргүүн, төслийн менежерээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. ...Б.Б- гэдэг хүнийг мөн энэ байгууллагад ажилд орж төсөл хэрэгжүүлэх болсноос хойш таних болсон. Тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мэргэжилтэн нь байсан. Б.Б-тэй албаны харилцаатай байсан. Төсөл хэрэгжүүлж байх үедээ тайлан мэдээгээ өгөх байдлаар харилцаж байсан. ...Б.Б-, Ш.Л- нартай ямар нэгэн өглөг, авлагын зүйл байхгүй. Ш.Л- гуайтай сүүлдээ таарамжгүй харьцаатай болоод ажлаасаа гарсан. ...Ш.Л- гуай мөнгө шилжүүлж мэддэггүй. Миний данс руу мөнгө хийгээд “ийшээ, тийшээ шилжүүлээд өг” гэдэг. Эсвэл өөрөө дансандаа мөнгөгүй байгаа бол “Чи хэдэн төгрөг шилжүүлчих, дараа нь өгье” гээд өгөх үе байдаг. Миний хувьд Б.Б-д мөнгө өгч байгаагүй, зээлж байгаагүй. Миний данснаас гарсан мөнгийг Ш.Л- эгч шилжүүл гэхэд нь шилжүүлсэн. Би яагаад шилжүүлж байгаа талаар нь мэдэхгүй. ...1 сая төгрөгийн тухайд гэвэл Б.Б- “Надад зээлээч” гэж Ш.Л- гуайд хэлж байсан. ...2021 онд хэдэн сарыг нь мэдэхгүй байна, зун л байсан. Тэнд уулзаад 1 сая төгрөг бэлнээр авсан. Х яамны баруун талд замын баруун хэсэгт байдаг хоолны газарт хамт хоол идэж байхдаа өгсөн. Мөнгө авсан баримт байхгүй. ...Би 2021 онд байраа худалдсан юм. Сар бүрийн 20-ны өдөр миний Голомт банкны дансанд 950.000 төгрөг ордог юм. Байрны үлдэгдэл мөнгө 20.000.000 төгрөгийг надад сар бүр хувааж өгдөг юм. Энэ мөнгөнөөсөө Ш.Л- гуайд шилжүүлж өгсөн. ...” /1хх 51-52, 3хх 178/,

гэрч Б.О-ын: “...“Г” ажлын албаны мэргэжилтэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн статистик мэдээллийг хариуцаж ажилладаг. Чиглэл хариуцсан мэргэжилтэн нь Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах асуудлыг хариуцдаг. Гэрээ байгуулсны дараа гүйцэтгэлд нь явцын хяналтаа тавих, ажлаа хийгээд дууссан бол гэрээгээ дүгнэх ажлыг хариуцдаг. Санхүүжилтийн хувьд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу санхүүжилтийг хийгээд явдаг. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийг дүгнэж, санхүүжилтийг олгох эсэх асуудлыг тухайн чиглэлийг хариуцсан мэргэжилтэн нотломж, тайланг хүлээн авч үнэлээд гэрээ дүгнэсэн акт үйлддэг. Гэрээ дүгнэсэн актаа үйлдээд хэлтсийн даргаар хянуулсны дараа санхүүд өгч санхүүжилтийг олгодог. ...Хуульд заасан хориглолтуудыг мөрдөж ажиллана. Гүйцэтгэгчээс авах хураамж, төлбөр гэж байхгүй. ...” /1хх 55-57/ гэсэн мэдүүлгүүд,

“Г”- болон ““Х” нийгэмлэг” төрийн бус байгууллагын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай (Багц 2) Хэв журмын болон замын цагдаагийн албан хаагчдад зориулсан Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай (Багц 07) хороодын болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалт, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 67 дугаартай (багц 02) Их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил сургалтын төвийн эмч нарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг таних, шаардлагатай арга хэмжээ авах сургалтуудыг зохион байгуулах тухай гэрээ, түүнд холбогдох материалууд /1хх 67-2хх 78/,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хийгдэх зөвлөх үйлчилгээ, бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны болон тендерийн баримт бичиг /2хх 81-3хх 23/,

зөвлөх үйлчилгээ үзүүлэгч төрийн бус байгууллагын тэргүүн болон менежерийн данснаас 300.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж шүүгдэгч Б.Б-гийн данснууд руу орсон, шүүгдэгч Б.Б-гийн Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудаас 300.000 төгрөгийг буцаан төлсөн зарлагын гүйлгээ 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдээгүй болохыг тогтоосон шүүгдэгч нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 102-103/,

шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /3хх 115-135/, шүүгдэгч Ш.Л-гээс Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлт /3хх 169/, шүүгдэгч Ш.Л-гээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан гомдол /1хх 7-17/ болон бусад нотлох баримтуудаар:

“Г” зөвлөл, “Х” нийгэмлэг төрийн бус байгууллагын хооронд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 54, 56 дугаартай хэв журмын болон замын цагдаагийн албан хаагчид, хороод, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил, сургалтын төвийн эмч нарт чиглэсэн Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодис таньж ялгах мэдлэг олгох, мөн Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулан батлуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны явцад хяналт тавих, зөвлөх үйлчилгээний тайланг үнэлэх, санхүүжилт олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах буюу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан болох “Г”-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Б- нь дээрх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэгжүүлэхийн тулд төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Л-ээс 2020 оны 01 дүгээр сарын 26, 27, 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус бүр 100.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан буюу үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан,

Шүүгдэгч Ш.Л- нь нийтийн албан тушаалтан Б.Б-г дээрх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан төрийн бус байгууллагын ажилтан Ж.Д-гийн дансаар Б.Б-гийн данс руу 2020 оны 01 дүгээр сарын 26, 27, 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус бүр 100.000 төгрөгийг нийт 300.000 төгрөгийн шилжүүлэн хахууль өгсөн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-, Ш.Л- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ш.Л-г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Хэрэгт авагдсан “Г”-ийн ажлын алба дахь албан хаагчдыг томилсон Х сайдын тушаал, тус ажлын албаны ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт зэргээс үзэхэд Б.Б- нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

Шүүгдэгч Б.Б- нь “Г”-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага болох “Х” нийгэмлэгийн гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй  үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээний дагуу хийгдсэн үйлчилгээний тайланг үнэлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд буюу тус төрийн бус байгууллагаас аливаа хэлбэрээр мөнгө, зээл, хандив, бэлэг авах нь ашиг сонирхлын зөрчил бүхий болохыг мэдсээр байж ийнхүү мөнгө авсан нь хуульд заасан хязгаарлалтыг зөрчиж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцсон,

харин шүүгдэгч Ш.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв хэрэглэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан хандив авахтай холбогдсон хязгаарлалттай холбоотой хэм хэмжээг заасан бөгөөд албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа тодорхой төрлийн ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, санхүүгийн бусад туслалцааг хуульд заасан хязгаарлалтад хамаарахгүй бол эхлээд өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авсны үндсэн дээр авч болохоор заасан.

Гэтэл шүүгдэгч Б.Б- нь шүүгдэгч Ш.Л-гээс мөнгө авсан нь дээр дурдсанчлан “албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээд” гэсэнд хамаарахгүйгээс гадна хэрэгт шүүгдэгч Б.Б- өөрөө, эсхүл түүний хамаарал бүхий этгээд хүнд өвчтэй гэх баримт авагдаагүй байна.

Шүүгдэгч Ш.Л-гийн хувьд зөвлөх үйлчилгээний гэрээний захиалагч тал буюу нийтийн албан тушаалтан Б.Б-гийн үйлчилгээний тайланг үнэлэх, хяналт тавих зэрэг чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн дараагийн зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах тендерт оролцох үед дээрх албаны чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө зээлдүүлэх нэрийдлээр мөнгийг шилжүүлэн өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасанд үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ш.Л-гийн үйлдэлд тэрээр хясан боогдож, аргагүй байдалд орсны улмаас нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хөнгөн ялыг буюу торгох ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан торгох, хорих ялаас торгох ялыг сонгож, хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч Ш.Л-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдэж мөнгө өгөлцөж, авалцаж байсан үйл баримт нотлогдож тогтоогдсон бөгөөд уг хууль бусаар авсан мөнгийг Б.Б- нь “Би мөнгийг Ш.Л-д буцааж өгсөн” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгч Б.Б-гээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                 Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                                  Ц.ОЧ