Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Э.Энхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Ё.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ё.Год холбогдох 1732000510074 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникийн слесарь мэргэжилтэй, *тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Ёндонгийн Г.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ё.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, “Адуунчулууны ар" гэх газар байрлах Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ногооны талбайн ажилчидын байранд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний шилжих шөнө хамтран амьдрагч Г.Даг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Г мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Би буруу зүйл хийснээ гүнээ ухамсарлан ойлгож, маш их гэмшиж байна. Энэ хэрэгт өөрийгөө зөвтгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүхээс гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Миний талийгаач ээж Г.Да энэ Ё.Г гэдэг хүнтэй хамтран амьдарч эхлээд 2-3 жил болж байна. Намайг Замын-Үүдэд явж байтал нэг хүн над руу залгаад “энд хоёр хүүхэд байна, хаана буулгах ёстой вэ” гэж асуухаар нь би уурлаад гэртээ ирсэн чинь манай эхнэр “нөгөө хоёр чинь зодоон болоод хүүхэд хөөсөн гэж байна, тэр хоёр хүүхэд эмээгээ их өрөвдсөн гэж байна” гэж хэлсэн. Ингээд би Баянгол сумын цагдаад мэдэгдэж, манай ээжийг Ё.Г зодсон байна, очиж шалга гэж хэлсэн ба би 2017 оны 08 сарын 14-ний өдөр Баянгол сумын хэсгийн төлөөлөгч утсаар ярихаар нь очиход ээж цагдаагийн хэсгийн үүдэнд сууж байсан ба намайг загнаад “миний хүү ээжийгээ бодоод цагдаад гаргасан гомдлоо эргүүлээд авчих, энэ өвгөнийг яахнав дээ” гэж хэлээд байсан. …ээж Г.Дагийн биеийн байдал нь хэвийн, зүгээр ярьж байсан, харин нүүр ам нь авах юм байхгүй, битүү хөхөрчихсөн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19, 21-23-р хуудас/

          Гэрч С.Ор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 08 дугаар сарын 11-ний өглөө үнээгээ саагаад        гэртээ орж иртэл Да эгч манай жижиг гэрт орж ирээд хэвтчихсэн байсан юм. Тэгээд би Да эгчийг сэрээгээд хартал Да эгчийн нүүр ам нь бүр тэгшрээд хөхрөөд хавдчихсан байхаар нь яагаад нүүр ам чинь хавдчихсан юм бэ? гэхэд “мэдэхгүй, би байшингийнхаа гадаа унтаж байна” гэж байсан. Тэгэхээр нь би Г ах таныг зодсон юм уу? гэхэд “үгүй ээ, эмч, цагдаа дуудаад хэрэггүй” гэж гуйгаад байсан. Тэгээд би Пунсалдуламд энэ талаар хэлэхэд Пунсалдулам Г.Да эгчийн дүү рүү утсаар хэлсэн... Энэ үед Г ахыг дуудаад энэ хүнийг зодоод ийм болгосон байна гэхэд өөдөөс юу ч дуугараагүй уйлаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-33-р хуудас/

          Насанд хүрээгүй гэрч Г.Ан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Г өвөө манай Да эмээг унтаж байхад гараараа гэдэс рүү нь цохиод дараа нь татаж босгож байгаад толгой нүүр лүү нь гараараа цохиод бас байшингаас гаргаад гадаа газарт хэвтүүлчихсэн байсан. Г өвөө өөрөө орон дээр хэвтэж байсан. Дүү бид хоёр хувцасаа өмсөөд хот руу явна гэж бодоод гараад ирсэн чинь Г өвөө гадаа гарчихсан эмээгийн хажууд очоод “би энд ирсэн юм уу, чи энд ирсэн юм уу?” гэж хэлээд эмээгийн дээрээс хөлөөрөө дэвсэж зодоод хашгираад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-39-р хуудас/

        2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1138 дугаартай дүгнэлт: ...

 

         1. Талийгаач Г.Дагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун цавь, баруун тавхайн ар хэсэгт цус хуралт гэмтэл учирчээ.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 117-124-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ё.Гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 138 дугаар хуудас/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /ХХ-ийн 139-140 дугаар хуудас/, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тодорхойлолт /ХХ-ийн 142 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ё.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, “Адуунчулууны ар" гэх газар байрлах Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ногооны талбайн ажилчидын байранд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний шилжих шөнө хамтран амьдрагч Г.Даг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-19, 21-23-р хуудас/, Гэрч С.Орын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-33-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.Анийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-39-р хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1138 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 117-124-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ё.Гыг хохирогч Г.Дагийн биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ё.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, “Адуунчулууны ар" гэх газар байрлах Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ногооны талбайн ажилчидын байранд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний шилжих шөнө хамтран амьдрагч Г.Даг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учир хэлэлцэгдэх хохирол, төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ёндонгын Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Гыг 1100 нэгж буюу 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь зааснаар ялтан Ё.Гыг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ё.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.