| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/06558/И |
| Дугаар | 197/ШШ2025/00550 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00550
2025 01 31 197/ШШ2025/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж 10/15 7 тоот хаягт байрлах, “Хөдөөгийн цахилгаан” ХХК /регистрийн дугаар: *******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
“2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10/07 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” болон 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/06 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэлмэг нар оролцов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөөгийн цахилгаан” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10/07 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” болон 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/06 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгуулах“ тухай
нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “Манго капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 308.491.319 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар тогтоолооор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явагджээ.
2.Нэхэмжлэгч талаас: барьцаа хөрөнгө болох “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 11 хороо,13221 *******ын гудамж 10/15-7 тоот хаягт байрлах,196 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсоны дагуу 2023 оны 11 сарын 02-ны өдөр 858,480,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосноос хойш анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 10 сард, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 11 сарын дараа гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 63 дугаар зүйлийн 63.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэх заалтыг зөрчсөн хэмээн гомдол гаргасан,
хариуцагч талаас: Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлснээс хойш төлбөр төлөгч үнэлгээний талаар 2023 оны 11 дүгээр сарын 17 өдөр шүүхэд гомдол гаргасан. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11081 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалаар төлбөр төлөгч Д.Болдын үнэлгээнд гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон. Үнэлгээтэй холбоотой хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 11 сарын хугацаа өнгөрсөн Тухайн үед магадлалаа хүлээж аваад дахиж гомдол гаргасан эсэх талаар шүүхийн тамгын газар луу албан бичиг хүргүүлээд гомдол гаргаагүй талаар 2024 оны 8 сард лавлагаа авсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралттай байсан. Өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж маргажээ.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт ”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасанчлан төлбөр төлөгч Д.Болд нь “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11081 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. /хх 29-37/
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчинтөгөлдөр болжээ.
4.Төлбөр төлөгч Д.Болдын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэснээс хойш Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2024 оны 09 сарын 10-нд 10/07 тоот “ Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгө болох “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 11 хороо,13221 *******ын гудамж 10/15-7 тоот хаягт байрлах,196 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Хөрөнгийн үнэлгээ” ХХК-иас тогтоосон шинжээчийн үнэлгээ болох 858,480,000 төгрөгийн 70 хувиар тооцон 600,936,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 10:00 цагт...200 тоот өрөөнд анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоолыг төлбөр төлөгч Б.Б******* 2024 оны 09 сарын 12-ний өдөр 4-181/20747 тоот мэдэгдлийг Монгол шуудан ХХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлжээ. / хх 13,14/
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “ Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ “ гэж заасны дагуу 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 10:00 цагт ...200 тоот өрөөнд анхны албадан дуудлага худалдаа явуулахаар нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар шинжээчийн тогтоосон үнэлгээ 858,480,000 төгрөгийн 70 хувь болох 600,936,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулсан боловч ”борлогдоогүй “ гэх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцжээ.
2024 оны 10 сарын 08-ны өдөр 11/06 тоот ”Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” -оор 858,480,000 төгрөгийн 50 хувиар тооцон 429,240,000 төгрөгөөр хоёр дах албадан дуудлага худалдааг 2024 оны 10 сарын 25-нд 10 цагаас ... 200 тоот өрөөнд явуулахаар шийдвэрлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн захирал Я.Бт мэдэгдэл хүргүүлсэн боловч дуудлага худалдаа явуулах талаар нийтэд мэдээлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
6.Хариуцагч талаас: үнэлгээтэй холбоотой хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 11 сарын хугацаа өнгөрсөн. Тухайн үед магадлалаа хүлээж аваад дахиж гомдол гаргасан эсэх талаар Шүүхийн тамгын газар луу албан бичиг хүргүүлээд гомдол гаргаагүй талаар 2024 оны 8 сард лавлагаа авсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралттай байсан хэмээн тайлбарлажээ.
Хавтаст хэрэгт ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11081 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Болдын үнэлгээнд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр, магадлал авагдсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ” гэж зааснаар талууд Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалыг 2024 оны 06 сарын 15 гэхэд гардаж авсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч талын “үнэлгээтэй холбоотой хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 11 сарын хугацаа өнгөрсөн. Тухайн үед магадлалаа хүлээж аваад дахиж гомдол гаргасан эсэх талаар Шүүхийн тамгын газар луу албан бичиг хүргүүлээд гомдол гаргаагүй талаар 2024 оны 8 сард лавлагаа авсан “гэх тайлбар үгүйсгэгдэв. Мөн энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралттай байсан гэх боловч баримт авагдаагүй болно.
7.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 05 сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалыг 2024 оны 06 сарын 15 гэхэд гардаж авснаар тооцоход 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах хуулийн хугацаа нь 2024 оны 06 сарын 30 гэхэд дууссан байхад 2024 оны 09 сарын 10 хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх үйл баримт нотлогдоогүй, хариуцагч талаас татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.
Хариуцагч талаас “Манго капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б******* холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт нийт 308.491.319 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн болон Шүүхийн тамгын газар луу албан бичиг хүргүүлээд гомдол гаргаагүй талаар 2024 оны 8 сард лавлагаа авсан гэх баримт... зэрэг бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны /анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулсан / талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй болохыг дурдав.
Тиймээс нэхэмжлэгч талын Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 29-ны өдрийн 1137 дугаартай магадлалыг хүчинтөгөлдөр болсноос хойш 2 сарын дараа анхны албадан дуудлага худалдаа явуулсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.
8. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 2024 оны 09 сарын 10-нд 10/07 тоот “ Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгө болох “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн ******* дүүргийн 11 хороо,13221 *******ын гудамж 10/15-7 тоот хаягт байрлах,196 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн үнэлгээ болох 858,480,000 төгрөгийн 70 хувиар тооцон 600,936,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 63 дугаар зүйлийн 63.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж шүүх үзэв.
Анхны албадан дуудлага худалдаа явуулах 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 10/07-ны тоот тогтоолыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэсэн тул 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 10 цагаас анхны албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл эд хөрөнгийг 600,936,000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ч хүчингүй болно.
Тухайлбал 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 10/07-ны тоот тогтоол болон 2024 оны 09 сарын 27-ны өдрийн төлбөрт хураагдсан үл эд хөрөнгийг 600,936,000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болж байгаа тул 2024 оны 10 сарын 08-ны өдөр 11/06 тоот ”Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” -оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 858,480,000 төгрөгийн 50 хувиар тооцон 429,240,000 төгрөгөөр хоёр дах албадан дуудлага худалдааг 2024 оны 10 сарын 25-нд 10 цагаас ... 200 тоот өрөөнд явуулахаар шийдвэрлсэн үндэслэлгүй юм.
Учир нь хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мөн адил хүчингүй болно.
9. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ,түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт ” ахлах шийдвэр гүйцэтгэгч,ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасан боловч нэхэмжлэгч “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь энэ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д “ Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч,ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.
Иймээс нэхэмжлэгч “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас шүүх үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 140,400 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 757.1, 751.2,115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хөдөөгийн цахилгаан” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн 11 дүгээр хороо, 13221 *******ын гудамжны 10/15-7 тоот хаягт байрлах 196 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10/07 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/06 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ Хөдөөгийн цахилгаан” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.