Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/630

 

Н.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.А-т холбогдох 2308 00128 0289 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ын А, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн төхөөрөмж, машин механизмын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Шүүгдэгч Н.А- нь 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Ч-тай “Манай эхнэртэй одоо болтол холбоотой байдаг” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн зүүн гуянд нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Н.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.027.294 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А- нь хохирогч О.Ч-ад 1.500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2.084.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-аас 10.392 төгрөг гаргуулан хохирогч О.Ч-ад олгож, хохирогч О.Ч- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, дутуу авсан цалин хөлс, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Н.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч, хүмүүжиж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон хохирогчоос уучлалт гуйж байна. Би гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хохирогч О.Ч- болон миний хань Г.Д- нар 2020 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, улмаар дундаасаа хүүхэдтэй болсон явдал. Өөрөөр хэлбэл, Г.Д- нь надад “Чамаас жирэмсэн болсон, хоёулаа хүүхэдтэй болно” гэж хэлсэн хэрнээ хүүхдийн төрсөн болон өөрийн төрсөн дүү Г.У-д өргүүлсэн тухайгаа надаас нуусан юмаа. Энэ тухайгаа надад огт хэлээгүй. Харин эхнэрийн төрсөн дүү Г.У надад “Хүүгээ өргүүлсэнд танд баярлалаа” гэх үгээр би мэдэж авсан. 2020 оноос эхлэн хохирогч О.Ч- болон Г.Д- нарын дундах харилцааг хүний ам дагасан яриа болон өөрсдийнх нь утаснаас хоорондын харилцааны баримтыг олж, 2022 оны 3 дугаар сард энэ хоёртой шууд ярилцаж, улмаар О.Ч- нь “Бид цааш харьцахгүй, нэг мөсөн цэглэнэ” гэсэн амлалтаар бүх нотлох баримтыг устгаж, бүх зүйлийг нэг тийш шийдлээ гэж бодож, үр хүүхдээ өнчрүүлж үлдээхгүй санаа өвөртлөн авсан. Гэвч удалгүй О.Ч-, Г.Д- нар удаа дараа харилцан уулзаж байгаа байдал миний дургүйцлийг төрүүлж, гэр бүлийн харьцаа маань нэг мөр нуран унасан. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө буюу уг хэрэг болсон өдөр О.Ч- согтуу ирсэн. Би тэр үед жаахан дурамжхан байсан боловч согтуу байхаар нь “Чи эрүүл болчих, маргааш хоёулаа ярих юмтай” гэсэн боловч “Одоо гарч учраа олно” гээд байхаар нь гэрээс гарч ярилцах гэтэл миний дагз руу хэд алгадаад “Эхнэр чинь янхан, охин чинь ч янхан” гэх үед огцом уур хүрч, баруун гараа арагш нь түлхэн, зүүн гараар алгадахад О.Ч- ухаан алдан унасан. Би айхдаа дотогш орж эхнэрт “Цагдаа дууд” гэхэд эхнэрийн эгч, ээж нар гарсан. Удалгүй би араас нь гарч О.Ч-ыг сэрээх гэж үзэж байхад Г.Б-ийн нөхөр такси барьж гаднаас ирсэн. Би түүн рүү очиход “Энэ юу вэ” гэж надаас асуухад нь би “О.Ч- ирсэн. Намайг доромжлохоор нь би алгадчихсан чинь ухаан алдаад босдоггүй” гэхэд “Цагдаа дуудсан юм уу” гэхэд би “Эхнэрт дууд гэж хэлсэн” гэсэн. Тэр үед О.Ч- босч ирээд “Би зүгээр, зүгээр” гээд гэр рүү орсон. Би нөгөө гэр рүү орж тайвшрах санаатай ус хайсан боловч усгүй байсан. Харин хадам ээж, эхнэр хоёрын уугаад үлдээсэн байсан пивыг уугаад байж байтал хадам ээж, эхнэр хоёр орж ирж ор дэр засаад амрахаар ярилцаад би хувцсаа тайлж байхад Ч.Э ирж “О.Ч- дээр очъё” гээд байхаар нь би Ч.Э-тай хамт О.Ч- дээр очоод “Маргааш ярилцъя” гээд өөдөөс харснаа “Одоо бол чадахгүй” гээд байсан. Тэгээд татах гэтэл Ч.Э татаж суулгаад гурвуулаа ярилцахад өөрийн өмнө нь хэлсэн үгнүүдээ үгүйсгээд байхаар “Муу хоёр нүүрт” гэсэн чинь өөдөөс хэрүүл өдөөд байсан. Тэр үед би уурлаад босоход Ч.Э- намайг түлхэж, гадагш гараад О.Ч-ыг өмөөрч миний толгой, бие рүү хэд хэдэн удаа цохисон. Миний уур улам хүрч “Та нар бүгд О.Ч-ыг өмөөрч байна, ална гөлгийг” гээд дайран ороход Ч.Э- араас татсан, би гараа алдлахад хөлдөөгч дээр байсан тавагтай мах унасан. Гэнэт нүдэнд хутга харагдахад би аваад хоёр удаа савсан. Энэ үед нэг нь “Хутгалчихлаа” гэсэн. Би айсандаа гадагш тайвшрах гээд сууж байхад цагдаа нар ирж авч явсан. Уг хэрэг болох үед гэрч, хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Мөн гэрчүүд намайг “Шоронд хатаана” гэж нэг бус удаа дарамталдаг байсан. 2021 оны 01 дүгээр сард эхнэрийн төрсөн эгчийн хашаанд илүү гэрт нь цагаан сар хийх гэсэн биш охины хамт бид хоёр О.Ч-ын талаарх хэрүүлээс болж хөөгдсөн. 2023 оны 01 дүгээр сард гэрч Ч.Э-ынд эхнэр бид хоёр маргалдаж, би утас авч эвдээд, өөрийнхөө утсыг авч эвдэхэд эхнэр, Б- нар улам дэвэргэж, намайг хөөгөөд, араас нь охины гараас чирч ирээд “Зайл” гэх үед Г.Д- “Ашгүй энэ муу хоёрыг зайлуул” гэсэн. Мөн Ч.Э-, Г.Б- нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Шоронд чинь хатаана” гэж хөөсөн бөгөөд амьдарч байсан гэр рүүгээ очтол эхнэрийн том эгчийн нөхөр М цоож, түлхүүртэй ирж “Эгч чинь зайл гэнэ” гэж охин бид хоёрыг өвлийн хүйтэнд хөөсөн. Би хил хамгаалах байгууллагад 2014 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Энэ хэргээс шалтгаалаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Ар гэрийн байдал тогтворгүй болсон, хүүхдийн минь эрх боогдож байгааг хэлэхэд хилсдэхгүй байх. Миний эрх зүйн байдал хүнд байгаа учир тунгаан үзэж, миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялыг сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.А- өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хүлээн мэдүүлсний гадна гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлэн шүүх хурлаас 5 хоногийн завсарлага хүсэж, энэ хугацаанд хохирол 1.500.000 төгрөг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас О.Ч-ын эмчилгээний зардалд зарцуулсан 2.084.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд нарийвчлан тооцоход 10.392 төгрөгийг дутуу үлдээснээ 2023 оны 4 дүгээр сарын 25-нд шүүх хуралдааны дараа гүйцээн бүрэн төлсөн төдийгүй цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна. Энэ хэрэг гарахад Н.А-ын эхнэр Г.Д-ы гэр бүлээс гадуур буюу хохирогч О.Ч-тай дотно харилцаатай байсан, тэр тухайгаа өөрийн эгчтэйгээ бичил захидлаар харилцан Н.А-аас хол орон нутагт амьдрах талаар ярилцаж байсан, бага насны охиныг нь банзал, янхан гэх мэтээр доромжилсон зэргээр хохирогчийн зүгээс зүй бус авир гаргасан явдал нь Н.А-ын сэтгэл санаанд нөлөөлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөлийн талаар тайлбарласныг анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолыг тайлбарлах үедээ гэм буруу дээр маргасан мэтээр буруу ойлгож, дүгнэлт хийсэн байсныг дурдах нь зүйтэй. Дээр нөхцөл байдлыг үндэслэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээ илэрхийлсэн, завсарлага авч хохирлоо төлсөн, дутуу төлөгдсөн 10.392 төгрөгийг шүүх хурлын дараа нэмж төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хохирогч О.Ч-ыг 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Н.А- нь олон жилийн өмнө хохирогчтой үерхэж байсан гэсэн шалтгаанаар согтуурсан үедээ эхнэртэйгээ хардаж эхлээд цохиж унагаан ухаан алдуулж, улмаар хоёр удаа зүүн гуянд нь хутгалж хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 193 дугаар дүгнэлтээр О.Ч-ын биед зүүн гуяны тараагуур судас мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүнд гэмтэлд хамаарна гэж дүгнэлт гарсан. Иймд хөнгөн гэмтэл биш амь насанд аюултай хүнд гэмтэл О.Ч-ын түүний тулгуур эрхтэн хөлд учирсан өнөөдрийг хүртэл хөлийн хуруунууд мэдээ орохгүй, ийм байдалтай удвал хөлөө тайруулж болохыг эмч хэлсэн. Сэтгэл санаа нь гүн цочролд орсон, нойр нь хүрэхгүй хорин хэдэн настай залуу хөлөө тайруулбал яана гэж шаналж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүй, явж чадахгүй зөвхөн ойр зуур хоёр суга таягтай гэртээ явдаг. Жаахан хүчилж явахад хоёр суганы булчирхай нь цочиж, хөл нь тулам болтлоо хавддаг. Хавтаст хэрэгт өгсөн банкны хуулга дээр цалин гэж бичсэн нотлох баримт байсаар байхад шүүх нотлох баримтаас хасч тооцож, олох ёстой байсан орлогыг шүүгдэгчээс хохирогчид олгуулахаар шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. Хүнд гэмтэл авахаас өмнө хувь хүмүүстэй уулзаж, ажил олдог байсан өдрийн 70.000 төгрөгөөр тохиролцож, ажил олгогч хувь хүний данснаас гүйлгээний утга дээр цалин гэж тодорхой утгатай шилжүүлсэн байдаг. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт цалин авч байсан нь нотлогдож байгаа тул олох ёстой айсан орлого гурван сарын 1 сард 1.400.000 төгрөг, гурван сарын 4.200.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахыг санал болгосон. Шүүх миний үйлчлүүлэгчийн хүнд гэмтэл авсанд эрх зүйн дүгнэлт хийж олох байсан орлого, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс, сэтгэл санааны хохирол зэргийг олгоогүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгүүдэд тус тус хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 5 жилийн дараа биш зөвхөн өнөөдрийн байдлаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл авсан учраас яг одоо л хөлөө эмчлүүлэхгүй бол хөлөө тайруулах хүртэл эрсдэлтэй эмч нь хэлсэн. Зөвхөн нэг шинжилгээ хийлгэхэд л 600.000 төгрөг. Иймд яг одоо л мөнгө маш их хэрэгтэй байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болсон тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч О.Ч-ад олох байсан орлогыг гурван сараар тооцож 1.650.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000, нийт 4.150.000 төгрөгийг шүүгдэгч Н.А-аас гаргуулан хохирогч О.Ч-д олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.А- “Тухайн гэмт хэргийг сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас үйлдсэн” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоос үзэхэд гэм буруу дээрээ маргаж буй харагдаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-ыг хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж, шийдвэрлэсэн. Мөн хохирогчоос нэхэмжилж буй сэтгэл санааны хохирол болон ажилгүй байх хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн хөлсний талаар баримтыг хохирогч талаас дансны хуулганы баримтаар гаргасан боловч нийгмийн даатгал төлсөн баримт болон бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэж, хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Н.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.А- нь 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Ч-ыг өөрийн эхнэртэйгээ хардаж, улмаар зүүн гуянд нь хоёр утаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ч-ын: “...Н.А- утаснаасаа Н.А-ын эхнэр бид хоёрын урьдын бичиж байсан чатыг гаргаж ирээд “Чи манай эхнэртэй одоо болтол холбоотой байдаг юм байна” гэж хардаад надтай хэрүүл хийгээд байхаар нь би “Одоо чамд цохиулна гэж байхгүй шүү" гэж хэлээд сууж байсан чинь гэнэт хөл хүндрээд явчихаар нь би гараа явуулаад үзтэл миний гуянаас цус гарч байсан. Н.А- нь “Одоо чамайг дуусгачихъя” гэж дайраад байхаар нь Г.Б-ийн нөхөр Ч.Э- нь ирээд Н.А-ыг аваад гарсан. Тэгээд би нэг удаа хутгалуулсан байх гэж бодсон чинь эмнэлэг дээр очоод үзэхэд 2 удаа хутгалуулсан байсан. ...” /хх 18/,

гэрч Г.Б-ийн: “...манай нөхөр Ч.Э- “Хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь харахад О.Ч- нь орон дээр доошоо харсан байдалтай, зүүн талын бүдүүн гуяны ар талаас цус гараад байсан. Н.А- “Чамайг дуусгачихъя, алчихъя” гээд дайраад байхаар нь манай нөхөр Н.А-ыг түлхээд өрөөнөөс гаргаад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 28/,

гэрч Ч.Э-ын: “...Н.А-, О.Ч- хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд О.Ч- манай орон дээр сууж байтал Н.А- “Чи яг яах гээд байгаа юм” гэж уурлаад манай өрөөний гал тогооны шүүгээнд байсан хар өнгийн иштэй хутгыг аваад О.Ч-ын зүүн гуя руу нь хутгалахаар нь би босоод Н.А-ыг барьж аваад хорьсон боловч Н.А- “Чамайг дуусгачихъя, алчихъя" гээд О.Ч- руу дайраад дийлдэхгүй байхаар нь би хүчээр өрөөнөөс гаргаад цагдаад болон түргэн тусламжийн дуудлага өгсөн. ...” /хх 30/,

шүүгдэгч Н.А-ын: “...Манай эхнэр, О.Ч- нар нь 2021 оноос хойш харилцаатай, хоорондоо харьцаад байсан. Би зурвасуудыг олж уншсан. Тэгээд уг асуудал болохоос өмнө О.Ч-ад “Энэ асуудлаа болих хэрэгтэй” гэж чат бичсэн ч манай эхнэртэй холбоотой хэвээрээ байсан. Дээрх асуудлаас болоод эхнэр бид хоёрын хоорондох харилцаа ч муудаад бие биеэ ойлгохгүй, итгэхгүй асуудлууд гараад байнгын хэрэлддэг болсон. Тухайн өдөр хутга хөлдөөгч дээр байсан. О.Ч-тай маргалдаад дайрч байтал хөлдөөгч дээр байсан хутга газар унасан байхаар нь би айлгах гэж авсан. ...” /хх 74/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Ч-ын эрүүл мэндэд зүүн гуяны тараагуур судас, суудлын мэдрэлийн тасрал, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 193 дугаар дүгнэлт /хх 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, хэргийн газраас үзлэг хийж, хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хэргийн үйл баримтыг нотолж чадсан, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан зарчмуудаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч О.Ч-ын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон байх ба анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна оногдуулсан ялын хэмжээ Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх”-ээр гаргасан шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэгээс “Хохирогчийн олох ёстой байсан орлого, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс, сэтгэл санааны хохиролд нийт 4.150.000 төгрөгийг шүүгдэгч Н.А-аас гаргуулан хохирогч О.Ч-ад олгуулах”-аар давж заалдах гомдол гаргасан байна.

Хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулж болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс 500.000 төгрөгийг гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хохирогч О.Ч- нь гэм буруутай этгээдээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүү болон сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг анхан шатны шүүх “Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх болон түүний орлогыг илэрхийлэх шаардлагатай нотлох баримтгүй, зөвхөн дансны хуулга гаргаж өгсөн нь түүний дутуу авсан цалин хөлс, орлогыг бүрэн илэрхийлэх баримт болохгүй” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А- нь “том охинтойгоо хамт амьдарч байгаа”, мөн хүүхэд нь 4 настай талаар мэдүүлсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад “Эцэг, эх нь ...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хүнд ...хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хүүхдийг асран хамгаалахтай холбоотой асуудлыг хүүхдийн байгаа газрын Засаг даргад тавьж, шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг прокурорт тайлбарласныг дурдав.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Ч-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.А-ын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ