Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                         М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Мт холбогдох 1832000000014 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү, охины хамт * тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тайж овогт Мөнхжаргалын М. /РД:*/

 

М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах Старс баарны гадаа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой иргэн Д.Мөтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 30-ны орой Старс баарны ариун цэврийн өрөөнд Д.Мөтэй маргалдаж Д.Мө бид хоёрыг бармен нь хөөж гаргаад бид хоёр баарны гадна мөн маргалдсан. Би Д.Мөийн нүүрний зүүн хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд цагдаа нар хүрч ирээд аваад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

 

 

 

 Хохирогч Д.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Намайг 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр гэртээ байж байхад 15 цагийн орчим манай найз Судваа, М хоёр ээлжлээд гар утсаараа надруу залгасан. Бид гурав уулзахаар болсон. Намайг гэрээсээ гарахад Су, М хоёр манай байшингийн гадаа зогсож байсан. Ингээд бид гурав нийлээд замын урагшаа гарч Старс бааранд очсон. Бид гуравыг Старс бааранд ороход Шинээ, Чулуука хоёр дуу дуулаад сууж байсан. М Шинээ Чулуука хоёртой уулзсан. Ингээд бид гурав тусдаа сууж цаг авч дуулцгаасан. Би баарнаас хоёр 500 гр шилтэй Сэнгүүр пиво худалдаж аваад би ихэнхийг нь уусан. Су, М хоёр ганц нэг амссан. Тэгэж байгаад Шинээ Чулуука хоёр бид гуравтай нийж суусан. Ингээд Шинээ, Су хоёр мөнгөө нийлүүлж 500 граммын нэг шил Сархад нэртэй архи худалдаж авсан. Тэр архиа Чулуукагаас бусад нь хувааж авсан. Би ганц нэг хундагааас хэтрээгүй. Пиво уусан болохоор нэг их архи уугаагүй. Тэгээд би 00 орсон. Миний араас нь М орж ирсэн. Шинээгийн хоёр найз ирж байгаа бөөнөөрөө цуг явъя гэж хэлсэн. Би үгүй цуг явахгүй гэснээс болж бид хоёр маргалдсан. М 00-ийн хаалга цоожлоод бид хоёр маргалдсан. Ингээд тэндээ бие биенийхээ үснээс зулгааж зодолдсон. Тэгтэл гаднаас бармен нь 00 онгойлгоод орж ирээд бид хоёрыг хөөгөөд гаргасан. Тэгээд гадаа гараад дахин хэрэлдэж маргалдсан. М бид хоёр үснээсээ зулгаалцаад зодолдож байхад Шинээ, Чулуука хоёр салгасан. Би үсээ бариад босоод явган сууж байтал М миний нүүрний зүүн хэсэгт нүдний орчим нэг удаа өшиглөчихсөн. Тэгээд найзууд бид хоёрыг салгаж холдуулсан. М баарлуу буцаад орчихсон. Шинээ, Чулуука хоёр араас нь орчихсон. Би тэгэхээр нь цагдаа дуудчихсан. Удаагүй цагдаа нар ирээд бид хэдийг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Бид хоёрын хооронд өс хонзон болон маргаантай асуудал байхгүй. Бид хоёр бага зэрэг согтолтой байсан. Гэхдээ болж байгаа асуудлыг мэдэж байсан.  Би эхэлж 00-ийн өрөөнд Мийг цохиж, үснээс зулгааснаас зодоон эхэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Мтэй багийн найзууд, зодоон цохион надаас эхэлсэн учраас гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч А.Су мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ний 15 цагийн орчим М, Мө гэдэг хоёр найзтайгаа гэрийнх нь гадаа уулзсан. Мө гэрийнхээ хажуугийн дэлгүүр орж 2,5 литрийн пиво авсан. Уг пивоо бид гурав хувааж уусан. Пиво ууж байхдаа Шинээ, Чулуука хоёрыг М дуудсан. Тэр хоёрыг ирэхэд бид гурав пиво ууж дуусан байсан. Ингээд тэр хоёрыг ирэхэд бид хэд нийлээд Шинээгийн найз гэх хоёр залуугийн гэрт очсон. Би тэнд очоод дэлгүүрээс 500 граммын сархад архи, 2,5 литрийн нэг пиво худалдаж авсан. Тэр архи пиво оо бид 7 хувааж уусан. Ингээд бид 7 Старс баар орж дуулахаар явцгаасан. Бааранд очоод дотогшоо орсон. Тэгээд Шинээ. Чулуука хоёр дуулсан. Энэ хооронд би гадагшаа гарч гар утсаараа дүүтэйгээ ярьсан. Намайг буцаад ороход М, Мө хоёр 00 орчихсон гэж Шинээ хэлсэн. Шинээ, Чулуука хоёр дуулж байсан. Нөгөө хоёр залуу гадаа тамхи татаж байсан. Би тэгээд дуулсан. Тэгтэл Шинээ, Чулуука хоёр М, Мө хоёр 00 хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгээд бармен нь ирээд тэр хоёрыг 00-оос гаргаад хөөгөөд гадагшаа гаргасан. Тэр хэд бүгд гадагшаа гарсан. Намайг гарах гэтэл бармен нь ундаа, караокеныхоо тооцоог хий гээд намайг үлдээчихсэн. Намайг тооцоогоо хийгээд гартал нөгөө хоёр залуу явчихсан. М, Мө хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан хөл гарлуугаа өшөглөөд зодолдож байсан. Харин Шинээ, Чулуука хоёр хараад зогсож байсан. Би очоод салгах гэтэл тэр хоёр хоёулаа чи цаашаа бай хоёр найз маргалдаж байна чамд хамаагүй гээд байсан.

 

Тэгээд тэр хоёр салцгаасан. Энэ үед Мө гар утсаараа яриад байсан. Ингээд бүгдээрээ буцаад Старс ортол араас цагдаа нар Мөийг дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид хэдийг цагдаа руу авч яваад олон нийтийн газар танхайрсан гээд М, Мө хоёрыг ЭББ-нд хийчихсэн. Би тухайн үед гадаа утсаар ярьж байсан болохоор хэн нь эхэлж маргаан гаргаж, зодоон эхэлсэн тараар хэлж мэдэхгүй байна. Шинээ, Чулуука хоёроос асуухад бид хоёрыг ирлээ гэж Мө уурлаад тэгээд тэрнээс болж маргалдаж зодолдсон байх гэж хэлсэн. М, Мө хоёроос өөр хүн хэрүүл, маргаан, зодоонд оролцоогүй. Мөийн нүүр зодоон хийхээс өмнө нь хөвдөж, хөхрөөгүй зүгээр байсан. М, Мөийн нүүрийг юугаар цохисныг би хараагүй. Гэхдээ тэр хоёрын гарт нь ямар нэгэн юм байгаагүй. Гараараа юм уу хөлөөрөө цохисон байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/

 

   Шинжээчийн дүгнэлт:............

           2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 17 дугаартай .....

            1.Д.Мөийн биед хамрын доод хэсэг, хамрын зүүн хажуу хэсэг, нуруунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 16 дугаар хуудас/

 

           2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 17 дугаартай .....

          1.М.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/

          Шүүгдэгч М.Мийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 27 дугаар хуудас/

          Шүүгдэгч М.Мийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /31 дүгээр хуудас/

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 32 дугаар хуудас/,

          Хохирогч Д.Мөийн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй гэх бичгээр гаргаж ирүүлсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах Старс баарны гадаа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой иргэн Д.Мөтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч А.Сугийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн № 17 дугаартай дүгнэлт, ХХ-ийн 16 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Мийг хохирогч Д.Мөийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах Старс баарны гадаа 2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой иргэн Д.Мөтэй маргалдан улмаар үснээс нь зулгааж, нүүрэн тус газрын зүүн хэсэгт нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Д.Мө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт Мөнхжаргалын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан М.Мийг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.