| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01125/И |
| Дугаар | 307/ШШ2025/00214 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01125/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоотод байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),
Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* (утас: ) нарт холбогдох,
“19,458,219.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* (цахимаар),
Хариуцагч Б.,
Хариуцагч Б.ы өмгөөлөгч Э.,
Хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Ө.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн хариуцагч Д.*******гийн хүсэлтээ түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан 19,458,219.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Тус банк нь зээлдэгч Д.*******, Б. нартай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2143001545 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй болно.
Зээлдэгч Д.*******, Б. нарын зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15,704,447.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,488,829.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,578.17 төгрөг, нийт 17,333,855.40 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Д.*******, Б. нартай байгуулсан зээлийн гэрээний 5.2.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 17,333,855.40 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 2,124,363.88 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 19,458,219.28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
2.Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Б. бид хоёр *******-д өөрсдийн өмчлөлийн 2 өрөө байраа барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Б. нь надад холбогдуулан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2 өрөө орон сууцнаас миний нэрийг хасуулах, зээлийн гэрээнд төлсөн 9,000,000 төгрөгийг Д.******* надаас нэхэмжилсэн. Мөн би гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох 60,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж одоо Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд *******-аас Д.*******, Б. нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 17,333,855.40 төгрөг гаргуулах мөн барьцаа хөрөнгө 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг одоогоор бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б. бид хоёрын иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
3.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Энэ зээлийг анх авахад Д.******* надад “Би энэ зээлийг аваад машин авах гэж байгаа юм. Дараа нь авсан зээлээ би өөрөө төлчихнө” гэж хэлж намайг итгүүлсэн. Тэгээд Д.******* зээлээ аваад Nissan juke гэдэг нэртэй машин авсан байсан. Тэрнээс хойш яасныг би мэдэхгүй байна. Д.******* зээл авхуулчхаад намайг хуураад алга болсон. Харин банкнаас над руу байнга залгаад “Та бас энэ зээлийг төлөх ёстой гэж тайлбарлаж байсан” учраас би энэ зээлийн эргэн төлөлтөд боломжоороо мөнгө хийж байсан. Сүүлдээ би төлөх ямар ч боломжгүй болж төлөхөө больсон. Авсан бүх мөнгийг Д.******* авч надад нэг ч төгрөг өгөөгүй учраас Д.*******г энэ зээлээ өөрөө хариуцаж төлөөсэй гэж хүсэж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд энэ байрны өмчлөх эрхийн талаар шүүхэд маргаан үүссэн байгаа тул тухайн маргааныг шийдвэрлэгдсэний дараа энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2143001545 дугаартай зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2143001545 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, мемориалын баримтын нотариатаар батлуулсан хуулбар, Д.*******гийн зээл хүсэгчийн анкетын нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 30138 дугаартай Д.*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, Б.ы зээл хүсэгчийн анкетын нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зээлийн дансны хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Мэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-20, 88-91 хуудас)
5.Хариуцагч нараас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШЗ2024/02991 дугаартай захирамжийн хуулбар, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 307/ШШ2025/00099 дугаартай шийдвэр, Б.ы шүүхэд гаргасан хүсэлтийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, ******* орлогын баримтууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 62, 66, 76-77 хуудас)
6.Шүүхээс хариуцагч Б.ы хүсэлтээр хариуцагч Д.*******гийн ******* дахь 2143001542 тоот дансны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн болно (хх 40-41 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Б., Д.******* нарт холбогдуулан гаргасан 19,458,219.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг “...******* нь Б., Д.******* нартай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2143001545 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%, жилийн 24% хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 05 дугаар сараас эхлэн хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Банкны зүгээс зээлийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй. Д.*******, Б. нараас үндсэн зээл 15,704,447.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,488,829.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,578.17 төгрөг, нийт 17,333,855.40 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 2,124,363.88 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 19,458,219.28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
3.Хариуцагч Б.аас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Д.******* анх банкнаас зээл авахдаа зээлийн төлбөрийг өөрөө төлнө гэж байрыг барьцаалж зээл авсан. Зээл авсан мөнгөөрөө өөртөө машин авсан. Би энэ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Банкнаас намайг зээл төлөх ёстой гэсэн учраас би 6,840,700 төгрөгийн зээлийг түүний өмнөөс төлсөн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн өндөр байна” гэж,
Хариуцагч Д.*******гийн өмгөөлөгч Ө. нь татгалзлынхаа үндэслэлийг “...Д.*******г, Б. нар нь ******* өөрсдөө очиж 2 өрөө байраа барьцаанд тавьж, зээл авсан нь үнэн. Б. нь надад холбогдуулаад гэрлэлтийг цуцлуулах, Д.*******гийн нэрийг 2 өрөө байрнаас хасуулах, зээл төлсөн 9,000,000 төгрөгийг гаргуулах, хүүгээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр нэмж оруулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний бие гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 60,000,000 төгрөг гаргуулъя гээд сөрөг нэхэмжлэл гаргаад, иргэний хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг одоогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбар өгсөн. Тус хэрэг шийдэгдсэн боловч хуулийн хүчин төгөлдөр болоогүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Ер нь бол Д.*******гийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна Үүнд:
-Хариуцагч Б., Д.******* нар нь *******-тай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2143001545 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг өрхийн хэрэгцээний зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авчээ. (хх 7-8 хуудас)
Мөн хариуцагч нар нь *******-тай 2143001545 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан байна. (хх 9-10 хуудас)
-Нэхэмжлэгч ******* нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно” гэж заасан.
5.Дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрийг олгосон, зээлийн үндсэн төлбөр 15,704,447.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,488,829.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,578.17 төгрөг нийт 17,833,855 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эсэхэд талууд маргаагүй.
Хариуцагч Б. нь тухайн зээлийг Д.******* авч ашигласан учир төлөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү зогсоно гэж банк хэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.******* нь Б.тай гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаантай байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас зээлийн төлбөрийг буцаан төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
8.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус зааснаар Б., Д.******* нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймд хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.ы зээлийг ашиглаагүй гэх байдал, мөн хариуцагч Д.*******гийн Б.тай гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаантай байгаа гэх нөхцөл байдлууд нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5, 242.12-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөж, хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй болно.
9.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болохоор талууд гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.
Үүнийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд зааснаар банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан учир зээлийн төлбөрийг шаардаж шүүхэд хандсан гэж тайлбарласан. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл байна.
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21430001545 дугаартай зээлийн гэрээний 5.2, 5.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь...зөрчсөн бол банк гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б., Д.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг шаардаж байсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагч нараас үгүйсгэж, маргаагүй.
Иймээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй тул банкны зүгээс өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан нь хууль болон талуудын тохиролцоонд нийцсэн байна.
10.Нэхэмжлэгч ******* нь “... зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн учраас гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд мөн үеэс гэрээ дуусгавар болох тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,124,364 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 17,333,855 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,124,364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох нийт 17,333,855 төгрөгийг хариуцагч нар сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Б., Д.******* нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-200300328 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б., Д.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 17,333,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 2,124,364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б., Д.******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, тэдний өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-200300328 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 363,760 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б., Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 314,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН