Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2025/00039/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох, 

“Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “...Хариуцагч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00289 дугаартай тогтоолоор Б.*******, *******-аас 529 сая төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа болно. Миний бие тус ажиллагаанд гуравдагч этгээд буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч юм. Гэтэл хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтнууд өмчлөгчийн эрхийг хөндсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд тухайн хүн, хуулийн этгээдэд үндэслэлээ мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж хуульчилсан байхад анхны албадан дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулсан атлаа үүнтэй холбоотой шийдвэрээ өмчлөгчид мэдэгдээгүй, танилцуулаагүй. Мөн хариуцагч нь төлбөр төлөгч, өмчлөгч нараас шалтгаалахгүйгээр төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж, зах зээлийн үнэ ханшийн зөрүү үүсгэж, иргэн миний хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу хүсэлт гаргах эрхээр хангах, тэгш байдлыг хангахгүй, ялгавартай хандаж, албадлагын арга хэмжээ явуулсан. Өдөр, хоног, улирал бүрд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөж байхад хүсэлт гаргах боломж, нөхцөлөөр хангахгүй, барьцаа хөрөнгийг төлбөрт хурааж, шинжээч хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрч байхад хөрөнгийн үнэ цэнэ алдагдах, үнэгүйдүүлэх асуудал үүсгэж, хуульд нийцээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.7-д албадлагын арга хэмжээ нь тухайн төлбөрийн хэмжээнд нийцсэн байх шаардлага тавигдсан байхад Жижиг дунд үйлдвэрийн газарт олгох төлбөрөөс хэт өндөр үнийн дүнтэй 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдан борлуулах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн нэхэмжлэгч миний бие нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй бөгөөд холбогдох гүйцэтгэх баримт бичигт мөн хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэгтгэх ажиллагаа хийгээгүй. Иймд хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, уг тогтоолыг үндэслэн явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэж тодорхойлжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор *******, Б.******* нараас 526,294,499 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,789,422 төгрөг гаргуулж “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-т олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* байрлалтай 436.66 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын *******41, гэрчилгээний дугаартай 212 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмшлийн газрын хамт эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22070787 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны хөрөнгүүдийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22070787/04, 22070787/05, 22070787/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22070787/07, 22070787/08, 22070787/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/03 дугаартай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, талуудад биечлэн танилцуулан тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Төлбөр төлөгч *******-ийн захирал ажилтай Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд хөрөнгийн үнэлгээ дээр нэхэмжлэл гарган 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2850 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00078 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүхийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр баталж, гомдлоос татгалзсан тогтоол гарсан. Төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийн газар” нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1/250 дугаартай албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаснаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24/02 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллаагааг хойшлуулсан хугацаа дуусмагц төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийн газар” нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/795 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт ирүүлсний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/09 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гарч, мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар дээр дурдсан эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй, сонирхогч оролцоогүй тул 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 24/10 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч талуудад биечлэн танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн хуулийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь тус журмын дагуу, хуулийн хугацаанд гомдлыг гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

5.Шүүх хуралдаанд хариуцагчаас 22070787 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг эх хувиас нь судлуулахаар нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00289 дугаартай тогтоолоор *******, Б.******* нараас 526,294,499 төгрөгийг гаргуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Т.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4049 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 454 дугаартай гүйцэтгэх хуудас гарч, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22070787 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22070787 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн байна.

6.Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг авч, барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан. Мөн талууд эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилжээ. Тус үнэлгээг Т.******* нь хүлээн зөвшөөрөөгүй тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

7.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01040 дугаартай шийдвэрээр “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22070787/04, 22070787/05, 22070787/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22070787/07, 22070787/08, 22070787/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймаг, ******* байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай 436.66 м.кв талбайтай барилга, Дархан-Уул аймаг, ******* байрлах 000556419 дугаартай үйлчилгээний зориулалттай 665.0 м.кв эзэмших эрхтэй газар, дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот 174 м.кв талбайтай, амины орон сууц, Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах ******* нэгж талбарын дугаартай дугаартай амины орон сууцны зориулалттай 212 м.кв газар, Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах үнээний фермийн зориулалттай, ******* дугаартай 64.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах үнээний фермийн зориулалттай, ******** дугаартай 96.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах үнээний фермийн зориулалттай, ******* дугаартай 663.12 м.кв газар зэргийг битүүмжилж, хураажээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Т.******* 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, хүсэлт гаргасан ба 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэхүү хуулийн эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчсөн байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 209/МА2023/00086 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00078 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

8.Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/02 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтож, талуудад энэ тухай хуулийн хугацаанд мэдэгдэл хүргүүлж, нийтэд зарласан байх ба төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь төлбөр төлөгч ******* нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулна гэсэн тул дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 24/02 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хойшлуулж шийдвэрлэжээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно” гэж заасантай нийцэж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй” гэж заасан ба төлбөр авагч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/09 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор дахин анхны албадан дуудлага худалдааг явуулахаар тогтож, дуудлага худалдааг зохион байгуулжээ. Ингэхдээ хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад энэ тухай мэдэгдсэн байна.

Уг анхны албадан дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй, үнийн санал ирээгүй, хөрөнгө борлогдоогүй байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлажээ.

Хариуцагчаас дуудлага худалдааг хойшлуулсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчөөс дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон байх ба үүнийг хариуцагчийг хөрөнгийн үнэ ханш өөрчлөгдөх нөхцөл байдал бий болгосон гэж үзэхгүй.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно” гэж, мөн хуулийн 25.2-т “Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах бөгөөд ажлын хэсгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахална” гэж заасан.

Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Дархан цалам” ББСБ-иас гаргасан хэрэг нэгтгүүлэх хүсэлт авагдсан байх бөгөөд хэргийг нэгтгэх эсэх асуудал нь тухайн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрхийн асуудал бөгөөд хэргийг заавал нэгтгэх тухай ойлголт биш юм.

Иймд нэхэмжлэгчийн хэрэг нэгтгэх шийдвэр гаргаагүй гэх гомдол мөн үндэслэлгүй болно.   

11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН