| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00017/Э |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Ут холбогдох 1832000000007 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Эм Си Эс кока кола” ХХК-ийн Зүүнхараа салбарт худалдааны төлөөлөгч ажилтай, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хиад овогт Туваанжавын У.
Т.У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сити” зочид буудал дотор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед П.Батай маргалдан улмаар үснээс нь зулгаан унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой намайг гэртээ байж байтал манай гэр бүлийн найз болох Ү.Ал, Б.ЧИ нар миний утас руу залгаад гэрийн чинь гадаа ирчихлээ гараад ирээч гэсэн. Тэгээд би гэрээс гараад тэр хоёрын машинд суутал 2 литрийн хэмжээтэй пиво авчирсан байсан. Тэрийг Ү.Ал бид хоёр хувааж уусан. Б.ЧИ машин жолоодож явсан болохоор тухайн пивоноос уухгүй гээд уугаагүй. Удалгүй Ж.Мө бид нар дээр хүрч ирсэн ба Ж.Мө ирээд хөдөөнөөс 3 хүн ирж байгаа тэд нарыг буудалд оруулж хонуулах хэрэгтэй байна. Хамт явцгаах уу гэхээр нь хамт явахаар болоод “Сити” зочид буудал руу бид нар орсон. Тэгээд би “Сити” зочид буудал дотор П.Батай мууталцаж, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу гэжээ.
Хохирогч П.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим Мандал сумын “Сити” зочид буудалд ажилтай байж байтал гаднаас согтуу байдалтай 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн орж ирээд өрөө авъя гэхээр нь согтуу хүмүүст өрөө байхгүй гэхэд Мө би архи уугаагүй байгаа биздээ надад өрөө өгчих би танайхаар байнга үйлчлүүлдэг шүү дээ гээд гуйгаад байсан. У гэх эмэгтэй нь чи Мөг Заяа гээд байгаа юм уу, та 2 явалддаг юмуу гээд над руу уурлаад байсан. Т.У над руу дайраад үснээс зулгаагаад хана мөргүүлсэн тэр үөд Мө ирээд салгасан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15-р хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн №08 дугаартай дүгнэлт: ...
1. П.Багийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/
Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 27-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 35 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Уийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /37 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сити” зочид буудал дотор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед П.Батай маргалдан улмаар үснээс нь зулгаан унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Багийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-15-р хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн №08 дугаартай дүгнэлт, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 27-р хуудас/болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Уийг хохирогч П.Багийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сити” зочид буудал дотор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед П.Батай маргалдан улмаар үснээс нь зулгаан унагаж тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-ийг хэрэгт хадгалаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад овогт Туваанжавын Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Уийг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Т.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг CD-ийг уг хэргийн хугацааг дуустал хадгалахаар зохих баримтыг үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.