Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/631

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/657 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Л.Содбаярын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэлд үндэслэн Д.Т-т холбогдох 2311 00504 0602 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

П овгийн Д-ийн Т-, 1968 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаар Баянгол дүүргийн ... дугаар ороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,

  1. Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.Б, 168.Б-д тус тус зааснаар нийт 1 жил 9 сар 14 хоног 1 жил хорих ял,
  2. Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлж байсан;

Д.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлан тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувцас солих өрөөнд хохирогч Б.Н-ын гээгдүүлсэн “Samsung A13” загварын 435.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянах гэж заасан.

Хавтаст хэргийн материалыг хохирогч Б.Н-д танилцуулсан тэмдэглэлд “...Гар утасны маань дээд 2 талыг хагалсан гомдолтой байна. ...” гэх тэмдэглэл /хх 89/, мөн хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр гар утсаа алдаад буцааж авах үед гар утсыг минь унагаасан буюу дэлгэц нь хагарсан байдалтай байсан. Утсаа алдсан үйл явдлаас болж би эмнэлэгт үзүүлсэн баримтуудаа утас дотор хадгалсан байсныг олж авах боломжгүй болсон, өөрийн цаг хугацаа, эрүүл мэндээрээ буюу тухайн үйл явдлаас болж сэтгэл санаагаар унаснаас болж хүүхдээ алдсан. Гомдолтой байна. ...Би тухайн утсаа аваад удаагүй байсан. Тухайн үед миний утас нууц кодгүй, сэв зураасгүй байсан. Байцаагч надад хүлээлгэж өгөхөд сэв зураастай болсон байсан. Гэтэл надад бүрэн бүтэн байна гарын үсгээ зураад ав гэж хэлсэн. Та энэ сэв зураасны талаар шүүхэд гомдол гаргаж болно гэж хэлсэн. ...” гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно гэж оролцогч нарын гомдол гаргах хүрээ хязгаарыг тогтоожээ.

Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн, мөн гар утсанд эвдрэл гэмтэл үүссэн нь шүүгдэгч Д.Т-ийн үйлдэлтэй холбоотой эсэхийг шалгаж, хохирлыг тогтоогоогүй атал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийн зэрэгцээ хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд оролцогчийн гомдол гаргах эрх нь хязгаарлагдах учир оролцогч нарын эрхийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хангасан эсэхийг хянах учиртай.

Иймд хохирогч Б.Н-ын гар утсанд эвдрэл үүссэн гэх асуудлыг шалгаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хянавал зохих байдлыг хангаж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тус тус нотолсон байхыг шаардах нотолбол зохих байдлыг тогтооход ач холбогдолтой. ...” гэж дүгнэж, шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэхгүй буцаасанд гомдолтой байна. Би хохирогч Б.Н-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд хэдийгээр түүний утсыг хүлээлгэн өгсөн хэдий ч хохирогчоос дахин уучлалт гуйж, түүний гар утасны үнэ болох 435.000 төгрөгийг 5 сарын 12-ны өдөр түүний дансаар шилжүүлсэн. Одоо хохирогч гомдол санал байхгүй гэсэн бичиг хийж өгсөн. Хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. Би дахин хэрэгт холбогдохгүй зөв амьдрах болно. Мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч Б.Н-ын хүсэлтийг Анхан шатны хамт өглөө. ...” гэжээ.

Прокурор Л.Содбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэглэвэл зохих хэрэглээгүй гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх ...нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” заасан бөгөөд тухайн нотлох баримт нь “...уншихад бэрхшээлтэй, гаргацгүй бичигдсэн...” гэж үзвэл үнэлэхгүй байх эрх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал болно. Гэвч хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЧД1-23-181 дугаартай “...Samsung A13 загварын утас 435.600 төгрөг...” тайлан /хх 22-23/, Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” “...Samsung A13 загварын гар утсыг хохирогч Б.Н-д хүлээлгэн өгсөн. ...Гар утсыг бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэх тэмдэглэл /хх 41/ зэрэг хохирлын талаарх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд, яагаад үнэлээгүй талаар шүүх шийдвэртээ тусгаагүй байна.

Хэрэв шүүх хохирлын хувьд эргэлзэх нөхцөл байдал үүссэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасныг шүүх хэрэгжүүлэх эсхүл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байсан. Хохирогч Б.Н нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гээгдүүлсэн гэх “Samsung A13” загварын гар утсаа “Бүрэн бүтэн хүлээж авлаа” гэж гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан /хх 41/. Мөн өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан боловч ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүйн дээр шүүх хуралдааны явцад өөрийн гар утсаараа шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцсон.

Прокуророос шүүгдэгч Д.Т-өөс гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэх нөхцөл байдлуудыг бүрэн хянаж шүүхэд шилжүүлсэн болно. Шүүгдэгч Д.Т- нь “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 435.600 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гар утсыг иргэн Г.Г-д худалдсан байсныг түүнд 280.000 төгрөгийг төлж, түүний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байдаг. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирлыг нь бүрэн төлж барагдуулна” гэж удаа дараа илэрхийлсэн боловч хохирогч Б.Н нь “Хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй, судлаагүй байгаа талаар” мэдүүлж байсан болохыг анхаарч үзнэ үү. Түүнчлэн прокуророос шүүхэд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэх талаараа мэдэгдэж байгаа боловч нэхэмжлэх үнийн дүнгээ судлаагүй, хэрэгт холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг тавьж боловч шүүх хүлээж аваагүйн дээр яагаад хүлээж авах боломжгүй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй болно.

Шүүх хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалт хангагдаагүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, яллагдагч нараас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хуульд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа болно. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар зохицуулагдсан бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, хэргийн оролцогч нарын цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй ажиллагаа байхаар хуулиар тусгай бүлэг болгон тогтоож өгсөн байгааг анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Прокуророос Д.Т-ийг бусдын гээгдүүлсэн 435.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Хохирогч Б.Н нь “...Гар утасны маань дээд хоёр талыг хагалсанд гомдолтой байна...” хэмээн гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, мөн гар утсанд эвдрэл гэмтэл үүссэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой шалгаж, хохирлыг тогтоох шаардлагатай” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж, 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус заасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянаан шийдвэрлэсэн тохиолдолд хохирогчийн гомдол гаргах эрх дээрх байдлаар хязгаарлагдах учир түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зөрчигдөхөд хүрнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтод нийцнэ.

Дээрх үндэслэлээр прокурор Л.Содбаярын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/657 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Содбаярын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ