Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00157

 

“И А Ж” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И А Ж” ХХК-ийн хариуцагч “Т А Т” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56 855 500 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “И А Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн жолооч Ч.Батдалай нь компанийн 7597 АЧ чиргүүл бүхий 7195 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машинаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 87 дахь километр буюу Цагаанхаднаас Тавантолгой чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа “Т А Т” ХХК-ийн жолооч Л.Болдбаатарын жолоодон явсан Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Л.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас манай компанийн машин гэмтэж компанид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 103, 369 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгаа. Түүний энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/134 дугаартай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолоор Л.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахыг Баян-Овоо сумын Хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Лхагважавт даалгасан бөгөөд Б.Лхагважав нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0083873 дугаар Шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авсан. Л.Болдбаатарын гаргасан зам тээврийн ослоос үүдэн манай компанийн машинд эвдрэл үүсч, нийт 38 000 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч хохирч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд осол гаргасан Л.Болдбаатар нь “Т А Т” ХХК-ийн жолоочийн ажилтай мөн түүний осол гаргах үед унаж явсан Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Т А Т” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл тул ослын улмаас учирсан хохирлыг Т А Т ХХК хариуцан арилгах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийн өмчлөлийн 7597 АЧ чиргүүл бүхий 7195 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машиныг засварлах бодит зардал 38 000 000 төгрөг байна. Иймд хариуцагч “Т А Т” ХХК-аас манай компанид учруулсан бодит хохирол болох 38 000 000/гучин найман сая/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Ө.Сайнбаяр би “И А Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т А Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 18 855 500 төгрөгөөр ихэсгэж 56 855 500 төгрөг болгож байна. “И А Ж” ХХК-ийн жолооч Ч.Батдалай нь компанийн 7597АЧ чиргүүл бүхий 7195 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машинаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 87 дахь километр буюу Цагаанхаднаас Тавантолгой чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа “Т А Т” ХХК-ийн жолооч Л.Болдбаатарын жолоодон явсан Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Л.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалтыг зөрчсөн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас манай компанийн машин гэмтэж хохирол учирсан болох нь Замын цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ослын акт, 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/134 дугаартай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолоор Л.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахыг Баян-Овоо сумын Хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Лхагважавт даалгасан бөгөөд Б.Лхагважав нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0083873 дугаар Шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авсан. Л.Болдбаатарын гаргасан зам тээврийн ослоос үүдэн манай компанийн машинд эвдрэл үүсч, нийт 56 855 500 төгрөгийн бодит хохирол учирсан. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11108550 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлангаар нийт автомашинд учирсан хохирлыг 56 855 500 төгрөг хэмээн үнэлсэн  Иймд хариуцагч “Т А Т” ХХК-аас манай И А Ж ХХК-д учруулсан бодит хохирол болох 56 855 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч “Т А Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т А Т” ХХК нь 2011 оноос хойш ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Л.Болдбаатартай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг худалдахаар тохиролцож үнийг “Т А Т” ХХК-аас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 86-87 дахь километр болсон осолтой холбогдуулан гэм хорын хохиролд 38 000 000 төгрөгийг “Т А Т” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл уг зам тээврийн осол нь “Т А Т” ХХК-ийн буруугаас болоогүй бөгөөд замын эвдрэл, гэмтлийн засан сайжруулалтыг хариуцан ажилладаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн зам болон замын бусад байгууламжийг хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах үүргээ биелүүлээгүй, замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүйн улмаас осол гарсан. Уг зам тээврийн ослын улмаас манай компанид ч мөн адил ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Уг зам тээврийн осолтой холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд, хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн ослын акт, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэгт тус осол нь хэрэг гарсан орчмын замын эвдрэл хагархай зэргийн улмаас гарсан, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт 4-т зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж акт тогтоосон. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдээр манай “Т А Т” ХХК нь гэм хорын хохиролд 38 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй тул “И А Ж” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т А Т” ХХК-аас нийт 53 172 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И А Ж” ХХК-д олгож, үлдсэн 3 683 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И А Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600 300 төгрөгөөс 442 227.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 158 072 төгрөгийг, хариуцагч “Т А Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 423 810 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсөд 1 818 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И А Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Манай “Т А Т” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Л.Болдбаатартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээрийн хэрэгслийг худалдахаар тохиролцож үнийг “Т А Т” ХХК-аас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулсан бөгөөд 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл нь “Т А Т” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш юм. Тухайлбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу “Т А Т” ХХК нь Л.Болдбаатартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулмагц, үнийг “Тээвэрлэлтийн гэрээ”-ний дагуу ажил үүргийг гүйцэтгэж төлөхөөс өмнө 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг Л.Болдбаатарын эзэмшилд шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь бодит байдал дээр “Т А Т” ХХК-ийн эзэмшилд байхгүй бөгөөд дээрх “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Л.Болдбаатарын эзэмшилд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тул уг тээврийн хэрэгслийг “Т А Т” ХХК-ийн хувьд өмчлөх эрх дуусгавар болж байгаа юм. Мөн “Т А Т” ХХК-ийн хувьд Л.Болдбаатартай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, тус компанийн ажилтан биш бөгөөд ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болох нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдоно. “Гашуун сухайт авто зам” ХХК нь замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүй болох нь “Гашуун сухайт авто” ХХК-аас манай “Т А Т” ХХК-д ирүүлдэг Замын эвдрэлийн анхааруулах мэдээгээр нотлогдоно. Тухайлбал, осол болдог өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн мэдээнд осол болсон газар болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагг байрлах нүүрс тээврийн засмал замын 86-87 дахь километрийн замын эвдрэлийн талаарх заалт замын эвдэрлийн талаарх анхааруулах мэдээнд огт байхгүй байсан. Харин осол болсноос хойш 12 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ирүүлсэн замын эвдрэлийн талаарх анхааруулах мэдээнд шинээр оруулсан байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагьг хангаж шийдвэрлэхдээ "...нэхэмжлэгчийн өмчлөлийн Нордбенз маркийн 7195 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 53 172 000 төгрөгийн хохирол учирсан. “Вэндо" ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралтаар тогтоогдож байна.” гэдэг. Манай компанийн хувьд бодит хохирол гэж “И А Ж” ХХК-ийн өмчлөлийн Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварласан бодит зардлыг ойлгоно гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс “Вэндо” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг компаниас шинжээчийн дүгнэлт гаргах явцад нэхэмжлэгч компанийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засварлагдсан, хэвийн, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан байдаг. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагьг хангах үндэслэл болгож буй “Вэндо” ХХК-ийн дүгнэлтэд “...Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 53 172 000 төгрөгийн хохирол учирсан” гэдэг боловч уг хохирлыг тооцсон үнийн дүнд “И А Ж” ХХК-ийн 7597 АЧ чиргүүлд учирсан хохирлыг тусгасан байдаг. Гэтэл уг 7597 АЧ чиргүүлийн эзэмшигч нь 2019 оны 4 дүгээр сард солигдож, “И А Ж” ХХК эзэмшигч нь биш болсон. Үүнийг мөн шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “И А Ж” ХХК нь хариуцагч “Т А Т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 56 855 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осол гарсанд буруугүй гэж маргажээ.

 

            2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Могой баг, Ухаа худаг-Ганц мод чиглэлийн хатуу хучилттай авто замын 87 дахь километрт “Нордбенз” маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж “Нордбенз” маркийн 7195 УБЛ улсын дугаартай, 7597 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Замын цагдаагийн албаны 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл болон 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 33-35 дугаар тал/

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/134 дугаар прокурорын тогтоолоор Л.Болдбаатарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг тус тус даалгасан байна. Дээрх тогтоолд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй байна. /хэргийн 14, 15 дугаар тал/

            Түүнчлэн, 7195 УБЛ улсын дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгсэл болон 7597 АЧ улсын дугаартай чиргүүлийн өмчлөгч нь “И А Ж” ХХК болох нь 00846580, 01356416 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, 2047 УНЛ улсын дугаартай “Норбенз” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Т А Т” ХХК болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тус тус нотлогджээ. /хэргийн 12,13, 55 дугаар тал/

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ уг тээврийн хэрэгсэл Л.Болдбаатарын эзэмшилд шилжсэн, өмчлөх эрх дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан.

Хариуцагч “Т А Т” ХХК болон Л.Болдбаатар нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 1.4-т “автомашины үнэ төлөгдөж дуусахад энэхүү гэрээ дуусгавар болж, автомашин худалдан авагчийн өмчлөлд шилжинэ” гэж заасан. Мөн хариуцагч болон Л.Болдбаатар нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний 1.4.1-т “энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчид гэм хорын хохирол учрах үед тээврийн хэрэгслийн өмчлөх эрх хариуцагчид байсан буюу Л.Болбаатарт шилжээгүй байжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Мөн хариуцагчаас “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан, үүнтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч “И А Ж” ХХК-ийн эзэмшлийн “Норбенз” маркийн 7195 УБЛ дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “Вендо” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр  53 172 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварын хөлс зэргийг харьцуулан гаргасан байна. Нэхэмжлэгчээс автомашиныг бүрэн засварлаагүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч нь хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй. Уг үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна. Дээрх дүгнэлт нь эргэлзээтэй, дутуу хийгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг “Вендо” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээгээр буюу 53 172 000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд зааж буй үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 810 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ДАВААДОРЖ

 

                                       ШҮҮГЧИД                Ч.ЦЭНД

 

                                                                С.ЭНХТӨР