Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/652

 

Б.М, А.Э-, Ж.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,                                                                      

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.М, А.Э, Ж.Б нарт холбогдох 2302 00062 0128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Б-ын М, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... газар гэрээт ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Г-ын Б-, 1990 оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Н” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 845 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялыг биелүүлсэн;

  1. Б овгийн А-ийн Э, 1982 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Т” үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, /РД: ... /;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

  1. У газрын ... газрын гэрээт ажилтан болох яллагдагч Б.М нь хахууль өгөгч Ж.Б, А.Э нарын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс Голомт банкны 1111111111 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хугацаанд Хаан банкны 5555555555 тоот дансаар 6.500.000 төгрөгийг хахуульд авсан,
  2. Ж.Б нь А.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор өөрийн эзэмшлийн Хас банкны 5555555555 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд А.Э-ын Голомт банкны 5555555555 тоот данс руу 13.400.000 төгрөгийг шилжүүлж, ... газрын гэрээт ажилтан Б.М-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  3. А.Э нь Ж.Б-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Голомт банкны 1111111111 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5555555555 тоот дансаар дамжуулан 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.Мд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг “нийтийн албан тушаалтнаас бусад этгээд ...хахууль авсан...” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэсэн, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журам, зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд заасан “Хахууль авах” буюу “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан“ үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Монгол улсын хуулиар шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүжүүлсэн байна.

Уг хуулийн 1 дүгээр зүйл “Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, тайлбар нэмсүгэй: гээд, мөн зүйлийн 3 дахь заалтаар 3/ 22.13 дугаар зүйл “Хахууль авах” гэж заажээ.

            2. Нөгөөтэйгүүр нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зарим нөхцөл байдал болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Д, гэрч Б.Ч нарын мэдүүлснээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жаргалантын аманд байрлах 5000 м.кв талбай бүхий “Б” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан 4 ширхэг амины орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэсэн тэдний хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Ж.Б нь “шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь авч өгөх, ажлын хөлсөнд нэг байшингийн үнийн дүнгийн 0.1 хувийг авдаг” гэх зэргээр итгэл төрүүлж, тэднээс өөрөө захирлаар нь ажилладаг “Н” ХХК-ийн дансаар 23.100.000 төгрөгийг шилжүүлэн авч, уг мөнгөнөөс 13.500.000 төгрөгийг А.Э-д, А.Э нь 6.500.000 төгрөгийг Б.Мд шилжүүлсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэх,

Мөн прокуророос яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний саналд /Ж.Б-ид холбогдох хэсэг/ “зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг хэт өргөн хүрээгээр буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож” ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэх заалтыг зөрчсөн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн прокуророос нэр бүхий шүүгдэгч Б.М, А.Э нарт оногдуулах ялын төрөл хэмжээнээс гадна хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нэмж авах талаарх яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт заасан саналаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу тэдгээрт танилцуулаагүй зөрчилтэй байна.

Иймд дээрх зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулахгүйгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөх үр дагавар үүсгэх бөгөөд шалгаж тогтоовол зохих асуудлыг зөв, бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой” гэж дүгнэн Б.М, Ж.Б-, А.Э-д нарт холбогдох 2302 00062 0128 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Б.М, Ж.Б-, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Анхан шатны шүүхээс хууль буцаан хэрэглэхгүй байсан агуулгаар хэргийг буцаасан байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн тул уг гэмт хэрэг мөрдөж байсан үеийн Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Гэхдээ хэргийг шийдвэрлэх үед Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шинэ хуулийг өмнөх цаг хугацаа руу буцааж хэрэглэхээр зохицуулсан байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг дүгнэн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан тогтоохоор байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон...” гэж тодорхойлон хууль үйлчлэх цаг, хугацаа, хууль буцаан хэрэглэх журам, зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хахууль авах...” гэмт хэрэг нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлагдсан бөгөөд харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар уг гэмт хэргийг “...Нийтийн албан тушаалтан бус этгээд...” гэж субъектийн хувьд тодотгож, мөн хүндрүүлэх нөхцөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заан нэмж оруулсан нь гэмт хэргийн хувьд “үйлдэл, эс үйлдэхүйг” шинээр тооцсон бус, харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг субъектийн хувьд тодорхой болгосон тул дээрдүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан хахууль авах, нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль авах гэмт хэргүүдийн хор уршгийг харьцуулж үзэхэд нийтийн албан тушаалтнаас учруулах хор оршиг ямагт илүү байх нь тодорхой юм. Иймээс субъектийн хувьд тодотгож өгсөн тул дээрдүүлсэн хууль гэж үзэх боломжтой.

Иймд шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар бус харин шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял сонсгох үндэслэлийг бий болгож байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Д.Д-ээс 2022 оны 6 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт “...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан бусдад худалдах...” зорилгоор Төгсөө гэх хүнээр дамжуулан Ж.Б-той харилцсан байх бөгөөд Ж.Б нь “...3 сарын дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чинь хөөцөлдөөд 3 сарын дотор гаргаад өгчихье, 20 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж...” гэж хэлээд 2022 оны 6-8 дугаар сарын хугацаанд 23.100.000 төгрөг Д.Д-ээс авсан байна.

Харин Ж.Б нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “...Тамга тэмдгийн үйлдвэрт болон хувиараа улсын бүртгэлтэй холбоотой баримт бичиг хүмүүст бүрдүүлж өгдөг...” ажилтай танил А.Э-тай уулзаж “...Манай ах Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд 4 ширхэг амины орон сууц барьсан, түүндээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн чинь юу ч мэдэхгүй, чадахгүй байна, та гаргаад өгөөч 8.000.000 төгрөг өгье...” гэж хандахад хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хас банкны 5555555555 тоот данснаас 13.400.000 төгрөгийг А.Э-ын Голомт банкны 1111111111 дансанд шилжүүлсэн.

А.Э нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар “...гэрчилгээ гаргуулаад өгвөл шан харамж өгнө шүү...” гэж ... газрын гэрээт ажилтан Б.Мд хандахад зөвшөөрч Хаан банкны 5555555555 тоот дансаар 6.500.000 төгрөг шилжүүлэн авсан боловч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гаргуулж чадаагүй.

Улмаар Д.Д нь 2022 оны 10 дугаар сард “...гэрчилгээ гаргаж өгөхгүй юм бол мөнгөө авъя...” гэж Ж.Б-ид хэлээд 11.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5555555555 дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Д, гэрч Б.Ч, шүүгдэгч А.Э-, Ж.Б-, Б.М нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Өөрөөр хэлбэл Ж.Б нь Д.Д-тэй ажил гүйцэтгэх талаар амаар харилцан тохиролцож мөнгө аваад Д.Д-ийн хүсэл сонирхлыг гүйцэтгүүлэхийн тулд А.Э-аар дамжуулан Д.М-р уг ажлыг гүйцэтгүүлэхээр мөнгө өгсөн, харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж чадаагүй тул Д.Д-д буцаан мөнгийг өгч буй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Харин нэг талаас Б.М-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан болох нийтийн албан тушаалтан бус албан тушаалын байдал, нөгөө талаас Ж.Б-, А.Э нарын Д.Д-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан өгч, ашиг олох гэсэн ашиг сонирхлын үүднээс Ж.Б-оос 13.400.000 А.Э-, Б.М нарт өгч буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ж.Б нь “Н” ХХК-ийг эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон, мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ж.Б-оос “...түргэн хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрүүдэд түгээж ашиг олдог...” гэж мэдүүлсэн зэргийг үндэслэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг “...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэх зорилгод нийцүүлэн гаргасан болно.

Иймд “зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг хэт өргөн хүрээгээр буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож” ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасантай нийцэхгүй байна.

  1. Шүүгдэгч Б.М А.Э нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд Б.М, А.Э нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, А.Э-аас гэмт хэргийн улмаас учруулсан 2.400.000 төгрөгийг нөхөн төлж, 3.000.000 төгрөгийг, Б.Мэс гэмт хэргийн улмаас учруулсан 2.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Прокурор хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой дүгнэж, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолд А.Э-аас 3.000.000 төгрөгийг, Б.Мэс 2.000.000 төгрөгийг гаргуулахаар заасныг оролцогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан буюу прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 2022 онд Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ял шийтгэл хүндрээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн. Иймээс шинээр үйлдэл, эс үйлдэхүйг нэмж эрүүжүүлсэн зүйл байхгүй гэж үзсэн тул улсын яллагчтай ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсон боловч шүүх хүлээж аваагүй. Бид санкци нь адилхан учраас ялгаагүй гэж үзээд хүлээн зөвшөөрсөн. Б.М-ийн үйлдэлтэй холбоотой хууль буцаан хэрэглэх журам хамаарахгүй гэж ойлгож байх тул эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Э-ын үйлдэл залилангийн шинжтэй эсэх талаар прокурор дэлгэрэнгүй тайлбарласан учраас энэ талаар хэлэх тайлбаргүй. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-, Б.М, А.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Прокуророос шүүгдэгч Б.М-ийг 2022 оны 6 дугаар сарын 30-аас 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хахууль авсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ж.Б-, А.Э нарыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Хууль үйлчлэх цаг хугацаа, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам, зохицуулалтыг зөрчсөн, мөн шүүгдэгчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмын эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон.

Эрүүгийн эрх зүй дэх хууль ёсны зарчмуудын нэг болох “Lex praeviva” буюу хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд цаг хугацааны асуудал зайлшгүй тооцох зүйлийн нэг мөн бөгөөд хугацааг тооцохдоо тухайн гэмт хэргийн үйлдэл эхэлсэн цаг үеийг голлох шалгуур болгон авч үздэг бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд тусгалаа олсон.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан.

Харин Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тодорхой заажээ.

Гэмт хэрэгт сэрдэгдэж, гэм буруутайд тооцогдож болзошгүй этгээд өөрт холбогдох хэргээ шийдвэрлүүлэхдээ өөрт хамгийн ашигтай байдлаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд нэн тэргүүнд гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар, хэрэв тухайн цаг хугацаанаас хойш шинээр батлагдсан хуулиар тухайн хүнд ашигтай байдал бий болгосон буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн бол сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэх учиртай.

Хэрэв шинээр батлагдсан хууль нь гэм буруутай хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй, түүнд ашигтай байдлыг бий болгоогүй буюу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь шинэчлэн баталсан хуультай ижил, эсхүл үйлдэл, эс үйлдэлд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлээгүй эсэхээс үл хамаарч гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ.

Учир нь, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хууль нь гэмт хэрэгт холбогдсон хүнийг анх удаа гэм буруутайд тооцох эх сурвалж болох бөгөөд энэ хэм хэмжээ нь хойшид хэрхэн өөрчлөгдсөнөөс хамаарч эрх зүйн байдал нь дээрдэх, эсхүл дордох асуудал үүснэ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шударга, ялгамжтай, тохирсон ял оногдуулах нэн чухал урьдач нөхцөл нь гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх явдал бөгөөд зүйлчлэлээс хамаарч ямар ял оногдуулах асуудал шууд шалтгаалах тул хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх “...Иргэний нэхэмжлэгч Д.Д, Б.Ч нарын мэдүүлснээр “Б” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан амины орон сууцуудад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэсэн тэдний хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Ж.Б нь “Шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь авч өгөх, ажлын хөлсөнд нэг байшингийн үнийн дүнгийн 1 хувийг авдаг” гэх зэргээр итгэл төрүүлж, тэднээс өөрөө захирлаар нь ажилладаг “Н” ХХК-ийн дансаар 23.100.000 төгрөг шилжүүлэн авч, уг мөнгөнөөс 13.500.000 төгрөгийг А.Э-д, А.Э нь 6.500.000 төгрөгийг Б.Мд шилжүүлсэн гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай” гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэгт хамаарч байх бөгөөд ийнхүү нотолбол зохих бүхий л зүйлсийг шалган тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг ...бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” зорилтод нийцнэ.

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Г.Ганхөлөгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр захирамжийг  хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ