Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/009

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга М.Д

Орчуулагч А.Е

Улсын яллагч Б.Б

Хохирогч А.А

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, У овгийн А  М нь 1967 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ67031254

            Шүүгдэгч А.Мгийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь өөрийн төрсөн дүү А.А-г гэрийнх нь хажууд болон гэрт нь бэлчээрийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед дүү А.А-г гэрийнх нь хажууд болон гэрт нь бэлчээрийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч А.М-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие Цэнгэл сумын 3 дугаар баг буюу "Шар говь" гэх нэртэй газарт өвөлжиж байгаа ба манайхантай ойролцоо 3 орчим км газарт миний төрсөн дүү болох А.Аөвөлжиж байдаг юм. Тэгээд манай дүү болох А.А нь манай бэлчээрт байнга малаа тууж газар хориод байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 18 цагийн орчимд би А.Ад очиж “Чи яагаад газар хориод байдаг юм бэ?, яагаад манай малыг хөөж тууж байдаг юм бэ?” гэж хэлээд нуруунд нэг ташуурдаж, улмаар бид хоёр мориноос бууж нэг нэгийгээ барьж аваад ноцолдож байгаад газарт унасан бөгөөд энэ үед манай хүргэн Т.М ирж бид хоёрыг салгасан. Энэ хугацаанд миний зүүн талын нүд бага зэрэг хөхөрсөн байсан. Тэгээд А.А ч зүгээр байгаагүй миний урдаас янз янзын үг хэлж байхаар нь араас нь очиж гэртээ байсан сандлаар толгой руу нь нэг цохиход А.А нь намайг мушгиж газарт унагааж аваад багалзуурдаж байхаар нь би А.А-гийн 2 гарын эрхийн хурууны үзүүрийг шүдээрээ хазаж тавиулсан юм. Ингээд бид нарыг хүргэн Т.М салгаж болиулсан юм. Миний хувьд тухайн үед бага зэрэг архи уусан халамцуу байсан. Би хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Маш их гэмшиж харамсаж байна. ...А.А-д өмнө нь 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд ирж оролцсон бензиний зардлыг төлж өгөх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчимд манай хүргэн залуу болох Т.М нь манай бог малыг хариулаад явсан бөгөөд тэрний урдаас тосож аваад орой гэртээ ирж малаа хашаанд оруулж байтал миний төрсөн ах болох А.М нь архи уусан халамцуу морьтой давхиж ирээд надад хандаж “Чи байнга манай газар малаа бэлчээж явах юм аа” гэж хэлээд миний нурууны тус газар 2 удаа ташуурдахаар нь би урдаас нь хэрэлдэж “Та юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд бид хоёр маргалдаж улмаар мориноос бууж ирээд нэг нэгийгээ барилцаж байгаад газарт унаад хоорондоо ноцолдож байтал манай хүргэн залуу Т.М ирж бид хоёрыг салгасан. Би шууд гэртээ ороход миний араас ах А.М орж ирээд гэрт байсан сандлаар миний толгой руу нэг цохиж танхайрахаар нь би ах А.М-г барьж аваад газарт унагаахад ах А.М нь миний хоёр гарын эрхий хурууны үзүүрийг шүдээрээ хазаад авсан. Энэ үед манай эхнэр болон хүргэн Т.М салгаж А.М-г манайхаас гаргасан. ...Миний эрхий хуруу малд явахаар даараад идээлж буглаад эдгэхгүй байна. Мөн толгой өвдөж хоёр нүднээс нулимс байнга гарах боллоо. Цаашид Улаанбаатар хот орж шинжилгээ хийлгэж эмчлүүлмээр байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг ах А.М-гаар гаргуулмаар байна. Мөн шүүх хуралдаанд ирэхдээ УАЗ-469 машинд бензин хийж ирсэн. Уг бензиний зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Т.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би мал хариулаад орой нь миний хадам ах болох А.А миний урдаас тосож аваад бид хоёр бог малаа тууж ирээд хашаанд оруулж байтал араас мөн хадам ах А.М архи уусан халамцуу морьтой давхиж ирээд чи манай газарт мал бэлчээрт гаргалаа гэж хэлээд А.А-гийн нуруунд нэг удаа ташуурдсан бөгөөд түүнээс үүдэлтэй тэр хоёр хоорондоо хэрэлдэж улмаар тэр хоёр мориноос бууж ирээд барилцаж аваад газарт унаж хоорондоо ноцолдож байхаар нь гүйж очиж тэр хоёрыг салгаад А.А-г гэртээ оруулсан боловч ах А.М араас нь гүйж ороод гэрт байсан сандлаар А.А-ын толгой руу нэг цохисон. Тухайн үед А.А-ын толгойноос цус гоожсон байсан. Тэгээд тухайн үед тэр гэр дотор хэрүүл маргаан болж байсан ба тэнд байсан хүмүүсийг салгаж явж байтал нэг мэдэхэд А.А-гийн хоёр эрхийн хурууны үзүүр хэсгээс цус гоожсон “Миний хоёр гарыг А.М шүдээрээ хазчихлаа” гэж хашхирч байсан. Тэгээд би А.М-г барьж аваад гэрээс түлхэж гаргасан. Ингээд хэсэг хугацааны дараа би А.М, А.А нарт хандаж “Та нар төрсөн ах, дүү хүмүүс байна. Хоорондоо бэлчээрийн маргаанаас болж нэг нэгийгээ зодож болохгүй. Одоо хоорондоо эвлэрэх хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч А.А нь “Миний бие халуураад өвдөөд байна.  Хуулийн байгууллагад мэдэгдэнэ” гэж хэлээд сумын эмч нарыг дуудаж сум явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

          - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 36 дугаартай: “...1. Иргэн А.А-гийн биед тархины доргилттой, зулайнд хавдартай, шархтай, баруун талын эрхий хуруунд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, хавдартай зүүн талын эрхий хуруунд шархтай хавдартай, хоёр талын эрхий хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Шүүгдэгч А.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ын биед “Тархины доргилттой, зулайнд хавдартай, шархтай, баруун талын эрхий хуруунд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, хавдартай зүүн талын эрхий хуруунд шархтай хавдартай, хоёр талын эрхий хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 36 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч А.М-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 /таван зуу/ нэгж нь 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч А.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.А-д учруулсан хохиролдоо 500000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Уг төлбөр нь хохирогчид учирсан бодит хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч А.А нь шүүх хуралдаанд цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд гарсан зардлаа нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОГТООХ нь :

  1. У овгийн А-гийн М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч А.А-гийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болон шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд гарсан зардлаа нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.М-гийн 01174789 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.Д