Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/654

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2305 00000 0190 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Б-ын Б, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” нэртэй пабд хамтран амьдрагч Э.Г-тай хамт сууж хоол идэж, пиво ууж байсан хохирогч Д.И-ийг Э.Г-тай хардаж, үснээс нь зулгааж, чирэн “баруун хацар, эрүү, зүүн, баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, зүүн гуянд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгарал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 2.341.600 төгрөг гаргуулж хохирогч Д.И-д олгож, хохирогч Д.И- нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч А.Сэлэнгэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Б.Болор-Эрдэнэ нь гэмт хэргээс учирсан хохирол хор уршгийг нөхөн төлөх үүрэг хүлээж, хохирогч Д.И-д “Тэгри мед” сувилалд хэвтсэн 3.251.600 төгрөг, томограф зураг авахуулсан 140.000 төгрөг, нийт 3.391.600 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаас “Тэгри мед” сувилалд хэвтсэн “хүүхэд хоол, эмчилгээтэй /3-8/ хоног 1.190.000 төгрөг” гэсэн баримт нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж шүүгч үзэн, тухайн хохирлыг нийт нэхэмжилсэн үнийн дүн болох 3.391.000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл болох 2.201.600 төгрөгийг Б.Б-ээс гаргуулахаар болсон. Гэтэл шийтгэх тогтоолд гэмт хэргээс учирсан хохирол болох нийт үнийн дүнг буруу бичин шүүгдэгч Б.Б-ээс нийт 2.341.600 төгрөг гаргуулан хохирогч Д.И-д олгохоор шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шийтгэх тогтоолд алдаатай бичсэн үнийн дүнг хасаж, шүүгдэгчээс гаргуулах төлбөрийг 2.201.600 болгож илүү бичсэн 140.000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо нөхөртэйгөө хамт байгаа. ...Дахин асуудал үүсгээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй уушийн газарт өөрийн хамтран амьдрагч Э.Г-тай хамт байсан хохирогч Д.И-г хардаж, улмаар үснээс нь зулгаан чирч, баруун хацар, эрүү, зүүн, баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, зүүн гуянд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.И-гийн: “...Яриад сууж байхад Г-ийн эхнэр орж ирээд миний зургийг дараад яах, ийхийн зуургүй намайг үсдээд чирсэн. Г эхнэрээ аваад гарсан. ...Намайг үсдээд чирсэн. Замдаа ширээний булан мөргүүлсэн. Цохиж зодсон зүйл байхгүй. ...” /хх 5-9/,

гэрч Ж.А-ын: “...Д.И- рүү залгахад “Манай гэрийн ойролцоо хүрээд ир” гэхээр нь Г бид хоёр гэрийнх нь гадаа очсон. Бид гурав уулзаад “88” гэсэн пабд ороод хоол авч идээд пиво ууж байхад гаднаас Г-ийн эхнэр орж ирээд Д.И-г үснээс нь зулгааж, нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би болиулах гэж голоор нь ороод дийлээгүй. Г гарч ирээд салгасан. ...” /хх 12/,

гэрч Э.Г-ын: “...Манай хажуугийн “...” гээд пабд А-тай хамт орсон. Тэднээ хэдэн пиво уугаад, хоол идээд сууж байсан чинь Д.И- орж ирсэн. Хоол захиалаад хэдүүлээ уугаад сууж байхад манай эхнэр орж ирээд “Чи юу хийж байгаа юм” гэхээр нь би “Хоол идээд сууж байна” гэсэн. Тэгэхэд манай эхнэр Д.И-ийг үсдээд тухайн өрөөнөөс гаргасан. Тэгээд би салгах гээд дундуур нь орсон. ...” /хх 17/,

шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Манай нөхөр Э.Г- Д.И- гэх эмэгтэйг тэврээд, пиво уугаад, хоол идээд сууж байсан. Хажууд нь А гэх эмэгтэй сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Д.И- гэх эмэгтэйг үсдээд газар унагаасан. Тэнд байсан зөөгч бид хоёрыг салгасан. ...” /хх 36/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.И-гийн эрүүл мэндэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн баруун хацар, эрүү, зүүн баруун мөр, баруун тохой, баруун шуу, бугалга, зүүн шуу, сарвуу, баруун ташаа, гуя, зүүн гуянд цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1496 дугаар дүгнэлт /хх 20-21/,

хэрэг болсон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-75/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг гаргуулан хохирогчид олгохдоо тоо, тооцооны шинжтэй алдаа гаргажээ.

Хохирогч Д.И-гөөс компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн, сувилалд хэвтэн эмчлүүлсэн зэрэг 3.391.600 төгрөгийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хохирогчийн гарган өгсөн баримтаас “Тэгри мед” сувилалд хэвтсэн “хүүхэд хоол, эмчилгээтэй 3-8/ 1.190.000 төгрөг” гэсэн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзэж, хасаж, үлдэх хэсгийг гэм буруутай этгээд болох Б.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн боловч хохирлын үлдэх хэсгийг шүүгдэгчээс гаргуулахдаа “2.201.600” төгрөг гаргуулах ёстой байтал тоо, тооцооны шинжтэй алдаа гаргаж, “2.341.600” төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч А.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...2.341.600 төгрөг гаргуулж хохирогч Д.И-д олгосугай.” гэснийг “...2.201.600 /хоёр сая хоёр зуун нэг мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.И-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ