Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/017

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ж,

Орчуулагч А.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн А-гийн Х, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ0000000

 

Шүүгдэгч А.Х-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн З.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Х  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн З.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед байх З.Б-д утсаар залгаад “Би гүүрний наад талд " Ах баян " дэлгүүрийн урд байна. Чи ирээд аваарай” гэхээр нь такси бариад очсон юм. Намайг очиход  нэг залуутай хамт зогсож байсан бөгөөд “Танай гэрт очъё” гэхээр нь дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд би 2.5 литрийн пиво хийгээд гурвуулаа хуваагаад уусан юм. Пиво дууссаны дараа З.Б нэг шил сангийн далай нэртэй архи өврөөсөө гаргаж  ирэхээр нь дахиад гурвуулаа хувааж уугаад З.Б согтсон болохоор нь орон дээрээ хэвтүүлээд унтуулсан юм. Хэсэг хугацааны дараа босож ирэхээр нь та битгий босоорой унтаж амраарай гэхэд миний унтаж амрах асуудлыг чи мэдэхгүй гээд миний хацар луу нэг удаа алгадахаар нь уур хүрээд 3.Б-гийн нүүр хэсэг рүү хоёр гурван удаа гараараа цохиход хамар тус газраас нь цус гарсан. Мөн зүүн хөмсөгний дээд хэсэг нь шалбарч цус гарч байсан юм. Тэгээд бид хоёр гадаа гараад ноцолдох үед 3.Б-гийн гар цантаж байсан цонхны нэг нүдэнд хүрэхэд хагарсан юм. Тэр үед би уурлаад газар унахад нүүр хэсэг рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн нь үнэн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Хохирогч З.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би хамаатан ахын дүүгийн хамт хувийн ажлаар аймгийн төвд ирсэн юм. Тэгээд орой 20 цагийн үед “Ах баян” дэлгүүрийн урд А.Х тэй тааралдаад тэдний гэрт очихоор болж Өлгий сумын 4 дүгээр багт түрээсэлж байгаа гэрт нь очсон юм. Тэр үед А.Х  нь 2.5 литрийн бор савтай пиво, сангийн далай нэртэй нэг шил архи хийхээр нь гурвуулаа хуваагаад уусан. Тэр дуусаад А.Х  нь “Та нар урьд нь алга болсон адуугаа надаас хардаад олж идээгүй биз дээ” гээд хэрүүл маргаан үүсгэсэн юм. Би тэр үед “Чи болиорой. Чамайг тэр морийг хулгайлсан гээд хэн ч хэлээгүй биз дээ” гэхэд гэр дотор шууд миний нүүр тус газар гараараа учир зүггүй цохиход ам хамраас цус гарсан. Тэгээд гэрээс нь гараад зугтах үед араас гарч ирээд цохиход газар унасан. Газар унахад мөн өшиглөж байхад нь миний хажууд явсан залуу хүчээр салгаж авсан юм. Тэгээд маргааш өдөр нь уучлалт гуйгаад ирэх байх гэж бодсон А.Х ирээгүй болохоор маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Намайг цохих үед хоёр нүд маань хөхөрч хавдсан, нүүр бүхэлдээ зулгарч  шалбарсан одоо толгой эргэж өвдөж байгаа болно. ...А.Х  надаас уучлал гуйсан болохоор уучилсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- Гэрч Ш.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3.Б бид хоёр 14:00 цагийн үед Б сумаас аймгийн төвд ирсэн юм. Бид ирээд хэсэг хугацааны дараа гүүрний цаад талд буюу Ө сумын 9 дүгээр багт байрладаг 3.Б-гийн танил айлд очоод цай уугаад гадуур жаахан явсан юм. Тэгээд 22 цагийн үе байсан байх дэлгүүрүүд хаах гэж байхад "Ах баян" нэртэй дэлгүүрээс нэг шил сангийн далай архи аваад З.Б хоёулаа гудамжинд зогсоод хувааж уусан юм. Тэгээд архиа уугаад дуусаж байхад З.Б нь А.Х-г дуудсан байсан. Тэр залуу нэг такси аваад дэлгүүрийн урд ирэхэд нь машинд суугаад Ө сумын 4 дүгээр багт байрлах А.Х-гийн түр хөлсөөр сууж байгаа өрөөнд очсон. А.Х  нь нэг шил сангийн далай нэртэй архи хийсэн. Тэр дуусахад дахин 2,5 литрийн пиво уугаад дуусгасан юм. Архи пиво ууж дуусаад А.Х  нь З.Б-д хандаж “Чи хэдэн жилийн урд алга болсон адуугаа надаас сэжиглэж хардсан” гээд хоорондоо маргалдсан. Тэр үед гэр дотор А.Х нь З.Б-гийн нүүр тус газар гараараа хэд хэдэн удаа цохиход зүүн талын хөмсөг нь шалбарч хоёр нүд нь хөхөрч хавдаж шалбарсан байсан. Мөн ам хамраас нь цус гарч байсан юм. А.Х 3.Б-г цохих үед би хүчээр салгаж авсан. Хоёулаа нэг нэг рүүгээ дайрсан боловч З.Б А.Х-г цохиж чадаагүй болно. Намайг тэр хоёрыг хүчээр салгаж авахад З.Б гэрээс нь зугтаад гарсан. Араас нь А.Х  гараад хөөж очоод түлхэх үед газар унахад нь хөлөөрөө мөн нүүр тус газар нь хоёр гурван удаа өшиглөх үед нь дахин салгаж аваад З.Б-г дагуулаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-гийн 50 дугаартай: “... 1. Иргэн З.Б-гийн зүүн талын хөмсөг, дээд уруулын дотор талд хөндлөн байрлалтай зах ирмэг нь тэгш бус язарсан шарх, дух, хамар, хоёр талын хацар, зүүн талын чихний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, хоёр талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн   зэрэг  тогтоох  журмын   2.4.1-д  зааснаар   гэмтлийн   хөнгөн   зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Шүүгдэгч А.Х-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Б-гийн зүүн талын хөмсөг, дээд уруулын дотор талд хөндлөн байрлалтай зах ирмэг нь тэгш бус язарсан шарх, дух, хамар, хоёр талын хацар, зүүн талын чихний хэсгүүдэд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, хоёр талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 50 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч А.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч А.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

  1. Ш овгийн А-гийн Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч А.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.Х-гийн өмчлөлийн “Samsung S-3” маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч А.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Х-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е 0000000 дугаартай гадаад паспорт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.Д