| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0078/З |
| Дугаар | 111/ШШ2024/0084 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 111/ШШ2024/0084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдох
“Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх *******ын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын хэрэгжилтийг шалгах тухай” удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дүгээр шийтгэлийн хуудас оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна.
3. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
“Баянхонгор аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор би, тус Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* *******” ХХК-ийн ******* рестораны эзэн ******* нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” гэх 129/04 дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг Улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн удирдамжийн дагуу Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам’’-ын шалгалтаар татаж хянав.
Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь дээрх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан “*******” рестораны эзэн *******д Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Эрх бүхий албан тушаалтан нь бүртгэлийн 129/04 дугаартай зөрчлийн материалд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэхээр байна.
1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд гэдгийг тогтоосон талаарх баримт материалд авагдаагүй, хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хувь хүн буюу *******д хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн.
Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. “*******” рестораны нь хэзээнээс хойш, ямар чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа болох, зэрэг аж ахуйн нэгжтэй холбоотой баримт материалд авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2. 3өрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хуульд заасныг баримталж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, “*******” рестораны тогооч *******ын гарын алганаас арчдас авахад гэдэсний бүлгийн нян ургасан хариу гарсны дагуу Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр түүний эзэн *******д шийтгэл оногдуулсан байна. Гэтэл тус аж ахуйн нэгжийн тогоочоос мэдүүлэг авч нөхцөл байдлын талаар тодруулаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйл гэж юуг ямар хуулийн хэдийн хэдэд заасныг ойлгох, энэ талаар тогооч, ажиллагсад мэддэг эсэхийг тодруулах, хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулсны үндсэн дээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан иргэнд эсхүл хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн шийтгэлийн хэмжээг тогтоохоор хуулиар зохицуулагдсан байтал хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй байна.
З. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтад “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх” гэж, 12 дахь заалтад “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах” гэж тус тус заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргаж буй аж ахуй нэгжид зөрчлийн үр дагаврыг арилгуулах талаар авч ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болох, зөрчил бүрэн арилсан эсэх нь тодорхойгүй байгаа нь иргэдийн хуулиар олгогдсон эрүүл байх эрхэд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгож байна.
Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг таслан зогсоох, хор уршгийг арилгуулах үүргээ хангалттай биелүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Эрх бүхий албан тушаалтны дээрх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна.
Өөрөөр хэлбэл холбогдогчийг хэзээ, хаана, хэрхэн, ямар зөрчил үйлдсэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй, зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоон, нотлох баримт цуглуулаагүй учир зөрчлийн материалд авагдсан баримтуудаар холбогдогчид шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэв.
Мөн эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан шийтгэлийн хуудасны дагуу холбогдогч торгуулийн шийтгэлийг төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт материалд байхгүй, хэрэв төлсөн бол иргэн *******д үндэслэлгүйгээр оногдуулсан торгуулийн мөнгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
”Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд гэдгийг тогтоосон талаарх баримт материалд авагдаагүй хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хувь хүн буюу *******д хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулсан нь зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн байна. Миний бие тус хэргийн материалд төлөвлөгөөт хяналт шалгалтын буюу хуулийн этгээдийн нэр хаягийг тэмдэглэсэн хяналтын хуудас, шалгалтын тэмдэглэл захирал *******ийн гарын үсэгтэй материалыг хавсаргасан боловч *******ийн нэр дээрх “******* петролиум” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаагүй.
3өрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад арчдасын шинжилгээнд хамрагдсан ажилчдаас мэдүүлэг аваагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйл гэдгийг ямар хуулийн хэдийн хэдэд заасныг хуулийн заалтаар тодорхойлж оруулаагүй,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтад “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх” гэж, 12 дахь заалтад “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах” гэж заасныг тус тус хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай тус тус тусгасан байна. Тус Прокурорын дүгнэлтийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* 2024 оны 5 дугаар сард Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах манай “МB” ресторанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж эрүүл ахуйн халдвар хамгааллын шалгалтаар гал тогооны тоног төхөөрөмж, вандан, түмпэн, шанага багаж хэрэгсэл болон ажилчдаас арчдас авч шинжлэхэд тогооч Түвшинжаргалын гарын алганаас авсан арчдасаас нян гарсан ноцтой зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулиар “******* петролиум” ХХК-ны захирал ******* миний бие 500.000 төгрөгөөр торгууль ногдуулж хугацаа заасны дагуу торгуулийг төлж барагдуулсан. Зөрчлийг арилгуулахаар өгсөн заавар зөвлөмжийн дагуу гал тогооны ажилчдын халдвар хамгаалал эрүүл ахуйг мөрдөн ажиллаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын газрын баталсан Удирдамжийн дагуу хийсэн шалгалтын хүрээнд Баянхонгор аймгийн хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлээ “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хуулийн этгээд гэдгийг тогтоосон талаарх баримт материалд авагдаагүй, хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хувь хүн буюу *******д хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хэмжээгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. “*******” рестораны нь хэзээнээс хойш, ямар чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа болох, зэрэг аж ахуйн нэгжтэй холбоотой баримт материалд авагдаагүй.” гэж тодорхойлсон.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ “тус хэргийн материалд төлөвлөгөөт хяналт шалгалтын буюу хуулийн этгээдийн нэр хаягийг тэмдэглэсэн хяналтын хуудас, шалгалтын тэмдэглэл захирал *******ийн гарын үсэгтэй материалыг хавсаргасан боловч *******ийн нэр дээрх “******* петролиум” ХХК-ийн Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаагүй” гэж тайлбарлаж байна.
3өрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* нь Эрүүл мэндийн яамны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10-11/22 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “*******” рестораны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр тус рестораны эзэн *******д 3өрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.
Дээрх зохицуулалтаас харахад тухайн илрүүлсэн үйлдэл нь зөрчил мөн эсэх, холбогдогч нь хэн болох, тэрхүү нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст тохирох шийтгэл оногдуулахаар байхад эрх бүхий албан тушаалтан нь “*******” рестораныг хувь хүний нэрээр үйл ажиллагаа явуулдаг уу, эсвэл хуулийн этгээдээр улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаар зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг нягталж тогтоогоогүй, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь хууль бус болжээ.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийг хувь хүн, хуулийн этгээдийн аль нь болохыг нотлон тогтоогоогүйн улмаас холбогдох хуулийн хэрэглээ, тухайн зөрчилд оногдуулах шийтгэл, торгуулийн хэр хэмжээ ялгамжтай зэргийг анхаараагүй байна.
Эрх бүхий албан тушаалтны энэхүү үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнээд, Баянхонгор аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА