Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/662

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Т-гийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Х-т холбогдох 2305 00000 0689 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Х-, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Говьсүмбэр аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хээгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Б.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын автобусны буудал дээр хамтран амьдрагч болох хохирогч Э.Т-г зодож, түүний биед хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт шарх, баруун завж, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, зүүн шуу, нуруунд цус хуралт, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээж, Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Т-гийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Э.Т- “...Би 2022 оны 7 дугаар сард Б.Х- гэх залуутай танилцаад уулздаг болоод тухайн оны 8 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Б.Х-ын гэрт бид хоёр хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд Б.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь би “Сална” гэхэд намайг “Чамайг шоронгийн хүнээр хүчиндүүлнэ шүү, гэр рүү чинь малын хулгайч явуулж, малыг чинь хулгайлуулна” гэх зэргээр дарамталдаг байсан. 2022 оны 10 дугаар сард намайг Б.Х- нь гэртээ зодож байсан. Тухайн үед миний толгой хөдөлж, би бариачид бариулж байсан. Мөн 2023 оны 01 дүгээр сард бид 2 хөдөө явж байхад намайг Дундговь аймгийн Дэрэн суманд зодож, миний салтаа руу өшиглөн би хэд хоног алхаж чадаагүй, мөн 2023 оны 01 дүгээр сард Б.Х- миний ажил дээр ирж намайг зодож танхайрч байсан. 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Болдоо над руу залгаад “Чи шууд 10 дугаар хорооллын “С" бааранд хүрээд ир, бид 2 энд архи ууж байна” гэсэн. Би Б-ийн хэлснээр тухайн баарны гадаа явж очоод Б руу залгахад Б, Б.Х- гарч ирж тухайн бааранд орсон. Гарч Б.Х-ын хамт таксинд суусан. Б.Х- миний амыг дараад намайг чанга чанга боогоод мөн үсдээд миний нүүр рүү гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохиод байсныг санахгүй байна. Тэгээд би ухаан ороход 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр Б.Х- намайг үсдээд цемент дээр чирээд байсан. ...” гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд 2022 оны 10 дугаар сард 1 удаа, 1 дүгээр сард 2 удаа, 3 дугаар сард 1 удаа буюу удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байхад шүүхээс байнга зодсон шинж байдлыг нь харгалзан үзээгүй. Хохирогчийн зүгээс “...Намайг “Чамайг шоронгийн хүнээр хүчиндүүлнэ шүү, гэр рүү чинь малын хулгайч явуулж, малыг чинь хулгайлуулна” гэх зэргээр дарамталдаг байсан. ...” гэж мэдүүлсээр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх дээр шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэдэг үндэслэлд хамаарч байна.  Анхан шатны шүүхээс Б.Х-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, ял шийтгэсэн байгаа нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл хамаарч байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Б.Х-ыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулах ёстой байтал Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн анхны мэдүүлэгт “Б.Х- удаа, дараа цохисон” гэдэг. Мөн “Б.Х-тай 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд зоддог байсан боловч цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийг тус тус өгсөн. Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Удаа дараа энэ талаар мэдүүлсээр ирсэн” гэж байна. Хохирогчоос 2 дахь удаагаа мэдүүлэг авахад “Би гомдол, саналгүй. Хэргийн талаар ар гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсэхгүй байна” гэсэн мэдүүлэг өгсөн. Дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогчийг удаа дараа цохисон гэдэг нь нотлогдоогүй гэж үзэхээр байна. Иймд хохирогч, шүүгдэгч нар нь 5-6 сарын хугацаанд хамтран амьдарсан учир гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх боломжтой. Мөн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Ийм учраас прокурортой тохиролцсон ялын хүрээнд уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гэвч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Э.Т-гийн: “...Би орой 21 цагийн үед найз Янжинлхамтай уулзаад пиво уусан болохоор шууд согтсон. Тэгээд сэрэхэд таксинд явж байсан. Хойд суудал дээр Б.Х- суусан. Урд хэн сууж байсныг харж чадаагүй. Б.Х- нь миний амыг дараад чанга боогоод үсдэж, миний нүүр рүү гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Тэгээд ухаан алдаад сэрэхэд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр Б.Х- нь намайг үсдээд цементэн дээр чирээд байсан. Би ухаан ороод эргэн тойрноо харахад цагдаагийн машин ирсэн байсан. ...” /хх 10-12/,

шүүгдэгч Б.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтолт ихтэй байсан. Э.Т-г тухайн үед бааранд байсан эрэгтэйтэй хардсан. ...” /хх 44-45/ гэсэн мэдүүлгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хамтран амьдрагч болох хохирогч Э.Т-гийн биед халдаж, зодсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Т-гийн эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3859 дугаар дүгнэлт /хх 13-14/-д дурдагдсан мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт шарх, баруун завж, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, зүүн шуу, нуруунд цус хуралт, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд нийцжээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч хэмээн тодорхойлж, тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгохоор хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ын хамтран амьдрагч Э.Т-гийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Х- өөрийн хамтран амьдрагч Э.Т-г урьд өмнө нь зодсон, гэр бүлийн хүчирхийлэл байсан талаар шалгалт хийгдээгүй, байнга зодсон болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Э.Т-г 2023 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө зодож, хөнгөн гэмтээсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан боловч Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зайлшгүй тоон үзүүлэлт болох “байнга” хэмээх шинжийг хангахгүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд, хохирогчийн өмгөөлөгч С.Болорчулууны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/364 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Т-гийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ