2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00827

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/00827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................... дүүрэг, ............-р хороо, ............., .........., ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, *******гийн гудамж, ******* тоот, ******* ХХК-д /РД: *******/ холбогдох

40,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нарын дунд 2022 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу М100-М400 маркийн бетон зуурмаг 1 м3 зуурмагын үнийг 180,000-240,000 төгрөгөөр тохиролцон нийлүүлэхээр болсон. Талууд зуурмагын тоо, хэмжээг тогтоогоогүй бөгөөд зуурмагыг давхар өөр газраас авах боломжтой тохирсон ба авсан зуурмагын хэмжээгээр тооцоо хийхээр харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу захиалагч ******* ХХК өөрсдөө зуурмаг авах өдрөө тогтоож захиалга өгөх бөгөөд захиалгын дагуу манай байгууллага зуурмаг нийлүүлэхээр болсон. Гэрээний төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн 50 хувийг бартераар буюу тухайн төслөөс орон сууц авах тохиролцоотой гэрээ байгуулсан.

Хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу 2022 оны 05 сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд М150 маркийн зуурмаг 18 м3, М350 маркийн бетон зуурмаг 90 м.3, нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 бетон зуурмаг нийлүүлсэн. Мөн манайх бетон зуурмаг нийлүүлэхдээ насосны машин түрээслэсэн бөгөөд энэ төлбөр нь 1,200,000 төгрөг болсон.

Гэтэл хариуцагч ******* ХХК гэрээний дагуу бартерын орон сууц шилжүүлэх гэрээ байгуулаагүй. Мөн гэрээний 3.1-т заасны дагуу бэлэн өгөх төлбөрөө зуурмагын хэмжээгээр тооцож төлбөрийг 2 хоногийн өмнө шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй.

Захиалагч талын ажил зогссон тул манай байгууллага бетон зуурмаг нийлүүлтээ зогсоосон бөгөөд гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд манай байгууллага шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн.

Хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний 4.3-т заасны дагуу алдангийг төлбөр төлөх ёстой байсан 2022 оны 05 сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл тооцоход 515 хоног болж байгаа бөгөөд үүнийг гэрээнд заасан 0,3 хувиар тооцоход 1 өдрийн алданги 81,60 төгрөг болж байгаа ба нийт алданги 42,019,500 төгрөг болж байна.

42,019,500 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн төлөх ёстой 27,120,000 төгрөгийн тал хувь буюу 13,560,000 төгрөгт тооцон алданги нэхэмжилсэн.

Ингээд хариуцагч ******* ХХК-иас бетон зуурмагын үлдэгдэл төлбөр 27,120,000 төгрөг, алданги 13,560,000 төгрөг, нийт 40,680,000 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан. ******* ХХК 108 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй гэж маргасан тул авсан талаарх баримтыг шүүхэд өгсөн бөгөөд уг баримт 3 хувь үйлдэгддэг, жолоочид 2 хувийг өгч эх хувь дээр ******* ХХК гарын үсэг зурж, өнгөн хувь нь манайд ирдэг.

******* ХХК-ийн захирал Х. хариуцагч ******* ХХК-ийн захирал С.той амаар тохиролцож гэртээ 8 ширхэг цонх, павильоны 4 ширхэг хаалт суулгуулан хариуцагч талын бетон зуурмагын төлбөрөөс хасах асуудал захирлуудын хооронд яригдсан.

******* ХХК павильоны 4 ширхэг хаалтыг суулгаж өгөөгүй, ******* ХХК-ийн захирал Х.ын гэрт 26 м.кв бүхий 8 ширхэг цонх суурилуулсан, үүний төлбөрт 7,000,000 төгрөгийг хасахыг захирал зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа 20,120,000 төгрөг болгон, уг үнийн дүнгээс алдангиа тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг 10,500,000 төгрөгөөр багасгаж, нийт 30,180,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас нэхэмжилж байна.

Надад мөн сая Х. захирал хариуцагч ******* ХХК-тай эвлэрэх шаардлагагүй талаараа илэрхийлсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ХХК-иас ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 40,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаатай танилцан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч өөрсдийн тайлбар, татгалзлыг гаргаж байна.

Талууд 2022 оны 05 сарын 17-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь манай байгууллагад бетон зуурмаг нийлүүлсэн хэдий ч нэхэмжлэлд дурдсан 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м.куб хэмжээний бетон зуурмагийг хүлээлгэн өгөөгүй.

Захирал Х. нь манайд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөртөө өөрийн амьдардаг Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 1 дүгээр байр, 55 тоот орон сууцанд шилэн цонх, хаалгыг хийж суурилуулах болон ажлын хөлсийг багтаан тооцуулахаар харилцан тохиролцсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу манай байгууллага 2022 оны 11 сарын 10-ны өдөр гэрт нь очиж хаалга, цонхнуудын хэмжээг аваад 2022 оны 12 сарын 10-ны өдөр бэлтгэж дуусгаад гэрт нь очиж 26 м.кв хэмжээтэй 8 ширхэг цонх, 2 хаалга суурилуулж өгсөн.

Гэтэл харилцан тохиролцсоны дагуу бетон зуурмаг нийлүүлсэн төлбөрт нь цонх болон хаалга хийж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн, өр төлбөргүй болсон байхад бетон зуурмагийн төлбөр болон гэрээний алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс өмнө нь дээрх гэрээтэй холбогдуулан бетон зуурмагийн өр төлбөрийг төлөхийг шаардаж байгаагүй бөгөөд ийнхүү харилцан тохиролцсоны дагуу ажлыг гүйцэтгэж дууссан, өр төлбөргүй болсон байхад уг төлбөрийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, бетон зуурмагийн тооцоолол,

2022 оны 05 сарын 17-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хуулбар, 108 м.3 бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 40,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Бетон зуурмагийн үнэ 25,920,000 төгрөг,

Помпны түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг,

Алданги 13,560,000 төгрөг, нийт 40,680,000 төгрөг/

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 17-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан нийлүүлэгч ******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн өгсөн захиалгын дагуу бетон зуурмаг нийлүүлэх, зуурмагийн хэмжээ, үнэтэй холбоотой харилцааг зохицуулахаар,

Захиалагч тал шаардагдах зуурмагийн захиалгыг 3 хоногийн өмнө нийлүүлэгчид өгч байхаар,

М100 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 180,000 төгрөг,

М150 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 190,000 төгрөг,

М200 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 200,000 төгрөг,

М250 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ *******0,000 төгрөг,

М300 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 220,000 төгрөг,

М350 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 230,000 төгрөг,

М400 маркийн бетон зуурмаг 1м3-ийн үнэ 240,000 төгрөг,

Нойл зуурмаг 1м3-ийн үнэ *******0,000 төгрөг байхаар,

Бетоны нийт үнийн дүнгийн 50 хувьд бэлэн мөнгө, үлдэх 50 хувьд бартер буюу тухайн төслөөс орон сууц байхаар, бэлэн мөнгөний төлбөрийг тухайн захиалга бүрт 50 хувиар тооцож цутгаж 50 хувиар тооцож цутгалт хийгдэхээс 2 хоногийн өмнө төлбөрийг нийлүүлэгч талд төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

 

Дээрх 2022 оны 05 сарын 17-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 6-11 дүгээр тал/

 

Худалдагч ******* ХХК нь дээр дурдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү 108 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй, нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг төлсөн хэмээн маргаж байна.

 

Нийлүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд заасны дагуу захиалагч ******* ХХК-д 2022 оны 05 сарын 24-ний өдөр 3 удаагийн захиалгаар М150 маркийн бетон зуурмаг нийт 18 м3,

2022 оны 07 сарын 08-ны өдөр 10 удаагийн захиалгаар М250 маркийн бетон зуурмаг 90 м3, нийт 108 м3 бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5, 42-54 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 08 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба нийлүүлэгч талаас 25,920,000 төгрөгийн буюу 108 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй, хүлээн авсан бетон зуурмагийн үнийг нийлүүлэгч талын захирал Х.ын гэрт цонх, хаалга хийж суурилуулан төлбөрийг дуусгасан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

 

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.ын гэрт тодорхой ажил гүйцэтгэн төлбөрийг төлж дуусгасан гэдгээ нотлоогүй хэдий ч нийлүүлэгч тал 8 ширхэг цонх суурилуулсан хэмээн зөвшөөрч, тухайн ажлын хөлсөнд 7,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох талаараа тайлбарлаж байх тул нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр ажлын хөлсийг тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь 27,120,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасч үндсэн төлбөр 20,120,000 төгрөг, алданги 10,060,000 төгрөг, нийт 30,180,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 10,500,000 төгрөгөөр багасгажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу захиалагч ******* ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 сарын 17-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т ... Бэлэн мөнгөний төлбөрийг тухайн захиалга бүрт 50 хувиар тооцож цутгалт хийгдэхээс 2 хоногийн өмнө нийлүүлэгчид төлнө....,

4.3-т Захиалагч тал бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлөгдөөгүй байгаа төлбөрийн нийт дүнгийн 0.3 хувьтай тэнцэхүйц алдангийг нийлүүлэгчид төлөх ба энэхүү алданги нь сүүлийн бетон зуурмагийг захиалагч талд нийлүүлсэн өдрөөс тооцогдоно,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүй хариуцагч ******* ХХК алданги төлөх үүрэгтэй.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хариуцлагыг хүлээх тул захиалагч ******* ХХК гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага хүлээнэ.

 

Мөн гэрээний 1.5-д Бетон зуурмаг шахагч насост машин түрээслэх болон түрээсийн төлбөр тооцооны талаар энэхүү гэрээний 3.1-т заасны дагуу мөрдөнө,

3.1-т ... Нийлүүлэгчээс насост машин түрээслэх тохиолдолд 1 м3 зуурмаг шахалтын үнийг тухайн цутгалт бүрийн өмнө талууд харилцан тохиролцож 100 хувь бэлэн мөнгөөр тооцох бөгөөд энэ нь бетон зуурмагийн үнээс тусдаа тооцогдоно гэж заасан бөгөөд нийлүүлэгч тал насост машин түрээслэсэн төлбөрт 1,200,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх үүрэг 20,120,000 төгрөг-1,200,000 төгрөг=18,920,000 төгрөг,

18,920,000/2=9,460,000 төгрөг /алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

Нийт 28,380,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 28,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 03 сарын 28-ны өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч талыг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.

Хариуцагч талын хаяг тодорхойгүй үндэслэлээр 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 20471 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ******* ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Цагдаагийн байгууллага ******* ХХК-ийн хаягийг тогтоосны үндсэн дээр хариуцагч тал цагдаагийн байгууллагаар уламжлуулан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.д 2024 оны 08 сарын 30-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулжээ.

/ХХ-ийн 1-2,13, 15-19, 22-23, 29-39 дүгээр тал/

 

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн хувь гардан авсан 2024 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хууль зүйн туслалцаа авах, эвлэрэн хэлэлцэх зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хэргийн талаар танилцуулснаар хэрэг хэлэлцэж эхлэх бөгөөд хариуцагч тал хүсэлт хэлэлцэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтээ гаргаагүй атлаа хэрэг хэлэлцэх шатанд өмгөөлөгч авах, эвлэрэх хугацаа авах, хариуцагч ******* ХХК-ийн захирал төлөөлөгчдөө олгосон итгэмжлэлээсээ татгалзсан тухайгаа мессэжээр хуралдааны явцад мэдэгдсэн гэх тайлбар хариуцагч тал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагч тал мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлүүдээр шүүгчээс татгалзсаныг уг хүсэлтийг гаргаагүйд тооцож энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 28,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 361,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 299,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 40,680,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН