Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00205

 

 

            Д.Н, Н.Т нарын нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/03138 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н, Н.Т нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1690 дугаартай шийдвэрээр “Хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дулаан богд хайрхан” ХХК болон Д.Н, Н.Тогоомаа нараас 79 908 639 төгрөг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг, хариуцагч нар эс зөвшөөрч гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 1690 дугаартай магадлал, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын Дээд шүүхийн 18 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж үзэж байна. Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 103-03 тоот, Ү-2205043034 дугаарт бүртгэлтэй мөн “Голден парк” хотхоны 105-171 тоот, Ү-2205044409 дугаарт бүртгэлтэй Н.Т, П.Бат-Эрдэнэ нарын өмчлөлийн байруудыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан. Бидний хувьд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Төлбөр төлөгч Д.Нгийн гаргасан өөрсдөө эд хөрөнгөө буюу орон сууцнуудаа худалдан зарж борлуулж төлбөрийг төлөх саналыг хүлээж аваагүй ба өөрсдөө зарж борлуулах 1 сарын хугацаа олгоогүй. Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан “Мэдэгдэл”-ийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Н, Н.Тогоомаа нарт өөрсдөд нь биечлэн өгөөгүй бөгөөд Д.Нгийн зээ охин Т.Сугармаад гардуулж өгсөн. Энэ “Мэдэгдэл”-ийг Д.Н 1 сарын дараа хугацаа хоцорч хүлээн авсан. Н.Тогоомаа, Н.Т нар байр зарагдах хүртэл мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд оролцоогүй. Дуудлага худалдаа явуулж байгаа талаар төлбөр төлөгч Д.Н, Н.Тогоомаа, Н.Т нарт мөн мэдэгдээгүй. Байрны худалдан борлуулах үнийн саналыг хүлээн аваагүй. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний үнийн дүн хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн, энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргаж дахин үнэлгээ гаргуулах шүүхээр шийдвэрлүүлэх, талаар хуульд заасан эрх үүргийг төлбөр төлөгч Д.Н, Н.Тогоомаа, Н.Т нарт танилцуулж, эрх үүргийг тайлбарлан өгөөгүй. Дээрх байдлуудаас шалтгаалан зах зээлийн үнэлгээгээр Д.Н 103-03 тоот байр 80 000 000 төгрөг, Н.Тгийн 105-171 тоот байр 95 000 000 төгрөг нийлээд 175 000 000 төгрөгт үнэлэгдэн, шийдвэр гүйцэтгэлээс гаргасан хөрөнгийн үнэлгээгээр 71 000 000 төгрөг, 80 000 000 төгрөг нийт 151 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байрууд маань тус бүр 42 000 000 төгрөг, 40 000 000 төгрөгөөр үнэлэгдэж худалдан борлуулагдаж бидний эрх ашгийг ноцтой хохироож байна. Үүний цаана орон байр худалддаг ченжүүдтэй хуйвалдан байруудын үнийг 50 хувь унагааж үнэгүйдүүлэн дуудлага худалдаагаар оруулан өндөр үнээр борлуулан ашиг олдог нөхөд байхыг үгүйсгэх аргагүй гэж хамгийн ядуу доод түвшний арга ядсан иргэн би хардаж байна. Мөн Иргэний хуульд 70 хувь гэж заасан заалт байхгүй байхад 70 хувиар гэж дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Яагаад нэг байрыг дуудлага худалдаанд оруулж зарж болохгүй хоёуланг нь оруулсан нь ойлгомжгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/01690 дугаартай Шийдвэрээр “Дулаан богд хайрхан” ХХК, Д.Н, Н.Тогтоомаа нараас 80.453.570 төгрөгийг гаргуулж “Хаан” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 03736 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 313 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бичигдэн ирсэн. Нэхэмжлэгч Д.Н, Н.Т нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй гэжээ. Төлбөр төлөгч Д.Нгийн гаргасан өөрсдөө эд хөрөнгөө худалдан борлуулж төлбөрийг төлөх саналыг хүлээн аваагүй 1 сарын хугацаа олгоогүй. Эд хөрөнгийн үнэлгээ тайланг нэхэмжлэгч талд танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч бүрэн төлөөгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 225/05, 19280566/07-225 дугаартай тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Д.Н, Н.Тогоомаа, өмчлөгч Ц.Пүрэвдорж, Н.Т, П.Бат-Эрдэнэ нараас 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/13588, 13589, 13590, 13591, 13592, 13593 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч “Хаан” банкнаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгөнд шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/223, 4/227 дугаартай Тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-иудыг томилж үнэлгээ тогтоолгоход 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 105-171 тоот, 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 80 968 750 төгрөгөөр, 103-3 тоот, 57 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 71 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дээрх орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/16481, 16482, 16483, 16484, 16485, 16486 дугаартай “Мэдэгдэл”-ийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Нд гардуулан өгч мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаанд худалдан борлуулах эрхтэй талаар мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нараас нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргаагүй. Мөн төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрээс хэсэгчлэн 15 750 000 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн төлөөгүй учраас хуульд заасны дагуу барьцаа хөрөнгө болох хоёр байрыг албадан дуудлага худалдаанд оруулахад хэдэн төгрөгөөр худалдан борлуулагдах нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрт нэг байрыг дуудлага худалдаанд оруулах боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан байгаа эхлээд 70 хувиар дуудна, борлогдохгүй бол 50 хувиар гэж. Иймээс Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н, Н.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Д.Нд тогтоолыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолуудыг, мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг зээ охин Т.Сугармаад гардуулан өгсөн баримтууд нь хуульд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг болон тогтоолуудыг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт биечлэн гардуулна. Боломжгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүнд гардуулж тэмдэглэн үйлдэхээр тусгайлан заасан байдаг. Гэтэл тус байрны өмчлөгч нарт гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй мэдэгдэх хуудас тогтоолуудыг гардан авсан гэх Т.Сугармаа нь емчлөгч болон төлбөр төлөгч нартай хамтран амьдардаггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгөө өөрөө үнэлэн зарж худалдах эрхийг олгосон байдаг ба төлбөр төлөгч Д.Н хуульд заасан хугацаанд бие даан худалдан борлуулах саналаа гаргасан байдаг боловч энэ талаар ажиллагаа хийж хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н, Н.Т нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/01690 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1697 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2019/00018 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Д.Н, Н.Тогоомаа, “Дулаан богд хайрхан” ХХК-аас 79 896 139.25 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хаан” банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 12 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 105 дугаар байрны 171 тоот, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө, Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 103 дугаар байрны 03 тоот, 46.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцууд мөн 06-74-ОРО улсын дугаартай, NE11004974 арлын дугаартай, “Nissan note” маркийн ногоон өнгийн суудлын автомашин зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 7-14, 36-40 дүгээр тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3736 дугаар захирамж гарч, мөн өдөр 313 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 19280566 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газруудыг битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 225/01, 19280566/07-225 дугаартай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 32-35, 42, 45,46,54,55 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Н “үл хөдлөх эд хөрөнгүүдээ “Корона” вирусийн хорио бүрэн дууссанаас хойш нэг сарын хугацаанд худалдан борлуулж бүрэн шийдвэрлэж болно гэж мэдэгдэж байна” гэж бичгээр хүсэлт гаргасныг төлбөр авагч зөвшөөрөх боломжгүй талаарх албан бичиг болон үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ирүүлжээ. /хэргийн 65-72 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/223,4/227 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК, “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 73,74 дүгээр тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Файн эстимэйт” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Ц.Пүрэвдорж, П.Батэрдэнэ, Н.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044409 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энх тайваны өргөн чөлөө гудамж 105 байр, 171 тоот хаяг байрлах 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80 968 750 төгрөгөөр, Д.Нгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205043034 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энх тайваны өргөн чөлөө гудамж 103 байр, 3 тоот хаяг байрлах 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 71 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг тус тус тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 79-134 дүгээр тал/

            Улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энх тайваны өргөн чөлөө гудамж 105 байр, 171 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 80 968 750 төгрөгийн 70 хувь болох 56 678 125 төгрөгөөр 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/69 дугаар тогтоолоор тогтоож, мэдэгдлийг Д.Нгийн зээ охин Т.Сугармаад /21 настай/ гардуулж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул дээрх хөрөнгийн үнэлгээг 50 хувиар тооцон 40 484 375 төгрөгөөр 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/43 дугаар тогтоолоор тогтоож, мэдэгдлийг Д.Нгийн зээ охин Т.Сугармаад /21 настай/ гардуулсан байна. /хэргийн 146, 153, 155, 160-163 дугаар тал/

 

            Мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энх тайваны өргөн чөлөө гудамж 103 байр, 3 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 71 000 000 төгрөгийн 70 хувь болох 49 700 000 төгрөгөөр 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/68 дугаар тогтоолоор тогтоож, мэдэгдлийг Д.Нгийн зээ охин Т.Сугармаад /21 настай/ гардуулж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул дээрх хөрөнгийн үнэлгээг 50 хувиар тооцон 35 500 000 төгрөгөөр 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/47 дугаар тогтоолоор тогтоож, мэдэгдлийг Д.Нгийн зээ охин Т.Сугармаад /21 настай/ гардуулсан байна. /хэргийн 146-151, 154, 156 дугаар тал/

 

            Дээрхээс үзэхэд анхны болон хоёр дах дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.5, 65 дугаар зүйлийн 65.1, 66, 68, 69, 72 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2020/11071 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 25 дугаар тал/

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, зээ охин Т.Сугармаад мэдэгдэл гардуулсныг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлах боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

            Иймд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/03138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                         С.ЭНХТӨР