| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2202 00761 0024 |
| Дугаар | 2023/ДШМ/663 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/663
З.Ц, Г.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Анхжаргал,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/497 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, шүүгдэгч З.Ц-, Г.Э- нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн З.Ц-, Г.Э- нарт холбогдох 2202 00761 0024 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн З-ын Ц-, 2001 оны ... дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Б овгийн Г-ийн Э, 2001 оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Х-т хөдөлгөөн заслын эмч ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
З.Ц-, Г.Э- нар нь хамтран 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... дугаар гудамжны ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 64,4372 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: З.Ц-, Г.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт З-ын Ц-, Б овогт Г-ийн Э- нарыг тус бүрийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-, Г.Э- нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц- нь хорих ялыг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч З.Ц- нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэмэгдүүлэн оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 73.4 грамм хатаасан ургамал мэт зүйл, ногоон өнгийн тоосорхог зүйлтэй цэцэгтэй аяга, хар өнгийн нунтаг зүйлтэй цэцэгтэй аяга, цагаан өнгийн асаагуур 1 цэцэгтэй аяга, хар өнгийн нунтаг зүйлтэй цэцэгтэй аяга, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан мөнгөн цаас, түлэгдэж харласан мөнгөн цаас, хажуу бөөр хэсэгт нь цоолсон цэвэр усны сав зэргийг устгахыг, мөн түлэгдэж шарласан хуйлсан 50 төгрөг 1 ширхэг, цоолсон нүхэнд хуйлж шургуулсан 2-тийн доллар 1 ширхэг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд хүргүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус даалгаж, шүүгдэгч З.Ц-, Г.Э- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, З.Ц-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Э-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Х-д сэргээн засалч эмчээр ажилладаг, бага насны буюу 1 нас 9 сартай охиноо санаж байна. Мөн эцэг хүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаадаа харамсаж байна. Ар гэрийнхээ, эхнэрийнхээ сэтгэл санааг зовоож байгаадаа харамсаж, гэмшиж байна. Хууль зүйн мэдлэггүйгээсээ болж дэмий зүйл сонирхож, хоригдож байгаадаа харамсаж барахгүй байна. Цаашид ийм зүйлтэй огт холбогдохгүй байхаа амлаж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсч байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Ц-, Г.Э- нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрчүүд болох Ц.Т, Н.Б нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх бөгөөд тухайн мэдүүлгүүдээр З.Ц- угаалгын өрөөнөөсөө “өвс” гэх зүйлийг гаргаж ирж байсныг хоёр гэрч хоёулаа гэрчилдэг. Харин Г.Э-г тухайн хоёр гэрч гэртээ өвс хадгалсан эсэх талаар огт дурддаггүй бөгөөд хэрэгт авагдсан хотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Мөн Г.Э- нь З.Ц-тай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хээгт заасан “өвс” гэх ургамлын хадгалахдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцсон гэж дүгнэсэн боловч хэрхэн, яаж үйлдлээрээ хамтран оролцож, санаатай “өвс” гэх ургамлыг хадгалсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад үйлдлээрээ санаатай нэгдэж өвсийг хадгалсан үйл баримт огт нотлогдож тогтоогддоггүй. Иймд миний үйлчлүүлэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон өөрчилж, хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд дүгнэж үзэхэд Г.Э-гийн илэрхийлж байгаа байр суурь болон түүний өмгөөлөгч нарын илэрхийлж байгаа байр суурь хоорондоо зөрүүтэй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч түүний өмгөөлөгчөөс “хэргийг хэрэгсэхгүй” болгож өгнө үү гэсэн эсрэг байр суурийг илэрхийллээ. Энэ хэрэг нь мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулж шийдвэрлэдэг онцлог хэрэг. Гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт тулгуурлаж шийдвэрлэдэггүй бөгөөд яллагдагч нар нь худал хэлж байхыг үгүйсгэхгүй учир бусад нотлох баримтуудаар нотолдог. Шүүгдэгч Г.Э-гээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар шинжилгээ авахад “эерэг” хариу гарсан. Гэрчээс мэдүүлэг авахад “Г.Э- нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүрч ирсэн. Энэ хоёр угаалгын өрөөнд ороод хар тамхи хэрэглээд байсан” гэж мэдүүлдэг. Харин шүүгдэгч Г.Э- “Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мансууруулах бодис хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс хүнлэг, энэрэнгүй ёсыг баримталж, мөн түүний ар гэр, хувийн байдлыг харгалзаж түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ гэмт хэрэг нь нийгмийн хор аюул их бөгөөд шүүгдэгч Г.Э- нь эмч хүний хувьд үүнийг хамгийн ихээр ухамсарлаж бусдад үлгэрлэх ёстой хүн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Ц-, Г.Э- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч З.Ц-, Г.Э- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... дугаар гудамжны ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 64,4372 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ц.Т-ийн: “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр найз Г.Э-гийн гэрт пиво уусан. ...Пиво уугаад сууж байтал Г.Э- ажлаасаа тараад орж ирсэн ба нэмж пиво авч ууцгаасан. Тэгтэл Г.Э-, З.Ц- нар ариун цэврийн өрөөндөө өвс хэрэглэсэн. Би хэрэглээгүй. Тэгээд бид нар компьютер тоглоод байж байхад цагдаа нар орж ирсэн. ...” /хх 40/,
гэрч Н.Б-ийн: “...2022 оны 11 дүгээр сарын сүүлээр З.Ц- залгаад ...би орой 20-21 цагийн үед тэдний гэрт Г.Э, З.Ц, Ц.Т нартай байсан. Тэнд хоол идэж, нөгөө хэд пиво ууцгаасан. Ингээд сууж байхад З.Ц- “Өвс татъя” гээд хамт бид дөрөв угаалгын өрөөнд нь ороход З.Ц- угаалгын өрөөнөөсөө зиплок түгжээтэй ууттай өвс гаргаж ирсэн. Ингээд дөрвүүлээ баримтны цаасанд ороож татсан. Бонгоор өвс татсан асуудал байхгүй. Өвсөө татчихаад буцаагаад ваннынхаа доогуур хийсэн. ...” /хх 52/
шүүгдэгч З.Ц-ын: “...2022 оны 11 дүгээр сарын 25-26-ны үед Н.Б манай гэрт ирэхдээ “Энэ нөгөө яриад байсан өвс, хамт хэрэглэж” гээд өвс барьж орж ирсэн. Ингээд манай угаалгын өрөөнд орж байгаад Н.Б усны саванд нүх гаргаж, мөнгө ороож хийгээд, мөн мөнгөн цаасаар тогоо хийж хэрэглүүр бэлдэж, өвсөө ариун цэврийн өрөөнд татаж хэрэглэсэн. Н.Б манай ариун цэврийн өрөөнд аяганд авч ирсэн өвснөөсөө тоос гаргаж авсан. Яаж гаргаж авсныг нь хараагүй. Тухайн өдөр Н.Базарваань, Г.Э-, Ц.Тэлмэн бид нар хамтдаа өвс татаж хэрэглэсэн ба Н.Б “Харилаа” гээд явсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж өвс гэдэг зүйлийг хэрэглэе Гэсэн бодолгүй байна. ...” /хх 125-127, 200/,
шүүгдэгч Г.Э-гийн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэрийн танил Н.Б гэх хүн манайд ирсэн. Ирэхдээ ууттай өвстэй ирсэн. Тухайн үед З.Ц-, Ц.Т бид гурав байсан. Ингээд Н.Б авч ирсэн өвсөө гаргаж “Энийг хэрэглэж үзэх үү” гэсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь яадаг юм бэ” гэхэд Н.Б “Зүгээр гоё тайвшруулдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрэглэж үзье” гээд усны сав бөөр хэсэгт нь цоолж байгаад хажуугаас нь мөнгө ороож хийж байгаад тугалган цаасаар бортого хэлбэрийн зүйл хийж, өвсөө дотор нь хийж шатааж сорж хэрэглэсэн. Бүгдээрээ сорж хэрэглэсэн. Ингээд хэсэг байж байгаад Н.Б “Харилаа” гээд явсан. Энэ асуудлаас хойш 2 хоногийн дараа ажлаа тараад гэртээ ирэхэд З.Ц-, Ц.Т хоёр байсан. Бид нар гэртээ байж байтал 20-21 цагийн үед цагдаагийн ажилтнууд орж ирсэн. Ингээд манай гэрт нэгжлэг хийгдсэн ба 00-н өрөөнөөс хэрэглүүр өвс зэрэг зүйл гарч ирсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруу хүмүүстэй нөхөрлөсөндөө харамсаж байна. Дахиж өвс гэдэг зүйлийг хэрэглэхгүй. ...” /хх 135-136/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Г.Э-, З.Ц- нар, гэрч Ц.Т нарын биеэс биологийн дээж болгон авсан шээснээс тус бүрд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисыг тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний дөрийн 6067 дугаар дүгнэлт /хх 55-58/,
шүүгдэгч Г.Э-, З.Ц- нарын амьдарч байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот орон байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан нунтаг ургамал мэт зүйл, хар өнгийн нунтаг зүйл, ууттай түлэгдэж хуйлсан AV7524772 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, түлэгдэж харласан мөнгөлөг цаас, хажуу бөөр дээр нь цоолсон цэвэр усны сав, цоолсон нүхэнд хуйлж шургуулсан К21467741А серийн дугаартай 2 доллар зэрэг зүйлсэд тус бүрд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6068 дугаар дүгнэлт /хх 65-71/,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 12-17, 24-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Ц-, Г.Э- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдолдоо “...Г.Э-г тухайн гэрчүүд гэртээ өвс хадгалсан эсэх талаар огт дурддаггүй, ...Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, хэрхэн, яаж үйлдлээрээ хамтран оролцож, санаатай “өвс” гэх ургамлыг хадгалсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр болох “Үйлдлээрээ санаатай нэгдэх” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсч бий болгосон байхыг ойлгодог.
Хэрэгт авагдсан гэрч Ц.Т, Н.Б, шүүгдэгч Г.Э-, З.Ц- нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, 2022 оны 11 дүгээр сарын сүүлд Г.Э-, З.Ц- нарын амьдарч байсан орон сууцанд Ц.Т, Н.Б, Г.Э-, З.Ц- нар нь “өвс” хэрэглэсэн, улмаар өвсийг Г.Э-, З.Ц- нар нь гэртээ хадгалж байсан үйл баримт тогтоогдож байна.
Тэдгээр нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг үед Г.Э-, З.Ц- нарын гэрт “өвс” хэрэглэхээр санаатай нэгдэж, тухайн бодисыг хамт хэрэглэсэн бөгөөд тухайн өвсийг Г.Э-, З.Ц- нар нь гэртээ байсныг мэдээгүйг нотлох, эсхүл мэдсэнийг, санаатай хадгалж байсныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт алга.
Шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн 77-78, 83-84 дүгээр талуудад авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1201, 1203 дугаар дүгнэлтүүдээр шүүгдэгч З.Ц-, Г.Э- нар мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй бөгөөд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон боловч дээр дурдсан гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршгийн онцлог шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Э-, З.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, ял тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүүхэдтэй болох нь тогтоогдсон үндэслэлээр шүүгдэгч З.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Дээрх үндэслэлүүдээр, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Г.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ