Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2024/0086

 

 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдох

“Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга *******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ:  “******* миний бие 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буцаан тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, холбогдох даатгалын шимтгэлүүдийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хурлын явцад 12 дугаар сард эрхлэгч нарыг сэлгэх явцад өөр цэцэрлэгт сэлгүүлэх боломжтой гэсэн хариуцагч ******* даргын хариултыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна” гэж,   хариуцагч нь “Аймгийн Боловсролын газрын даргын хувьд Сайдын 2024 оны “Багш удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлэхдээ *******ыг 9 дүгээр цэцэрлэгээс 5,10 дугаар цэцэрлэгээс өөр бусад цэцэрлэгт сэлгэн ажиллуулахаар тохирон эвлэрсэн болохыг үүгээр нотолж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:                         

*******аас “Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******ы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдох “Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА