Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0650

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0650

Улаанбаатар хот

 

 

“С” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн М.Ж.Х, түүний орчуулагч Ө.С,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээс “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргуулах” гэсэн шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “Миний бие нэхэмжлэгч “С” ХХК-ийн хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр нь оролцож байгаагийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд;

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ээлжит жилийн төлбөрийг ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх алданги төлөх боломжтой тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компани хүргүүлсэн байна. Энэ мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-нд нэхэмжлэгч компанийн менежер Н.О гардан авсан нь байгууллагын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбарын тэмдэглэгээ, Н.О-ийн гарын үсэг, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нотлогдож байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-д Н.Оюунцэцэг гэх менежер огт ажиллаж байгаагүй байна. Харин түүний нөхөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.С гэх залуу 2012 онд орчуулагчаар ажилд ороод мөн ондоо халагдаж байсан.

2. Кадастрын албан дээр ажлаар явж байсан н.Соёлд кадастрын албаны ажилтан мэдэгдлийг хүлээн авахыг санал болгоход эхнэр Н.О-ээ явуулж авсан гэдгээ захирал М.Ж.Х-г монголд ирэхэд хэлж, шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь найз Ц.С-ыг оролцуулсан байна.

3. н.С нь кадастрын хэлтсийн мэдэгдлийг хүлээн авах эрх бүхий этгээд биш эхнэр Н.О-ээр Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны 7/278 тоот мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-нд авахуулсан нь Н.О компанийн захирал М.Ж.Х-г залилан мэхэлж 20 гаруй сая төгрөг авах гэсэн санаа зорилготой нь холбоотой нь тодорхой болсон тул хуулийн байгууллагад хандаад байна.

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх “Захиргааны хэргийн шүүх нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн мөн 32 дугаар зүйлийн 32.1 дэх “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэх заалтуудыг зөрчиж, мэдэгдлийг хүлээн авсан Н.О-ийгг “С” ХХК-д менежер эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулаагүй төдийгүй түүнийг шүүхэд гэрчээр дуудаж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг буюу менежерээр ажилладаг эсэх, татвар нийгмийн даатгалд хамрагддаг эсэхийг тогтоогоогүй орхигдуулсан.

5. Захиргааны хэрэгт буй материалд мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн талаар баримт байдаггүйн зэрэгцээ БНХАУ-д өвчтэй эмчлэгдэж байсан Монголд байнга оршин суудаггүй, Монгол хэл мэдэхгүй М.Ж.Хуй нь Монголын мэдээ сонинг олж унших боломжгүй байсанг дурдахаас аргагүй байна.

Хоёр. “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох М.Ж.Х нь өвчтэй байсанг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахгүй байгаад гомдолтой байна. Учир нь;

1. М.Ж.Х нь 2015 оны 08 дугаар сарын 01-нд Монголд ажлаар ирсэн үедээ бие нь  гэнэт муудаж, 7 хоног дотор буцаж өөрийн амьдардаг хотдоо 2016 оны 8 сар хүртэл байнгын эмчилгээ сувилгаатай байсан боловч олигтой засрал аваагүй тул Бээжин хотод очин эмчлүүлж, улмаар хүнд мэс засалд орсон тул Монголд ирэх боломжгүй болж 2016 онд огт ирээгүйгээр тогтоогддог.

2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлээр олгогдсон эрхийнхээ дагуу Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгөхгүй байгаа хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох М.Ж.Хуй болон компани хөрөнгө оруулагчдын Монголд орсон, гарсан талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх хэлтсээс авч өгөх хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд тавьсан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан” Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэх заалтын дагуу шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага албан тушаалтнаас шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан нь 2016 оны “С”  ХХК-ийн хөрөнгө оруулагчид компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүд Монголд орж ирээгүйг нотлох боломжийг алдагдуулсан.

3. Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй, эмчилгээтэй байсан шалтгааныг оруулдаг тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн өвчтэй эмчилгээтэй байсан гэх нотлох баримтыг үнэлж дүгнэж үзээгүйд гомдолтой байна.

Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Учир нь

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь хэсэгт “Хэргийг оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа хууль зүйн үндэслэл хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэх заалтуудыг зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч Ц.М-ын хэргийн материалтай танилцаагүй гэсэн хүсэлтээр шүүх хуралдааныг нэг хоногоор хойшлуулан маргаашийн 8 цаг 30 минутад товлосон нь өмгөөлөгчид 3 сарын хугацаанд цугларсан хэргийн материалтай 2 цаг гаруй хугацаанд танилцах боломж олгосон байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1 дэх заалтаар хэргийн материалтай танилцах боломжит хугацаа хангуулаагүй, маш богино хугацаанд танилцсан өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлээр олгогдсон эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж шинээр нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт хасуулах хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах гэрч асуулгах зэрэг санал, хүсэлт гаргаж чадаагүй болох нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс тодорхой харагддаг юм.

3. Үүнээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад  тэгш оролцох заалт хэрэгжээгүй нь батлагддаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэх заалтуудыг зөрчсөн, ...өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хэргийн 102-104 дүгээр хуудсанд ”Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл” гэсэн баримт авагдсан байгаагаас үзвэл тухайн өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан бус харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн мэт ойлгогдож байна. Тэмдэглэлээс үзэхэд уг өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.М “...хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх дээрх хүсэлтийг хүлээн авчээ. Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг 7-оос доошгүй хоногоор хойшлуулахаар байна.

Өмгөөлөгч Ц.М нь 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд хэргийн материалтай танилцах бодит бололцоо түүнд байгаа нь тогтоогдож байна. Гэтэл шүүх хуралдааныг маргааш өглөө ажил эхлэхэд шууд хийхээр 8 цаг 30 минутад товлосон нь өмгөөлөгчид 3 сарын хугацаанд цугларсан хэргийн материалтай 3 цагийн хугацаанд танилцах ёстой гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд МV-.....тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл,  МV-..... тоот тусгай зөвшөөрлийг цуцласан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр, энэхүү шийдвэрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/1238 дугаар албан бичгээр хүргүүлсэн  мэдэгдэл гэсэн 3 захиргааны акт гарсан байна.

Нэхэмжлэгч талаас “МV-...... тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл,  МV-..... тоот тусгай зөвшөөрлийг цуцласан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр гэсэн 2 захиргааны акт нь тус компанид ирээгүй ба мэдэгдлийг хүлээн аваагүй” гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн зүгээс “...н.О МV-...... тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх  мэдэгдлийг хүлээн авсан” гэж тайлбарлаж байгаа боловч уг мэдэгдлийг хүлээн авсан гэх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан 89 дугаар шийдвэр гарсан байжээ.

3.  2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан талаар хэргийн 102-104 дүгээр хуудсанд ”Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл” гэсэн баримтад дурдсан байна. Гэтэл мөн өдөр гарсан 4284 дугаар шүүгчийн захирамжид зөвхөн “хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мэтээр тусгагдаж, харин нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжийн Захирамжлах хэсэгт, Үндэслэх хэсэгт огт дурдагдаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР