Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 02

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус  шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Эрдэнийн гүн говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Э.Жавхлан, Н.Сугир нарт холбогдох;
“Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 110003334 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Эрдэнийн гүн говь” ХХК-ийн захирал А.Батхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Догоо, хариуцагч тус аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Э.Жавхлан, Н.Сугир, хуулийн зөвлөх Ж.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
                                                               ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч “Эрдэнийн гүн говь” ХХК-ийн захирал А.Батхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Догоо нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 110003334 тоот актыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 4637000 төгрөгийн нэмэгдсэн өртийн албан татварын дутууг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлж, 74 хоног хугацаа хэтрүүлэн төлсөн гэж үзээд түүнд ногдох торгууль 343138 төгрөг, мөн түүний алданги гэж 175000 төгрөг бүгд 518138 төгрөгийг төлөхөөр тавьсан. Компани өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд эргэлтийн хөрөнгийн хүрэлцээнээс шалтгаалан татварыг хагаслан өөрийн санаачлага бололцооны хирээр төлж байсан боловч гэнэт хугацаа хэтэрсэн торгууль, алданги тооцож, акт үйлдэн тулган хүлээлгэдэг нь компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж байна.
2. 2013 онд оёдолчин Сүрэнд 626000 төгрөг олгохдоо татвар суутгаагүй. Тус оёдолчин патент төлөөгүй байсан гэж нөхөн татвар 62600 төгрөг, торгууль 18780 төгрөг, алданги 9833 төгрөг, бүгд 91213 төгрөгийг төлүүлэхээр тавьсан. Оёдолчин Сүрэн нь "Өмнөговь интерпрайз" ХХК-д ажилладаг нь үнэн боловч оёдолчин иргэн Ц. Хаш-Эрдэнэтэй хувиараа хамтарч "Гурван сайхан" зочид буудлын байранд давхар оёдлын ажил хийдэг учраас Ц.Хаш-Эрдэнийн нэр дээр патенттай байдаг. Тэднээс патентийг нь шаардахад ирүүлсэн патент нь он, сарын зөрүүтэй патент өгсөн нь жишиг татвар төлөгчийн баримт бичгийн бүрдэл болж чадаагүй учраас тэднээс дахин зөв он, сар бүхий патентын хуудсыг авч хавсаргав.
3. 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3757503 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын татварын дутууг 2014 оны 03 дугаар сарын 24-нд 44 хоног хугацаа алдаж төлсөн гэж торгууль 165330 төгрөг, алданги 84318 төгрөг, бүгд 249648 төгрөгийн акт тавьсан. Компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, орсон орлогын хэмжээгээр татвараа хэсэгчлэн төлж байсан.
4. Тээврийн хэрэгслийн урсгал засварын зардлыг 25049471 төгрөгөөр тусгасан. Тус компанийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл өртөг 328000000 төгрөг байсан бөгөөд ногдох урсгал засварын норм нь 16400000 төгрөг болж байна. Үүний зөрүүгээр 8649471 төгрөгийн акт тавьжээ. Нийт үлдэгдэл өртгийн үнийн дүнгээс 5 хувиар бодож урсгал засварын зардал тооцож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Уурхай орчмын шороо, тоосжилт, цаг агаарын байдал, техникийн үйлчилгээ хийх дэд бүтэц хөгжөөгүй, зам харгуй туйлын муу, өнөө цагийн сэлбэгийн үнэ хэт өссөнтэй холбоотой машин техник, тоног төхөөрөмжийн эд анги, дугуй зэрэг сэлбэг хэрэгсэл байнга эвдэрч байдаг. Ажлаа зогсолтгүй хэвийн явуулахын тулд илүү зардал гаргаж явуулахаас өөр аргагүй байдалд хүрч нэгэнт урсгал засварын шинжтэй гарч байгаа зардлыг үнэн зардлаар нь тайлагнасан.
5. 2013 онд Gansu Xinguanfa Trade co.,LTD компанид 400774207 төгрөгийг олгохдоо НӨАТ-ын татвар суутгаагүй, тус компани нь Монгол улсад бүртгэлгүй гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд байгаагүй, мөн татвар төлөгч өөрөө ярилцлагаараа хүлээн зөвшөөрсөн тул гэж акт тогтоосон байна. Гадаадын компани нь Монгол улсад бүртгэлгүйгээр ажил үйлчилгээ явуулж байгааг Татварын байгууллага, улсын бүртгэлийн газар, мэргэжлийн хяналтын газрууд хянаж шалгаж  байх. Ялангуяа Татварын байгууллага нь Таван толгойн уурхайн орчмоор үйл ажиллагаа явуулж байгаа тэр олон хувь хүн, хуулийн этгээдийг шалгаж Монгол улсад бүртгэлтэй байгаа эсэх, татвар төлөгч мөн эсэхийг тогтоон, бүртгэлжүүлж ажиллах чиг үүрэгтэй байгууллага мөн гэж бид ойлгодог. Манай компани зах зээлд бусадтай шударгаар өрсөлдөн, цаг алдалгүй ажлаа хэвийн явуулахын тулд хэн нэгнийг Монгол улсад бүртгэлтэй эсэхийг шалгах эрхгүй. Бид тухайн үед техник хэрэгслийн бэлэн байдал, үнэ өртгийн тохироо зэргийг харгалзан үзээд тухайн компанитай гэрээ албан ёсоор үйлдэн тохирсон төлбөрийг боломжит хэлбэрээр олгосон. Энэ компанитай хийсэн гэрээг аймгийн Татварын газарт байцаагчийн шаардсаны дагуу өгсөн. Энэхүү татварын шалгалтын үед манай компанийн нягтлан бодогч ажлаасаа чөлөөлөгдсөн байсан ба бичиг хэрэг, тооцоо хариуцсан хүн байгаагүй учир татварын байцаагчийн шаардлагын дагуу манай салбар компани болох "Даланзадгад капитал" ББСБ-ын эдийн засагч н.Өлзийжаргалыг компанийн санхүүгийн баримт хүргэж очих үеэр нь ярилцлага нэрээр байцааж, дээрхи гадаадын компанийг бүртгэлгүй биз дээ гэж асуун компанийн талаар юу ч мэдэхгүй хүнээр бүртгэлгүй гэж хэлүүлэн, татварын улсын байцаагч нь ярилцлагын үеэр зөвшөөрсөн гэж актандаа тусгасан нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Гэтэл энэ н.Өлзийжаргал гэдэг хүн нь 2013 онд манай компанид байгаагүй 2014 оны 03-р сард салбар компанид эдийн засагчаар ажилд орсон хүн юм.
 Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 110003334 тоот актыг хүчингүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Э.Жавхлан, Н.Сугир нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд тус тус гаргасан тайлбартаа:
“Эрдэнийн гүн говь” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 110003334 тоот акт үйлдсэн. Тус компани нь 2013 онд Таван толгой ХХК-тай “нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан нүүрс худалдан авч экспортолсон, мөн “ажил гүйцэтгэх гэрээ”-ний орлого, банкны хүүгийн орлоготойгоор үйл ажиллагаа явуулсан.
“Эрдэнийн гүн говь” ХХК нь нэмэгдсэн өртөгийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй 2013 онд 4,637,000 төгрөгийн зөрчил, аж ахуй нэгжийн орлогийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй 2013 онд 3,757,503 төгрөгийн зөрчилд нь татварын ерөнхий хуулийн 74.2-д “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр...” гэж тус тус заасныг үндэслэн дараах хариуцлагыг тооцсон. Үүнд:
-Нэмэгдсэн өртөгийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 74 хоног, нийт 4,637,000 төгрөгийн зөрчилд 343,138 төгрөгийн торгууль, 175,000 төгрөгийн алданги, нийт 518,138 төгрөгийн төлбөр
-Аж ахуй нэгжийн орлогийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй 2014 оны 02 дугаар сарын 10-наас 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 44 хоног, 3,757,503 төгрөгийн зөрчилд 165,330 төгрөгийн торгууль, 84,318 төгрөгийн алданги, нийт 249,648 төгрөгийн төлбөр ногдуулсан.
-2013 онд КЮ63112063 регистрийн дугаартай оёдолчин Сүрэнд 626,000 төгрөг олгохдоо тогтмол бус үйл ажиллагааны орлогоос татвар суутгаагүй тул хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар заалтын дагуу акт тогтоосон. Баяр овогтой Сүрэн нь 2013 онд “Өмнөговь Интерпрайз” ХХК-д оёдолчноор ажиллаж үндсэн цалинд ногдох хүн амын орлогын албан татвараа төлсөн байна. Харин хувиараа “Гурван сайхан” зочид буудалд оёдлын үйл ажиллагаа эрхлэхдээ орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу патент төлсөн тохиолдолд патентийг хуулбарлантатвар суутгахгүй байж болно. Гэтэл У.Хаш-Эрдэнийн төлсөн патентыг хавсаргасан нь орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 3.1 “аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлэлцээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харъяалалгүй хүн албан татвар төлөгч байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ хуулиар хувь хүн бүр татвар төлөгч байхаар заасан байдаг.
-2013 оны ААНОАТ-ын ногдуулалт төлөлтийн тайланд тээврийн хэрэгслийн урсгал засварын зардлыг 25,049,471 төгрөгөөр тусгасан байна. Тус компанийн 2013 оны тээврийн хэрэгслийн үлдэгдэл өртөг нь 328,000,000 төгрөг байсан бөгөөд ногдох урсгалын засварын норм нь 16,400,000 төгрөг болж байна. Үүний зөрүүгээр 8,649,471 төгрөгийн урсгал засварын норм хэтрүүлсэн нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын 12.1.6 урсгал засварын зардал, 12.2-д “албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртөгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд 5 хувиас хэтэрхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварыг зардлыг их засварын зардалд тооцно” гэж заасныг зөрчсөн тул татварын ерөнхий хуулийн 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” заалтыг үндэслэн 864,947 төгрөгийн нөхөн татвар, 259,484 төгрөгийн торгууль, 135,866 төгрөгийн алданги ногдуулсан.
-2013 онд Gansu Xinguangfa Trade co.,LTD компанид 400,774,207 төгрөгийн орлогыг олгохдоо нэмэгдсэн өртөгийн албан татвар суутгаагүй байсан бөгөөд тус компани нь Монгол Улсад байрладаггүй болох нь татварын газрын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон.
Энэ нь нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 7.2-д “Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4-дэх заалт нэгэн адил хамаарна”, 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх”, 16.1-д “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртөгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул татварын ерөнхий хуулийн 74.1 "дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтэрхээргүй байна” гэж заасныг үндэслэн 36,434,019 төгрөгийн нөхөн татвар 10,930,206 төгрөгийн торгууль 6,484,891 төгрөгийн алданги тооцсон. Түрээсийн төлбөрийн 160,953,607 төгрөгийг бэлэн мөнгөөр касснаас, 119,820,600 төгрөгийг эзэмшигчийн өмчийн дансыг нэмэгдүүлж 120,000,000 төгрөгийг хоорондын тооцоогоор хаасан нь шалгалтын явцад нотлогдсон гэв.
                                                          ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Эрдэнийн гүн говь” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 110003334 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 110003334 тоот актаас .................  төгрөгийн торгуулийн төлбөрийн хассугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчидаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эрдэнийн гүн говь” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
                

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ч.БАЯРМАА